Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 278

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж,

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг, Биржийн байрны 12-5 тоотод оршин суух, Автотээврийн Үндэсний төвийн Замын-Үүд дэх салбарт тээврийн зохицуулагч ажилтай, Норов овогт Дамдингийн Энхтуяа /РД: СД80070109/-гийн нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг, 150-р байрны 28 тоотод оршин суух, Хилийн Цэргийн 0108-р ангид жагсаалын дарга ажилтай, Зайсан овогт Наранцэцэгийн Батжаргал /РД: СЖ84020819/-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансүх, нэхэмжлэгч Д.Энхтуяа, хариуцагч Н.Батжаргал нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Энхтуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Дамдин овогтой Энхтуяа 2003 онд Н.Батжаргалтай танилцаж гэр бүл болсон. Бидний хамтын амьдралын хугацаанд 2004 оны 07 сарын 21-нд хүү Анар-Эрдэнэ төрсөн. Хамтын амьдралын хугацаанд бусдын адил сайхан амьдарч байсан. 2013 оноос нөхөр гэр орондоо ирэхгүй өөр айлд амьдардаг болсон учраас 2013 оны 07 сараас эхлэн одоог хүртэл би хүүгийнхээ хамт тусдаа амьдарч байгаа. Иймээс гэрлэлтээ цуцлуулж, насанд хүрээгүй хүүхдээ өөрийн асрамжинд авч, хүүхэддээ тэтгэлэг тогтоолгоно. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв. 

Хариуцагч Н.Батжаргал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Н.Батжаргал би Дамдин овогтой Энхтуяатай 2003 оноос 2013 он хүртэл амьдарсан. Энэ хугацаанд Б.Анар-Эрдэнэ гэдэг хүүтэй болсон. Хүү Анар-Эрдэнийг ээж Д.Энхтуяагийн асрамжинд өгч, хүүхэддээ тэтгэлэг тогтоолгоход татгалзах зүйлгүй. Бид хоёрт эд хөрөнгийн маргаан байхгүй. Гэрлэлт цуцалж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Батжаргал шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2013 оноос хойш тусдаа амьдарч байгаа. Ааш зангийн хувьд таарахаа больсон. Одоо би өөр хүнтэй хамтын амьдралтай болсон тул гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д.Энхтуяа нь хариуцагч Н.Батжаргалаас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Д.Энхтуяа, хариуцагч Н.Батжаргал нар нь 2003 онд танилцаж гэр бүл болсноо 2004 оны 10 дугаар сарын 05-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 63 дугаарт бүртгүүлсэн байна. Зохигчдын хамтран амьдрах хугацаанд 2004 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүү Анар-Эрдэнийг төрүүлж, эцэг, эх болон гэрлэгчдийн эрх, үүргийг үүсгэн хамтран амьдарч байсан болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээ, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн 63 дугаарт бүртгүүлсэн гэрчилгээ, Өрхийн эмнэлгийн эмчийн тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдожээ.

Нэхэмжлэгч Д.Энхтуяа, хариуцагч Н.Батжаргал нар нь 2013 оноос хойш тусдаа амьдарч байгаа байдал, зохигчид хэн, хэн нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн, хариуцагч өөр хүнтэй гэр бүлийн харьцаа үүсгэн хамтран амьдарч байгаа, цаашид хамт амьдрах боломжгүй, тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрэх боломжгүй болсон зэрэг байдлуудыг харгалзан үзэж зохигчдын гэрлэлтийг цуцлах нь үндэслэлтэй байна.

Хариуцагч Н.Батжаргал нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, хүү Б.Анар-Эрдэнийг ээж Д.Энхтуяагийн асрамжинд үлдээхийг зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж  2004 оны 07 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Б.Анар-Эрдэнийг түүний эх Д.Энхтуяагийн асрамжинд үлдээж, мөн Б.Анар-Эрдэнэ нь эх Д.Энхтуяагийн хамт Замын-Үүд сумын 2-р багт оршин суудаг болох нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн Засаг даргын тодорхойлолт, Замын-Үүд сумын Ерөнхий боловсролын 2-р сургуулийн захирлын тодорхойлолт, өрхийн эмчийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул 2004 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүү Б.Анар-Эрдэнийг хариуцагч Н.Батжаргалаар сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Хариуцагч Н.Батжаргалын нэг жилд төлөх хүүхдийн тэтгэлэгийг Дорноговь аймагт мөрдөгдөж буй амьжиргааны доод түвшингийн хэмжээ болох 164.300 төгрөгөөр бодож улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж улсын орлогод оруулах нь  зүйтэй байна.

Зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Норов овогт Дамдингийн Энхтуяа, Зайсан овогт Наранцэцэгийн Батжаргал нарын гэрлэлтийг цуцалсугай. 

2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2004 оны 07 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Б.Анар-Эрдэнийг эх Д.Энхтуяагийн асрамжинд үлдээсүгэй.

3. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2004 оны 07 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Б.Анар-Эрдэнийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18-н нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Н.Батжаргалаар  сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг татварын тасгийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Н.Батжаргалаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч Н.Батжаргалаас нэг жилд төлөх хүүхдийн тэтгэлэгээс тооцон улсын тэмдэгтийн хураамж 46.496 төгрөгийг гаргуулж татварын тасгийн дансанд оруулсугай.

5. Зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах С.Энхзулд даалгасугай.

 7.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

9. Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ  Э.БОЛОРМАА