Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 281

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1966 оны 05  дугаар сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Алтанширээ суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг, Нарны гудамж 2-7 тоотод оршин суух, Их цээл овогт Пэлжээгийн Даримаа /РД:ЕБ66050524/-гийн нэхэмжлэлтэй,

Бичиг баримтын эзэмшигч мөн болохыг тогтоолгож, улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансүх, нэхэмжлэгч П.Даримаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Даримаа шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие П.Даримаа нь 1982-1984 оны хооронд Өмнөговь аймгийн ТМС-г малын санитар мэргэжлээр төгсч Дорноговь аймгийн Алтанширээ сумын Зараа багийн эмчилгээ тэжээлийн цэгийн санитараар ажилд орсон. 1984 оны 07 сарын 01-нд анх санитараар ажилд ороод 1985 оны 01 сар хүртэл ажилласан. 1985 оны 01 сараас хойш Алтанширээ сумын Зараа багт малчнаар томилогдон 1994 оны 06 сарын 20-ныг дуустал ажилласан. Гэтэл хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн бичилт болон тушаалууд зөрүүтэй байгаа тул миний 1984 оны 07 сарын 01-нээс 1985 оны 01 сар хүртэл Дорноговь аймгийн Алтанширээ сумын Зараа багийн эмчилгээ тэжээлийн цэгийн санитараар, 1985 оны 01 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Дорноговь аймгийн Алтанширээ сумын Зараа багт малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү. Мөн миний нярай хүүхэд асрах чөлөө олгох тушаал, ажилд томилох тушаал, хөдөлмөрийн дэвтэр, цалингийн цэсийн лавлагаа зэрэгт миний нэрийг зөрүүтэй бичсэн байх тул эдгээр бичиг баримтын жинхэнэ эзэмшигч  нь намайг мөн болохыг тогтоогж өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ. 

Нэхэмжлэгч П.Даримаа нь 1985 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 43 тоот нярай хүүхэд асрах чөлөө олгох тухай Дорноговь аймгийн Алтанширээ сумын Саруул зам нэгдлийн даргын тушаал, 1984 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 42 тоот Алтанширээ сумын Саруул зам нэгдлийн даргын тушаал, 1989 оны 02 дугаар сарын 20-ны өдөр П.Дарьмаад олгогдсон 00128 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр, 1982 оны 09 дүгээр сарын 01-нд П.Дариймаад олгогдсон 094517 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр, 1986-1990 оны П.Дарьмаагийн цалингийн тодорхойлолт зэргийн жинхэнэ эзэмшигч нь Пэлжээгийн Даримаа мөн болохыг тогтоолгох, 1984 оны 07 сарын 01-нээс 1985 оны 01 сар хүртэл Дорноговь аймгийн Алтанширээ сумын Зараа багийн эмчилгээ тэжээлийн цэгийн санитараар, 1985 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Алтанширээ сумын Саруул нэгдлийн Зараа бригадад малчнаар ажиллаж байсныг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч П.Даримаагийн шүүхэд гаргаж өгсөн 1985 оны 06 сарын 17-ны өдрийн 43 тоот нярай хүүхэд асрах чөлөө олгох тухай Дорноговь аймгийн Алтанширээ сумын Саруул зам нэгдлийн даргын тушаал, 1984 оны 09 сарын 10-ны өдрийн 42 тоот Алтанширээ сумын Саруул зам нэгдлийн даргын тушаал, 1989 оны 02 сарын 20-ны өдөр П.Дарьмаад олгогдсон 00128 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр, 1982 оны 09 сарын 01-нд П.Дариймаад олгогдсон 094517 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр, 1986-1990 оны П.Дарьмаагийн цалингийн тодорхойлолт зэрэг баримтууд дээр эзэмшигчийн нэрийг зөрүүтэй бичигдсэн болох нь нэхэмжлэгч П.Даримаагийн тайлбар, гэрч Ч.Цэцэгмаа, Ш.Буяндэлгэр нарын шүүх хуралдаан дээр гаргасан мэдүүлэгт “...Даримаагийн нэрийг хөдөлмөрийн дэвтэр болон бусад бичиг баримтан дээр буруу бичсэн байна. Даариймаа, Дарьмаа, Дариймаа гэж бичсэн нь буруу түүнийг Даримаа гэж бичдэг байсан” гэх мэдүүлэг Хөдөлмөрийн дэвтэр дээрх гэрэл зураг, тухайн дэвтэрт бичигдсэн эзэмшигчийн төрсөн огноо, овог зэргээр дээрх баримт бичгийн жинхэнэ эзэмшигч нь нэхэмжлэгч П.Даримаа мөн болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч П.Даримаа нь 1984 оны 07 сарын 01-нээс 1985 оны 01 сар хүртэл Дорноговь аймгийн Алтанширээ сумын Зараа багийн эмчилгээ тэжээлийн цэгийн санитараар, 1985 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Алтанширээ сумын Саруул нэгдлийн Зараа бригадад малчнаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагч П.Даримаагийн тайлбар, гэрч Ч.Цэцэгмаагийн “П.Даримаа нь 1985 оноос 1990 оны хооронд Дорноговь аймгийн Алтанширээ сумын Зараа бригадад малчнаар ажиллаж байсан. Бид нар нэг бригадад мал маллаж байсан. 1990 оны өмч хувьчлалаар нэгдэл тарж бид Алтанширээ сумын төвд ирж суурьшсан. П.Даримаа нь дандаа бог мал буюу хонь малладаг байсан” гэх мэдүүлэг, гэрч Ш.Буяндэлгэрийн “П.Даримаа нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын Зараа бригадад хоньчин байсан. П.Даримаа нь уг бригадад малчнаар өмч хувьчлал болтол тасралтгүй хонь хариулж байсан” гэх мэдүүлгүүд, П.Даримаагийн хөдөлмөрийн дэвтэр дээрх ажилд орсон болон чөлөөлөгдсөн тушаал, цалингийн цэсийн лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд П.Даримааг 1984 оны 07 сарын 01-ний өдрөөс 1985 оны 01 сар хүртэл Дорноговь аймгийн Алтанширээ сумын Зараа багийн эмчилгээ тэжээлийн цэгийн санитараар, 1985 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Алтанширээ сумын Саруул нэгдлийн Зараа бригадад малчнаар ажиллаж байсныг тогтоох нь үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг баримтлан 1985 оны 06 сарын 17-ны өдрийн 43 тоот нярай хүүхэд асрах чөлөө олгох тухай Дорноговь аймгийн Алтанширээ сумын Саруул зам нэгдлийн даргын тушаал, 1984 оны 09 сарын 10-ны өдрийн 42 тоот Алтанширээ сумын Саруул зам нэгдлийн даргын тушаал, 1989 оны 02 сарын 20-ны өдөр П.Дарьмаад олгогдсон 00128 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр, 1982 оны 09 сарын 01-нд П.Дариймаад олгогдсон 094517 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр, 1986-1990 оны П.Дарьмаагийн цалингийн тодорхойлолт зэрэг баримтуудын жинхэнэ эзэмшигч нь Пэлжээгийн Даримаа мөн болохыг тогтоосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Их Цээл овогт Пэлжээгийн Даримааг 1984 оны 07 сарын 01-ний өдрөөс 1985 оны 01 сар хүртэл Дорноговь аймгийн Алтанширээ сумын Зараа багийн эмчилгээ тэжээлийн цэгийн санитараар, 1985 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Алтанширээ сумын Саруул нэгдлийн Зараа бригадад малчнаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Даримаагийн нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг татварийн тасгийн дансанд хэвээр үлдээсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Э.БОЛОРМАА