| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 182/2024/03676/И |
| Дугаар | 210/МА2025/01885 |
| Огноо | 2025-10-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2025/01885
*******ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч Д.Золзаяа, Ерөнхий шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 05-ны өдрийн 191/ШШ2025/03827 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,
Гуравдагч этгээд: *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, ,,,,,,
Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт нийт 891,059,067 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай,
иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээд *******, ******* нарын өмгөөлөгч ******, гуравдагч этгээд ******ийн өмгөөлөгч ******, гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд *******, ****** нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******, гуравдагч этгээд ******ийн өмгөөлөгч ****** /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: Тус ББСБ нь ******* ХХК-тай 2021 оны 07 сарын 23-ны өдөр ЗГ07232021 тоот зээлийн гэрээ, БГ07232021 тоот барьцааны гэрээ, 67-42883 тоот барьцаалбар байгуулан 385,000,000 төгрөгийг 2,6%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2022 оны 07 сарын 25-ны өдөр дуусгавар болсон. Уг зээлийн гэрээг ******* ХХК-ийн захирал 3.Галмөнх гарын үсэг зурж баталгаажуулсан. Зээлийн барьцаанд ******* ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8-р баг, ******байргэх хаягт байршилтай 2,121.12 м.кв талбай бүхий 75%-ийн гүйцэтгэлтэй орон сууцны барилгыг бүхэлд нь барьцаалж, эрх бүхий байгууллагаар батлуулсан. ******* ХХК нь зээл авснаас хойш 2 удаа эргэн төлөлт хийсэн бөгөөд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд нийт 20,020,000 төгрөг төлсөн бөгөөд 2021 оны 10 сарын 04-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл төлөлт хийгээгүй.
Иймд 2025 оны 03 сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээл 385,000,000 төгрөг, зээлийн хүү 423,423,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 82,615,867 төгрөг, нотариатын төлбөр 21,000 төгрөг, нийт 891,059,867 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Тус компани нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Зээл авсан үйл баримтад маргахгүй. Хүү, нэмэгдүүлсэн хүү хэтэрхий өндөр байна, мөн зээл авснаас хойш 20,020,000 төгрөг төлсөн ч уг мөнгө үндсэн зээлээс хасагдаагүй байна гэжээ.
3. Гуравдагч этгээдүүдийн гаргасан тайлбарын агуулга: Бид ******** ХХК-тай гэрээ байгуулж, маргаан бүхий байрнаас орон сууц тус тус худалдан авсан. Гэрээний үнийг төлсөн. Шүүхийн шийдвэрээр орон сууцны өмчлөгчөөр тогтоож, орон сууцны гэрчилгээг гаргаж өгөхийг ******** ХХК-д даалгаж шийдвэрлэсэн. Орон сууц гэрээнд заасан хугацаанд ашиглалтад ороогүй, улсын комисс хүлээн аваагүй. Гэтэл ******** ХХК нь тус орон сууцыг бидэнд мэдэгдэлгүй барьцаанд тавьж *******ХХК-аас зээл авсан байна. Энэ нь бидний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөж байна. Иймд зээлийн үүргийн гүйцэтгэлийг бидний орон сууцаар хангуулахыг зөвшөөрөхгүй гэжээ.
4. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч ******* ХХК-аас 891,059,867 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******ХХК-д олгож, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т зааснаар хариуцагч ******* ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, 000522309 тоот гэрчилгээний дугаартай, ******* ХХК-ийн эзэмшлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6-р баг, ******байртоот хаягт байршилтай, Орон сууцны зориулалттай, 75 хувийн гүйцэтгэлтэй, 2,121.12 м.кв талбай бүхий орон сууцны барилгаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэгч *******ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,841,405 төгрөгийг улсын орлого хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 4,771,205 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******ХХК-д олгож шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрээр үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
5.1. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлсон боловч хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын хооронд байгуулсан 2021 оны 07 сарын 23-ны өдөр БГ07232021 тоот барьцааны гэрээг дутуу шинжлэн судалсан нь шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй болсон. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т тус тус заасан шаардлага барьцааны гэрээнд тусгагдсан. Барьцааны гэрээг эрх бүхий байгууллагуудаар батлуулсан. Мөн барьцааны гэрээний эхний хуудсанд талуудын оршин байгаа газар, компанийн нэр, барьцаалуулагчийн регистрийн дугаар, төлөөлөх этгээдийн хаяг, овог нэр, регистрийн дугаар, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнэ тусгагдсан байдаг.
5.2. Анхан шатны шүүхийн шийдвэрт барьцаа хөрөнгийн хаягийг бичихдээ 8-р багийг 6-р баг гэж буруу бичсэнийг залруулна уу.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
6. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч энэ гомдлыг гаргаж байна.
6.1. Анхан шатны шүүх гэрээнд хэрэв захиалагчид орон сууцанд орсоноос хойш 4 сарын дотор ипотекийн зээлэнд хамрагдаж чадахгүй тохиолдолд төлбөрийг бэлнээр төлөх эсхүл орон сууцыг чөлөөлж, гэрээний урьдчилгаа төлбөрөөс түрээсийн төлбөрөө суутгуулна гэх заалтыг огт анхаараагүй нь хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй буюу үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
6.2. Захиалагч буюу шийдвэр гүйцэтгэгч нар 2022 оны 11 сард бүгд орон сууцандаа орсон бөгөөд гэрээнд заасны дагуу 2023 оны 03 capд ипотекийн зээлэнд хамрагдсан байх, хэрэв хамрагдаагүй тохиолдолд гэрээнд заасан төлбөрөө 2023 оны 04 cap гэхэд бүрэн төлж дууссан байх үүргээ биелүүлээгүй байхад биелүүлсэн мэтээр тайлбарлан дүгнэсэн нь үндэслэлгүй.
6.3. Захиалагч нар үүргээ гүйцэтгээгүйгээс ******* ХХК-ийн зүгээс *******ХХК-аас авсан зээлээ эргэн төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул ББСБ шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг.
6.4. Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж үзэн бүртгэсэн, уг бүртгэлийг хүчингүй болгосон Захиргааны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр болон шүүхэд хандсан үйл баримт байхгүй. Гэтэл иргэний хэргийн анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, захиргааны шүүхийн гаргах шийдвэрийг гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй буюу хуульд заагаагүй эрхийг эдэлсэн гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч *******ХХК нь хариуцагч ******** ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээл 385,000,000 төгрөг, зээлийн хүү 423,423,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 82,615,867 төгрөг, нотариатын зардал 21,000 төгрөг, нийт 891,059,867 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгө болох ******** ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 8-р баг, ******байрхаягт байршилтай, 2,121.12 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай 75%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч ******** ХХК нь дээрх шаардлагыг ...зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү хэтэрхий өндөр, зээлийн гэрээний үүрэгт 20,020,000 төгрөг төлсөн боловч үндсэн зээлээс хасагдаагүй... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, ,,,,, нар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг эс зөвшөөрч тайлбар гаргажээ.
3. Талууд 2021 оны 07 сарын 23-ны өдөр ЗГ07232021 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр *******ХХК нь 385,000,000 төгрөгийг 30 хоногт 2.6%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлэх, ******** ХХК нь уг мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт тохирсон хугацаанд буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тохирчээ.
*******ХХК нь 385,000,000 төгрөгийг 2021 оны 07 сарын 28-ны өдөр ******** ХХК-д бэлнээр хүлээлгэн өгсөн, ******** ХХК нь зээлийн хүүд 19,352,667 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 667,333 төгрөг, нийт 20,020,000 төгрөг төлж, 2021 оны 10 сарын 04-ний өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт огт хийгээгүй байна.
Түүнчлэн хэрэгт авагдсан Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол, Төлбөрийн баримт-аар 2025 оны 03 сарын 17-ны өдрийн байдлаар ******** ХХК-ийн хүлээсэн зээлийн гэрээний үүрэг нийт 891,059,867 төгрөг болох, мөн *******ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой нийт 21,000 төгрөгийг нотариатын зардалд төлсөн болох нь тус тус тогтоогдсон.
4. Иймд хариуцагч ******** ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт нийт 891,059,867 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ХХК-д олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасантай тус тус нийцжээ.
Ийнхүү шийдвэрлэсэнд хариуцагч ******** ХХК гомдоогүй.
5. Мөн талууд 2021 оны 07 сарын 23-ны өдөр БГ07232021 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр өмнө дурдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд ******** ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 8-р баг, ******байрхаягт байршилтай, 2,121.12 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай 75%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ.
Дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд зохигчид болон гуравдагч этгээдүүд маргаантай байна.
6. Хэргийн баримт, гуравдагч этгээдүүдийн тайлбараар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа гэсэн үндэслэл илэрсэн байхад анхан шатны шүүх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбоотой шаардлагыг шийдвэрлэсэн нь буруу болжээ. Тодруулбал:
6.1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 сарын 28-ны өдрийн 126/ШЗ2024/0418 дугаар захирамжаар ******** ХХК, *******ХХК-уудын байгуулсан 2021 оны 07 сарын 23-ны өдрийн БГ07232021 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-г бүртгэсэн улсын бүртгэгчийн бүртгэлийг хүчингүй болгуулах тухайын нэхэмжлэлээр Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан захиргааны хэрэг үүсгэжээ.
6.2. Мөн Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 03 сарын 17-ны өдрийн 126/ШЗ2025/0070 дугаар захирамжаар ******** ХХК, *******ХХК-уудын байгуулсан 2021 оны 07 сарын 23-ны өдрийн БГ07232021 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-г бүртгэсэн улсын бүртгэгчийн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай,, *******, ******* нарын нэхэмжлэлээр Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан захиргааны хэрэг үүсгэжээ.
6.3. Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгчид болох,,, *******, ******* нар нь ******** ХХК-д холбогдох иргэний хэргийн гуравдагч этгээдүүд байна.
7. Дээрх тохиолдолд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хариуцагч ******** ХХК-д холбогдох, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай, нэхэмжлэгч *******ХХК-ийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байжээ.
8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 05-ны өдрийн 191/ШШ2025/03827 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, уг заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хариуцагч ******** ХХК-д холбогдох, барьцаа хөрөнгө болох ******** ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 8-р баг, ******байрхаягт байршилтай, 2,121.12 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай 75%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай, нэхэмжлэгч *******ХХК-ийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 06 сарын 13-ны өдөр төлсөн 70,200 төгрөг, хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 06 сарын 16-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР
ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР