Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 114

 

            Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгч Т.М, З.Г нарын өмгөөлөгч А.Мөнхбат

Шүүгдэгч Д.Н өмгөөлөгч Д.Урансувд

Шүүгдэгч Т.М

Шүүгдэгч З.Г

Шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ү овогт З.Г, А овогт Д.Н, М овогт Т.М нарт холбогдох эрүүгийн 182 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1997 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, ЖЮ9 регистрийн дугаартай, М овогт Т.М.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1990 оны 08 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, засал чимэглэгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, ЖЯ регистрийн дугаартай, А овогт Д.Н.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1990 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, газрын тосны техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, аав, ээж, ах, эгч нарын амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, ЖЮ регистрийн дугаартай, Ү овогт З.Г.

Шүүгдэгч  Т.М нь Д.Н, З.Г нартай бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өглөө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багаас урагш орших Хэрлэн голын эрэг дээр насанд хүрээгүй буюу 17 настай хохирогч Ч.Харуулчимэгийг хүсэл зоригийнх нь эсрэг, хүч хэрэглэн хүчиндэхийг завдсан,

Шүүгдэгч  Д.Н нь, Т.М, З.Г нартай бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өглөө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багаас урагш орших Хэрлэн голын эрэг дээр насанд хүрээгүй буюу 17 настай хохирогч Ч.Харуулчимэгийг хүсэл зоригийнх нь эсрэг, хүч хэрэглэн хүчиндэхийг завдсан,

Шүүгдэгч  З.Г нь Д.Н, Т.М нартай бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өглөө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багаас урагш орших Хэрлэн голын эрэг дээр насанд хүрээгүй буюу 17 настай хохирогч Ч.Харуулчимэгийг хүсэл зоригийнх нь эсрэг, хүч хэрэглэн хүчиндэхийг завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 06 дугаар сард Улаанбаатар хотоос үүрийн 04 цагийн орчим Дорнод аймагт ирсэн. Унаанаасаа буугаад ажлынхаа хүнтэй хамт такси барихад машины дотор жолоочоос гадна нэг залуу сууж байсан. Тэгээд үйлчилгээний төвийн урд талын замаар явж байхад нэг охин такси авах гээд гар өргөөд зогсож байсан. Тухайн үед жолооч З.Г “гадаа хүйтэн байна. Энэ охиныг хүргэж өгөөд дараа нь та хоёрыг хүргээд өгье” гэж хэлээд охиныг машиндаа суулгасан. Цааш явж манай ажлын хүнийг гэрийнх нь гадаа хүргэж өгсний дараа машинд сууж явсан залуу Д.Н “бид хоёр жаахан уучихсан байна. Боломж байвал нэг юм аваад өгөөч” хэлэхэд нь би зөвшөөрсөн. Тэгээд “Шүр” захын бэлэн мөнгөний машинаас мөнгө авах гэсэн боловч ажиллахгүй байхаар нь 6-н давхар байранд байрладаг бэлэн мөнгөний машинаас мөнгө авсан. Цааш 0327 дугаар цэргийн ангийн хойно байрладаг дэлгүүрээс “Болор” нэртэй архи 1 ширхэг, 2.5 литрийн савлагааттай пиво аваад нисэхийн зам дагуу ойролцоо газарт уусан. Ууж байх хугацаанд З.Г гэх залуу “урагшаа гол гаръя. Агаар салхи амьсгалъя” гэж хэлээд бид гол явсан. Гол явах замд З.Г “миний машины бензин бага байна. Жаахан бензин аваад өгөөч” гэхээр нь би авч өгсөн. Гол дээр очоод Д.Н бид хоёр машинаас буугаад уусан. Тухайн үед З.Г хохирогчтой машин дотор үлдсэн. Тэр хоёр юу ярилцасныг мэдэхгүй байна. Удалгүй машин дотор суугаад архи уух гэтэл З.Г “даруулгагүй архи уухад хэцүү байна. Бүгдээрээ пиво оо ууя” гэхээр нь бид нар пиво оо ууж эхэлсэн. З.Г надаас “Чи хотоос ирсэн юм чинь чамд хөнжил, гудас байгаа биздээ” гэж асуухад нь би “байгаа” гэж хариулсан. Д.Н надад энэ охинтой бэлгийн харилцаанд орох талаар санал тавьсан. Тэгээд би голын урагш гараад бургасан дунд гудасаа дэвссэн. Д.Н “М чи энэ охиныг тийшээ хүргээд өгөөч” гэхээр нь би охиныг өргөөд бургасан дунд хүргэж өгсөн. Тэгээд З.Г бид хоёр цааш яваад тамхи татаад жаахан пиво уусан. Эргээд ирэхэд үед Д.Н, хохирогч хоёрын өмд шувтарсан хохирогч нэлээн эсэргүүцэл үзүүлсэн байдалтай байж байсан. Тэгэхээр нь би хохирогчтой бэлгийн харилцаанд орох санал тавиад дайрсан. Би хохирогчийн гарыг дээш нь болгоод гараараа барьсан болохоор нилээд эсэргүүцэл үзүүлсэн. Удалгүй би босоод явахад Д.Н хохирогч руу дахин очсон. Тэр үед З.Г бид хоёр цааш явж үргэлжлүүлж ууж байх үед ойролцоо газар машин явж байгаа чимээ гарсан. Тэгэхээр нь болио гээд Д.Н хохирогчоос холдсон. Би голын усаар нүүрээ угаагаад ирэх үед Д.Н машины ард талд хохирогчийг хоолойноос багалзуурдаж байгаа юм шиг хоолой нь эвгүй дуугарч байсан. Бид нар машиндаа суугаад явж байхад Д.Н хохирогч руу нилээд үгээр дайрч давшилахад З.Г бид хоёр болиулсан. Цааш явж би гэрийнхээ гадаа буусан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна гэв.

 Шүүгдэгч З.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 06 сарын 15-ны өдөр Д.Н бид хоёр пиво уусан. Тэгээд үүрээр хотын шуудан ирж байсан болохоор хүн аваад мөнгөтэй болъё гэж бодоод 2 хүн авсан. Цааш үйлчилгээний төвийн урд талын зам дагуу нэг охин гар өргөхөөр нь тэр охиныг сууллгаад цааш явсан. Тэгээд Т.М найзыг нь гэрт нь хүргэж өгсөн. Би хаана буулгаж өгсөн өө санахгүй байна. Д.Н Т.М хоёр найз нь жаахан уучихсан байна. Нэг юм аваад өгөх боломж байна уу? гэж асуухад Т.М “тэгье” гээд “Шүр” захын бэлэн мөнгөний машинаас мөнгө авах гэсэн боловч ажиллахгүй байсан болохоор 6 давхар байрны бэлэн мөнгөний машинаас мөнгө аваад 0327 дугаар цэргийн ангийн дэлгүүрээс 1 шил болор архи, 2,5 литрийн савлагаатай пиво авсан. Тэгээд нисэхийн зам дагуу зогсож байгаад танилцаад пивоо уусан. Тэгээд удалгүй гол явсан. Гол дээр очоод Д.Н, Т.М хоёр машинаас буухад би хохирогчтой үлдсэн. Хохирогчийг би үнсээд бэлгийн харилцаанд орох талаар санал тавих үед хохирогч татгалзсан. Тэгээд би машинаас буухад Т.М ирээд хохирогчийг өргөөд бургасруу авч орсон. Д.Н бид хоёр ууж байгаад Т.М хохирогч руу очиход Т.М хохирогчийн дээр гарсан байдалтай хохирогч эсэргүүцэл үзүүлээд “болиоч дээ” гээд бахирч байсан. Т.М хохирогчийн дээрээс босоод явахад Д.Н хохирогчийн дээрээс дарж хэвтэхэд Т.М бид хоёр машиныхаа ойролцоо очоод тамхи татаад буцаад ирэх үед Д.Н өмд нь шувтарсан байдалтай хохирогчийн дээр хэвтэж байхад машины чимээ гаргахаар нь “явцгаая” гэж хэлээд аймгийн төв рүү явсан. Тэр үед хохирогч машинаас үсрээд буучихаар нь би очоод чи яаж байгаа юм бэ? гэхэд айгаад байсан юм гэж хэлсэн. Тэгээд би айгаад байсан болохоор Хэрлэн сумын 5 дугаар хорооны ойролцоо очоод унтсан” гэв.

Шүүгдэгч Д.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2018 оны 06 дугаар сарын 15-ны орой миний найз З.Г над руу утсаар яриад “хоёулаа өнөөдөр жаахан ууж суухаа” гэхээр нь би “чи жаахан ажилтай байна. Чи хүлээж чадах уу” гэхэд З.Г манай гэрт хүрээд ирсэн. Тэгээд дэлгүүр хаахаас өмнө пиво авъя гээд “Шүр” захын ойролцоох дэлгүүрээс 2 литрийн савлагаатай пивоноос 2 ширхэгийг аваад явсан пиво оо машиныхаа ард хийгээд буцаад машин засаж байсан газартаа ирсэн. Тэгээд З.Г “охин байна уу?” гэж асуухад би “надад юу байх вэ дээ” гэж хэлсэн. З.Г “гараад ирье” гэж хэлээд машинаа унаад явсан. Би ахтайгаа машинаа янзалж дуусаад 01 цагийн орчим З.Г ирээд намайг авч явсан. Би өлсөөд байсан болохоор нь гэртээ очоод хоол идчихээд гарч ирээд манай гэрийн гадна 1 пивоо уусан. Нөгөө пивыг модон гүүрэн дээр очиж уугаад сэтгэл хөдөлсөн байсан болохоор согтоод яаж тэндээс хөдөлснөө санахгүй байна. Тухайн үед гадаа үүр цайж байсан. Нэг сэрэхэд машин дотор жолоочийн хажуу талын суудал дээр сууж явсан. Арагшаа харахад ард нэг охин, хоёр залуу суугаад явж байсан. Тэгээд нэг залуу нь “баяртай, сайхан амраайрай” гэж хэлээд буусан. Намайг унтаад явж байхад З.Г сэрээгээд “Т сэрээрээ арагшаа суу” гэж хэлэхэд би жолоочийн хажуу талын суудлын хаалгыг онгойлгоод ард талын суудалд суухад нэг охин жолоочийн суудал жолоочийн хажуу талын суудал хоёрын дундуур жолоочийн хажуу талын суудал дээр суусан. Тэр үед нэг бүдүүн залуу ирээд миний хажуу талд орж ирээд уусан. Дараа нь нэг ухаан ороход гол дээр байсан. Голын усаар нүүрээ угаагаад ирэхэд машины хамар хэсэг дээр 1 архи, 1 пиво байсан. Би архинаас өөртөө болон Т.М хийсэн. Тэр үед З.Г хохирогчтой юм яриад сууж байхад Т.М “танай найз чинь худлаа юм биш үү?” гэхээр нь би “би мэдэхгүй шүү дээ” гэж хэлсэн. Тэгэхэд М тэр охиныг өргөөд бургас руу ороход араас нь З.Г очсон. Би архинаасаа нэг хийгээд уучихаад байж байтал удалгүй охины бахирхаар нь очиж харахад Т.М охины дээр гараад хэвтэж байсан. Тэгээд би болиулах гэтэл З.Г намайг машин руу авч яваад архинаас надад хийж өгөөд хоёулаа уусан. Тэгээд З.Г Т.М хохирогч руу дахин очиход охин бахираад байхаар нь би “явъя аа” гэж чангаар хэлсэн. Удалгүй бүгд машиндаа суугаад явж байхад би Т.М хамт арын суудал дээр сууж явсан. Тэгээд сайн санахгүй байх. Би их хэмжээний согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохоор цааш нь санахгүй байна. Намайг өглөө гэртэй унтаж байхад З.Г хөнжилнөөс татаад сэрээсэн. Тэгээд машинаас архи, пивоо оруулж ирсэн. Би З.Г “нөгөө охин юу болсон бэ?” гэхэд “би гусчихсан шүү дээ” гэж хэлсэн би “битгий худлаа хэлээд бай, хэзээ, хаана?” гэж хэлээд надаар даажигнаад байх шиг санагдсан. Бид хоёр хашаан дотор сууж байгаад үлдсэн пивоо уусан. Үлдсэн архиа нэг найзынхаа гэрт нь очиж уусан” гэв.

Хохирогч Ч.Харуулчимэг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...машин дотор жолоочтойгоо нийт 3 хүн байсан. Арын суудал дээр сууж байсан нэг нь бондгор, махлагдуу хүн байсан нөгөө нь жижиг намхан бор царайтай хүн байсан. Харин жолооч нь намхан эрүүн доороо сахалтай хүн байсан. Би бууя гэртээ харьмаар байна гэж зөндөө хэлсэн. бүгд л намайг явуулахгүй байсан. Ингээд голын эрэг дээр очоод зогсоход махлах биетэй залуу нь буу гээд байсан. Би буухгүй гэхэд тэр махлаг биетэй залуу нь гарнаас татаж чирч буулган урдаа өргөөд машинаас жоохон зайдуу бургасан дунд байсан гудсан дээр хэвтүүлээд жолоочийн арын суудал дээр сууж байсан. Т гэх залуу ирээд миний өмдийг турсиктэй хамт шагай хүртэл тайлаад өөрийнхөө өмдийг мөн турсиктэйгээ тайлаад над руу дайраад бэлэг эрхтэнээ миний бэлэг эрхтэн рүү хийх гэж нэлээн оролдсон. Би хэрэг болсоны дараа цагдаатай уулзахад жолоочийг нь Ж арын суудал дээр сууж явсан намхан залууг Т гэж дууддаг талаар мэдсэн. Ингээд Т нь миний өмд турсикийг тайлаад надад хүч хэрэглэж хүчиндэхийг завдсан. Би өөдөөс нь эсэргүүцэж байсан тул явсан. Т надаас холдож явсаны дараа би босоод өмдөө дээш татаж байхад бүдүүн залуу нь ирээд намайг түлхэж унаган миний дээр гарч миний өмд турсикийг хөлийн шагай хүртэл тайлж мөн өөрийнхөө өмдийг тайлаад миний 2 хөлийг минь алцайлгаад миний бэлэг эрхтэнд өөрийнхөө бэлэг эрхтэнийг хийх гэж зөндөө оролдсон. Би өөдөөс нь эсэргүүцэл үзүүлж ноцолдсон. Тэр залуу гараараа миний 2 гарыг дээш нь зөрүүлж бариад тавихгүй байсан... гэтэл цаанаас нэг нь явъя гэж дуудаад явсан. Ингээд жолооч нь намайг суу гэж хэлэхэд “би алхаад явъя” гэхэд намайг суу гээд хүчээр машинд суулгаад аймгийн төв орж Зангиат хорооллын тэнд бүдүүн залууг буулгасан. Би машинд жолоочийн хажууд талын суудалд сууж явсан бөгөөд Зангиат хорооллын засмал замаар урагш явж байхад Т нь арын суудлаас өндийж миний гуяыг илж 2 хөлний завсар гараа хийж намайг илж таалан оролдоод байхаар нь би бууя зогс л доо гэж жолоочид хандан хэлэхэд зогсохгүй байхаар нь би машины хаалгыг дотроос нь онгойлгож үсэрсэн. Үсэрч бууж газарт унахдаа нүүрээрээ унасан. Миний шүд хөдөлж нүүр халцарч, уруул язарсан байсан. Жолооч энэ үед машинаа зогсоогоод бууж ирээд суучих явъя гэхэд нь би явахгүй гэхэд “эмнэлэг, явъя суучих” гээд дахин машинд суулгасан. Гэтэл араас Тнь миний амыг дарж дахин миний 2 гуяны хооронд гараа хийж оролдоод байсан. ...Т нь 2 дугаар хороонд буусан бөгөөд буун бууталаа намайг илж оролдож явсан. Ингээд жолооч хөдлөөд баруун тийш явж байгаад 2 дугаар хорооны баруун хойд захад очиж зогсоод унтахаар нь би машинаас буугаад гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33/

Хохирогч Ч.Харуулчимэгээс 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гэрчээр авсан мэдүүлэг:  “...би нэг машин дотор явж байсан. Тус машинд жолоочтойгоо нийлээд 3 хүн явж байсан. ... тэдгээр хүмүүсийн жолоо барьж байсан нь туранхай, намхан биетэй ойролцоогоор 160 орчим см өндөртэй, эрүүн доороо уруулын дээд хэсэгт бага зэрэг сахалтай дээгүүрээ цайван өнгийн хувцастай, 25.30 насны эрэгтэй хүн байсан. Нөгөө нь махлаг өндөр биетэй ойролцоогоор 175 см орчим өндөртэй шардуу царайтай бага зэрэг сахалтай, онигордуу нүдтэй 25-30 насны эрэгтэй хүн, Харин нөгөө залуу нь нэлээн согтуу, бор царайтай, жижиг дахраатай нүдтэй дунд зэргийн нуруутай 25-30 орчим насны эрэгтэй хүн байсан. Жолооч болон махлаг биетэй залуу намайг хүчиндэхийг завдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36/ 

Гэрч Э.Золбоо мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 06 сарын 16-ны өдрийн 10 цагийн орчим Ж гэж дууддаг залуу манайд ирээд Лхагваа машин тавьчих гэнэ гэрт нь хүн байхгүй байна гэж хэлэхээр нь гэрийнхээ гадаа машиныг нь тавиулсан. Машины эзэн Лхагваа гэдэг манай ангийн залуу байгаа. Цагаан өнгийн королла маркийн 46-94 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл юм. ...дээрх машиныг урьд нь манай гадаа тавьж байгаагүй. Өчигдөр л Ж авчирч тавьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 58/

2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 1-2-р хуудас/

- 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 7-8/

         - 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай /хх-ийн 13/

- 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай /хх-ийн 15/

         - 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах тухай /хх-ийн 19/

- Нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 22/

         - Насанд хүрээгүй хохирогч Ч.Харуулчимэгийн мэдүүлэг /хх-ийн 27-30, 31-33-р

- Хохирогч Ч.Харуулчимэгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2-р хх-ийн 7/

- Яллагдагч Т.М мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 8-12/

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 13-15/

- Гэрч, хохирогчийг нүүрэлдүүлж авсан мэдүүлэг /2-р хх-ийн 21-23/

- Яллагдагч Т.М, хохирогч Ч.Харуулчимэг нарыг нүүрэлдүүлж авсан тэмдэглэл /2-р хх-ийн 24-26/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүгдэгч  Т.М, Д.Н, З.Г нар нь бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өглөө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багаас урагш орших Хэрлэн голын эрэг дээр насанд хүрээгүй буюу 17 настай хохирогч Ч.Харуулчимэгийг хүсэл зоригийнх нь эсрэг, хүч хэрэглэн хүчиндэхийг завдсан болох:

 Шүүгдэгч Д.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ж анх байцаалт өгсөн бөгөөд дараа нь намайг байцаалт өгөхөөр орох гэтэл “гол дээр хоёулаа машины урд сууж байсан, тэгээд согтоод тасарсан байсан маргааш нь бид нар манай гэрт уулзсан” гэж мэдүүлэг өгөөрэй гэж хэлсэн. Одоо миний санаж байгаагаар би гол  дээр нүүрээ угаагаад сэргээд эргээд харахад Ж машин дотор машины урд талд сууж байсан охины хажууд суугаад мөр нь дээр нь гараа тавьчихсан үнсэж байгаа харагдсан. Мөн голын эрэг дээр бүдүүн залуу байсан. Тэгээд машины хажууд очиж задалсан архинаас өөртөө аягалж уугаад мөн нөгөө залууд хийж өгсөн. Тэгээд тэр залуутай юм яриад сууж байхад тэр залуу найз чинь худлаа юм бишүү би орчих уу гээд машин дотор сууж байсан. Ж тэр охин 2 руу харахад нь би мэдэхгүй гэж хэлсэн. Тэгсэн тэр залуу хундагатай архиа уучихаад машин руу очоод урд суудал дээр сууж байсан охиныг өргөөд гаргасан. Машин баруун тийш хараад зогсож байсан бөгөөд хойд талд бургас байсан тэр залуу охиныг өргөөд бургас руу орсон. Ж машинаас гарч тэр залуугийн араас бургас руу орсон. Би машины хажууд архиа уугаад сууж байсан. Төд удалгүй бургасан дотроос охин бахирах чимээ гарахад би яваад очиход охиныг газарт хэвтүүлээд нөгөө залуу дээр нь гарчихсан Ж хажууд нь зогсож байсан. ...өглөө би гэртээ сэрэхэд Ж манайд ирж намайг босгоод машиндаа суулгаад би тэр охиныг хусчихсан машины голын хайрцаганд 3 ширхэг бэлгэвч байсан нэг нь байхгүй байгаа биздээ гээд машины голын хайрцагийг онгойлгож үзүүлж байсан. ...Ж намайг мэдүүлэг өгөхдөө юу ч санахгүй байна гэж мэдүүлэг өгөөрэй гэсэн. Мөн дараа нь энэ хэргээс өөр хэрэг байсан бол амархан салчихна цагдаад танилтай гэж байсан. ...М гэх хүнийг урьд нь огт таньдаггүй байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 31-32/, шүүгдэгч З.Г мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээн мэдүүлж өгсөн: “...үйлчилгээний төвийн урд явж байхад 2 залуу гар өргөсөн. ...тэгээд хөдлөөд явж байхад зам дагуу нэг согтуу охин гуйвцан явж байхад нь Т нь зогсчих энэ охиныг хүргээд өгье гэхэд суулгаад хаашаа явах юм гэхэд Цэнхэр орно гэж байсан. Тэгээд хөдлөөд машинд сууж байсан 2 залуугийн 1 нь буусан. Нөгөө нь Зангиатын хороололд бууна гэж байсан. Тэгээд явж байхад Т тэр залуугаас “ганц юм ууя л даа чи нэг юм аваад өгөөч” гэж хэлэхэд тэр залуу тэгье гээд АТМ руу явсан. ...Тэгээд гол дээр очоод бүдүүн залуу Т 2 машинаас буухдаа архи, пиво аваад буусан. Би машин дотор үлдэж охиныг үнсэх гэж оролдоход боль гээд байхаар нь больсон. ...тухайн үед би архи пиво уучихсан согтуу байсан болохоор зарим болсон зүйлийг сайн санахгүй байна. Ямар ч байсан бүдүүн залуу охиныг гудсан дээр хэвтүүлээд өмд, турсикийг нь шувталаад дээр нь гарчихсан байсан. Охин доороос нь эсэргүүцэл үзүүлээд боль л доо гээд уйлаад байсан. Т бид 2 наанаас нь очиход бүдүүн залуу охины дээрээс босоход Т охиныг дараад хэвтсэн... тэгээд бүдүүн залууг Зангиатад буулгаад засмал замаар урагш явж байхад охин гэнэт хаалга онгойлгоод машинаас үсэрсэн. Би сандраад машинаа зогсоогоод буухад түүний нүүр шалбарсан байсан. Би түүнийг эмнэлэг явъя гэж суулгаад Н гэрт нь буулгаад ...машин дотроо унтаж байгаад сэрэхэд охин явсан байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 59-60/, шүүгдэгч Т.М мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээн мэдүүлж өгсөн: “...би 2018 оны 06 сарын 15-ны өглөө 04-05 цагийн орчим Дорнод аймагт ирээд такси барьсан... уг машинд жолоочоос гадна нэг хүн байсан. Үйлчилгээний төвийн зүүн талаар хойш эргэхэд нэг охин гар өргөөд зогсож байсан. Жолооч машинаа зогсоогоод энэ охиныг суулгачих та 2-ыг буулгачихаад хүргээд өгнө гадаа хүйтэн байна гээд тэр охиныг урд талын суудал дээр суулгасан. ...замдаа явж байгаад хоорондоо ярьсан бөгөөд арын суудал дээр сууж байсан залуу надад хандаж 2 найз нь уусан байгаа ганц шил архи аваад өгчих боломж байна уу гэж гуйхад нь би зөвшөөрч онгорхой дэлгүүр хайсан. Энэ үед бид хоорондоо танилцсан. Арын суудал дээр сууж явсан залууг Т, жолоочийг Ж гэж танилцуулсан. Дэлгүүр хайгаад нэлээн явсан олдохгүй байсан бөгөөд “Шүр” зах дээр байдаг АТМ-с мөнгө авах гэтэл ажиллахгүй байсан... 6 давхар байшингийн АТМ-с мөнгө авсан. ...327 дугаар ангийн хойд талын дэлгүүрээс Болор гэх 750 граммын архи 2 литрийн савлагаатай пиво аваад онгоцны буудал руу явдаг замаар явж зогсоод архиа уусан. Т пиво задалж охинд өгнө гээд сэрээж пивоноос нэг аягыг өгсөн. Тэгээд хооорондоо ярилцаж голын эрэг дээр очиж жоохон сууя гээд Бунхан толгойн урагш Хэрлэн гол дээр очсон. ... Ж чи хотоос ирсэн юм чинь хөнжил пүүгээ байгаа биздээ гэж асуухад нь би машины арыг онгойлгож хөнжил пүүгээ гаргаж бургасан дунд дэвсэхэд Ж миний хажууд ирээд чи энэ охиныг өргөөд бургасан дунд оруулаад өгөөч гэхэд нь би машин дотроос охиныг өргөж дэвссэн гудсан дээр хэвтүүлээд холдсон. Энэ үед Т тэр охин дээр очиж байсан. Ж бид 2 тамхи татахаар явсан. Хэсэг хугацааны дараа эргэж очиход охины өмдийг турсиктэй нь хамт өвдөгнөөс доош шувталсан Т дээр нь гарчихсан охин өөдөөс нь боль гээд тэмцэлдээд байсан Т өмдөө шувталсан байсан... Ж Т дуудаж цааш нь аваад явсан. ... би түүнийг газарт хэвтүүлээд бэлгийн харьцаанд орох гэтэл тэр эсэргүүцэл үзүүлээд зөвшөөрөхгүй байсан. Би 2 гарыг нь холбож бариад цамцыг нь тайлах гэж оролдсон... ингээд машины хажууд сууж байхад бидний ойролцоо өөр машины дуу гарахаар нь Ж бид 2 Т рүү очиход Т мөн охиныг хэвтүүлээд дээр нь гарчихсан байсан. Машины дуу бидний ойрхон зогсож байгаа чимээ гарсан тул би Т охин 2-ыг босгож гудсаа хурааж машиндаа хийчихээд Ж бид 2 голын эрэг дээр нүүр гараа угааж байхад Т тэр охиныг гараараа багалзуурдсан байдалтай нэлээн ширүүн өнгө аястай дуугарч байсан. Ингээд Ж тэр охиныг суулгаад мөн Т бид 2 суугаад аймгийн төв ороод би гэрийнхээ гадаа буусан...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-79/, түүнийг давхар нотолсон хохирогч Ч.Харуулчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-33/, гэрч Э.Золбоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 58/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 13-15/ болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Н өмгөөлөгч Д.Урансувд шүүхийн хэлэлцүүлэгт ...шүүгдэгч Д.Н үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэсэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд, тухайлбал, хохирогч Ч.Харуулчимэг өгсөн: “...Т гэх залуу ирээд миний өмдийг турсиктэй хамт шагай хүртэл тайлаад өөрийнхөө өмдийг мөн турсиктэйгээ тайлаад над руу дайраад бэлэг эрхтэнээ миний бэлэг эрхтэн рүү хийх гэж нэлээн оролдсон. Би хэрэг болсоны дараа цагдаатай уулзахад жолоочийг нь Ж арын суудал дээр сууж явсан намхан залууг Т гэж дууддаг талаар мэдсэн. Ингээд Т нь миний өмд турсикийг тайлаад надад хүч хэрэглэж хүчиндэхийг завдсан /хх-ийн 31-33/ гэж, шүүгдэгч З.Г өгсөн: “...Т бид 2 наанаас нь очиход бүдүүн залуу охины дээрээс босоход Т охиныг дараад хэвтсэн...” гэж, /хх-ийн 59-60/, шүүгдэгч Т.М өгсөн: “...Хэсэг хугацааны дараа эргэж очиход охины өмдийг турсиктэй нь хамт өвдөгнөөс доош шувталаад Т дээр нь гарчихсан охин өөдөөс нь боль гээд тэмцэлдээд байсан. Т өмдөө шувталсан байсан... Ж Т дуудаж цааш нь аваад явсан...” гэж, /хх-ийн 77-79/ мэдүүлэг зэргээр шүүгдэгч Д.Н нь хохирогч Ч.Харуулчимэгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэхийг завдсан болох нь тогтоодож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дээрх хүсэлтийг хүлээн боломжгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч нар нь хамтран гэмт хэрэг үйлдэж байгаагаа мэдсэн, үйлдлийнхээ хор аюулыг ухамсарласан, гэмт халдлагыг хамтын хүчин чармайлтаар санаатайгаар үйлдсэн нь нотлогдож байх тул шүүгдэгч нарыг гэмт хэргийн хамтран оролцох хэлбэрийн хувьд бүлэглэн гүйцэтгэгч гэж үзэх үндэслэлтэй байна.

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэжээ.

Шүүгдэгч нар нь хохирогчид хүч хэрэглэж хүчиндэхээр шууд чиглэсэн санаатай  үйлдэл хийсэн боловч хохирогч нь шүүгдэгч нарын үйлдлийн “өөдөөс нь эсэргүүцэл үзүүлж ноцолдсон тул шүүгдэгч нарын үйлдэл таслан зогсоогдсон болох нь мөрдөн шалгах ажиллагаанд явцад хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Иймд шүүгдэгч нарт Прокуророос зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдэж нотлогдсон, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгч нарыг гэм буруутай гэж үзсэн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т тус тус зааснаар шүүгдэгч нарыг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн,  бусдад төлөх төлбөргүй зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд нэн даруй хүргүүлбэл зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ү овогт З.Г, А овогт Д.Н, М овогт Т.М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д заасан хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар шүүгдэгч З.Г, Д.Н, Т.М нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Г, Д.Н, Т.М нарт оногдуулсан тус бүр 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн 182 дугаартай хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй ба шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нар нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт бичгийн баримтаар ирсэн шүүгдэгч З.Г, Д.Н, Т.М нарын иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгчид, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР