Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 037

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш би, Өлгий сумын 13 дугаар багийн оршин суугч Ш.Маратын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох Баян-Өлгий аймгийн Засаг даргын баталсан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Марат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Аймгийн Засаг дарга аймгийн Засаг даргын Тамгын даргын сул орон тоонд төрийн жинхэнэ албаны мэргэшлийн сонгон шалгаруулалт зохион байгуулж өгөх талаар Төрийн албаны зөвлөлд захиалга өгчээ. Миний бие аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын сул орон тооны сонгон шалгаруулалтад өрсөлдөх хүсэлтэй байсан. Гэтэл тус орон тооны ажлын байрны тодорхойлолт хүртэл хууль бус батлагдан, миний эрх ашгийг зөрчсөн гэж үзэж байна. Нөгөө талаар ганц миний биш сул орон тоонд өрсөлдөх сонирхолтой ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж буй олон хүмүүсийн эрх ашиг зөрчигдөж байна. Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын уг сул орон тоонд Төрийн албаны салбар зөвлөл сонгон шалгаруулалт зарлахдаа аймгийн Засаг дарга буюу томилох эрх бүхий этгээдийн баталж өгсөн ажлын байрны тодорхойлолтын дагуу ажлын байранд тавигдах шаардлагыг тавьсан байна. Энэ нь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын ажлын байрны тодорхойлолтыг одоо тус албан тушаалыг хууль бусаар түр орлон гүйцэтгэж буй Х.Тилегений ажил байдалд зориулан баталсан шударга бус, хууль зөрчсөн захиргааны шинжтэй акт байна. Тодруулж хэлбэл, ерөнхий шаардлагад мэргэжил инженер, бизнесийн удирдлага, эдийн засагч, туршлага улсад 10-аас доошгүй жил ажилласан, төрийн албаны удирдах албан тушаал хашиж байсан туршлагатай байх гэжээ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2013 оны 68 дугаар тушаалаар аймгийн Засаг даргын Тамгын газрын ажлын байрны тодорхойлолтын жишгийг баталсан бөгөөд тус жишгээр ажлын байранд тавигдах ерөнхий шаардлагад мэргэжил нь эрх зүйч болон бусад салбарын мэргэжилтэй, туршлага төрийн албанд 10-аас доошгүй жил, түүнээс удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан байх гэсэн шаардлагууд тусгагдсан. Өөрөөр хэлбэл төрийн албанд 5-аас доошгүй жил ажилласан, үүнээс удирдах албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байхыг зайлшгүй шаарддаг. Гэтэл төрийн албанд ажиллаж үзээгүй, төрийн албаны ажлын туршлагагүй хүнд зориулсан улсад гэж ажлын байрны тодорхойлолтыг баталсан нь албаны эрх мэдлээ ашиглан бусдад давуу байдал олгох гэсэн үйлдэл юм. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-д заасан иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх, 4.2.5-д төрийн алба мэргэшсэн байх, 10 дугаар зүйлийн 10.1-д заасан Төрийн албан тушаалд тавигдах ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвар, мэргэшсэн байх явдал гэж заасан заалтуудад харшилсан хууль бус ажлын байрны тодорхойлолт байна. Иймд тус ажлын байрны тодорхойлолтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ш.Марат шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие Шанасын Марат тус шүүхэд 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр аймгийн Засаг даргад холбогдуулан Баян-Өлгий аймгийн Засаг даргын баталсан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын ажлын байрны тодорхойлолтыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Миний бие одоо уг нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Дахин энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргахгүй гэдгээ ойлголоо гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Марат нь Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан аймгийн Засаг даргын баталсан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтыг хүчингүй болгуулах тухай шаардлагатай нэхэмжлэл гаргасан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Ш.Марат нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа бичгээр илэрхийлж мэдэгдсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, энэхүү захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид буцаан олгохгүй тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Марат нь тус шүүхэд гаргасан Баян-Өлгий аймгийн Засаг даргын баталсан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Ш.Маратыннэхэмжлэлтэй, аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ С.ЕРКЕШ