| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 197/2025/08195/И |
| Дугаар | 210/МА2025/01881 |
| Огноо | 2025-10-29 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2025/01881
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Б.Азбаяр, Ерөнхий шүүгч Д.Нямбазар, нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 03-ны өдрийн 197/ШШ2025/10406 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ********д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: хохиролд 4,000,000 төгрөг гаргуулах тухай,
иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ********д холбогдуулан хохиролд 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ...хариуцагч манай орон сууцанд амьдарч байхдаа 2017 онд авсан 4 хаалгатай хөргөгчийг эвдэлж шатаасан тул хөргөгчний үнэ 4,000,000 төгрөгийг гаргуулна... гэж, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...хөргөгч ажиллагаагүй болсонд буруугүй, хөргөгчийг засварлуулах зардлыг өгье гэсэн боловч нэхэмжлэгч зөвшөөрөөгүй, шинэ хөргөгчний үнэ шаардаж байгааг зөвшөөрөхгүй... гэж тус тус тайлбарлан маргасан байна.
4. Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчийн тайлбарыг үндэслэн ******** нь 2021 оны 06 сарын 08-ны өдрөөс эхлэн *******ийн орон сууцыг хөлсөлсөн, улмаар орон сууцыг 2022 оны 12 сарын 27-ны өдөр хүлээлгэн өгөх үед Blomberg REF маркийн хөргөгч ажиллахгүй болсон байсан, ******* нь уг хөргөгчийг 2017 оны 04 сарын 14-ний өдөр Нэкст электроникс ХХК-аас 4,000,000 төгрөгөөр авсан үйл баримтыг зөв тогтоожээ.
5. Талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн байх ба мөн хуулийн 311 дүгээр зүйлийн 311.3-т зааснаар орон сууц эзэмшихтэй холбогдсон харилцаанд эд хөрөнгө хөлслөх гэрээг зохицуулахтай холбогдох журам нэгэн адил хамаарна.
6. Иймд нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.2-т зааснаар ********ас өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.
7. Хариуцагч ******** нь нэхэмжлэгч *******т учирсан бодит хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* нь өөрт учирсан бодит хохирлыг бус харин шинэ хөргөгч авч байсан үнийг гаргуулахаар хариуцагчаас шаардсан нь үндэслэл муутай болжээ.
Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.
8. Хэргийн 39-р талд авагдсан ******* ХХК-ийн 2025 оны 05 сарын 08-ны өдрийн Инженерийн дүгнэлтийн хуудас-т ...хөргөгчний инвертер плат гэмтэлтэй, тус гэмтэл нь механик буюу хүний оролцоотойгоор үүсэх гэмтэл биш бөгөөд цахилгааны хэлбэлзэл, ашиглалтын хугацаа, элэгдэл хорогдлоос шалтгаална, манай засварын төвд засварлана, засварын төлбөр 150,000 200,000 төгрөг болно, хэрэв сэлбэгийг шинээр захиалан солиулах бол захиалгаар ирэх хугацаа 4-5 сар, үнэ 600,000 төгрөг болно... гэж дүгнэжээ.
Анхан шатны шүүх дээрх нотлох баримтыг үнэлэхдээ ...засварын төлбөр 150,000 200,000 төгрөг болно... гэсэн хэсгийг орхигдуулсан алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой.
9. Иймд хариуцагч ********ас засварын ажлын хөлс 200,000 төгрөг, сэлбэг захиалах үнэ 600,000 төгрөг, нийт 800,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.2-т нийцнэ.
10. Нэхэмжлэгчийн гаргасан ...шүүхийн шийдвэр гарсны дараа дээрх компанид дуудлага өгч танайх засаж болно гэсэн одоо засаад өг гэхэд засварын төлбөр 1,350,000 төгрөг болно гэсэн нэхэмжлэх ирсэн... гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 161 дүгээр зүйлийн 161.4-т тус тус зааснаар анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах журмаар гаргасан тохиолдолд шүүх түүнийг үнэлэхгүй бөгөөд нэхэмжлэгч нь давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй юм.
11. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 03-ны өдрийн 197/ШШ2025/10406 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...600,000... гэснийг ...800,000... гэж, ...3,400,000... гэснийг ...3,200,000... гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...18,650... гэснийг ...23,750... гэж тус тус өөрчилж,
шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 09 сарын 29-ний өдөр урьдчилан төлсөн 22,550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧ Б.АЗБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР