| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 183/2024/06115/И |
| Дугаар | 210/МА2025/01882 |
| Огноо | 2025-10-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2025/01882
******** ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч Д.Золзаяа, Ерөнхий шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 28-ны өдрийн 192/ШШ2025/03448 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******** ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ********т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт нийт 327,444,000 төгрөг гаргуулах тухай,
иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: Тус ББСБ нь хариуцагч ********тэй 2021 оны 10 сарын 07-ны өдөр ХЗ2021033 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 50,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Улмаар 2021 оны 10 сарын 26-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, 150,000,000 төгрөгийг 2022 оны 04 сарын 07-ны өдөр хүртэл зээлдүүлсэн. Хариуцагч нь 2021 оны 10 сарын 26-ны өдрөөс 2023 оны 06 сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 103,750,000 төгрөгийг зээлийн хүүд төлсөн.
Иймд үндсэн зээл 200,000,000 төгрөг, хүү 106,200,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,240,000 төгрөг, нийт 327,440,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбар гаргаагүй.
3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д тус тус зааснаар хариуцагч ********ээс 197,310,600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******** ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 130,429,400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******** ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,796,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ********ээс 1,144,503 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******** ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг 130,429,400 төгрөгийн хүрээнд эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
4.1. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-д заасны дагуу үндсэн зээлээ төлөөгүй тохиолдолд хуримтлагдсан хүүг тэргүүн ээлжинд төлөх үүрэгтэйг талууд харилцан тохиролцсон. Өөрөөр хэлбэл, хугацаа хэтэрч 2 cap хүүгээ төлөөгүй бол 12,000,000 төгрөгийн төлөлтийг 2 сарын төлөгдөөгүй зээлийн хүүнд суутгах нь зүй ёсны юм. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2-т тус тус заасны дагуу зээл эргэн төлөгдөөгүй хүртэл хугацаанд хүү болон нэмэгдүүлсэн хүү бодогддог. Гэтэл анхан шатны шүүх үндсэн зээлийг төлөөгүй байхад 72,000,000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөр 127,800,000 төгрөг байна гэж тооцоолол гаргасан нь буруу байна.
4.2. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 6.4-т зээлийн гэрээний 2.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бус гэж үзнэ гэж дураар авирлаж шийдвэрлэсэн. Хариуцагч зээлийн нэмэгдүүлсэн хүүтэй холбоотой маргаагүй. Нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасны дагуу хуримтлагдсан хүү 106,200,000 төгрөг, түүний 20 хувиар нэмэгдүүлсэн хүү 21,240,000 төгрөгийг нэхэмжилсэн. Шүүхийн дүгнэснээр хууль зөрчсөн болон хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг агуулаагүй. Талууд зээлийн гэрээндээ нэмэгдүүлсэн хүүг 2.2-т харилцан тохиролцож, байгуулсан хэдий ч нэхэмжлэгч нь хуулийн дагуу хуримтлагдсан хүүг 20 хувиар нэхэмжилсэн. Иймд шүүх хариуцагчаас нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэх эрхгүй байна гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
4.3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаа гардаж аваад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу хариу тайлбар, түүнтэй холбоотой баримтуудыг шүүхэд ирүүлээгүй. Хариуцагч нь 2025 оны 01 сарын 09-ний өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч ******г томилдог бөгөөд 2025 оны 04 сарын 28-ны өдөр хүртэл 3 cap 19 хоногийн хугацаанд хариу тайлбар болон түүнтэй холбоотой баримтуудыг шүүхэд ирүүлэх боломжтой байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэдэг. Гэтэл шүүх хариуцагчийн маргаагүй зээлийн тооцоололд мөн нэмэгдүүлсэн хүү шаардсан зээлийн гэрээний зүйл заалт нь хүчин төгөлдөр бус байна гэж хуулиас давсан шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.
2. Нэхэмжлэгч ******** ХХК нь хариуцагч ********т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээл 200,000,000 төгрөг, зээлийн хүү 106,200,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,240,000 төгрөг, нийт 327,440,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
3. Хариуцагч ******** нь нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй.
4. Талууд 2021 оны 10 сарын 07-ны өдөр ХЗ2021033 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, ******** ХХК нь 50,000,000 төгрөгийг нэг сарын 3%-ийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлэх, ******** нь тохирсон хугацаанд уг мөнгөн хөрөнгө, түүний хүүг буцаан төлөх нөхцөлийг тохирчээ.
Улмаар талууд 2021 оны 10 сарын 26-ны өдөр ХЗ2021033-1 дугаартай Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-ийг байгуулж, 150,000,000 төгрөгийг нэг сарын 3%-ийн хүүтэй, 2022 оны 04 сарын 07-ны өдөр хүртэл хугацаатай нэмж зээлдүүлэх нөхцөлийг тохирчээ.
5. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.
6. Зээлдүүлэгч ******** ХХК нь 2021 оны 10 сарын 07-ны өдөр 50,000,000 төгрөг, 2021 оны 10 сарын 26-ны өдөр 150,000,000 төгрөг, нийт 200,000,000 төгрөгийг зээлдэгч ********ийн өмчлөлд шилжүүлсэн, зээлдэгч ******** нь 2021 оны 10 сарын 26-ны өдрөөс 2023 оны 06 сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 103,750,000 төгрөгийг зээлийн эргэн төлөлтөд төлсөн үйл баримт тогтоогдсон.
7. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоосон боловч Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж, улмаар ...хариуцагчийн төлсөн 72,000,000 төгрөгийг үндсэн зээлээс хасаж тооцох нь зүйтэй... гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.
Учир нь Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-иар зээлдүүлэгч ******** ХХК нь 2022 оны 03 сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд зээлдэгч ********ийг үндсэн зээлийн эргэн төлөлтөөс чөлөөлж, харин зээлийн хүүг эхэлж авах нөхцөлийг тохирсон байна.
Түүнчлэн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн мөнгөн хөрөнгө, түүний хүүг буцаан төлөх үүрэг нь зээлдэгчийн хүлээх үндсэн үүрэгт хамаарна.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан ...анхан шатны шүүх зээлийн хуваариа зөрчиж, үндсэн зээлээ төлөөгүй байгаа зээлдэгчийн тооцооллыг өөрөө гаргаж, Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасныг үндэслэж үндсэн зээлээс 72,000,000 төгрөг хасаж тооцсон нь буруу... гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг үндэслэлтэй гэж үзнэ.
Нэхэмжлэгч талын шүүхэд гаргаж өгсөн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоололтой хариуцагч тал маргаагүй болно.
8. Дээрх үндэслэлээр хариуцагч ********ээс зээл 200,000,000 төгрөг, зээлийн хүү 106,200,000 төгрөг, нийт 306,200,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******** ХХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасан зохицуулалтад тус тус нийцнэ.
9. Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан ...анхан шатны шүүх нэмэгдүүлсэн хүү 21,240,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу... гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.
Талуудын байгуулсан ХЗ2021033 дугаартай Зээлийн гэрээ-ний 2.2-т ...хугацаа хэтэрсэн хоног тутамд зээлийн үлдэгдэл дүнгээс 0.3%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг ... төлнө гэж, 4.1.3-т ...алдангийг бүрэн төлж барагдуулсан тохиолдолд... гэж тус тус заасан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т ...Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж заасантай зөрчилдөж байна.
Иймд нэхэмжлэгчийн шаардсан 21,240,000 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв.
10. Хэрэгт талуудын байгуулсан 2021 оны 10 сарын 07-ны өдрийн ХЗ2021033 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуцийн гэрээ/ авагдсан боловч нэхэмжлэгч уг гэрээтэй холбоотой шаардлага гаргаагүй тул давж заалдах шатны шүүх энэ талаар хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй.
11. Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 28-ны өдрийн 192/ШШ2025/03448 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагч ********ээс 306,200,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******** ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21,240,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...1,144,503... гэснийг ...1,688,950... гэж,
тогтох хэсгийн 3 дахь заалтад ...7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт... гэснийг ...120 дугаар зүйлийн 120.2-т... гэж, ...759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор... гэснийг ...гардан авснаас хойш 14 хоногийн дотор... гэж тус тус өөрчилж,
шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч ******** ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 06 сарын 09-ний өдөр урьдчилан төлсөн 810,097 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР
ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР