Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 142

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, Баянхөөвөр 1-13 тоотод оршин суух, Өвөөн овогт Долгорын Наранцацрал /РД:КЙ84061862/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, Бага булаг 7-4 тоотод оршин суух, Тожил овогт Цэвэгмэдийн Хатанбаатар /РД:КЙ75012472/-т холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Наранцацрал, хариуцагч Ц.Хатанбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Д.Наранцацрал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Долгор овогтой Наранцацрал миний бие Цэвэгмэд овогтой Хатанбаатартай 2000 онд гэр бүл болж зан харьцааны хувьд таарч тохирохоо больж салах болсон бөгөөд одоо би нөхөр гурван хүүхдийн хамт амьдарч байна. Цаашид бид хамтран амьдрах боломжгүй учраас шүүхээр гэрлэлт цуцлуулж өгнө үү. Хүү Н.Энхболдод эцэг Ц.Хатанбаатараас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ц.Хатанбаатар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц.Хатанбаатар миний бие нь Наранцацралын нэхэмжлэлийг 2016 оны 07 сарын 20-ны өдөр хүлээн авсан. Наранцацралтай цаашид хамтран амьдрах боломжгүй болсон болохоор гэрлэлтийг цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Мөн хүүхдийн тэтгэлгийг төлөх болно. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна” гэжээ.

Нэхэмжлэгч Д.Наранцацрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид салаад тусдаа амьдраад удаж байна. Хэн хэн нь дахин амьдрал зохиосон. Эвлэрэх боломжгүй учраас гэрлэлтээ цуцлуулж хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

Хариуцагч Ц.Хатанбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өөр амьдрал зохиосон учраас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Хүүхдийнхээ тэтгэлгийг төлөх болно. Гэрлэлтээ цуцлуулахад татгалзах зүйлгүй” гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Наранцацрал нь хариуцагч Ц.Хатанбаатарт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүү Н.Энхболдод хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Гэрлэгчид болох Д.Наранцацрал Ц.Хатанбаатар нар нь 2004 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гэр бүл болсон нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 05 дугаар тал/, гэрлэгчдийн дундаас 2004 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр хүү Н.Энхболд төрсөн болох нь 2004 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №0026325 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 05 дугаар тал/ зэрэг баримтаар тогтоогдож байна.

Д.Наранцацрал Ц.Хатанбаатар нар зан харьцааны таарамжгүй байдлын улмаас таарч тохирохгүй болж, тусдаа амьдарч байгаа нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн эвлэрүүлэн зуучлалд гаргасан хүсэлтийг шүүхээс хүлээн авч ажиллагаа явуулж, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хх-ийн 09 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогджээ.

Хариуцагч Ц.Хатанбаатар нь хариу тайлбартаа Д.Наранцацралын гаргасан нэхэмжлэлтэй танилцсан бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг төлөх болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбар ирүүлсэн нь талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, нотлох баримтад дүгнэлт хийж үзэхэд гэрлэгчид гэр бүлийн маргаан, таарамжгүй харилцааны улмаас одоо тусдаа амьдарч байгаа, хүүхдийн асрамж болон эд хөрөнгийн хувьд маргахгүй гэсэн тайлбар зэргийг үндэслэн шүүхийн шатанд гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, мөн зүйлийн 26 дугаар зүйлийн 26.2 болон Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ...эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон нь тэдгээрийг үр хүүхдээ өгсөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх үүрэгтэй, хуулиар хүлээсэн дээрх үүргүүдээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.

Д.Наранцацрал Ц.Хатанбаатар нар нь хүүхдүүдийн асрамж болон эд хөрөнгийн талаар маргаагүйг дурдаж, гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээж, тэтгэлэг тогтоон эцгээр нь тэжээн тэтгүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

2004 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн хүү н.Энхболдыг эх Д.Наранцацралын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дах хэсэгт зааснаар хүү Д.Энхболдыг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа бүс нутгийн амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан сар бүр эцэг Ц.Хатанбаатараар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Хатанбаатараас 70.200 төгрөгийг гаргуулан Д.Наранцацралд олгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасныг баримтлан Өвөөн овогт Долгорын Наранцацрал, Тожил овогт Цэвэгмэдийн Хатанбаатар нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2004 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн хүү Н.Энхболдыг эх Д.Наранцацралын асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2004 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн хүү Н.Энхболдыг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа бүс нутгийн амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан сар бүр эцэг Ц.Хатанбаатараар тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Хатанбаатараас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Наранцацралд олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Хатанбаатар нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар Д.Наранцацрал нь Ц.Хатанбаатарыг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад учруулахыг хориглосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор тухайн шатны шүүхээр дамжуулан Өмнөговь, аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Г.СОЛОНГО