Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 1872

 

ХХХ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2016/00638 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХХ,

Хариуцагч “ХХХХ” ХХК-д холбогдох,

 

304 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ХХХ "ХХХХ" ХХК-тай ХХХХХХХХ дүүргийн ХХ хорооны нутаг дэвсгэрт байрлах ХХХХХХХХХХ тоот өрөөг амьдрах зориулалттай түрээслэхээр гэрээ байгуулсан болно. Түрээсийн төлбөр нэг сарын 300 000 төгрөг бөгөөд түрээсийн төлбөрөө cap бүр төлөхөөр тохиролцсон.

“ХХХХХХ” ХХК-ийн зүгээс түрээсийн төлбөрөөс гадна барьцаа гэж 300 000 төгрөгийг өгөх шаардлагатай, байрнаас гарахад чинь өгнө гэсний дагуу өгсөн бөгөөд нэг сарын түрээсийн төлбөр 300 000 төгрөг, барьцаа 300 000 төгрөг, нийт 600 000 төгрөгийг төлсөн болно. Ингээд нэг сарын хугацааны түрээсийн төлбөр 300 000 төгрөгөө төлөөд 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 7 дугаар сарын 30-ны өдөр хүртэл уг түрээсийн байрыг нэг сарын хугацаагаар түрээслэсэн.

ХХХ 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс байрыг түрээслэхээ больсон бөгөөд өрөөг анх хүлээж авсан манаачид хүлээлгэн өгсөн. Энэ тухайгаа “ХХХХ” ХХК-д мэдэгдэж барьцаанд өгсөн 300 000 төгрөгийг буцааж олгоно уу гэж хэлэхэд тус “ХХХХХХ” ХХК-ийн ажилтан хүсэлтээ бичгээр гаргаад өгчих гэсний дагуу хүсэлтээ гаргаж өгөхөд захиргааны зүгээс барьцаа мөнгийг чинь өгөхгүй гэж байна гэсэн хариу өгсөн.

Үүнээс хойш удаа дараа шаардахад өгч чадахгүй гэсэн хариу өгдөг бөгөөд өдийг хүртэл шаардлагыг минь хангахгүй хохироож байна. Иргэний хуулийн 13 дугаар зүйлд заасныг илтэд зөрчин зах зээл дээрхи давуу байдлаа хэт ашиглан хууль бус орлого олж буй энэ хуулийн этгээдээс 300 000 төгрөгийг алдангийн хамт rapгуулж өгнө үү. Оюутан хүнд үнэхээрийн хохиролтой байна. Иймээс “ХХХХ” XXK-ийн хууль зөрчин авсан барьцааны 300 000 төгрөг, түүний алданги 4 500 төгрөг, нийт 304 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХХ нь манай байрыг түрээслэн суусан. Бидний хооронд байгуулсан гэрээнд гэрээг хугацаанаас өмнө цуцлах бол 30 хоногийн өмнө мэдэгдэнэ гэж заасан байгаа. Энэ хугацаанд бид дараачийн түрээслэгчийг олох хүртэл хоосон байхгүйн тулд 30 хоног гэж оруулсан. Бидний хувьд ашгийн байгууллага учраас гэрээгээ аль болох урт хугацаагаар хийхийг боддог. ХХХ-ын хувьд 1 жилийн хугацаагаар амьдарна, эхлээд 6 сараар гэрээгээ хийе гэж хийсэн. Сууж байх хугацааны ашиглалтын зардлыг төлөлгүй гараад явсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6, 302 дугаар зүйлийн 302.1, 294 дүгээр зүйлийн 294.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ХХХХХ” ХХК-иас 304 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ХХХ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9 650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагч “ХХХХХХХ” ХХК нь нэхэжлэгчээс ямар үндэслэл, ямар бичгийн нотлох баримтын үндсэн дээр барьцаа мөнгийг нь нэхэмжлэгчид өгөхгүй байгаагаа нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байхад анхан шатны шүүх
хариуцагчийн шүүхэд амаар гаргасан тайлбарыг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 44 дүгээр зүйлийн 44.1 , 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт тус тус заасныг зөрчсөн.

Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй, шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байхад шүүх анхаарч үзээгүй, мөн хариуцагч шүүх хуралдаан дээр тайлбар гаргахдаа “Түрээсийн гэрээний 2.1-т заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэсэн байдаг бөгөөд шийдвэрийн тодорхойлох хэсэгт 30 хоногийн өмнө мэдэгдэнэ гэсэн тайлбарыг хариуцагч гаргасан мэт тусгагдсан байна.

Шүүх Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2, 294 дүгээр зүйлийн 294.2.3, 294.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг анхаарч үзээгүй, хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй. Анхан шатны шүүхээс түрээсийн гэрээний хугацаа болон гэрээний 3.3-т заасан заалтыг анхаарч үзэн нэхэмжлэлийг минь хэрэгсэхгүй болгосон бол яагаад гэрээг бүхэлд нь анхааралдаа авсангүй вэ, нэхэмжлэгчийн зүгээс уг түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 8 дугаар зүйл 8.1.1, 200 дугаар зүйл, 202 дугаар зүйлийн 202.1, 202.2.5, 202.2.8, 202.2.12-д заасан заалтуудыг зөрчсөн гэрээ гэж үзэж байна.

Анхан шатны шүүхээс “...би хууль мэдэхгүй, манайх ашгийн төлөө байгууллага” гэж шүүх хуралдаан дээр тайлбар гарган зогссон хариуцагчийг хамгаалж шийдвэрээ гаргалаа. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт хуулийг буруу хэрэглэсэн, хууль мэдэхгүй байх нь хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан байдаг төдийгүй “ХХХХХХХ” ХХК нь хэдийгээр ашгийн төлөө байдагч гэсэн Монгол улсын хууль тогтоомж, бусдын эрх ашгийг зөрчиж үйл ажиллагаагаа явуулж болохгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын гэрээний дагуу мөнгөн хөрөнгө шилжүүлсэн үндэслэл, түүнийг буцаан шаардсантай холбоотой, уг маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, эрх зүйн дүгнэлт хийлгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь буруу ба хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрийг зөвтгөх боломжтой байна.

Нэхэмжлэгч ХХХ нь хариуцагч “ХХХХ” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний дагуу барьцаанд төлсөн 300 000 төгрөгийг алданги 4 500 төгрөгийн хамт гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, талуудын байгуулсан түрээсийн гэрээний 2.1-т зааснаар буцаан төлөхгүй гэж маргажээ.

            Нэхэмжлэгч ХХХ нь ХХХХХХ дүүргийн ХХ дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны ХХХХХХХХХ тоот өрөөг 2016 оны дугаар сарын 29-ний өдрөөс сарын 300 000 төгрөгийн төлбөр төлж, 6 сарын хугацаатай хөлслөхөөр “ХХХХХХХ” ХХК-тай орон сууц хөлслөх гэрээ байгуулж, байранд орохдоо 1 сарын түрээсийн төлбөр 300 000 төгрөг, барьцаа 300 000 төгрөг, нийт 600 000 төгрөгийг хариуцагч байгууллагад төлсөн, түрээслэгч нь түрээсийн байранд нэг сар суусны дараа байрыг 2016 оны 8 дугаар сарын 1-нд буцаан хүлээлгэн өгсөн үйл баримтын талаар талууд маргаагүй, хэрэгт авагдсан гэх “орон сууц түрээслэх” гэх гэрээ, 2016 ны 6 дугаар сарын 30-ны өдөр 600 000 төгрөг төлсөн орлогын баримтаар тогтоогдож байна.

            Хариуцагч буюу хөлслүүлэгч нь уг гэрээний дагуу 300 000 төгрөгийг хөлслөгчөөс гарч болзошгүй хохирлыг уг мөнгөнөөс суутган төлүүлэх зорилготой авсан гэж тайлбарласан бөгөөд талуудын хоорондын 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээний 2.2-т “байрны нэг сарын түрээсийн төлбөр 300 000 төгрөг байх бөгөөд 300 000 төгрөгний барьцаа төлбөрийг түрээсийн төлбөрийн хамт түрээслэгчээс хурааж авна” гэж зааснаас үзэхэд уг 300 000 төгрөгийг Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсгээр тодорхойлсон гэрээнд оролцогч нэг талын гэрээ байгуулсны нотолгоо болгон нөгөө талдаа төлбөл зохих төлбөрт оролцуулан урьдчилан өгсөн дэнчин гэж үзэхээр байна.

Дэнчин тавигч буюу нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар нэг сарын түрээсийн төлбөр болох 300 000 төгрөгөө төлсөн тул түүнээс гадна урьдчилан төлсөн 300 000 төгрөгийн дэнчинг буцаан шаардах эрхтэй.

            Зохигчдын байгуулсан гэрээний 2.1-д “түрээсийн байрны төлбөрөө сар бүр төлөх бөгөөд хэрэв 2 сараас доош хугацаанд суусан тохиолдолд 2 сар хүртэлх хугацааны төлбөрийг буцаан олгохгүй буюу хэрэв нэг сараар төлсөн бол барьцаа төлбөрөөс тооцож суутгана” гэсэн  заалтын агуулга нь гэрээ цуцлагдсан тохиолдолд орон сууц хөлслөгчийн эд хөрөнгө эзэмшиж ашиглаагүй хугацааны хөлс төлүүлэх агуулгатай байх тул Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсгийн “харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол хүчин төгөлдөр бус байх” нөхцөл байхаас гадна Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.10-т заасан “өөрт хохирсон бодит хохирлоос хэт давсан хэмжээний нөхөн төлбөр шаардахаар тогтоосон”  хүчин төгөлдөр бус байх стандарт нөхцөл гэж үзнэ.

Хариуцагч “ХХХХХХХ” ХХК нь орон сууц хөлслөх үйл ажиллагааг эрхэлдэг болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогдсон, аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэггүй иргэнтэй гэрээ байгуулсан байх тул гэрээний дээрх нөхцөлд Иргэний хуулийн 202 дугаар зүйлээр тогтоогдсон шаардлага хамаарах учиртай.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлдээ нэг сарын хугацааны ашиглалтын зардлаа түрээслэгч төлөөгүй гэж заасан боловч төлөгдөөгүй зардлыг нотолсон баримт шүүхэд гаргаагүй тул дэнчингийн 300 000 төгрөгөөс хохиролд суутган тооцох Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.3 дахь хэсэгт заасан эрх хариуцагчид үүсээгүй гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгчийн гэрээ байгуулахад хариуцагчид өгсөн 300 000 төгрөгийг гаргуулж хариуцагч өөртөө үлдээх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар уг мөнгийг буцаан төлөх үүрэгтэй нэхэмжлэлийн шаардлагыг хангасантай холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй болно.

Харин Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар дэнчинг буцаан олгоогүй тохиолдолд алданги тооцох талаар талууд бичгийн гэрээндээ тусгаагүй тул алдангид 4 500 төгрөг нэхэмжлэх эрхгүй бөгөөд нэхэмжлэлийн энэ хэсгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2016/00638 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “ХХХХХ” ХХК-иас 300 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХХт олгож, Иргэний хуулийн 232.3 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул үлдэх 4 500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч “ХХХХХХХ” ХХК-аас 9 650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХХт олгосугай” гэж  өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг  хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс  хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                        ШҮҮГЧИД                                           Д.ЦОГТСАЙХАН      

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