Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 2019/ШЦТ/250

 

 Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн  

Улсын яллагч С.Алтай

Хохирогч Н.Ц

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч Ж.Т  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатагин овогт Ж.Т-д холбогдох эрүүгийн 1921............ дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ................нэрэмжит эдийн засгийн их сургуулийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 3, ээж, дүүгийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн 1 дүгээр багийн Өлзийтийн .......тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, Хатагин овогт Ж.Т / /РД:ЖЮ /

Шүүгдэгч Ж.Т нь 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн Өлзийтийн .....тоотод оршин суух иргэн Н.Ц-н гэрт хууль бусаар нэвтрэн орж, “Songpu” маркийн 42  инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотоос Дорнод аймагт ирсэн. Би ирээд мөнгөний хэрэг байна гэж эгчдээ хэлсэн. Би хотоос ирээд ах, эгч хоёрын гэрт байсан. Миний мөнгө зээлж авсан хүн надаас мөнгө нэхээд байхаар нь 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ах, эгчийнхээ гэрт очсон боловч тэд нар гэртээ байгаагүй. Тэгээд утсаар холбогдох гэсэн боловч хөдөө утас нь сүлжээгүй байсан. Надад ах, эгчийн гэрийн түлхүүр байдаг байсан боловч тухайн үед яаралтай хөдөө явах ажил гараад түлхүүрээ үлдээгээгүй явсан байсан. Би 2 аав, 2 ээжтэй л хүн шиг байдаг. Тэгээд надад үнэхээр мөнгөний хэрэг гарсан байсан болохоор гэрт нь ороод зурагтыг нь авсан. Зурагтыг нь авсан талаараа эгчдээ хэлэх гэсэн боловч утас нь холбогдохгүй байсан. Хөдөө яваад очоод хэлэх гэсэн боловч ах, эгч хоёртой замдаа зөрчихсөн байсан. Зурагтыг нь авсан талаараа хэлж чадахгүй байснаас болоод ийм зүйл болчихсон гэв.

Шүүгдэгч Ж.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: .. Би 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр өөрийн оршин суух Хэрлэн сумын 1 дүгээр баг Өлзийтийн ...... тоотоос 09 цагийн орчимд гараад өөрийн хамаатан болох Г, Ц нарын оршин суух Хэрлэн сумын 1 дүгээр баг Өлзийтийн .....тоот руу мөнгө гуйх гээд очсон. Тухайн тоотын гадаа очтол тэдний гэр болон хашаа цоожтой байсан. Тэгэхээр нь гадаа хэсэг сууж байгаад тэдний гэрээс ямар нэг эд зүйлийг аваад ломбарданд тавьчихъя гэсэн бодол төрсөн. Тэгээд тэдний хашааг даваад хашаан дотор байсан төмрийг авч хашааны баруун хойд хэсэгт байрлах Монгол гэрийн цоожийг тухайн төмрөөр онгойлгоод гэрт нь байсан 42 инчийн цагаан өнгийн “Songpu” гэх нэртэй зурагтыг авч гарсан. ...“Дорнын Ингүмэл” нэртэй ломбард руу очиж Өлзийтийн ....  тоотоос авсан 42 инчийн цагаан өнгийн “SONОPY” гэх нэртэй зурагтаа 270.000 төгрөгөнд 21 хоногийн хугацаатай барьцаанд тавьсан. Би тухайн зурагтыг 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Дорнын Ингүмэл ломбарднаас авч Г, Ц нарт хүлээлгэн өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/

Хохирогч Н.Ц шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Намайг хөдөөнөөс шөнийн 12 цаг өнгөрөөгөөд ирэхэд гэр онгорхой байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Цагдаагийн газраас дүү Т нэрээр зурагтыг ломбарданд тавьсан талаар хэлсэн. Тухайн үед би ийм хүнд ялтай хэрэгт дүүгээ холбогдсон гэдгийг мэдээгүй. Нөхөр бид хоёр дүү Т сургалтын төлбөрийн талыг төлдөг. Т манай хүүхэд шиг л байдаг. Бид хоёр тусдаа гарахаасаа өмнө эднийд амьдардаг байсан. Т-н ээж БНХАУлсад ажилладаг болохоор Төрмандах манайд амьдардаг байсан. Манай гэрийн цоож их амархан онгойдог. Тухайн үед гэрийн түлхүүрээ Т орхих гэсэн боловч яаралтай хөдөө явах болоод уулзаж чадаагүй. Би мөрдөн байцаагчид Т манайд амьдардаг талаар хэлж байсан гэв.

-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06/            -Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 07-10/

-Хэрлэн сумын үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 11/

-Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 40/

-Гэрч А.З мэдүүлэг /хх-ийн 25-26/

            -Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Ж.Т нь 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн Өлзийтийн ... тоотод оршин суух хохирогч Н.Ц  өмчлөлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн “Songpu” маркийн 42  инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь Ж.Т мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж өгсөн: “...Би ...гэрт байсан 42 инчийн цагаан өнгийн “Songpu” гэх нэртэй зурагтыг авч гарсан. ... “Дорнын Ингүмэл” нэртэй ломбард руу очиж Өлзийтийн ....  тоотоос авсан 42 инчийн цагаан өнгийн “Songpu” гэх нэртэй зурагтаа 270.000 төгрөгөнд 21 хоногийн хугацаатай барьцаанд тавьсан. Би тухайн зурагтыг 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Дорнын Ингүмэл ломбарднаас авч Г, Ц нарт хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/, хохирогч Н.Ц шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Намайг хөдөөнөөс шөнийн 12 цаг өнгөрөөгөөд ирэхэд гэр онгорхой байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Цагдаагийн газраас дүү Т нэрээр зурагтыг ломбарданд тавьсан талаар хэлсэн...” гэх мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 07-10/, Хэрлэн сумын үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 11/ болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Прокуророос шүүгдэгч Ж.Т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн ирүүлсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч нь хохирогч Н.Ц гэрт тухайн үед амьдарч байсан, надад ах, эгчийн гэрийн түлхүүр байдаг байсан боловч тухайн үед яаралтай хөдөө явах ажил гараад түлхүүрээ үлдээгээгүй явсан байсан гэх талаар мэдүүлэг өгснийг хохирогч нь шүүгдэгчийн дээрх мэдүүлгийг нотолж мэдүүлэг өгч байх ба тэдгээрийн мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч нь хохирогчийн гэрт орох гарах эрхтэй болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчийг заавал бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэж хүндрүүлэн үзэх шаардлагагүй гэж үзлээ. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг нь урд өгсөн мэдүүлгээс зөрүүтэй байгаа боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад тэднээс энэ талаархи нөхцөл байдлыг тодруулж асууж шалгаагүй нөхцөл байдал нь шүүгдэгчийн үйлдсэн хэргийг зүйлчилсэн зүйлчлэлийн талаар эргэлзээтэй байдлыг үүсгэж байх тул шүүгдэгчид ашигтайгаар байдлаар шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнээд Прокуророос шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн ирүүлснийг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилвэл зохино гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч Ж.Т  холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэг байхаас гадна буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд ял оногдуулбал зохино.        

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлвэл зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

 

1.Прокуророос шүүгдэгч Хатагин овогт Ж.Т-н үйлдсэн хэргийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн ирүүлснийг өөрчлөн мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Хатагин овогт Ж.Т –г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.        

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Ж.Т тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.        

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Ж.Т мэдэгдэж, шүүгдэгчид авсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч Ж.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

7. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ЖЮ.... иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Т-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР