| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 183/2023/05560/И |
| Дугаар | 210/МА2025/01884 |
| Огноо | 2025-10-29 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2025/01884
******** ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Ерөнхий шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 14-ний өдрийн 192/ШШ2025/04079 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******** ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******** ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 6,730,805 юань буюу 3,174,247,638 төгрөг гаргуулах тухай,
иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, ********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: Тус компани нь ******** ХХК-тай нарийн нунтаг хатаах, талбайн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээнд заасан ажил үйлчилгээг 2013-2014 оны хугацаанд Баян-Өлгий аймагт хийж гүйцэтгэсэн. Гэрээгээр тохиролцсон үнэ 9,722,935 юань, үүнээс 2,900,000 юаныг төлж, үлдэгдэл 6,700,000 юаныг төлж барагдуулаагүй. Хариуцагчтай 2015 оны 05 сарын 07-ны өдөр уулзаж үлдэгдэл төлбөрийн талаар акт үйлдэж баталгаажуулсан. Энэ хугацаанаас хойш хариуцагч талын шийдвэр гаргах хүмүүстэй уулзах гэсэн боловч холбогдож чадаагүй. Бетон хийцлэлтэй ажил гүйцэтгэсэн бөгөөд уулыг тэгшилж налуу болгож, газрын тэгшилгээ хийсний дараа чулуугаар бэхжүүлж хийсэн. 2015 онд акт үйлдсэнээс хойш 2015-2018 оны хугацаанд хариуцагчийн удирдлагуудыг олох гэж хичээсэн боловч олдоогүй. Гэрээгээр ажил гүйцэтгэсэн талбайд Төгс хангай гэх компани нь өөр ажил үйлчилгээг хийж гүйцэтгэсэн хэдий ч хариуцагч компаниас мөнгөө авч чадахгүй, шүүхийн маргаан 7-8 жил үргэлжилсний дараа түрүү жил мөнгөө авсан байдаг.
Иймд 6,730,805 юань буюу 3,174,247,638 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар шаардаж байна гэж ойлгож байна. Нэхэмжлэл гаргах үед хэрэгт улаан тэмдэгтэй гэрээ авагдсан боловч хуулбар хувь байсан. Гэрээний эх хувийг гаргаж өгнө гэж хэлээд 2 сарын хугацаа өнгөрсөн, эх хувь ирээгүй. Өмнөх хуралдаанд апостиль буюу гэрчийн тайлбарт хавсаргасан гэх нэг гэрээ ирсэн, энэ нь өмнөх гэрээний хуулбар байсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй, бичгээр байгуулсан гэрээ байхгүй байна. Өнөөдрийн хэрэг маргаан нь ямар гэрээ байгуулж, ямар ажил хийж гүйцэтгээд үүний үр дүнд шаардах эрхтэй болох нь тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон баримтууд нь хуулбар байна. Нэхэмжлэгч нь 2013-2015 онд ямар ажлыг хэрхэн гүйцэтгэсэн талаарх баримтыг хэрэгт өгөөгүй. Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2-т зааснаар тухайн үеийн зах зээлийн ханшаар үнийг тодорхойлохоор заасан. 2014 онд ******* ХХК-аас тухайн хатаах талбай, түүний дагалдах харьяа барилгууд буюу агуулах, уурын зуухны барилгын үнэлгээг гаргахад 103,582,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Хавтаст хэргийн 16, 36-р талд авагдсан шинжээчээр эх хувь гэж нотлогдсон баримтуудаас үзэхэд ******** ХХК нь тухайн үедээ 2013-2015 онд Sinqin Tu-д 834,473,464 төгрөгийг төлсөн, 2013-2015 оны бүх тооцоо нийлсэн гэх агуулгатай байдаг.
Иймд хариуцагч талаас төлбөрийг бүрэн төлсөн, хийсэн ажлаас хэтрүүлэн төлсөн үйл баримт тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан, хариуцагч ******** ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 3,174,247,638 төгрөг гаргуулах тухай ******** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,029,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
4.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг нь нотлох баримтад хамаардаг. Гэвч шүүх зөвхөн бичгийн нотлох баримтыг үндэслэж хэргийг шийдвэрлэх боломжтой мэтээр дүгнэлт хийсэн нь хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтыг өөрийн дотоод итгэл үнэмшлээр үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчмыг зөрчсөн буюу зөвхөн бичгийн нотлох баримтаар үйл явдлыг тогтоох ёстой мэтээр дүгнэлт гаргаж, нотолгооны ач холбогдлын дарааллыг буруу тодорхойлсон гэж үзэж байна.
4.2. Мөн 2013-2016 онд талуудын хооронд байгуулагдсан гэрээг хариуцагч талаас төлөөлж баталж, гэрээний үр дүнг хариуцагч талыг төлөөлөн хүлээн авч, тооцоо нийлсэн ****** ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох ******* нь энэ харилцааг мэдүүлсэн байдаг. Мөн гэрч ******* нь Хөх хотын Сэнь Хэ Нотариатын газрын нотариатчийн өмнө, гэрчийн мэдүүлэг нотлох баримтыг хадгалах тухай нотариатын үйлдлийн холбогдох хууль тогтоомж, хууль зүйн үр дагаврыг тайлбарласны үндсэн дээр би дараах мэдүүлгийг сайн дураар өгч, түүний үнэн зөв байдалд хариуцна гэдгээ баталж байна. Хэрэв ямар нэгэн хуурмаг мэдүүлэг өгсөн бол би хуулийн үр дагаврыг сайн дураар хүлээн гэж БНХАУ-ын Гадаад харилцааны яамны консулын газар энэ баримт бичгийг баталгаажуулсан байдаг. Түүнчлэн худал мэдүүлэг өгвөл зохих хуулийн хариуцлага хүлээхээ зөвшөөрсөн нь харагдана. Иймд шүүх тухайн баримтыг үнэлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь илтэд учир дутагдалтай.
4.3. Мөн БНХАУ-ын иргэн Yinhua хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчийн мэдүүлэг өгсөн. Өөрөөр хэлбэл, хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж, маргаантай үйл баримтын бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой гэж үзсэн, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан гэрчийн мэдүүлэг нь нотолгооны хэрэгсэл болохоор заасан. Гэрчийн мэдүүлэгт нотлогдвол зохих үйл баримтыг харсан, үзсэн этгээдийн мэдүүлэг тусгагдсан учир түүний мэдүүлэг нь бусад нотлох баримтуудаас нотлох чадвараараа харьцангуй илүү байдаг. Иймээс маргаан бүхий цаг үед хариуцагч компанийг төлөөлж байсан *******, нярав байсан Yinhua нар өнгөрсөнд болсон үйл явдлыг үнэн зөв мэдүүлсэн боловч шүүх энэ нөхцөл байдлыг давхар бичгийн нотлох баримтаар нотлох үүрэгтэй гэж дүгнэж байгаа нь хуульд нийцээгүй байна. Мөн гэрчүүдийн мэдүүлгийг шүүх хэрхэн үнэлсэн, юу гэж дүгнэсэн нь тодорхойгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-д заасныг зөрчсөн гэж үзэж байна.
4.4. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болоод буй 2015 оны 05 сарын 07-ны өдрийн Данс тулгасан баримт гэх хариуцагч компанийн албан бичиг нь талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг тооцоо нийлэх замаар дуусгавар болгож буй баримт бичиг биш бөгөөд гагцхүү хариуцагч компанийн төлбөр тооцооны асуудлыг өөрийн зүгээс илэрхийлж буй бичиг баримт юм. Мөн энэ баримтыг нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн бөгөөд талуудын хооронд нарийн нунтаг хатаах талбайн ажлыг хийж гүйцэтгэх гэрээ бодитоор байгуулсан үүний үр дүнд зохих хэмжээний төлбөр мөнгө авч байсныг нотлох зорилгоор гаргаж өгсөн юм. Хариуцагч компанийн хүсэл зоригийн илэрхийлэлд төлбөр тооцооны үлдэгдэл байгаа тухай албан бичигт дурдагдсан. Үүнээс үзэхэд талуудын хооронд гэрээний үлдэх төлбөр байсан, тухайн төлбөрийн үлдэгдлийг ******* захирлаас ******** ХХК-ийн захирал Sinqin Tu 2016 онд шаардаад явж байсныг би харсан гэх нярав Yinhua-ийн гэрчийн мэдүүлэг бодит байдалтай бүрэн нийцэж байна гэж үзэж байна.
Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Тус компанийн өмнөх эзэмшигч нар нь БНХАУ-ын хүмүүс байдаг. ******** ХХК-тай холбоотой маргаан үүссэн, өмнөх эзэмшигчээс маргаан бүхий асуудалтай холбоотой баримт үлдээгээгүй учраас гаргаж өгөх баримтгүй, мэтгэлцэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Тухайн үед ажиллаж байсан захирал нь бидний эсрэг баримтыг нэхэмжлэгч талд гаргаж өгсөн. Бидэнд мэдээлэл байхгүй учраас хэрэгт цугларсан баримтын хүрээнд мэтгэлцэх зарчмыг баримталсан. Анхан шатны шүүхэд хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд шийдвэр гаргана. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 37, 38, 44, 62 дугаар зүйлд заасан нотолгооны хуваарилалтын эрх нэхэмжлэгчид байгаа. Нэхэмжлэгч тал 9,722,935 юанийн ажил хийж гүйцэтгэсэн гэж тайлбарладаг боловч энэ талаар ямар ч баримт байхгүй. Шүүх зөвхөн бичмэл нотлох баримтад тулгуурлахгүй тухайн хоёр хүний мэдүүлгийг үндэслэх ёстой гэж тайлбарлаж болохгүй. Гэрчийн мэдүүлэг нь бусад нотлох баримтаар дэмжигдэх ёстой. Гэрч 3,000,000 юанийн үлдэгдэлтэй гэж хэлсэн гэдэг. Тухайн гэрч нярав байсан. Гэрч илэрхий алдаатай худал мэдүүлэг өгсөн. Нэхэмжлэгч тал 2,900,000 юань авсан гэх 2013-2015 оны жагсаалтыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Гэрч 1 удаа 3,000,000 юань бэлдээрэй гэж хэлсэн гэж мэдүүлсэн байхад нэхэмжлэгч тал 3 жилийн хугацаанд 3,000,000 юань өгсөн талаар ямар ч баримт байдаггүй. ******** ХХК-ийн өмнөх захирал нь бидний дунд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа байсан гэж тайлбарладаг боловч бичгийн баримтаар нотлогддоггүй. Баян-Өлгий аймагт байгаа уурхайн үйлдвэрийн хатаалгын талбайн асуудал яригддаг. 2014 онд ажлаа дуусгаад ******* ХХК нь нэхэмжлэгч компанийн бүх хөрөнгийг үнэлсэн бөгөөд хатаалгын талбайг 103,000,000 төгрөгийн өртөгтэй гэж дүгнэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс хувийн үнэлгээний компаниар дүгнэлт гаргуулахад хатаалгын талбайг 400,000,000 төгрөгийн өртөгтэй гэдэг ба 2024 оны ханшаар тооцвол 700,000,000 төгрөг гэдэг. Бичмэл нотлох баримтууд бүгд хуулбар хувь гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Эх хувиараа байсан нэг баримтыг шүүх үнэлсэн. Тухайн эх хувь баримтад хоёр талын төлөөлөгчийн нэр, гарын үсэг, тамга тэмдэг байдаггүй. Гол анхаарах зүйл нь 2014-2015 оны нийт ажлын төлбөрийг нэгтгэн дүгнэсэн гэж бичсэн байдаг. Өглөг, авлага байхгүй, 2,900,000 юаниар бүх асуудал дууссан гэх баримт. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянадаг учраас хөөн хэлэлцэх хугацааны асуудал байгааг анхаарч үзнэ үү. Нэхэмжлэгч талаас хариуцагч компанийн төлбөрийг төлнө гэх агуулгатай 3 бичгийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Гэхдээ тухайн 3 бичигт хариуцагч компанийн өмнө нь ажиллаж байсан захирал гарын үсэг зурсан. Өмнө нь ажиллаж байсан захирлыг 2017 оны 01 сард улсын бүртгэлээс хассан бөгөөд үүнээс 3-4 жилийн дараа мөнгө төлнө гэх бичиг үйлдсэн. Тухайн хүмүүс нэхэмжлэгчтэй нэгдмэл ашиг сонирхолтой бөгөөд нэхэмжлэгч тал өөртөө давуу байдал олгосон.
Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч ******** ХХК нь хариуцагч ******** ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 6,730,805 юань буюу 3,174,247,638 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...нэхэмжлэгч ямар ажил хэрхэн гүйцэтгэсэн нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн бичгийн нотлох баримтууд хуурамч, нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн гэх ажлын хөлсийг бүрэн төлсөн, төлбөр тооцооны үлдэгдэлгүй... гэсэн үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тогтоолгүй маргааныг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна. Тодруулбал:
3.1. Нэхэмжлэгч нь хариуцагчийн захиалгаар 2013-2015 онд Баян-Өлгий аймагт нарийн нунтаг хатаах талбайн ажил буюу нийт 14 төрлийн (газар тэгшлэх, талбайг тэгшлэх, газар ухаж шороогоор дүүргэх, чулуу хайрга буталж тэгшилж индүүдэх, хайрган хучилт нэмэгдүүлэх, бетон цутгах, арматур төмөр үйлдвэрлэж зөөх, арматур суурилуулах, бетон дэр хийх, загварын материал үйлдвэрлэж суурилуулах, налууг хамгаалах чулуун хана хийх, бетон газрын насос, шат нэгтгэх угсрах задлах, бетон өөлөх ухах зэрэг) 9,772,935 юанийн үнэ бүхий ажлыг хийж гүйцэтгэсэн гэж тайлбарладаг.
3.2. Хариуцагчаас татгалзлын үндэслэлээ нотлох зорилгоор шүүхэд гаргаж өгсөн ******* ХХК-ийн үнэлгээний тайланд Баян-Өлгий аймаг дахь баяжмалын талбайн үнэ цэнийг 2024 оны байдлаар 720,720,283 төгрөг, 2014 оны байдлаар 459,830,964 төгрөг гэж, ******* ХХК-ийн үнэлгээний тайланд Баян-Өлгий аймаг дахь баяжмал хатаах талбай, агуулахын байр, харуулын байрны үнэ цэнийг 2014 оны байдлаар 103,582,080 төгрөг гэж тус тус тогтоосон байна.
Түүнчлэн, хариуцагч нь нэхэмжлэгчид ажлын хөлсийг бүрэн буюу 2,992,130 юань төлсөн гэж тайлбарладаг.
3.3. Дээрхээс үзвэл, гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн үнийн талаарх зохигчдын тайлбар илт зөрүүтэй (нэхэмжлэгч: 9,772,935 юань, хариуцагч: 2,992,130 юань), мөн нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн гэх нийт 14 төрлийн ажил нь үнэлгээний тайлангуудад бүрэн тусгагдсан эсэх нь эргэлзээтэй тохиолдолд үүнийг тодруулахгүйгээр үнэн зөв, эргэлзээгүйгээр шийдвэрлэх боломжгүй юм.
4. Өөрөөр хэлбэл, зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдагдсан нийт 14 төрлийн ажил бүгд хийгдсэн эсэх, хийгдсэн бол тэдгээрийн үнэ хэд болохыг тогтоох нь ач холбогдолтой байна.
5. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тогтоогоогүй атлаа ...маргаан бүхий гэрээний үнийн дүнг нэхэмжлэгч 9,772,935 юань гэж, хариуцагч 2,992,130 юань гэж зөрүүтэй тайлбарласан бөгөөд хэн алиных нь тайлбар бичгийн баримтаар тогтоогдоогүй... гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцээгүй байна.
6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 14-ний өдрийн 192/ШШ2025/04079 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 06 сарын 30-ны өдөр урьдчилан төлсөн 16,029,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР