| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 191/2025/00443/И |
| Дугаар | 210/МА2025/01883 |
| Огноо | 2025-10-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2025/01883
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч Д.Золзаяа, Ерөнхий шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 14-ний өдрийн 191/ШШ2025/04323 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ********д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Чингэлтэй дүүрэг, ******* хороо, Зүрх уулын 7-р гудамж, ******* тоот хаягт байршилтай, 56.25 м.кв талбайтай хувийн сууц, 600 м.кв талбайтай газрын өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ-нээс татгалзаж, Чингэлтэй дүүрэг, ******* хороо, Зүрх уулын 7-р гудамж, ******* тоот хаягт байршилтай, 56.25 м.кв талбайтай хувийн сууц, 600 м.кв талбайтай газрыг чөлөөлөхийг нэхэмжлэгчид даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай,
иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөг *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: ******* миний бие 2021 оны 08 сарын 19-ний өдөр ********тай Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Чингэлтэй дүүрэг, ******* хороо, Зүрх уулын 7-р гудамж, ******* тоот хаягт байршилтай, 56.25 м.кв талбайтай хувийн сууцыг 10,000,000 төгрөгөөр, 600 м.кв талбайтай газрыг 5,000,000 төгрөгөөр тус тус худалдан авч, төлбөрийг төлсөн. Хувийн сууц, газрын өмчлөх эрхийг шилжүүлэхийг худалдагч талаас шаардсан боловч өнөөдрийг хүртэл шилжүүлж өгөөгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлийн агуулга: ******** миний бие 2021 оны 08 сарын 19-ний өдөр *******тэй Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Чингэлтэй дүүрэг, ******* хороо, Зүрх уулын 7-р гудамж, ******* тоот хаягт байршилтай, 56.25 м.кв талбайтай хувийн сууцыг 10,000,000 төгрөгөөр, 600 м.кв талбайтай газрыг 5,000,000 төгрөгөөр тус тус худалдахаар тохиролцсон. Уг гэрээний 3.2-т төлбөрийг сар бүрийн 25-ны өдөр 700,000 төгрөг төлж 2023 оны 04 сарын 19-ний өдөр дуусгахаар тохирсон. Миний бие дээрх хувийн сууц, газрыг *******д гэрээ байгуулахаас өмнө хүлээлгэн өгсөн. ******* нь 2021 оны 05 сарын 31-ний өдрөөс 2024 оны 03 сарын 20-ны өдрийн хооронд 24 удаагийн гүйлгээгээр нийт 13,060,000 төгрөгийг цувуулан төлсөн. Зарим тохиолдолд 20,000 төгрөг, 35,000 төгрөг г.м-ээр шилжүүлдэг байсан. ******* нь 2023 оны 04 сарын 19-ний өдөр гэрээний төлбөрийг бүрэн төлж барагдуулах байсан боловч уг үүргээ ноцтой зөрчсөн. Иймд миний бие гэрээнээс татгалзаж, өгсөн төлбөрийг буцаан шилжүүлэхийг *******д удаа дараа мэдэгдэж байсан. Төлбөрөө цаг хугацаанд нь төлөөгүйгээс өнөөдөр мөнгөний ханшны зөрүү болон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ нэмэгдэж, түүний цувуулан өгсөн мөнгө нь үр шимээ өгөөгүй. Гэрээнд заасан хугацаанд төлбөрөө бүрэн төлөөгүй атлаа дээрх хувийн сууц, газрыг өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
3. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Талууд байшин нь эвдрэл гэмтэлтэй байсан талаар ярилцсан. Байшингаа янзалчихаад төлбөрийн талаар ярилцахаар тохиролцсон. Шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Гэрээний хугацаа дууссан ч тэрнээс хойш төлбөр төлсөн. 2024 оны 12 сарын 01-ний өдөр тооцоо бодоход 1,585,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Гэтэл банкны барьцаанд байсан тул нэр шилжүүлэх үүргээ биелүүлээгүй. 22,000,000 төгрөгийн хүү нэхэж байсан тул маргаан үүссэн. Хариуцагч тал үүргээ биелүүлээгүй байж гэрээнээс татгалзсан гэж тайлбарлаж байна. Татгалзлыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
4. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасныг тус тус баримтлан улсын бүртгэлийн ******* дугаартай, Чингэлтэй дүүрэг, ******* хороо, Зүрх уулын 7-р гудамж, ******* тоот 56.25 м.кв талбайтай хувийн орон сууц, улсын бүртгэлийн ******* дугаартай, Чингэлтэй дүүрэг, ******* хороо, Зүрх уулын 7-р гудамж, ******* тоот 600 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын тус тус өмчлөх эрхийг нэхэмжлэгч *******д шилжүүлэхийг хариуцагч ********д даалгаж, худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, хувийн орон сууц болон газрыг чөлөөлж өгөхийг нэхэмжлэгчид даалгах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 269,900 төгрөгийн 232,950 төгрөгийг, хариуцагчийн төлсөн 233,000 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ********гаас 232,950 төгрөгийг, улсын төсвийн орлогоос илүү төлсөн 36,950 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч *******д тус тус олгож шийдвэрлэжээ.
5. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү.
5.1. ******** нь *******тэй 2021 оны 08 сарын 19-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Чингэлтэй дүүрэг, ******* хороо, Зүрх уулын 7-р гудамж, ******* тоот хаягт байршилтай, 56.25 м.кв талбайтай хувийн сууцыг 10,000,000 төгрөгөөр, 600 м.кв талбайтай газрыг 5,000,000 төгрөгөөр тус тус худалдахаар тохирсон. Уг гэрээний төлбөрийг сар бүрийн 25-ны өдөр 700,000 төгрөг төлж 2023 оны 04 сарын 19-ний өдөр дуусгахаар тохирсон. Гэвч ******* нь гэрээнд заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлөөгүй тул гэрээнээс татгалзаж, улмаар дээрх хувийн сууц, газрыг банкны зээлийн барьцаанд тавьсан. Өөрөөр хэлбэл, банкны зээлийн барьцаанд тавьсан шалтгаан нь гэрээнээс татгалзсантай шууд холбоотой. Гэтэл анхан шатны шүүх гэрээнээс татгалзаагүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
5.2. ******* нь гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй нь гэрээний ноцтой зөрчил болно. Тэрээр гэрээ байгуулснаас хойш шаардаж, гуйлгаж байж хааяа хэдхэн төгрөг шилжүүлдэг байсан. 2022 онд ердөө 180,000 төгрөг төлсөн байдаг. Энэ нь гэрээний ноцтой зөрчил байхад шүүх үүнийг харгалзан үзээгүй, харин ч эсрэгээр ялимгүй зөрчил гэж үзсэнд гомдолтой байна.
5.3. Худалдах, худалдан авах гэрээний дагуу үнийг худалдан авагч тал бүрэн төлсөн байж хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэх нь тодорхой. Гэтэл ******* нь шүүхэд нэхэмжлэл гаргах үедээ ч төлбөрөө бүрэн төлөөгүй, үлдэгдэлтэй байсан бөгөөд шүүх хурал эхлэхээс өмнө үлдэгдэл 1,585,000 төгрөгийг төлж, нотлох баримтыг шүүх хурал дээр гаргаж өгсөн. Мөн шүүх хурал дууссаны дараа ч гэрээний төлбөрийг бүрэн төлөөгүй, шүүх хурал болж дууссаны дараа үлдэгдэл 355,000 төгрөгийг хариуцагч руу шилжүүлсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүх төлбөрөө бүрэн төлөөгүй буюу гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй худалдан авагчид хувийн сууц, газрыг шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
5.4. Шүүх хэрэв нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх тохиолдолд барьцаалагч буюу банкны эрх, ашиг сонирхол шууд хөндөгдөж байхад барьцаалагчийг гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй хэргийг шийдвэрлэсэн нь банкны эрх, ашиг сонирхол зөрчигдөж процессын ноцтой зөрчил болсон.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Шүүх хуралдааны дараа төлбөр төлсөн гэх асуудлын хувьд 2024 оны 12 сарын 01-ний өдөр хариуцагч өөрөө тооцоо гаргаж өгсөн. Уг тооцоонд 1,585,000 төгрөгийн үлдэгдэлтэй гэдэг. Шүүх хуралдааны явцад нотлох баримт шинжлэн судлахад 300,000 төгрөгийн зөрүү гарсныг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Хариуцагч хэзээ гэрээнээс татгалзсан талаараа дурдсангүй. Хариуцагчийн ...би төлбөрөө бүрэн хүлээж аваад өмчлөх эрхээ шилжүүлж өгье... гэх тайлбар болон хэрэгт авагдсан гэрээ дүгнэсэн баримтаас үзвэл тухайн үед гэрээнээс татгалзаагүй гэдэг нь нотлогдсон. Талууд тохиролцож өмчлөх эрх шилжүүлж авах цаг хугацаанд үл хөдлөх эд хөрөнгө барьцаанд байсан учраас үүргийн зөрчил бий болсон тул шүүхэд хандсан. Гэрээнд хүү төлөхөөр зохицуулагдаагүй учраас хүү төлөх боломжгүй, үндсэн төлбөрөө төлөх шаардлага тавьсан. Анхан шатны шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргасан тул хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ********д холбогдуулан Чингэлтэй дүүрэг, ******* хороо, Зүрх уулын 7-р гудамж, ******* тоот хаягт байршилтай, 56.25 м.кв талбайтай хувийн сууц, 600 м.кв талбайтай газрын өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ-нээс татгалзаж, Чингэлтэй дүүрэг, ******* хороо, Зүрх уулын 7-р гудамж, ******* тоот хаягт байршилтай, 56.25 м.кв талбайтай хувийн сууц, 600 м.кв талбайтай газрыг чөлөөлөхийг нэхэмжлэгчид даалгах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
3. Талууд 2021 оны 08 сарын 19-ний өдөр 0949 болон 0950 бүртгэлийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, эдгээр гэрээгээр ******** нь өөрийн өмчлөлийн, Чингэлтэй дүүрэг, ******* хороо, Зүрх уулын 7-р гудамж, ******* тоот хаягт байршилтай, 56.25 м.кв хувийн сууц, 600 м.кв талбайтай газрыг нийт 15,000,000 төгрөгөөр худалдах, ******* нь урьдчилгаа 1,000,000 төгрөгийг төлж, үлдэх 14,000,000 төгрөгийг сар бүрийн 25-ны өдөр 700,000 төгрөг төлж 2023 оны 04 сарын 19-ний өдөр төлбөрийг дуусгах нөхцөлийг тохирчээ.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.
