| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2019/0241/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/243 |
| Огноо | 2019-09-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Идэрбат |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 2019/ШЦТ/243
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Э.Идэрбат
Шүүгдэгч Г.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбатаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алтчин овогт Г.Ө-д холбогдох эрүүгийн 1921...... дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1969 оны 08 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, машин механизмын оператор мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдүүдийн хамт амьдрах, Дорнод аймгийн .......сумын 3 дугаар баг “......” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, ЙЮ регистрийн дугаартай, Алтчин овогт Г.Ө.
Шүүгдэгч Г.Ө нь 2019 оны 08 дугаар сарын 03-ны орой 20 цагийн орчимд Дорнод аймгийн ..... сумын 3 дугаар баг......... тоот хашаанд иргэн Д.Д маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт цохиж, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хацар, шанаа, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдснээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...“Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч Г.Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 21 цагийн үед ... хар өнгийн “Нокиа” маркийн товчлууртай гар утсаа хаясан байсан түүнийгээ маргааш өглөө буюу 2019 оны 08 дугаар сарын 03-ны өглөө мэдсэн. Тэгээд Б надад хэлэхдээ өчигдрийн газарт унагаасан байх гээд мотоцилтой гол руу очиж үзэхэд Д хүүхэдтэйгээ нэг залуугийн хамт байсан, тэгээд утсаа асуухад мэдэхгүй энд утас байгаагүй гэсэн. ... Тэгээд Ч ах ирэхдээ Д хажууд байсан залуугийн дэргэдээс сим карт олсон гээд авчирч өгсөн. Тэр авчирсан сим картыг өөр утсанд хийгээд асаахад миний пин кодоор нээгдэж байсан. ... Би Б г Д-н гэр рүү нь явуулахад Д эхнэрт нь өгсөн гээд явуулсан байсан. Би эхнэртэйгээ уулзахад надад өгөөгүй, Д уулзаагүй гэсэн тэгэхээр нь би Д уулзахаар гэрт нь очиж “Сайн байна уу” гэж мэндлээд ах нь утсаа авъя гээд Д хажууд байсан гэх залуугаас чи миний утсыг авсан юм биш үү? гаргаад өгчих гэхэд тэр залуу би аваагүй гэхэд Д манай хүүхэд олсон юм аа хүүхэд юм олж болдоггүй юм уу? гээд өмнө өнгөрсөн хэрүүл маргааны зүйлийг сөхөж хэрүүл маргаан үүсгээд хуц, уль гэх мэтээр хэрэлдээд байхаар нь би уурандаа зүүн гар талын шанаан тус газарт хагас атгасан гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/
Хохирогч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: ... Би .....сумын 3-р баг ........тоотод оршин суудаг юм. 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 10 цагийн үед өөрийн хүү Ш гэх 9 настай хүүхдийн хамт гол орж усанд орж байхад манай хүү Ш нь голын эргэн дээрээс хар өнгийн “Нокиа” маркийн гар утас олсон юм. Тэгээд 19 цагийн үед Б орж ирж Ө утсыг авъя та хэд олсон гэсэн гэхэд нь би Ө яагаад манай хаалгаар орж ирэхгүй байгаа юм бэ? утсыг нь эхнэрт нь өгсөн гэхэд Б аль эхнэрт нь гэж асуухаар нь аль эхнэрт нь өгснийг нь өөрсдөө олохгүй юу гэхэд гараад явсан. Тэгээд 20 цагийн үед Ө согтуугаар орж ирж сайна уу? гэж мэндлээд муу гөлөг минь утсаа авъя гэхэд нь би эхнэрт чинь өгсөн гэхэд чи манай эхнэрт өгөөгүй байна гэхэд нь би гар утсыг нь гаргаж эхнэрт чинь өгнө гэхэд яахаараа чи миний утсыг О өгдөг юм бэ? гээд намайг гөлөг нохой, золбин, янхан гэх мэтээр хэл амаар доромжилж миний нүүр рүү нулимсан тэгээд нүүрэн тус газарт 2 удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07/
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: ... 2019 оны 08 дугаар сарын 03-ны өглөө 10 цагийн үед Ө ах ... надтай уухаас өмнө согтуу байсан, тэгээд тэр орой “Нокиа” маркийн товчлууртай гар утсаа хаячихлаа гэж байсан. ... Ө ах намайг өчигдөр байсан газарт утас хараад ир гэхээр нь би гол дээр очиход Д хүүхдийн хамт гол дээр байсан. Би гар утас асуухад харагдаагүй гэж байсан. Тэгээд орой Д гар утас олсон гэдгийг мэдээд би очиж гар утсыг нь авах гэхэд 20.000 төгрөг өгөөд утсаа авахгүй юу даа? гээд утсыг нь эхнэрт нь өгсөн гэж хэлэхээр нь аль эхнэрт нь гэхэд өөрөө олохгүй юу? гэсэн тэгээд Ө ахын хамт гэрт нь очсон бөгөөд Ө ах эхнэрээсээ асуухад эхнэр нь гар утас аваагүй гэсэн. Тэгээд Ө ах надтай хамт эргэж Д очсон, тэгээд тэр хоёр хашаанаас хэрэлдээд гарч ирсэн, хашааны гадна Ө ах мотоциклийн ард суух гэж байхдаа нэг юм хэлэхэд Д гараараа Ө араас нэг удаа цохиход Ө ах Д гараараа нэг удаа нүүрэн тус газарт цохихоор нь би эмэгтэй хүн цохилоо гээд Ө ахыг авч яваад 123-ын Б эгчийн гадна автобус ирсэн байсан тэнд буулгаж өгөөд гэр рүүгээ харьсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/
Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “... 2019 оны 08 дугаар сарын 03-ны орой 20 цагийн үед Д гэрийн урдуур мотоциклтой өнгөрч байхад ... Ө ах Д гар утасны хэрүүл маргаан болоод байх шиг байсан. ... Ө мотоциклийн ард суух гээд явж байхад Д араас нь нэг удаа цохиход Ө ах Д гараараа нэг удаа нүүрэн тус газарт нь цохисон ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн .... тоотын дүгнэлтийн хэсэгт: “1. Д.Д биед зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хацар, шанаа, эрүүнд зөөлийн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон нэг бус удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 15/
-Дорнод аймгийн ...... сумын .... дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 25/
-Хохирол төлсөн баримт /хх-ийн 33/
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Г.Ө нь согтуурсан үедээ 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн орой 20 цагийн орчимд Дорнод аймгийн .... сумын дугаар баг ......тоот хашаанд хохирогч иргэн Д.Д хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж, улмаар хохирогчийн нүүрэн тус газарт цохиж, биед нь зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хацар, шанаа, эрүүнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Г.Ө өгсөн: “ ... би Д уулзахаар гэрт нь очиж сайн байна уу? гэж мэндлээд ах нь утсаа авъя гээд Д хажууд байсан гэх залуугаас чи миний утсыг авсан юм биш үү гаргаад өгчих гэхэд тэр залуу би аваагүй гэхэд Д манай хүүхэд олсон юм аа хүүхэд юм олж болдоггүй юм уу? гээд өмнө өнгөрсөн хэрүүл маргааны зүйлийг сөхөж хэрүүл маргаан үүсгээд хуц, уль гэх мэтээр хэрэлдэхээр нь би уурандаа Д зүүн гар талын шанаан тус газарт хагас атгасан гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/, хохирогч Д.Д өгсөн: “...20 цагийн үед Ө согтуугаар орж ирж сайна уу гэж мэндлээд муу гөлөг минь утсаа авъя гэхэд нь би эхнэрт чинь өгсөн гэхэд чи манай эхнэрт өгөөгүй байна гэхээр нь би гар утсыг нь гаргаж эхнэрт чинь өгнө? гэхэд яахаараа чи миний утсыг О-д өгдөг юм бэ? гээд намайг гөлөг нохой, золбин, янхан гэх мэтээр хэл амаар доромжилж байгаад миний нүүр рүү нулимж нүүрэн тус газарт 2 удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн..... тоот дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Д.Д-н эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч Г.Ө-н хохирогч Д.Д-н нүүрэн тус газарт цохисон санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Г.Ө холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгч Г.Ө хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Ө нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч Д.Д нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөг нэхэмжилсэн бөгөөд уг хохирлыг шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Г.Ө бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.Ө-н ЙЮ....... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлвэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Алтчин овогт Г.Ө-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ө-г 500 /таван зуу / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ө-н цалин, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.Ө ЙЮ..............регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Ө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЭНХБААТАР