| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2016/00128/И |
| Дугаар | 141 |
| Огноо | 2016-09-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 141
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 15-р хороо, 13-р хороолол, БЦЭБ ХХК-ийн байранд байрлах Эф Эм Жи Эс Эйч Ай Эн Ви Өү Эн ХХК,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 17-р хороо, 4-р хороорол, Амарсанаа гудамжны 36а байр, 29 тоотод оршин суух Ж.Нямдаваа,
Хариуцагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум, Гавилууд баг, Дөврөлж 2-1 тоотод байрлах Эрдэнэс Галба ХХК-нд холбогдох,
Нүүрс худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл 92.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямдаваа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч А.Нацагдорж, хариуцагч Эрдэнэс галба ХХК-ний захирал О.Эрдэнэбаяр, нарийн бичгийн дарга Н.Энхтөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Эф Эм Жи Эс Эйч Ай Эн Ви Өү Эн ХХК-ний шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: БНСУ-ын иргэн Ко Бён Чоль, Ян Жэ Чоль нар нь 2005 оноос хойш Монгол Улсад уул уурхайн бизнес эрхлэхээр өнөөг хүртэл хичнээн зүтгэж ирсэн. 2011 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Монгол улсын иргэн О.Эрдэнэбаяртай уулзсан бөгөөд тэрбээр Таван толгойн нүүрс худалддаг компанид ажилладаг гэсэн ба түүний компаниас нүүрс худалдан авахаар болж 2011 оны 09 дүгээр сарын 07-нд гэрээ байгуулсан. Улмаар О.Эрдэнэбаяр нь нүүрсний барьцаа мөнгө болох 50 000 ам долларыг компанийн дансаар шилжүүлэхгүйгээр хувийн данс руу Чингэлтэй дүүргийн Хадгаламж банкаар шилжүүлнэ үү гэсний дагуу 2011 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 50 000 ам долларыг шилжүүлсэн болно. Гэрээнд заасны дагуу нүүрсний эхний хэсэг болох 1500 тн нүүрсний үнийг 23011 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр О.Эрдэнэбаярт Хятадын хилийн асуудлаас болж зарах боломжгүй байна гэсэн. Түүний үгэнд итгэж 3 жилийн турш хүлээсэн боловч О.Эрдэнэбаяр нь эцэстээ нүүрсийг хадгалаагүй, улмаар мэдэхгүй гэж байнга хэлэх болсон. О.Эрдэнэбаяр нь нүүрсний барьцаа мөнгө, нүүрсний үнийг өгөхгүйн тулд янз бүрээр биднийг залилан мэхэлж, гомдол гаргана гэхэд хилийн цэрэг гэх мэт улсын байгууллагаар утсаар дарамтлуулж байгаад маш их гомдолтой байна. О.Эрдэнэбаяр нь Монгол улсын цагдаа болон прокурор, хил гаалийн дээд албан тушаалтан хамаатан садантай та нар яах юм гэх мэтээр харьцах болсон. Энэ байдлаас болоод Ко Жонг Ён нь БНСУ-д эрүүгийн хэрэгт татагдаж, шалгагдан цагаатгагдаж байсан. Энэ төлбөр барагдуулахаар цагдаа, шүүхэд хандах зэргээр цаг хугацаа алдаж, сэтгэл санаа, эд материалын хувьд хохирч байна. Энэ нөхцөл байдлыг харгалзаж хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд нүүрсний барьцаа мөнгө 50 000 ам долларыг буюу 92 100 000 төгрөгийг Эф Эм Жи Эс Эйч Ай Ви Эн Өү Эн ХХК-ний захирал Вон Жэ Хи, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямдаваад буцаан гаргуулж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямдаваа шүүхэд гаргасан тайлбартаа: гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч А.Нацагдорж шүүхэд гаргасан тайлбартаа: гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Эрдэнэбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....... гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
FMG SHINWON ХХК нь хариуцагч Эрдэнэс Галба ХХК-иас нүүрсний барьцааны мөнгө 50000/ тавин мянга/ ам.доллар болон үлдэгдэл 230 тн нүүрсний үнэ 30079860 төгрөг нийт 122179860 гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Эф Эм Жи Эс Эйч Ай Эн Ви Өү Эн /FMG SHINWON/ ХХК нь хариуцагч Эрдэнэс Галба ХХК-тай нүүрс худалдах худалдан авах гэрээг 2011 оны 9 сарын 7-ны өдөр байгуулсан нь /хавтаст хэргийн 9-11-р хуудас/ Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2 дахь хэсэгт зааснаар хэлэлцэн тохиролцож бичгээр хийсэн хүчин төгөлдөр хэлцэл болж байна.
Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно гэж заасны дагуу талууд харилцан тохиролцож, Эф Эм Жи Эс Эйч Ай Эн Ви Өү Эн /FMG SHINWON/ ХХК-аас үнийг төлж Эрдэнэс Галба ХХК-аас нүүрсийг шилжүүлсэнээр гэрээ байгуулагдсан байна.
Худалдагч /Эрдэнэс Галба ХХК/ нь биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй бараа бэлтгэн нийлүүлснээр худалдан авагч /Эф Эм Жи Эс Эйч Ай Эн Ви Өү Эн /FMG SHINWON/ ХХК худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлөх үүрэг хүлээж зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасны дагуу худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэлээ. Энэ талаар ч зохигч нар маргахгүй байна.
Дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэлээ.Үүнд:
1. Дээрх нүүрс худалдах худалдан авах гэрээний дагуу худалдагч талаас нийт 300.000 тонн нүүрсийг нийлүүлэх бөгөөд худалдан авагч тал түүнд үнийг нь төлөх үүргийг хүлээсэн байна.
Гэвч нэхэмжлэгч талын тайлбараар 230 тонн нүүрсийг нийлүүлж цаашид гэрээний үүрэг биелэгдээгүй зогссон гэж байх ба хариуцагч үүнийг үгүйсгээгүй.
Учир нь Эрдэнэс галба ХХК-аас нэхэмжлэгч тал худалдан авсан нүүрсээ ирж авах, ачиж тээвэрлэх үүргээ биелүүлэлгүй, Солонгос улс руугаа яваад сураггүй болсон, манайх үүргээ зохих ёсоор гүйцэтгэхэд бэлэн байсан гэж тайлбарладаг.
2. Хариуцагч Эрдэнэс Галба ХХК-аас барьцааны 50.000 ам долларыг худалдан авагч талд санал болгон 2011 оны 9 сарын 8-ны өдөр шилжүүлэн авсан нь /хавтаст хэргийн 12 -р хуудас/ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээг бичгээр хийнэ гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байгаа нь тус хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-т зааснаар хүчин төгөлдөр бус гэрээ болж байна.
Иймд нэгэнт хүчин төгөлдөр бус гэрээний улмаас хариуцагч 50.000 ам долларыг Эф Эм Жи Эс Эйч Ай Эн Ви Өү Эн /FMG SHINWON/ ХХК-иас шилжүүлэн авсан байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө шилжүүлсэн этгээд буюу Эф Эм Жи Эс Эйч Ай Эн Ви Өү Эн /FMG SHINWON/ ХХК нь эд хөрөнгийг олж авсан этгээд болох Эрдэнэс Галба ХХК-аас буцаан шаардах эрхтэй байна.
Дээрх үндэслэлээр Эф Эм Жи Эс Эйч Ай Эн Ви Өү Эн /FMG SHINWON/ ХХК-ний нэхэмжлэлийн шаардлага болох барьцааны мөнгө болгон шилжүүлсэн 50.000 ам доллар буюу 92.100.000 төгрөгийг Эрдэнэс Галба ХХК-иас гаргуулан Эф Эм Жи Эс Эйч Ай Эн Ви Өү Эн /FMG SHINWON/ ХХК-д олгож шийдвэрлэх зүйтэй.
Нэгэнт хүчин төгөлдөр бус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт зааснаар гадаад вальютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тооцно гэсний дагуу 50.000 ам долларыг шүүхэд нэхэмжлэл өгөх үеийн ханшаар тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байх тул шүүх үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Эрдэнэс Галба ХХК-иас92.100.500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Эф Эм Жи Эс Эйч Ай Эн Ви Өү Эн /FMG SHIN0ON/ ХХК-ндолгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 618 450 төгрөгийг орон нутгийн төсөвт хэвээр үлдээж, орон нутгийн төсвөөс хариуцагч Эрдэнэс Галба ХХК-иас 618.450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Эф Эм Жи Эс Эйч Ай Эн Ви Өү Эн /FMG SHINWON/ ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардаж авахүүрэгтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БАТТУЛГА