5. Худалдагч ******** нь гэрээний зүйл болох хувийн сууц, газрыг худалдан авагч *******гийн эзэмшил, ашиглалтад 2021 оны 08 сарын 19-ний өдөр хүлээлгэн өгсөн бол худалдан авагч ******* нь 2021 оны 08 сарын 19-ний өдрөөс 2023 оны 04 сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 7,560,000 төгрөг, 2023 оны 04 сарын 19-ний өдрөөс 2025 оны 05 сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 7,085,000 төгрөг, бүгд 14,645,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан дансны хуулга, зохигчийн тайлбараар тогтоогдсон.
Гэсэн хэдий ч хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн гар бичмэлд ...2024 оны 03 сарын 20-ны өдрийн байдлаар 1,585,000 төгрөг дутуу... гэж бичигдсэн байх ба үүний дараа нэхэмжлэгч нь 2025 оны 05 сарын 14-ний өдөр 1,585,000 төгрөгийг төлсөн тул хувийн сууц, газрын үнэ төлөгдсөн гэж үзэж, улмаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг буруутгахгүй.
Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан ...худалдан авагч төлбөрөө бүрэн төлөөгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу... гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг хангахгүй.
6. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.
Хэдийгээр нэхэмжлэгч нь гэрээнд заасан 2023 оны 04 сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй боловч үүнээс хойшхи хугацаанд нэхэмжлэгчээс төлсөн төлбөрийг хариуцагч хүлээн авч, гар бичмэлд бичиж ирсэн тул ...талууд гэрээний үүрэг гүйцэтгэх хугацааг бодит үйлдлээр сунгаж байжээ... гэсэн агуулгатай анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ.
Түүнчлэн хариуцагч нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д Аль нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж зааснаар гэрээнээс татгалзах журмыг хэрэглэсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй тул хариуцагчийг худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан гэж үзэхгүй.
Хариуцагч нь өөрийн өмчлөлд бүртгэлтэй хувийн сууц, газрыг Хас банк-наас авсан зээлийн барьцаанд тавьсан гэх үйл баримт нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д заасан гэрээнээс татгалзах журмыг хэрэглэсэн гэж үзэх буюу гэрээнээс татгалзах тухайгаа нэхэмжлэгчид мэдэгдсэн гэж үзэх боломжгүй.
Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан ...хариуцагч нь гэрээнээс татгалзаж, хувийн сууц, газрыг банкны барьцаанд тавьсан үйл баримтыг анхан шатны шүүх анхаараагүй... гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг хангахгүй.
7. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно гэж, 160 дугаар зүйлийн 160.1-д Дараах тохиолдолд барьцааны эрх дуусгавар болно гээд 160.1.1-д барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон гэж тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар барьцаалагчийн эрх, ашиг сонирхол зөрчигдөхгүй.
Иймд энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
8. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэг заалтаар шийдвэрлэсэн нь найруулгын хувьд оновчгүй болсон байх тул давж заалдах шатны шүүхээс холбогдох найруулгын өөрчлөлтийг шийдвэрт оруулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 14-ний өдрийн 191/ШШ2025/04323 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Чингэлтэй дүүрэг, ******* хороо, Зүрх уулын 7-р гудамж, ******* тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй 56.25 м.кв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй 600 м.кв талбайтай газрын өмчлөх эрхийг нэхэмжлэгч *******д тус тус шилжүүлэн өгөхийг хариуцагч ********д даалгасугай гэж өөрчилж,
тогтоох хэсгийн 1 дэх заалтын дараа Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч *******д холбогдуулан гаргасан Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ-нээс татгалзаж, Чингэлтэй дүүрэг, ******* хороо, Зүрх уулын 7-р гудамж, ******* тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй 56.25 м.кв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй 600 м.кв талбайтай газрыг чөлөөлөхийг нэхэмжлэгчид даалгах тухай хариуцагч ********гийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэсэн 2 дахь заалт нэмж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 3 гэж, 3 дахь заалтыг 4 гэж, 4 дэх заалтыг 5 гэж тус тус дугаарлалтыг өөрчилж,
шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч ********гаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 06 сарын 25-ны өдөр урьдчилан төлсөн 233,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР