Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 143

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Цагаан-Овоо баг Ямаан хүрэн 12-7-т оршин суух Охин овогт Пүрэвийн Болортунгалагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Цагаан-Овоо баг, Баруун суу 5-5 тоотод оршин суух Лувсанбалдан овогт Дэлгэрсуурийн Ариунбаатарт холбогдох

Гэрлэлт цуцлуулах, 3 хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Болортунгалаг, хариуцагч Д.Ариунбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Болортунгалаг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:“Пүрэв овогтой Болортунгалаг миний бие нь 2004 онд Д.Ариунбаатартай танилцан улмаар 2006 оны 11 сарын 23-ны өдөр гэрлэлтийн 70 дугаар тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ. Бидний хамтран амьдрах хугацаанд 2006 оны 02 сарын 25-нд охин А.Энхриймаа төрсөн, 2008 оны 11 сарын 25-нд охин А.Ундармаа, 2014 оны 10 сарын 30-ны өдөр бага охин А.Ангирмаа нар төрсөн.

Миний нөхөр болох Д.Ариунбаатар нь ЕББДСургуулийн захирал А.Уламжаргалтай нууцаар гэр бүлийн харьцаатай болж гэр орондоо ирэхээ больсон юм. Энэ асуудлаас бий болсон зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2014 оноос салж тусдаа амьдрах болсон юм.

Тэр үеэс хойш 3 охин маань эх П.Болортунгалагийн асрамжид амьдарч, өсч торниж байна. Одоо бид тус тусын амьдралтай болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Д.Ариунбаатар бага охин төрөөд 4 хонож байхад хаяад явсан бөгөөд нялх биетэй байсан миний хувьд маш гомдолтой байна. Охин А.Энхриймаа, А.Ундармаа, А.Ангирмаа нарыг миний асрамжид үлдээж, эцэг Д.Ариунбаатараас 3 хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Д.Ариунбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Дэлгэрсуурь овогтой Ариунбаатар миний бие П.Болортунгалагийн нэхэмжлэлтэй гэрлэлт цуцлуулж хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 сарын 03-ны өдөр гардаж авсан.

            Одоо миний бие ганцаараа байгаа бөгөөд сургуулийн захирал эмэгтэйгээс 2016 оны 04 сараас хойш салж тусдаа амьдарч байгаад салсан.

            Миний бие П.Болортунгалагаас салж тусдаа амьдраад 1 жил гаран хугацаа өнгөрсөн бөгөөд эхнэр, хүүхдүүдээсээ хол хөндий байхад хэцүү байдаг. Эхнэр Болортунгалаг миний алдааг уучилбал би эхнэр 3 охины хамт сайхан амьдрах хүсэлтэй байна. Миний бие эцэг хүний үүргээ гүйцэтгэн гурван охиноо өнчин өрөөсөн гэж хэлүүлэхгүй хүний дайтай амьдрах хүсэлтэй байна.

Иймд шүүхэд гаргасан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхээс бидэнд эвлэрэх боломж олгож шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэжээ.

Нэхэмжлэгч П.Болортунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тусдаа амьдраад удаж байна. Эвлэрэх арга хэмжээ авсан 2 сарын хугацаанд нэг ч удаа эргэж гэртээ ирээгүй. Уучлалт гуйгаад гэртээ эргээд ирсэн бол би уучлах байсан. Одоо цаашид эвлэрэх боломжгүй учраас гэрлэлтээ цуцлуулж хүүхдийн тэтгэлэг тогтоолгомоор байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

Хариуцагч Д.Ариунбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ажил төрө гэж явсаар эвлэрэх хугацаанд эвлэрч гэртээ очоогүй. Гурван хүүхэддээ тэтгэлэг төлөх болно. Нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах зүйл байхгүй” гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Болортунгалаг нь хариуцагч Д.Ариунбаатарт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, 3 хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Гэрлэгчид болох П.Болортунгалаг, Д.Ариунбаатар нар нь 2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гэр бүл болсон нь гэрлэлтийн гэрчилгээгээр /хх-ийн 05 дугаар тал/, гэрлэгчдийн дундаас 2006 оны 02 дугаар сарын 25-ний өдөр охин А.Энхриймаа төрсөн болох нь 2006 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн №0134505 Б-07 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 06 дугаар тал/, 2008 оны 11 дүгээр сарын 25-нд охин А.Ундармаа төрсөн болох нь 2008 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №0146521 Б-69 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар /хх-ийн 06 дугаар тал/, 2014 оны 10 дугаар сарын 30-нд охин А.Ангирмаа төрсөн болох нь 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №4619000062 бүртгэлийн дугаартай гэрчилгээ /хх-ийн 7 дугаар тал/ зэрэг баримтаар тогтоогдож байна.

П.Болортунгалаг, Д.Ариунбаатар нар нь зан харьцааны таарамжгүй байдлын улмаас таарч тохирохгүй болж, 2014 оноос хойш тусдаа амьдарч байгаа нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн эвлэрүүлэн зуучлагчид гаргасан хүсэлтийг шүүхээс хүлээн авч ажиллагаа явуулж, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хх-ийн 12 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогджээ.

Хариуцагч Д.Ариунбаатар нь хариу тайлбартаа тусдаа амьдрах болсноос хойш 3 охин маань эх Болортунгалагийн асрамжид амьдарч байгаа, хүүхдийн асрамжийн хувьд маргахгүй, цаашид эхнэр хүүхэдтэйгээ амьдармаар байна гэсэн тайлбар ирүүлсэн нь талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, нотлох баримтад дүгнэлт хийж үзэхэд гэрлэгчид гэр бүлийн маргаан, таарамжгүй харилцааны улмаас одоо тусдаа амьдарч байгаа, хүүхдийн асрамжийн хувьд маргахгүй гэсэн тайлбар зэргийг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэн гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч гэрлэгчид эвлэрээгүй бөгөөд цаашид эвлэрэх боломжгүй нь гэрлэгчдийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, мөн зүйлийн 26 дугаар зүйлийн 26.2 болон Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ...эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон нь тэдгээрийг үр хүүхдээ өгсөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх үүрэгтэй, хуулиар хүлээсэн дээрх үүргүүдээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.

П.Болортунгалаг, Д.Ариунбаатар нар нь хүүхдүүдийн асрамжийн талаар маргах боловч талууд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй тул мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар хүүхдүүдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдүүдийг эх П.Болортунгалагийн асрамжид үлдээж, эцэг Д.Ариунбаатараар тэжээн тэтгүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

2006 оны 02 дугаар сарын 25-ний өдөр төрсөн охин А.Энхриймаа, 2008 оны 11 дүгээр сарын 25-нд төрсөн охин А.Ундармаа, 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин А.Ангирмаа нарыг эх П.Болортунгалагийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дах хэсэгт тус тус зааснаар тэднийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа бүс нутгийн амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан сар бүр эцэг Д.Ариунбаатараар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ариунбаатараас 70.200 төгрөгийг гаргуулан П.Болортунгалагт олгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасныг баримтлан Охин овогт Пүрэвийн Болортунгалаг, Лувсанбалдан овогт Дэлгэрсуурийн Ариунбаатар нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2006 оны 02 дугаар сарын 25-ний өдөр төрсөн охин А.Энхриймаа, 2008 оны 11 дүгээр сарын 25-нд төрсөн охин А.Ундармаа, 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин А.Ангирмаа нарыг эх П.Болортунгалагийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2006 оны 02 дугаар сарын 25-ний өдөр төрсөн охин А.Энхриймаа, 2008 оны 11 дүгээр сарын 25-нд төрсөн охин А.Ундармаа, 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин А.Ангирмаа нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутгийн амьжиргааны доод түвшингийн 50 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа бүс нутгийн амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан сар бүр эцэг Д.Ариунбаатараар тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ариунбаатараас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Болортунгалагт олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Ариунбаатар нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар П.Болортунгалаг нь Д.Ариунбаатарыг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад учруулахыг хориглосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор тухайн шатны шүүхээр дамжуулан Өмнөговь, аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Г.СОЛОНГО