Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2026/0051

 

 

“С***” ХХК, “А***” ГХОХХК-ийн

 нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын

иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:                    Г.Банзрагч

Шүүгчид: Танхимын тэргүүн Д.Мөнхтуяа

                                                           П.Соёл-Эрдэнэ

                                                         Ц.Цогт

Илтгэгч шүүгч:                         М.Батсуурь

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжаргал

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 159/ШШ2025/0077 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 221/МА2026/0077 дугаар магадлал,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 001/ШХТ2026/0166 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгч “А***” ГХОХХК-ийн төлөөлөгч БНСУ-ын иргэн С***, орчуулагч Ж.Г***, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ө.Сайнбаяр (№3720), хариуцагчийн төлөөлөгч М.Б***, түүний өмгөөлөгч Ө.Ганзориг нарыг оролцуулан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.    

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.“С***” ХХК, “А***” ГХОХХК-аас Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд (цаашид “иргэдийн Төлөөлөгчдийн Хурал” гэх) холбогдуулан “... тус иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар шийдвэрийн “С***” ХХК-ийн газар ашиглах хүсэлтийн дагуу 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ашиглах газрыг тусгахаас татгалзсан хэсэг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн газар ашиглах хүсэлтийг хүлээн авч 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ашиглах газрыг тусгаж шийдвэрлэхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хэргийн нөхцөл байдал:

2.Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/***дугаар захирамжаар “С***” ХХК-ийн нийт 6 нэгж талбар бүхий *** га газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, тус компаниас уг захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 5 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 35 дугаар зүйлийн 35.1.6, 35.3.1, 35.3.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-а дахь хэсэгт тус тус заасныг баримтлан “С***” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Жавхлан сумын Засаг даргад холбогдох “Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/***дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

2.1.Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 216 дугаар магадлалаар Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулжээ. Уг шүүхийн шийдвэр, магадлалыг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасныг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 001/ШХТ2022/0282 дугаар тогтоолоор хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ.          

2.2.“С***” ХХК-аас 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр сумын Засаг даргад хандан, 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд газар ашиглуулахыг тусгуулан ашиглах эрх олгох хүсэлтийг гаргаж, Засаг даргын захирамжаар .... хүсэлтийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн захирамжаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай” хэлэлцүүлэх асуудалд оруулж, тус Хурлын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хуралдааны 03 дугаар шийдвэрээр “С***” ХХК-ийн газар ашиглах хүсэлтийг төлөвлөгөөнд тусгахыг дэмжээгүй талаарх хариу албан бичгийг хүргүүлжээ.

2.3.Нэхэмжлэгчээс “... 2008 оноос тухайн газрыг ашиглаж, тариалангийн үйлдвэрлэл эрхэлж хөрөнгө оруулалт хийсэн, гадаадын хөрөнгө оруулалттай этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, өмнөх шүүхийн шийдвэр, Засгийн газрын 2023 оны 413 дугаар тогтоол, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 32 дугаар тогтоол, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас өгсөн чиглэл, аймгийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн үүрэг даалгавар өгөх тухай чиглэлийг зөрчиж, хүсэлтийг дэмжихээс хууль бусаар татгалзсан, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хүсэлтийг хэлэлцүүлэхээс татгалзахдаа хууль зөрчсөн, гадаадын хөрөнгө оруулагчийн эрх хамгаалагдах ёстой, энэ талаарх Засгийн газрын чиглэл байгаа ...” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлон маргажээ.

2.4.Харин хариуцагчаас “... газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх, нэхэмжлэгчийн хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэсэн, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 32 дугаар тогтоол нь зөвхөн хүсэлтийг хэлэлцүүлэх тухай байсан болохоос газар ашиглуулахыг даалгасан агуулгагүй ...” гэх агуулгаар нэхэмжлэлийг эс зөвшөөрөн тайлбар гаргажээ.

3.Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 159/ШШ2025/0077 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 33 дугаар зүйлийн 33.1, 52 дугаар зүйлийн 52.1.4, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 20.2.3 дахь заалтыг тус тус баримтлан” С***” ХХК, “А***” ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох “2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар шийдвэрийн “С***” ХХК-ийн газар ашиглах хүсэлтийн дагуу 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ашиглах газрыг тусгахаас татгалзсан хэсэг хууль бус болохыг тогтоож, “С***” ХХК-ийн газар ашиглах хүсэлтийг хүлээн авч 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ашиглах газрыг тусгаж шийдвэрлэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 221/МА2026/0077 дугаар магадлалаар: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 159/ШШ2025/0077 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаагүй байна.

5.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Улсын дээд шүүх хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 001/ШХТ2026/0166 дугаар тогтоолоор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” эсэх гэсэн үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:

6.Нэхэмжлэгч “С***” ХХК-ийн төлөөлөгч буюу нэхэмжлэгч “А***” ГХОХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М*** Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 159/ШШ2025/0077 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 221/МА2026/0077 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын гомдлыг (агуулгаар нь тусгав) гаргажээ. Үүнд:

  6.1.Газрын тухай хуульд өөрчлөлт орсноор газар эзэмших эрх, ашиглах эрхийн тухай Засгийн газар тодорхой эрхийг авсан байдаг, гэтэл шүүх тухайн хууль, журмаар заасан хуулийн зохицуулалтыг өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн.

6.2.Монгол Улсын Засгийн газар нь Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2-т заасан эрхтэй, Аймгийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.1-д зааснаар сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд чиглэл өгөх, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д заасны дагуу аж ахуй нэгж байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг дээд шатны Засаг даргын хувьд шийдвэрлэх эрхтэй болно. Аймгийн Засаг даргын шийдвэр чиглэмж гарсан байдаг, харин Жавхлант сумын Засаг дарга Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.1, 21.4.2, 21.4.3-т заасны дагуу аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний төсөлд санал өгч, газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлсэн.

6.3.Хариуцагч иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хурлаараа хуулийн дээрх заалтуудыг зөрчиж, Монгол Улсын Засгийн газрын 413 дугаар тогтоол, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 32 дугаар тогтоол, Засгийн газрын хэрэг эрхлэх газраас  хэлэлцсэн асуудлаас зөрүүтэй хурлын тэмдэглэл нөхөн гаргасан байхад түүнийг шинжлэн тогтоогоогүй бөгөөд хурлын шийдвэрийг албажуулан гаргаагүй.

6.4.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасан эрхтэй, хэрэв батлахгүй бол үндэслэл бүхий байх ёстой. Сумын Засаг даргын зүгээс өргөн мэдүүлсэн 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлахдаа нэхэмжлэгч нарын хүсэлт гаргасан ашиглах газрыг тусгахаас ямар үндэслэлээр татгалзсан нь тодорхойгүй.

6.5.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 40 дүгээр зүйлийн 40.2.3-т “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах”, 40.3-тЗахиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана” гэж тус тус заасан. Хуульд заасан шаардлага маргаан бүхий Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар тэмдэглэлд тусгагдаагүй, хэлбэрийн болон материаллаг шаардлагыг аль алиныг хангаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д заасан хууль бус актын шинжийг агуулж байна.

6.6.Иймд Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 159/ШШ2025/0077 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 221/МА2026/0077 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

7.Хариуцагчаас нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж бичгээр тайлбар гаргаагүй.

ХЯНАВАЛ:

8.Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдэл зөв боловч шүүхийн шийдвэр, магадлалын хууль зүйн дүгнэлтэд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

9.Анхан болон давж заалдах шатны шүүх “... нэхэмжлэгчийн газар ашиглуулах хүсэлтийг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах асуудлыг хэлэлцэж, Хуралдааны дэгийн дагуу олонхын саналаар дэмжих боломжгүй гэсэн шийдвэр гаргасан нь хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд тухайн асуудлыг шийдвэрлэсэн ...” гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо газрын эрх зүйн харилцаанд иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргын эрх хэмжээний зохицуулалтын ялгааг бүрэн тодорхойлж дүгнээгүй, Газрын тухай хуулийн холбогдох зохицуулалтын агуулгыг нарийвчлан тайлбарлаагүй нь буруу байна.

10.Учир нь, Газрын тухай хуульд газрын харилцаанд оролцогч төрийн байгууллагуудын эрх хэмжээг хууль тогтоогч давхцалгүй, ялгамжтайгаар зохицуулсан бөгөөд Монгол Улсын Засгийн газар, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд чиг үүргээ хэрэгжүүлэх учиртай.

11.Тухайлбал, Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлд Засгийн газрын бүрэн эрхийг тогтоосон бол, 20 дугаар зүйлийн 20.1.1-д “газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих, энэ талаархи Засаг даргын тайланг хэлэлцэж дүгнэх”, 20.1.2-т “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах” гэж Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийг, харин мөн хуулийн 20.2, 21 дүгээр зүйлүүдэд Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга нь газрын талаар төрөөс явуулах бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг боловсруулж өргөн мэдүүлэх, иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг хүлээн авч хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэх талаар газрын эрх зүйн харилцаанд эрх бүхий захиргааны байгууллагуудын эрх хэмжээ, чиг үүргийг тус тус хуваарилан хуульчилсан байна.

12.Дээрх зохицуулалтаас үзэхэд, газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь тухайн нутаг дэвсгэрийн газрын нэгдсэн бодлого, зориулалт, ашиглалтын ерөнхий төлөвлөлтийг тодорхойлох шинжтэй бөгөөд  уг төлөвлөгөөг хэлэлцэн батлах бүрэн эрх нь иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хадгалагдаж байгаа бол Засаг дарга нь уг төлөвлөгөөг боловсруулан өргөн мэдүүлж, уг төлөвлөгөөний дагуу тодорхой этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулахыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх эрхтэй.

13.Тодруулбал, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлахдаа өөрийн харьяалах нутаг дэвсгэрийн аль бүсчлэлд ямар хэмжээний газрыг ямар зориулалтаар эзэмшүүлэх, эсхүл ашиглуулах талаарх ерөнхий бодлогыг тодорхойлох эрх хэмжээтэй болохоос бус, тодорхой иргэн, хуулийн этгээдийн нэр зааж газар эзэмшүүлэх, ашиглуулах талаар төлөвлөгөө батлах, ийм хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх эрх хэмжээг Газрын тухай хуулиар түүнд олгоогүй.

14.Тиймээс энэхүү маргааны хувьд зөвхөн “олонхын саналаар шийдвэрлэсэн” гэх үндэслэлээс илүүтэй газрын харилцаан дахь захиргааны байгууллагуудын эрх хэмжээний хуваарилалтыг харгалзан дүгнэх шаардлагатай, анхан болон давж заалдах шатны шүүхээс дээрх эрх хэмжээний ялгааг тодорхой гаргалгүйгээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурал олонхын саналаар асуудлыг шийдвэрлэснийг хангалттай гэж үзсэн нь учир дутагдалтай, зүй нь Газрын тухай хуулийн 20, 21 дүгээр зүйлийн зохицуулалтын агуулгад хууль зүйн дүгнэлт өгөх байжээ.

15.Нэгэнт тодорхой этгээдэд нэр зааж газар ашиглуулах талаар төлөвлөгөө батлах эрхгүй тул нэхэмжлэгчээс “... газар ашиглах хүсэлтийн дагуу 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ашиглах газрыг тусгахаас татгалзсан хэсгийг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн газар ашиглах хүсэлтийг хүлээн авч 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ашиглах газрыг тусгаж шийдвэрлэхийг даалгуулах” шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдэл зөв байна.

16.Нөгөө талаас өмнө дурдсанчлан, нэхэмжлэгчийн эзэмшиж байсан (Жавхлант сумын 6 байршилд байрлах *** га) газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон сумын Засаг даргын захирамжтай холбоотой маргаанд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 216 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 001/ШХТ2022/0282 дугаар тогтоолууд хуулийн хүчин төгөлдөр байгаа тул нэхэмжлэгч “өмнө эзэмшиж байсан газраа үргэлжлүүлэн эзэмших, ашиглах” агуулгаар маргаж байгаа нь үндэслэлгүй, мөн тус сумын 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд газрыг тариалангийн зориулалтаар олгохоор тусгагдсан нь хэвээр буюу газрын зориулалт өөрчлөгдөөгүй байгааг дурдах нь зүйтэй.

17.Түүнчлэн, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин долдугаар зүйлийн 2-т “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын, түүнчлэн тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтооно. ...”, Тавин наймдугаар зүйлийн 1-д “Аймаг, нийслэл, сум, дүүрэг бол хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор мөн”, Тавин есдүгээр зүйлийн 2-т “Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. ... Нутгийн өөрөө удирдах байгууллагын чиг үүрэг, төсвийн харилцааны үндсийг тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тодорхой онцлогт нийцүүлэн хуулиар тогтоож болно” гэж;

 Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д ““нутгийн өөрөө удирдах байгууллага” гэж аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн шууд оролцоо бүхий иргэдийн Нийтийн Хурлыг”, 4.1.6-д ““орон нутгийн чиг үүрэг” гэж хуульд заасны дагуу нутгийн өөрийн удирдлагад тусгайлан олгосон, нутгийн өөрөө удирдах байгууллага хариуцан шийдвэрлэх эдийн засаг, нийгмийн шинжтэй асуудлыг”, 4.1.7-д ““орон нутгийн эрх хэмжээ” гэж нэгжийн удирдлагад хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, нутгийн өөрийн удирдлага болон нэгжийн гүйцэтгэх удирдлагын бүрэн эрхийг” гэж тус тус зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд бие даан асуудлаа шийдвэрлэх эрхтэй бөгөөд Засгийн газар, аймгийн Засаг дарга, түүнчлэн Засгийн газрын хэрэг эрхлэх газраас өгсөн чиглэл, зөвлөмж, албан даалгаврыг заавал дэмжиж шийдвэрлэх хууль зүйн үүрэг үүсгэхгүй, иймд нэхэмжлэгчийн “... аймгийн Засаг дарга болон Засгийн газраас өгсөн чиглэл, зөвлөмжийг хэрэгжүүлээгүй” гэх агуулгатай хяналтын гомдол үндэслэлгүй.

18.Мөн нэхэмжлэгч “Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 32 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн асуудлаас зөрүүтэй тэмдэглэл гаргасан, уг тогтоолыг биелүүлээгүй, зөрчсөн” гэж маргах боловч тус шүүхийн тогтоолоор “нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй” болгож шийдвэрлэсэн буюу нэхэмжлэгчээс Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн “нэхэмжлэгчийн газар ашиглах хүсэлтийг хүлээн авч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 6 нэгж талбарын дугаар бүхий 11.9 га газрын газар эзэмших эрхийг авахаар гаргасан хүсэлтийг хүлээн авч, Жавхлант сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд оруулж, мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлж хэлэлцүүлэхийг даалгуулах тухай” шаардлагыг хариуцагч Засаг дарга хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

19.Тиймээс, дээрх шүүхийн тогтоолын дагуу сумын Засаг даргаас иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай” хэлэлцүүлэх асуудалд оруулсан, энэ шийдвэр нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тодорхой этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэх үүрэг болгосон агуулгагүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол няцаагдана.

20.Нэхэмжлэгч шинээр газар эзэмших, ашиглах хүсэлтээ хуульд заасан журмын дагуу эрх бүхий этгээдэд гаргахад энэ тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 159/ШШ2025/0077 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 221/МА2026/0077 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “С***” ХХК-ийн төлөөлөгч буюу нэхэмжлэгч “А***” ГХОХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М***-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Г.БАНЗРАГЧ

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Д.МӨНХТУЯА

           ШҮҮГЧИД                                                                 П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                 Ц.ЦОГТ

                                                                                                            М.БАТСУУРЬ