Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 382

 

Н.Цэрэннадмидад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ц.Оч, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд: 

прокурор Ц.Гансүлд,

хохирогч А.Нарангэрэл,

ялтан Н.Цэрэннадмид, түүний өмгөөлөгч Ц.Эрдэнэбат, Т.Мөнхтуяа,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Н.Цэрэннадмид, түүний өмгөөлөгч Ц.Эрдэнэбат, Т.Мөнхтуяа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар, Н.Цэрэннадмидад холбогдох эрүүгийн 201626012583 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв. 

Хүүхэн бошигт овогт Нэргүйн Цэрэннадмид, 1992 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Декор” зочид буудалд ресепшинээр ажиллаж байсан, ам бүл 7, эх, эгч, 3 дүүгийн хамт Сүхбаатар аймгийн Түвшин ширээ сумын 4 дүгээр багт оршин суух бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 2 дугаар гудамжны 119-А тоот нийтийн байрны 15 тоотыг түрээслэн түр оршин сууж байсан, ял шийтгэлгүй, /РД: ЛИ 92041435/,

Н.Цэрэннадмид нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 2 дугаар гудамжны 119а тоот хашаанд байх нийтийн байрны 15 тоот өрөөнд иргэн А.Нарангэрэлд хүч хэрэглэн зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдэн хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар: Н.Цэрэннадмидын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н.Цэрэннадмидыг хохирогчид хүч хэрэглэж хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар Н.Цэрэннадмидыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Н.Цэрэннадмидад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх, Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Н.Цэрэннадмид нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 2-119А тоот нийтийн байрны хяналтын камерын 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн бичлэг бүхий СиДи 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж, хохирогч А.Нарангэрэлийн “Мөнгөн гүүр” эмнэлэгт хийлгэсэн шинжилгээ бүхий СиДи 1 ширхэг, “Люкс мед” эмнэлэгт авахуулсан 2 ширхэг рентген зураг, “Мөнгөн гүүр” эмнэлэгт хийлгэсэн цээжний болон толгойн рентген зураг 5 ширхэг зэргийг хохирогчийн хүсэлтээр түүнд буцаан олгох, ягаан өнгийн оруулагатай хар хөх өнгийн хөхний даруулга 1 ширхэг, ариун цэврийн цаас зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгах, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт зааснаар Н.Цэрэннадмидаас хохирогч А.Нарангэрэлд эмчилгээний зардалд 1.105.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч А.Нарангэрэл нь 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс 14.000.000 төгрөг, сэтгэл заслын эмчилгээний зардал зэргийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж, өмгөөлөгчийн хөлсөнд нэхэмжилсэн 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Н.Цэрэннадмидад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.   

Ялтан Н.Цэрэннадмид давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би залуу насны гэнэн томоогүй, хөнгөмсөг зангаасаа болж өөрийн амьдралдаа уучилж болохгүй  алдаа гаргасандаа маш их харамсан гэмшиж байна. Би өөрийн үйлдсэн хэргээ мөрдөн байцаалтын шатнаас эхлэн үнэн зөвөөр мэдүүлж ирсэн бөгөөд хохирогч А.Нарангэрэлээс дахин уучлалт гуйж байна. Би ам бүл долуулаа амьдардаг бөгөөд өндөр настай ээж, эгч, 3 дүү, эгчийн хүүхдийн хамт амьдарч байсан. Урьд өмнө гэмт хэрэг, зөрчилд огт холбогдож байгаагүй бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан болно. Иймд надад оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлж, тэнсэж хянан харгалзаж өгнө үү. Надад итгэл хүлээлгэвэл би хүний дайтай амьдарч, дахин хэрэг зөрчилд холбогдохгүй байж чадах болно...” гэв.

Ялтан Н.Цэрэннадмидын өмгөөлөгч Ц.Эрдэнэбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь Н.Цэрэннадмидад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргах зүйлгүй. Н.Цэрэннадмид гэм буруугаа мөрдөн байцаалтын шатнаас эхлэн бүрэн хүлээсэн. Гэмт хэргийн улмаас учирсан, баримтаар тогтоогдсон хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Мөн шүүх хуралдааны өмнө хохирогчтой уулзаж эмчилгээний зардал болох 2.000.000 төгрөгийг төлсөн. Хохирогчийн хувьд “ямар нэгэн гомдол санал байхгүй, залуу хүнд 1 удаа боломж олгоё” гэж хэлсэн. Н.Цэрэннадмид нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчоос уучлалт гуйсан, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг журамлан шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэв.

Ялтан Н.Цэрэннадмидын өмгөөлөгч Т.Мөнхтуяа давж заалдах гомдол болон тус  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 321 дүгээр зүйлийн 321.1.1 дэх хэсэгт заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” гэдэг үндэслэлээр гомдол гаргаж байна. Шийтгэх тогтоолын 3 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Н.Цэрэннадмидад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид биечлэн эдлүүлэхээр болсон юм. Гэтэл Н.Цэрэннадмидын хувийн нөхцөл байдлыг сайтар дүгнэж чадаагүй. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.2, 55.1.9 дэх хэсэгт зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бодит байдлаар дүгнээгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Н.Цэрэннадмид нь урьд гэмт хэрэг, зөрчилд орж байгаагүй талаар 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын лавлагааны санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй юм. Мөн улсад хөдөлмөр эрхэлж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар харагдаж байна. Мөн хохирогч А.Нарангэрэлийн эмчилгээний зардлыг нөхөн төлсөн, анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт шийтгэгдэж байгаа Н.Цэрэннадмид нь өөрийн гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч хохирогчоос уучлалт гуйсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг журамлан шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

Хохирогч А.Нарангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Н.Цэрэннадмидын 2 өмгөөлөгчтэй шүүх хуралдааны өмнө уулзахад Н.Цэрэннадмидын ялыг тэнсэж, хянан харгалзах хүсэлт надаар гаргуулах санал тавьсан. Би Н.Цэрэннадмидыг хийсэн хэрэгтээ үнэн сэтгэлээсээ гэмшиж байгаа, эх нь хорт хавдар туссан гэдэг үүднээс түүний ял шийтгэлийг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү гэсэн хүсэлтэй байна. Би Н.Цэрэннадмидын ар гэрээс хохирол 5.000.000 төгрөг нэхэмжилсэн. Надад урьдчилгаа 1.000.000 төгрөг өгсөн. Харин шүүх хуралдааны дараа 1.000.000 төгрөг авахаар тохиролцсон. Үлдэгдэл 3.000.000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор нөхөн төлж барагдуулна гэсэн ...” гэв.

Прокурор Ц.Гансүлд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Н.Цэрэннадмид нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө А.Нарангэрэлд хүч хэрэглэн хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хангалттай нотлогдсон. Анхан шатны шүүхээс Н.Цэрэннадмидыг 2 жилийн хугацаагаар хорих ял биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Ял шийтгэл нь тохирсон гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Хохирогчийн зүгээс түүнд 1.000.000 төгрөг өгсөн. Дараа нь 1.000.000 төгрөг авна. Хэрвээ өгөхгүй бол иргэний журмаар нэхэмжилнэ гэсэн зүйл ярьж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийг хэрэглэх үндэслэл нь хохирол бүрэн барагдсан, гэм хорыг арилгасан байхыг шаарддаг. Үүнээс харахад хохирол бүрэн барагдсан гэхэд эргэлзээтэй гэж үзэж байна. Иймд Н.Цэрэннадмидын ял шийтгэлийг тэнсэж, хянан харгалзах боломжгүй юм...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж хэргийг шийдвэрлэлээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 130 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагад нийцсэн байна.

Н.Цэрэннадмид нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 2 дугаар гудамжны 119а тоот хашаанд байх нийтийн байрны 15 тоот өрөөнд иргэн А.Нарангэрэлд хүч хэрэглэн зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдэн хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч А.Нарангэрэлийн “... Би 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 19 цагийн үед “Декор” зочид буудалд хамт ажиллаж байсан рестораны менежер болох найз Чанцал руу залгаад бид хоёр 25 дугаар эмийн сангийн “KFC” түргэн хоолны газрын зүүн талд байрлах “Gold” нэртэй зочид буудлын ресторанд уулзахаар болоод 21 цаг болж байхад би түрүүлж очоод хүлээсэн. Удалгүй Чанцал ганцаараа орж ирсэн. Бид 2 уулзалдаагүй удсан болохоор хүний нэг, нэг пиво захиалж уунгаа сонин сайхан ярилцаж хэсэг суусан. Тэгсэн чинь Чанцал гар утсаараа хэн нэгэн рүү мессеж бичиж байгаад “Цэрэннадмид надад талтай болчихсон юм шиг байна, одоо ирнэ гэнээ” гэхээр нь би тухайн үедээ нэг их юм бодоогүй, энэ 2 хоорондоо учиртай болчихсон юм байна л гэж дотроо бодсон. Н.Цэрэннадмид ойролцоогоор 1 цаг гарангийн дараа бид хоёрын сууж байсан ресторанд ирсэн. Тэгээд бид 3 пиво захиалж ууж байтал Чанцал “кароекед орж дуулъя” гэхээр нь Цэрэннадмид бид 2 зөвшөөрөөд уг рестораны доод талын кароекед орж дуулсан. Чанцал дуулж байгаад “гэртээ харьлаа, ээж яриад хүрч ир гээд дуудаад байна, би явахгүй бол болохгүй” гээд түрүүлээд явсан бөгөөд Цэрэннадмид бид 2 үлдээд намайг хүргэж өгье, хэсэг сууж байгаад гаръя гэхээр нь хэсэг сууж байгаад кароекенаас гарсан. Намайг Цэрэннадмид хүргэж өгнө гээд таксинд хамт суусан бөгөөд би “цирк явъя” гэсэн чинь Цэрэннадмид “энэ манай найз охин байгаа юм, би найз охиныгоо гэр лүүгээ авч явна” гэсэн чинь таксины жолооч Цэрэннадмидын үгээр 1 дүгээр хороолол явсан. Би замдаа таксины жолоочид “циркийн тийшээ яваач, та зогсчих, би буугаад гэртээ харьлаа” гэхэд зогсохгүй явсаар байгаад Цэрэннадмидын гадаа ирсэн. Тэгээд би Цэрэннадмидыг түрүүлээд буу гэсэн чинь буухгүй байсан. Намайг Цэрэннадмид машины хаалгаар буулгаад 2 гараараа араас тэврээд гэр лүүгээ аваад орсон. Надад ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэх ямар ч боломж олдоогүй. Урьд нь хамт ажиллаж байсан юм чинь гайгүй байх гэж бодоод хүчинд нь автаад гэрт нь орсон. Тэгээд намайг өрөөндөө оруулаад гэрлээ ч асаалгүй, газар дэвссэн байсан гудсан дээр хүчээр хэвтүүлээд миний хувцсыг хүчээр тайлахад би өөдөөс нь эсэргүүцэл үзүүлж, гар, хөлөө сарваганаж хашгирахад чимээгүй бай гээд миний амыг нэг гараараа таглаад нөгөө гараараа нүүр ам руу алгадаж хэд хэдэн удаа цохисон бөгөөд эсэргүүцэл үзүүлэх тусам миний толгой, нүд, нүүр, цээж, хөл, гуя руу олон удаа гараараа цохиж, зодон надтай бэлгийн харьцаанд орсон. Би зодуулж, хүчиндүүлчихээд хамаг бие сульдаад босох ч тэнхэл байгаагүй, нэг хэсэг шоконд ороод хэвтсэн. Цэрэннадмид намайг зодож хүчиндсэн болохоор надад кинонд гардаг шиг хүн зодож, тамалдаг дүр зураг нүдэнд буусан. Энэ байдлаараа Цэрэннадмидын өөдөөс дахиж эсэргүүцэл үзүүлэх юм бол аягүй бол алуулж магадгүй юм байна гэж бодоод эсэргүүцэл үзүүлэхээ ч больсон. Тамир тэнхээ алдагдсан, мөн шоконд орчихсон байсан болохоор ямар ч байсан үүр цайлгаж, гэгээ орохоор зугтаая гэж бодсон. Тэгээд үүр цайхаар нь зориглоод гаръя гэж бодоод дотуур өмд, цамцаа өмсөөд боссон чинь Цэрэннадмид “хаачих гэж байгаа юм бэ” гэхээр нь “бие засчихаад ирье” гэж хэлээд 00-ын цаас авч, бие засах гэж байгаагаа харуулах гээд гарсан. Тэгээд шууд нийтийн байрнаас нь гараад зам руу гүйж такси баръя гэж бодоод хар зам руу орсон бөгөөд гар өргөөд зогсож байтал цайвар өнгийн жижиг суудлын машин ирээд зогсохоор нь орж суутал тэр машин дотор 2 залуу байхаар нь “ахаа би хүнд хүчиндүүлээд, зодуулчихлаа, та намайг гэрт хүргээд өгөөч” гэсэн чинь тэр хоёр ахын нэг нь “ах нь цагдаа байна. Чамайг хүчиндсэн гэх хүнийхээ гэрийг мэдэх үү” гэхээр нь би зааж мэдэхгүй байна гэтэл тэр цагдаа ах “юу ч гэсэн чамайг хүчиндсэн гэх хүний гэрийг олж хайя” гээд замаас хойшоо дэнж рүү гараад тэр хавийн гудамжаар орж хайсан боловч олоогүй. Тэгээд тэр 2 цагдаа “Бид маш яаралтай ажилтай явж байна. Чи Сонгинохайрхан дүүргийн цагдаад өргөдөл өгөөрэй. Эндээс таксинд суучих, бид 2 чамайг харж байя” гэхээр нь би өөр такси бариад явсан. Таксинд суугаад жолооч ахын утсаар ээж рүү залгаад учир байдлаа хэлээд, таксины мөнгө бэлдээд байж байгаарай, би очиж байна гэж хэлсэн. Гэртээ ороод аав, ээждээ учир байдлаа хэлээд нилээн их уйлж өрөөндөө байсан. Тэгээд аавтай цагдаагийн хэлтэс рүү явж байтал бид хоёрыг тосоод 2 цагдаа 25 дугаар эмийн сан дээр уулзаад “Декор” зочид буудлаас Цэрэннадмидын гэрийн хаяг, утасны дугаарыг аваад цагдаа нартай Цэрэннадмидын амьдардаг нийтийн байранд очоод яваад ортол Цэрэннадмид ганцаараа орон дээрээ хэвтэж байсан. Миний цүнх, хар хүрэм, өмд гэрт нь байсан болохоор би өөрөө авсан бөгөөд түрсийк, левчик 2 олдоогүй...” /1хх-27-29/,

Гэрч Д.Сүхбаярын “... 2016 оны 10 дугаар сарын 29-ний өглөө 07 цагийн үед найз Мишигсүрэнтэй хамт өөрийн “Toyota Prius” загварын автомашинтай 1 дүгээр хорооллын 11 дүгээр байрны арын замаар явж байтал 11 дүгээр байрны харалдаа зам дагуу 30  орчим насны эмэгтэй дээгүүрээ дан цамцтай, баруун нүд нь хөхөрсөн, уйлж орилсон байдалтай, туслаарай гээд машинд гар өргөж байхаар нь зогссон бөгөөд тэр эмэгтэйг орж ирэхээр нь юу болсон талаар асуухад “би хүчирхийлэлд өртсөн, намайг шөнөжингөө хүчирхийлсэн, надад туслаач” гэж гуйсан. Тэгэхээр нь би “хаана юм бэ, юу болсон талаараа хэлээч, би цагдаа байна” гээд бичиг баримтаа үзүүлээд тайвшир гэж хэлсэн. Уг эмэгтэй тухайн үед хэрэг болсон газрыг надад хэлэхдээ замын арын гэр хорооллыг заасан ба нийтийн байрыг нь хайгаад олоогүй. Тэгээд тэр эмэгтэйг гэртээ хариад дулаан хувцас өмсөөд, хэсэг тайвширч байгаад Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст ар гэрийнхэнтэйгээ очиж өргөдөл, гомдол гаргаарай гэж хэлсэн...” /1хх-32/,

Гэрч Ц.Мишигсүрэнгийн “... Би 2016 оны 10 дугаар сарын 29-ний өглөө 07 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, ахмад Сүхбаяртай хамт 1 дүгээр хорооллын арын замаар явж байтал зам дагуу 30 орчим насны эмэгтэй гар өргөөд зогсож байхаар нь зогссон чинь аль нүд билээ ямар ч байсан 1 нүд нь хөхөрчихсөн хүүхэн байсан ба бага зэрэг согтуу, нилээн уйлчихсан, гартаа 00-ын цаас барьчихсан байсан. Машинд орж ирээд “би урд өмнө нь ажиллаж байсан ажлынхаа газрын залууд хүчиндүүлчихлээ” гээд орилж, хашгираад уйлсан. Тэгэхээр нь Сүхээ бид 2 “чи хаана хэнд хүчиндүүлсэн газраа зааж өгөөч” гээд машиндаа суулгаад явсан чинь замаа зааж өгч чадахгүй байсан ба нилээн явсан боловч хайгаад олоогүй. Тэгээд доошоо буугаад нөгөө хүүхнийг “чи эндээс такси бариад явчих, бид 2 ажилтай явж байна, цагдаагийн газарт өргөдөл өгөөрэй” гэж хэлсэн ба нөгөө хүүхэн замын эсрэг талаас такси бариад явсан...” /1хх-33/,

Гэрч Г.Жаргалсайханы “... 2016 оны 10 дугаар сарын 29-ний өглөө 08 цагийн үед өөрийн хувийн 94-57 УББ улсын дугаартай, “Toyota Prius” загварын автомашинтай 1 дүгээр хорооллын Цамбагаравын арын замаар баруунаас зүүн тийшээ явж байтал 11 дүгээр байрны харалдаа ард нэг эмэгтэй гар өргөхөөр нь нь зогсоод, суулгасан. Тэгсэн чинь тэр эмэгтэй маш яаруу сандарсан, уйлсан байдалтай “ахаа би хүнд хүчиндүүлчихлээ, циркийн тийшээ яваарай, танд утас байвал яриулаач, би аав руугаа ярих гэсэн юм” гэхээр нь би түүнд өөрийн гар утсаа өгөөд миний дүү цагдаад мэдэгдэхгүй яасан юм бэ гэхэд тэр эмэгтэй “би гэрийг нь сайн мэдэхгүй байна, дөнгөж сая бие заслаа гэж хэлээд зугтаж гарч ирлээ” гэж хэлсэн. Тэр эмэгтэй суухдаа гартаа 00-ын цаас барьсан орж ирсэн. Тэгээд аав юм уу, ээж рүүгээ залгаад “би хүнд хүчиндүүлчихлээ ааваа, ээжээ” гээд уйлаад ярьсан. Замдаа би цагдаад хэлэхгүй юм уу, ямар хүнд хүчиндүүлсэн юм бэ гээд болсон асуудлын талаар асуухад “би гэрийг нь олохгүй байна, надтай урьд нь хамт ажиллаж байсан баарны хамгаалагч залууд хүчиндүүлчихлээ” гэсэн. Тэгээд би тэр эмэгтэйгийн зааж өгсөн газарт буюу Циркийн зүүн талын байрны гадаа хүргэж өгөхөд орцны гадаа ээж нь бололтой нэг ахимаг насны эмэгтэй байсан. Тосож авсан эмэгтэй нь таксины 5000 төгрөг өгөөд, хүчиндүүлсэн гэх эмэгтэйг аваад орц руу орсон...” /1хх-34/,

Гэрч Л.Алтанцэцэгийн “... Би 2016 оны 10 дугаар сарын 29-ний өглөө 08 цаг 20 минутын үед манай охин Нарангэрэл 88156761 дугаарын утаснаас миний 99726279 гэсэн дугаар луу залгаад “Ээжээ би Нарангэрэл байна, таксины хүний утаснаас ярьж байна, та 5000 төгрөг бэлдээд байж байгаарай, би хүнд зодуулаад, хамаг хувцас хунар байхгүй, хүчиндүүлчихлээ, одоо гэр лүүгээ очиж байна, та тосож аваарай” гэж ярьсан. Охиныгоо тэгж ярихаар нь нөхөр бид 2 гайхаад, юу болсон юм бол гээд байж байтал дахин 88156761 дугаараас залгаад “ээж би байрны доор такситай ирчихлээ” гэхээр нь ганцаараа гараад охиныгоо тосож авсан. Таксины жолоочид 5000 төгрөг өгөөд, охиныгоо авахад тэр уйлчихсан, баруун талын нүд нь хөхөрчихсөн, хамаг бие нь салганаад чичирсэн байдалтай, дээгүүрээ ноосон, дан цамцтай, доогуураа нимгэн өмдтэй, гартаа 00-ын цаас барьчихсан бууж ирсэн. Тэгэхээр нь би “миний охин яачихваа” гэтэл уйлаад л байсан ба гэр лүүгээ авч орсон. Гэрт ороод асуусан чинь урьд нь хамт ажиллаж байсан залууд зодуулж, хүчиндүүлчихлээ гээд уйлаад бархираад байсан. Тэгээд аав нь цагдаад дуудлага өгөөд охиныгоо аваад цагдаагийн хэлтэс рүү очиж өргөдөл, гомдол өгөөд, Гэмтлийн эмнэлэг рүү очиж үзүүлээд орой ирсэн...” /1хх-35-36/,

Гэрч С.Алтансайханы “... Би 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн өглөө 08 цагийн үед байх манай охин Нарангэрэл нэгэн танихгүй дугаараас ээж рүүгээ залгаж ярьсан. Эхнэр Алтанцэцэг таксины мөнгө аваад гарсан. Удалгүй охинтойгоо хамт орж ирсэн бөгөөд охин Нарангэрэлийн баруун талын нүд хөхрөөд хавдчихсан, уйлчихсан, ноосон цамцтай орж ирэхээр нь яасан юм бэ гээд асуутал “би хүнд зодуулаад, хүчиндүүлчихлээ, гэрээс нь бие заслаа гээд 00-ын цаас аваад гарч ирлээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би 102 дугаарт залгаад дуудлага өгсөн, удалгүй 9494-тэй дугаараас Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн жижүүрээс залгаад “та манай хэлтэс дээр охинтойгоо хамт ирээд өргөдөл өг” гэхээр нь охинтойгоо хамт цагдаагийн хэлтэс рүү явж байтал Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн эргүүлийн 2 цагдаа зам тосож аваад 25 дугаар эмийн сангийн урд байрлах “Декор” зочид буудал дээр очиж манай охиныг хүчиндсэн гэх залуугийн гэрийн хаяг, утасны дугаарыг нь мэдэж аваад цагдаа нартай хамт гэрт нь очсон. Ингээд очиход уг залуу гэртээ ганцаараа унтаж байсан. Тэр залуу 1 дүгээр хорооллын Цамбагаравын арын дэнж дээр нийтийн байранд амьдардаг юм байна лээ. Гэр нь ундуй, сундуй байдалтай байсан. Тэр залуугийн гэрт манай охины хар өнгийн пальто, өмд, цүнх нь байсан. Охин маань шууд ороод миний цүнх, хувцас энэ байна гэж авсан. Тэгээд охиныг маань зодож, хүчиндсэн гэх залууг цагдаа нар баривчлаад цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн ба охин маань өргөдөл бичиж өгсөн. Мөнгөн гүүр эмнэлэгт очиж толгойны томографик болон цээжний зураг авахуулсан. Гэтэл толгой нь битүү хавантай, 2 хавирга нь хугарсан байна, яаралтай хэвтэж эмчлүүл гэсэн...” /1хх-37-38/,

Гэрч Ч.Чанцалын “... Би 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 19 цаг 50 минутын үед ажлаасаа буугаад гэртээ харих гээд байж байтал урьд нь манай зочид буудалд ажиллаж байсан Нарангэрэл найз маань над руу залгаад “уулзах уу” гэсэн. Тэгээд бид хоёр 25 дугаар эмийн сангийн “KFC” түргэн хоолны газрын зүүн талд байдаг “Gold” нэртэй зочид буудлын ресторанд уулзахаар болсон. Намайг очиход Нарангэрэл тус ресторан дотор сууж байсан. Тэгээд бид 2 пиво захиалж уугаад, юм яриад сууж байтал 23 цагийн үед Цэрэннадмид миний фэйсбүүк хаяг руу “хаана байна” гээд чат бичихээр нь 25 дугаар эмийн сангийн зүүн талд “Gold” зочид буудлын ресторанд найзтайгаа хамт сууж байна гэхэд ирэхээр болсон. Цэрэннадмид Нарангэрэл бид хоёрын сууж байсан ресторанд шөнийн 00 цаг өнгөрч байхад ирсэн. Тэгээд пиво захиалж уугаад сууж байтал ресторан хаахаар болоод бид 3 гарсан. Гараад замын эсрэг талын “Тото” нэртэй кароекед орж дуулахаар болсон бөгөөд тухайн үед 01 цаг өнгөрч байсан. Бид 3 “Тото” кароекед 3 цаг гаран дуулсан бөгөөд шөнийн 04 цаг хүртэл кароекед байсан. Ингээд гэр гэртээ харихаар болоод би түрүүлээд явахаар болсон ба “Декор” зочид буудлын хамгаалагч Амарбаясгалан руу залгаад, намайг хүрч ирээд авчих гээд дуудсан ба би ажил дээрээ хоносон. Учир нь тухайн үед шөнө болсон болохоор ээж дээрээ архи, дарс үнэртүүлээд очоод яахав гэж бодоод хамгаалагчаа дуудаад ажил дээрээ хоносон. Цэрэннадмид, Нарангэрэл нар кароекед үлдсэн. Тэрнээс хойш би тэр хоёр яасныг мэдэхгүй байна. Тэгсэн чинь маргааш өглөө нь манай үүдний хамгаалагч Амарбаясгалан над руу залгаад “та доошоо буугаад ир, цагдаа нар ирчихсэн Цэрэннадмид ахыг асуугаад байна” гэхээр нь очоод уулзсан чинь 2 цагдаа болон Нарангэрэл аавтайгаа ирчихсэн байсан. Тэгээд Цэрэннадмидын гэрийг заалгуулаад явсан...” /1хх-39-40/,

Гэрч М.Нарангийн “... 2016 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 05 цагийн үед Цэрэннадмид нэг эмэгтэйтэй хамт орж ирсэн бөгөөд өглөө 07 цагийн үед Цэрэннадмидтай хамт өрөө рүү нь орсон эмэгтэй гараад явж байгаа нь камерт бичигдсэн байсан. Таксинаас буугаад араас нь тэврээд орж ирж байгаа нь бичигдсэн байсан. Би тухайн болсон асуудлыг нүдээр хараагүй. Маргааш нь бичлэгээ шүүж үзэхэд камерт бичигдсэн байсан...” /1хх-42-43/,

Гэрч Б.Дашнямын “... Би 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр дэд ахлагч С.Чулуунхүүгийн хамт Бүргэд 114 дүгээр чиглэлд машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Гэтэл 09 цагийн үед “манай охин Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт бусдад хүчиндүүлсэн байна” гэсэн дуудлага ирсэн бөгөөд тухайн үед дуудлага өгсөн хүний утсыг Бүргэд-10 жижүүрээс аваад ярьтал эрэгтэй хүн утас авч “манай охин хүнд хүчиндүүлсэн байна гэхээр нь би “хаана, ямар хүнд хүчиндүүлсэн юм бэ, хүчиндүүлсэн хүнээ таних юм уу” гэхэд “хүчиндсэн хүнийгээ мэдэх юм шиг байна. Тэр залуутай урьд нь хамт ажиллаж байсан гэж байна. Ажил нь 25 дугаар эмийн сангийн урд байдаг гэж байна” гэж ярьсан. Тэгэхээр нь тэр ахтай 25 дугаар эмийн сан дээр уулзахаар болсон бөгөөд цагдаа, жолооч, дэд ахлагч Чулуунхүүгийн хамт 25 дугаар эмийн сан руу явсан. Тэгээд 25 дугаар эмийн сангийн урд байдаг “Декор” зочид буудлын гадаа дуудлага өгсөн хүнтэй уулзахад дуудлага өгсөн хүн нь 50 орчим насны эрэгтэй хүн байсан ба 30 орчим насны эмэгтэйтэй хамт хүлээж байсан. Би тэр хоёрыг аав, охин гэж бодсон. Тэр эмэгтэйн нүд нь хөхөрчихсөн, хацар нь хавдсан байдалтай, сэтгэл санаа нь нилээн хямарсан, уйлсан байдалтай, хүнтэй харьцах чадваргүй байсан. Түүнээс ямар нэг юм асуухаар дуугарахгүй, уйлаад байхаар нь сэтгэл санаа нь хямарсан байна гэж ойлгоод тэр эмэгтэйн аавтай харьцсан. Тэгээд “Декор” зочид буудал руу хамт ороод Цэрэннадмид гэж хүний утсыг нь аваад холбоо бариад гэрийг нь заалгуулаад очсон. Уг залуутай ярихад гэрээ зааж өгөхгүй байхаар нь амыг нь дагуулж асуусаар байгаад гэрийг нь заалгасан. Уг заалгуулж очсон хаяг нь Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, 1 дүгээр хорооллын Цамбагаравын арын дэнж байсан бөгөөд Алтайн 2-199а тоотод байрлах нийтийн байр байсан. Тус нийтийн байрны 15 тоот өрөөнд ороход 20 гаран насны залуу гэртээ ганцаараа байж байсан бөгөөд хүчиндүүлсэн гэх эмэгтэй тэр залуугийн газраар дэвссэн гудсан дээр байсан хар бараан өнгийн куртик, бараан өнгийн нимгэн өмд, мөн цүнхээ минийх гээд авсан. Тэр залууг цагдаагийн хэлтэс дээр авч ирж жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн...” /1хх-48-49/,

Гэрч Х.Чулуунхүүгийн “... Би тухайн өдөр хэв журмын офицер, цагдаагийн дэслэгч Б.Дашнямтай Бүргэд 114 дүгээр чиглэлд машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 09 цагийн үед Төвөөс “манай охин Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт гэр хорооллын нийтийн байранд бусдад хүчиндүүлсэн байна” гэсэн дуудлага ирсэн бөгөөд тухайн үед дуудлага өгсөн хүний утсыг дэслэгч Б.Дашням төвийн жижүүрээс аваад ярьсан. Тэгээд 25 дугаар эмийн сангийн урд байдаг “Декор” зочид буудлын гадаа дуудлага өгсөн хүнтэй уулзсан. Дэслэгч Б.Дашням бид 2 тэр эмэгтэйгээс болсон зүйлийн талаар асуухад уйлаад байсан ба аав нь гэх хүнээс асуухад “манай охин урьд нь хамт ажилладаг байсан залууд, түүний гэрт нь хүчиндүүлсэн байна. Хүчиндсэн залуу нь “Декор” зочид буудалд ажилладаг юм байна” гэсний Цэрэннадмид гэх хүний утсыг авч, хаягийг нь заалгаж гэрт нь очиход 20 орчим насны залуу ганцаараа байж байсан. Гэтэл хүчиндүүлсэн гэх эмэгтэй тэр залуугийн газраар дэвссэн гудсан дээр байсан хар бараан өнгийн куртик, хар бараан өнгийн нимгэн өмд, мөн цүнхээ минийх гээд авсан. Тэгээд нөгөө залууг цагдаагийн хэлтэс дээр авч ирж жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн...” /1хх-50-51/,

Сэжигтнээр Н.Цэрэннадмидын “... Би 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 23 цагийн үед утсаараа фэйсбүүк ороод байж байтал манай ажлын Чанцал эгч фэйсбүүкэд орчихсон байж байсан. Тэгээд би Чанцал эгч рүү чат бичээд хаана байгааг нь асуухад “25 дугаар эмийн сангийн эсрэг талд “Gold” нэртэй ресторанд найзтайгаа хамт сууж байна. Хүрээд ир” гээд дуудахаар нь гэрээсээ гараад явсаар байгаад 00 цаг өнгөрч байхад ресторанд очиход өмнө нь манайд ажиллаж байсан Нарангэрэл эгчтэй хамт пиво уугаад сууж байсан. Тэгээд би тэр хоёртой хамт сууж, пиво захиалж уугаад юм ярьж байгаад ресторанаас бид гурав 01 цаг өнгөрч байхад гараад замынх нь эсрэг талын “Тото” нэртэй кароекед орж дуулахаар болоод орсон. Тэгээд тэр кароекед 2 цаг гаран суугаад дуулж байтал 04 цагийн үед Чанцал эгч “харьлаа” гээд түрүүлээд гарсан. Араас нь Нарангэрэл бид 2 гараад таксинд суугаад, би таксины жолоочид “1 дүгээр хороолол руу яваарай” гээд замаа зааж явсан. Тэгсэн чинь Нарангэрэл эгч надаас “хаашаа явж байгаа юм бэ” гэж асуухаар нь би “манайх руу явж байна” гэж хэлэхэд онцын зүйл хэлээгүй санагдаж байна. Би тухайн үед нилээн согтчихсон манаралтын байдалтай байсан. Тэгээд манай гэрийн гадаа 05 цагийн үед ирээд, би таксины жолоочид мөнгийг нь өгөөд Нарангэрэлийн гарнаас нь бариад татаж буулгаад өөрийнхөө амьдардаг нийтийн байрны 2 давхарт байдаг өрөөндөө дагуулаад орсон. Гэртээ ороод Нарангэрэл эгчтэй бэлгийн харьцаанд ормоор санагдаад газар дэвссэн байсан гудсан дээр хэвтүүлээд хувцсыг нь тайлах гэсэн чинь ойртуулахгүй, хөл, гараараа тийчигнээд эсэргүүцээд байхаар нь нүүр лүү нь гараараа 2-3 удаа цохиод, хүчээр бэлгийн харьцаанд орсон. Би тухайн үед нилээн согтсон байсан болохоор зарим зүйлээ санахгүй байна. Тэгээд өглөөгүүр 07 цагийн үед байх унтаж байтал Нарангэрэл эгч босоод хувцсаа өмсөхөөр нь “хаачих гэж байгаа юм бэ” гэж асуутал “00 орж, бие заслаа” гээд 00-ын цаас аваад гарсан. Би тухайн үед Нарангэрэл эгчийг бие засчихаад орж ирэх юм байх л гэж бодсон. Тэгээд хэсэг зүүрмэглэж байгаад сэртэл орж ирээгүй байхаар нь хувцсаа өмсөж гараад тэр хавиар хайтал байхгүй байсан. Буцаж гэртээ ороод байж байтал 08 цаг 30 минутын үед манай ажлын 70118520 дугаарын утаснаас цагдаа байна гээд нэг хүн яриад манай гэрийн хаягийг заалгуулж авсан. Удалгүй манай гэрт Нарангэрэл аавтайгаа болон 2 цагдаагийн хамт ирсэн. Ирээд Нарангэрэл манайд байсан цүнх, гадуур хүрэм, өмдөө аваад, хамт ирсэн 2 цагдаа нь намайг цагдаагийн хэлтэс рүү аваад явсан...” /1хх-120-121/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... А.Нарангэрэлийн биед тархи доргилт, баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, доод уруулын дотор салстад язарсан шарх, 2 гуяанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 3-4 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх 2016 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. А.Нарангэрэл бэлгийн замын халдаврт өвчингүй байна. А.Нарангэрэлийн гэх үтрээний арчдас, наалдац дээр үрийн шингэн илэрсэн...” гэх 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 14921 дугаар шинжээчийн дүгнэлт /1хх-63/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... А.Нарангэрэл, Н.Цэрэннадмид нарын цусны ДНХ-ийн тогтоцыг тогтоов. А.Нарангэрэлийн үтрээний арчдасанд илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ нь сэжигтэн Н.Цэрэннадидын ДНХ-тэй тохирч байна. А.Нарангэрэлийн үтрээний арчдаснаас ялгарсан шүүрлийн эсийн ДНХ-ийн тогтоц нь А.Нарангэрэлийн ДНХ-тэй тохирч байна...” гэх 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 9744 дугаар шинжээчийн дүгнэлт /1хх-104/,

Мөн хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-13/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-14-15/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-16/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /1хх-21/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1хх-22-24/, Солонго нүдний эмнэлгийн клиникийн үзлэгийн тэмдэглэл /1хх-169-170/, А.Нарангэрэлийн өвчний түүх /1хх-206-222/, хохирлын баримтууд /1хх-238-248/, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-6-9/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Н.Цэрэннадмидад холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс хэргийн жинхэнэ байдалд нийцсэн хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.         

            Ялтан Н.Цэрэннадмид, түүний өмгөөлөгч Ц.Эрдэнэбат, Т.Мөнхтуяа нараас “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд тус тус гаргажээ. 

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзвэл уг ялыг тэнсэж хянан харгалзаж болно...” гэж заасан.

   Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон хохирогч А.Нарангэрэлийн тус шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээс үзэхэд хохирол төлбөр бүрэн төлөгдсөн, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан гэж үзэхээргүй байх бөгөөд түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хууль зүйн үндэслэлгүй юм.

Харин ялтан Н.Цэрэннадмидын хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, мөн хохирогч А.Нарангэрэл гомдол, саналгүй гэсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг, 1 жилийн хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчилж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Иймд ялтан Н.Цэрэннадмид, түүний өмгөөлөгч Ц.Эрдэнэбат, Т.Мөнхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цэрэннадмидыг 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй...”  гэснийг “...Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цэрэннадмидыг 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй ... ” гэж өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Ялтан Н.Цэрэннадмид, түүний өмгөөлөгч Ц.Эрдэнэбат, Т.Мөнхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлал гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАТСАЙХАН

                        ШҮҮГЧИД                                                       Ц.ОЧ

                                                                                                Д.ОЮУНЧУЛУУН