Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 2019/ШЦТ/244

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Э.Идэрбат

Шүүгдэгч Ж.М  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбатаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дагаанхан галзууд овогт Ж.М- д холбогдох эрүүгийн 192 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Дорнод Хэрлэн суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүлэмжийн фермер мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг ..... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, Дагаанхан галзууд Ж.М /РД:ЖЛ.........../

Шүүгдэгч Ж.М нь 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр шөнийн 23 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “SET” баарны гадна Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэн Luan.......-ийг зодож түүний биед баруун нүдний дээд зовхины зүсэгдсэн шарх, зүүн шууны зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Ж.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 23 цаг өнгөрч байхад нүдний шилтэй хятад иргэн “SET” баарны ариун цэврийн өрөөнд суултуурын гадуур шээж байсан. Гадаа гарсны дараа Д бид хоёр тэр хятад хүнд суултуурын гадуур шээхээ “боль” гэж хэлэхэд тэр хүн бид хоёрын хэлийг ойлгохгүй байсан. Намайг юм хэлэхэд өөдөөс хуруугаараа чичлэхээр нь би цохисон. Тэр хүний нүдний шил хагарсан эсэхийг би хараагүй. Би хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэв.

            Хохирогч Luan….  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах SET баар руу орж 6 шил 0.5 литрийн “Нийслэл” пиво уугаад сууж байхдаа Guo ....-ийн танил Г гэх таньдаг эмэгтэй нь таараад хамтдаа баарнаас орой 23 цаг 30 минутын үед гартал баарны үүдэн дээр над руу үл таних залуу зодох гээд дайрахад нь Г дундуур орж болиулсан. Тухайн үед би ухарч явахдаа бүдэрч унаад босоод иртэл миний нүүр рүү цохиж, миний нүдний шилийг маань хагалж, хагарсан шил нь миний нүдний зовхи хэсэгт зүсч 5 ширхэг оёдол тавиулсан. Нүд рүү цохиулчихаад нүднээс цус гараад сайн юм харж чадахгүй байсан. ...Би энэ хэргийг хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Надаас гарсан эмчилгээний зардал болон нүдний шилний хохирлоо барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 07-09/,

            Гэрч А.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: ... Бүгд Найрамдах Хятад ард улсын 2 иргэн тухайн баарны үйлчлэгч эгч рүү мөнгө шидсэн байсан мөнгөө буцаагаад түүж авч байсан. Тэр үйлчлэгч Хятад 2 иргэнд хандан та нар гадуур нь бие засаж болохгүй гээд байсан. Тэгээд нөгөө хоёр Хятад хүн нэг Монгол эмэгтэй хүний хамтаар баарнаас гарч байсан. Тухайн үед баарны гадаа байсан хүмүүс тэр хоёр хятад хүнийг баарны нойлны гадуур шээсэн, зөөгч эмэгтэй рүү нь мөнгө шидсэн гэх зэргээр ярилцаж байхыг нь сонсоод би тэр хоёр хятад хүний нүдний шилтэй хятад руу нь очиж  “чи одоо яв” гэж хэлтэл цаанаас нь хамт явж байсан Монгол эмэгтэй “ та нар оролдох хүнээ олж оролд” гэхээр нь би хөгшин хятад руу нь эргэж очоод мөн хөгшин Хятад хүнд та нар мөнгө шидсэн зэрэг асуудал гаргасан одоо явцгаа гэхэд мөн өөдөөс Хятадаар чангаар ярьж маргалдаад байхаар нь нэг удаа цохьсон, тэгэхэд М залуу Хятадынх нь нүдний шилийг нь цохиж хагалаад бас нүднийх нь дээд талд зүсэгдсэн шархнаас нь цус гарч байсан. Тэр үед хамт явж байсан монгол эмэгтэй та нар больцгоогооч гээд байсан. М гарнаас нь цус гарч байхыг нь хараад би хамт баарны нойл орж М гараа угааж байхад цагдаа нар орж ирээд бид хоёрыг авч явж эрүүлжүүлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ... тоотын дүгнэлтийн хэсэгт: “1.LUAN .... -н биед баруун нүдний дээд зовхины зүсэгдсэн шарх, зүүн шууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчиллээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрхи гэмтлүүдийн баруун нүдний дээд зовхины зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн шууны зөөлөн эдийн няцрал нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт  хамаарахгүй. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 26/

            -Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 46/                                                            

            -Бэлэн мөнгөний орлогын баримт /хх-ийн 33/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

            Шүүгдэгч Ж.М нь согтуурсан үедээ 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр шөнийн 23 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “SET” баарны гадна Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Luan ...........-ийг зодож биед нь баруун нүдний дээд зовхины зүсэгдсэн шарх, зүүн шууны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Ж.М өгсөн: “ ...2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 23 цаг өнгөрч байхад нүдний шилтэй хятад иргэн “SET” баарны ариун цэврийн өрөөнд суултуурын гадуур шээж байсан. Гадаа гарсны дараа Д бид хоёр тэр хятад хүнд суултуурын гадуур шээхээ “боль” гэж хэлсэн. Намайг юм хэлэхэд өөдөөс хуруугаараа чичлэхээр нь би цохисон. Би хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 32/, хохирогч Luan ... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...орой 23 цаг 30 минутын үед гартал баарны үүдэн дээр над руу үл таних залуу зодох гээд дайрахад нь Г дундуур орж болиулсан. Тухайн үед би ухарч явахдаа бүдэрч унаад босоод иртэл миний нүүр рүү цохиж, миний нүдний шилийг маань хагалж, хагарсан шил нь миний нүдний зовхи хэсэгт зүсч 5 ширхэг оёдол тавиулсан. ...Би энэ хэргийг хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 07-09/ болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Хохирогч Luan ... -ийн эрүүл  мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч Ж.М хохирогч Luan -н баруун нүдэнд гараараа цохисон санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.  

             Иймд шүүгдэгч Ж.М холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгч Ж.М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж.М  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу  450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч Luan ....нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нүдний шилний үнэ болон эмчилгээний зардлыг нэхэмжилж байгаа ба шүүгдэгч нь шүүх хуралдааны явцад энэ хохирлын мөнгийг төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгчээс нүдний шилний үнэ 250000 төгрөг, эмчилгээний зардлын 180000 төгрөг, нийт 430.000 /дөрвөн зуун гучин мянга/ төгрөг гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй байна.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ж.М ЖЛ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлвэл зохино.

 Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Дагаанхан галзууд овогт Ж.М-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М-г  450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М цалин, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ж.М-с гэм хорын хохиролд 430.000 /дөрвөн зуун гучин мянга/ төгрөг гаргуулж Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Luan .....-д олгосугай.

6. Тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ж.М-н ЖЛ........ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.ЭНХБААТАР