Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
Хэргийн индекс | 126/2019/0035/З |
Дугаар | 221/МА2020/0307 |
Огноо | 2020-05-06 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2020/0307
“И” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, гомдол гаргагчийн төлөөлөгч Ч.Ц, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э нарыг оролцуулан, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э-ы гаргасан давж заалдах гомдлын дагуу “И” ХХК-ийн гомдолтой, Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.М, Д.Д нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаартай шийдвэрээр: “Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 11.19 дүгээр зүйл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1-ийн 1, 4.15-ийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасныг баримтлан “И” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хангаж, Татварын улсын байцаагчийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 0284607 тоот шийтгэлийн хуудас, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0239608 тоот шийтгэлийн хуудаснуудыг тус тус илт хууль бус болохыг тогтоож” шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхсайхан давж заалдах гомдолдоо: “...”И” ХХК-ийн зүгээс 2019 оны Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Хөвсгөл аймгийн Татварын улсын байцаагчийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 0294607, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0294608 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж нэхэмжлэлийг шүүх хүлээн авч захиргааны хэрэг үүсгээд шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэлээсээ татгалзсанаар Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 10, 11 дүгээр захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг шийдвэр хүчин төгөлдөр байгаа бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах илт, илэрхий үндэслэл байна.
Мөн “И” ХХК-ийн зөрчил нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3-т заасан нөхцөл байдлаас аль нэг нь биш бүх заалтад заагдсан нөхцөл байдал бүгд тогтоогдож байгаа тул хялбаршуулсан журмаар шийтгэл ногдуулах үндэслэлтэй.
Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулахад нөхөн төлүүлэх татварын 50 хүртэл хувьтай тэнцэх хэмжээгээр торгууль оногдуулдаг. Иймд Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4-т заасны дагуу Зөрчил үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг үндэслэн татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн заалтыг баримтлан шийтгэл оногдуулсан байна.
Худалдан авагч “И” ХХК нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нягтлан бодох бүртгэлийн баримтуудад тусгагдаагүй байсан тул албан татварыг хасч тооцохгүй байх нь зөв юм.
Дээр дурдснаар Татварын улсын байцаагчийн шийтгэл оногдуулахдаа үндэслэсэн хуулийн заалтууд нь уг шийтгэлд хэрэглэх бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн татварын улсын байцаагчийн оногдуулсан шийтгэлийг илт хууль бус гэж шийдвэрлэсэн нь огт үндэслэлгүй, шүүх хуралд шинжлүүлсэн нотлох баримт, татварын улсын байцаагчийн шийтгэл оногдуулахдаа баримталсан хуулийн зүйл, заалт зэргийг шүүх бүрэн дүүрэн үнэлж шийдвэрлээгүй байна.
Иймд Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хянаад, шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч “И” ХХК-ийн гомдолтой, Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.М, Д.Д нарт холбогдуулан гаргасан “Татварын улсын байцаагчийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 0294607, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0294608 тоот шийтгэлийн хуудаснуудыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл өмнө нь нэхэмжлэгч “И” ХХК-иас Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.М, Д.Д нарт холбогдуулан “Татварын улсын байцаагчийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 0294607, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0294608 тоот актуудыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэл гарган шүүхэд хандаж байсан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амаржаргал энэхүү нэхэмжлэлээсээ татгалзсаныг анхан шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр баталж, 10 болон 11 дугаартай захирамжуудыг гаргасан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд..”, 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж тус тус заасан.
Эндээс үзвэл нэхэмжлэгч “И” ХХК-иас өмнө нь маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгуулахаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад, уг нэхэмжлэлээсээ татгалзсанаар шүүхэд дахин энэ асуудлаар хандах эрхээ алдсан, мөн хуульд зааснаар уг захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхээр болжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д “... уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар” заасан.
“И” ХХК-иас өмнө нь татварын улсын байцаагчийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 0294607, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0294608 тоот шийтгэлийн хуудаснуудыг хүчингүй болгуулахаар хандаж, уг маргааныг шүүх хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон тул дахин маргаан бүхий захиргааны актуудыг хянуулахаар шүүхэд гомдол гаргаж байгаа нь хүлээн авахаас татгалзах үндэслэл болох юм.
Тиймээс анхан шатны шүүхийн “... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасныг баримтлан шийдвэрлэсэн Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.М, Д.Д нарын шийтгэлийн хуудас нь гомдлоор үүсэх маргааны төрөл юм. Иймд шүүх “И” ХХК-ийн гаргасан гомдлоор зөрчлийн хэрэг үүсгэсэн болно” гэх дүгнэлт хуульд нийцээгүй, нэг үйл баримт, нэг захиргааны актыг дахин шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн нэхэмжлэгч өмнө нь Татварын улсын байцаагчийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 0294607, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0294608 тоот шийтгэлийн хуудаснуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан боловч одоо илт хууль бус болохыг тогтоолгох гомдлын шаардлага гарган хянуулах хууль зүйн боломжгүй. Тодруулбал актыг хүчингүй болгуулах шаардлагын хүрээнд тухайн актыг илт хууль бус болох эсэх нь давхар хянагддаг. Хэрвээ илт хууль бус болохыг тогтоолгох гомдлын шаардлага гаргах байсан бол өмнө нь энэхүү эрх, боломж нэхэмжлэгчид нээлттэй байсан.
Үүнээс гадна нэхэмжлэгч нь “...нэг өдөр, нэг дугаартай акт болон шийтгэлийн хуудсыг хариуцагч гаргасан” гэж шүүх хуралдаан дээр тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан баримт болох Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 02, 03 дугаар тогтоолуудад дурдаснаар нэхэмжлэгч “И” ХХК-ийн захирал Ч.Цэрэнбат нь татварын улсын байцаагчийн 0294607, 0294608 дугаартай шийтгэлийн хуудаснуудад холбогдуулан гомдол гаргажээ. Эндээс үзвэл нэг дугаартай шийтгэлийн хуудас болон акт гарсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй гэж үзэхээр байна. Иймд шүүгчийн хүчин төгөлдөр захирамжтай маргаанд хэрэг үүсгэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон гомдлыг хүлээн авахаас татгалзаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан “И” ХХК-ийн гомдолтой, Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.М, Д.Д нарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн “Татварын улсын байцаагчийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 0294607, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0294608 дугаартай шийтгэлийн хуудаснуудыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий гомдлыг хүлээн авахаас татгалзсугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА