Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 160

 

Л.Г-д холбогдох хэргийн тухай

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, хоригдлын өмгөөлөгч Н.Одонтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 60 дугаар шүүгчийн захирамж, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 02 дугаар магадлалтай, Л.Г-д холбогдох материалыг хоригдол Л.Г-гийн гаргасан гомдлыг үндэслэн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... оны .... дүгээр сарын ....-ны өдрийн .... дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.3, 17.3 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар нийт 5 жил хорих ял шийтгүүлсэн гэх, Л.Г

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтэд: ... Л.Г нь ... анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 64,305,600 төгрөгийн хохирол төлбөрөөс ял эдлэх хугацаанд хөдөлмөр эрхэлсний цалин хөлснөөс 1,381,700 төгрөгийг төлж 62,923,900 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй, хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход Улаанбаатар хотын .... дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар гудамжны .... тоотод оршин суух хаягтай, .... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод үйл ажиллагаа явуулдаг “Ж” ХХК-д техникчээр 2,000,000 төгрөгийн цалинтай ажиллах ажлын байрны тодорхойлолттой байгаа нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12.14 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан болно. Хоригдол Л.Г нь шүүхээс оногдуулсан 5 жилийн хорих ялаас 3 жил 09 сарыг биеэр эдэлж, хөдөлмөрлөх үүргээ биелүүлэн шагналын 07 сар 03 хоногоор урамшуулсан, нийт 3 жил 07 сар 12 хоногийн хорих ялыг эдэлж, 1 жил 04 сар 18 хоногийн хорих ял үлдсэн нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар солих үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хоригдол Г-г Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах асуудлыг шийдвэрлүүлэхээр прокурорын дүгнэлт үйлдэв гэжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх прокурорын дүгнэлтийг хянан хэлэлцээд “... Л.Г нь 63,173,900 төгрөгийн хохирол төлбөртэй ба уг хохирол төлбөрөө “Ж” ХХК-д ажиллаж сард 2,000,000 төгрөгөөр цалинжиж, мөн мэргэжлийн дагуу хувь хүн, байгууллагад үйлчилгээ үзүүлж, сургалт зохион байгуулан 3,6-5 жилийн хугацаанд багтаан нөхөн төлөхөө илэрхийлсэн баталгаа гаргасныг шүүх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэлээ. Мөн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хууль нь Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахад чиглэсэн бөгөөд өнөөдрийн байдлаар цар тахлын сөрөг нөлөөлөл арилсан тул өршөөлд хамруулах боломжгүй ...” гэсэн дүгнэлт хийж Л.Ггийн эдлээгүй үлдсэн 1 жил 04 сар 09 хоногийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих тухай прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх “... прокурорын дүгнэлт бүхий материалд хоригдол Л.Ггийн хувийн хэрэг, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шийтгэх тогтоол, хохирол нөхөн төлөхөө бодитой илэрхийлсэн гэх “Ж” ХХК-ийн тодорхойлолтыг ирүүлээгүй атлаа ямар баримтад тулгуурлан дүгнэлт бичсэн нь тодорхойгүй байх тул хохирол төлөхөө бодитой илэрхийлээгүй гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.3-т заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн дагуу өршөөлд хамрагдахгүй байх бөгөөд энэ талаар прокурор дүгнэлт хийгээгүй...” гэсэн дүгнэлт хийж шүүгчийн захирамжийг хэвээр үлдээн, хоригдол Л.Г-гийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.  

Хоригдол Л.Г хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ... Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж, мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирлоос 1,431,700 төгрөг нөхөн төлөгдсөн, цаашид ч хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байна. Мөн урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, 4 жил гаруй хугацаанд хоригдохдоо маш их зүйлийг ухаарч ойлгон, гэмшиж байгаа тул үлдсэн хорих ялыг Өршөөлийн хуульд хамруулж өгнө үү. Миний холбогдсон Эрүүгийн хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүд нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдана. Харин Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.3-т заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар өршөөлд хамрагдахгүй хэдий ч уг зүйл, хэсэг, заалтад заасан 3 жил хорих ялыг өнөөдрийн байдлаар бүрэн эдэлж дууссан тул намайг суллаж өгнө үү... Миний хувьд Улаанбаатар хот, .... дүүргийн .... дүгээр хороо, .... тоотод 20 жил амьдарч байгаа, тодорхой оршин суух байнгын хаягтай. Эх Р.Л, эмээ Б.Р нар намайг батлан даалтад авах талаар хүсэлт гаргасан, суллагдсаны дараа “Ж” ХХК-ийн цалинжуулж, ажиллуулах тухай тодорхойлолт, баримтуудыг бүрдүүлж өгсөн байгаа. Энэ баримтыг хорих ангийн захиргаа нь хэргийн материалд хавсаргаж өгөөгүй байсан байна. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх ... хуулийг буруу хэрэглэж, үндэслэлгүй дүгнэлт хийж, хууль бус шийдвэр гаргасанд гомдолтой байна. Өршөөл үзүүлэх тухай хуульд “... хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн...” гэж заасан тул дээрх үндэслэлүүдийг бүхэлд нь хянан үзэж, Л.Г намайг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж суллаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хоригдлын өмгөөлөгч Н.Одонтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Г-гийн хувьд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.3-т заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлд зааснаар өршөөлд хамрагдахгүй боловч өнөөдрийн байдлаар 4 жил гаруй хорих ял эдэлсэн. Үүний 3 жил хорих ялыг биечлэн эдэлсэн байгаа. Харин Эрүүгийн хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлд зааснаар оногдуулсан хорих ялууд нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар өршөөлд хамрагдаж зорчих эрхийг хязгаарлах ялаар солих үндэслэлтэй байна. Л.Г-гийн хувьд мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа. Ял эдлэх хугацаандаа ажлын хоног авч, авсан цалингаасаа 1,431,700 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн бөгөөд бусад хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Түүнчлэн хорих байгууллагаас суллагдвал “Ж” ХХК-д ажиллаж цалингаараа хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Анхан шатны шүүх өршөөлд хамруулахгүй гол үндэслэлээ байнга оршин суух хаяггүй гэж тодорхойлдог. Гэтэл Л.Г-гийн хувьд ..... дүүрэг, .... дүгээр хороо, .... тоотод эх н.Л, эмээ н.Р нарын хамт 20 жил гаруй хугацаанд амьдарч байгаа. Эмээ, ээж нар нь дахин гэмт хэрэг холбогдуулахгүй гэсэн баталгаа гаргаж өгсөн нь хэрэгт авагдсан. Өршөөл үзүүлэх тухай хуулийн “... гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж заасныг зайлшгүй баталгаа гаргаж, бодитоор хэрэгжүүлэх үндэслэл гаргах агуулгагүй юм. Тэгэхээр давж заалдах шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт гаргажээ. Өршөөл үзүүлэх тухай хуулийг цар тахлын улмаас баталсан гэж үзэхгүй. Иймд Л.Г-д холбогдох Эрүүгийн хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлийг Өршөөл үзүүлэх тухай 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар солих бүрэн боломжтой. Мөрдөн байцаалтын шатанд 8 сар, анхан шатны шүүх хуралдаанаас хойш 2 жил 11 сар, шагналын 7 сар 3 хоног, нийт 4 жил гаруй хугацаанд хорих ял эдэлсэн. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т “Шүүх Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг, эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ. Харин ял эдэлж байгаа ялтанд өршөөл үзүүлэхдээ өршөөлд хамаарах зүйл, хэсэг бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөл үзүүлж, өршөөлд үл хамаарах ял буюу ялын үлдэх хэсгийг эдлүүлэхээр тогтооно.” гэж заасан. Тэгэхээр өнөөдрийн байдлаар өршөөлд үл хамаарах ялаа эдэлсэн байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгч Л.Г-гийн гаргасан гомдлыг хүлээн авч, түүнийг суллаж өгнө үү гэв.

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн үзэл баримтлалд хорих байгууллагад хоригдож буй хоригдлын тоог бууруулах, хорихоос өөр төрлийн ялыг нэмэгдүүлэх, коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгыг тусгасан байх бөгөөд энэхүү сөрөг нөлөөлөл арилсан тохиолдолд хуулийг хэрэгжүүлэхгүй гэж хуульчлаагүй болно.  Гэтэл анхан шатны шүүх хоригдол Л.Г-г хуульд байхгүй үндэслэлээр прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-д “Шүүх ... харин ял эдэлж байгаа ялтанд өршөөл үзүүлэхдээ өршөөлд хамаарах зүйл, хэсэг бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөл үзүүлж, ...эдлүүлэхээр тогтооно” гэсний дагуу үлдэх 1 жил 4 сар 9 хоногийн хорих ялыг тус хуулийн 7 дугаар зүйлд зааснаар өршөөлд хамруулан шийдвэрлэх нь хоригдлын эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байна. Хохирол нөхөн төлөх талаар “Ж” ХХК-ийн тодорхойлолт нь анхан болон давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэгдэх үед байхгүй байсан бөгөөд материал хяналтын шатны шүүхэд ирүүлэхэд хавсаргасан байна. Уг баримтыг анхан шатны шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар “... гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо ...нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж...” үнэлэх боломжгүй гэжээ. Тэгвэл хуулийн энэхүү шаардлагыг хэрхэн ойлгож, хэрэгжүүлэх талаар хяналтын шатны шүүхээс тайлбарлан шийдвэрлэх нь хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад чухал ач холбогдолтой юм. Мөн шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.14-т заасан “... Шүүх Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээ авч болно” гэж хуульчилсан тул хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Л.Г-д оногдуулсан хорих ялын зарим хэсгийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих талаар бичсэн прокурорын дүгнэлтийг анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

2.2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээ хязгаарыг, мөн хуулийн 9 дүгээр зүйлд өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрлийг заасан бөгөөд энэхүү хуулийн үйлчлэлд хамаарахгүй нөхцөл, хориглолт байхгүй тохиолдолд тухайн гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд тохирох өршөөлийг үзүүлэхээр хуульчилсан болно

Анхан болон давж заалдах шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4, 7 дугаар зүйлийг тайлбарлан хэрэглэж хоригдол Л.Г-г өршөөлд хамааруулах үндэслэлгүй гэсэн шийдвэр гаргаснаар энэ асуудлыг шүүхэд дахин хандах боломжгүйгээр эцэслэн шийдвэрлэсэн байна. Иймд хоёр шатны шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянаж үзэв.

2.1.Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2-т заасан гэмт хэрэгт шүүхээс оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн хэсгийг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих зохицуулалт нь коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгод үндэслэсэн хэдий боловч үйлчлэх цаг хугацааг тухайлан заагаагүй, хууль батлагдах үеийн нөхцөл байдал арилсан үед хэрэглэхгүй байх аливаа хориглолт, хязгаарлалтыг хуулиар тогтоогоогүй байна.

Өршөөл үзүүлэх тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш 2 жил гаруй хугацааны дараа хоригдол Л.Г-г өршөөлд хамруулах эсэх асуудлыг хэлэлцэхдээ одоо цар тахлын нөхцөл байдал арилсан гэх үндэслэлээр хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийг хэрэгжүүлэлгүй, түүний эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан нь хуулийн өмнө хүн бүр эрх тэгш байх зарчмыг зөрчсөн гэж үзнэ.

2.2.Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.10-т “Яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа энэ хуулийг хэрэглэнэ.” гэж зааснаас үзвэл гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй нь тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 5 дугаар зүйлийн 5.1-д заасан шаардлагыг хангахгүй боловч гэм буруутай эсэхийг тогтоосны дараа өршөөлд хамааруулахаар заасан байх тул заавал хэрэгжих шинжтэй шүүхэд үүрэг болгосон (императив) хэм хэмжээ байна.

Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан “... гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо ... нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэж заасныг хорих ял эдэлж буй хүний хувьд өөрийнх нь хүсэл зорилгын илэрхийллээр тодорхойлох бөгөөд бодитой хэрэгжих эсэхэд шүүхээс үнэлэлт, дүгнэлт өгөхгүй гэж ойлгоно. 

Гэтэл анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж баталгаа гаргасныг бодитой биш гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Давж заалдах шатны шүүх хоригдол Л.Г-г өршөөлд хамааруулах асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай баримт, нотолгоо дутуу гэж үндэслэлтэй дүгнэлт хийсэн атлаа анхан шатны шүүхийн хууль буруу хэрэглэсэн алдааг залруулаагүй, “... хохирол төлөхөө бодитой илэрхийлээгүй ...” гэснийг хүлээн зөвшөөрсөн, агуулгын зөрчилтэй дүгнэлт хийсэн байна.

3.Прокуророос хоригдол Л.Г-д холбогдох хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр, ял эдэлсэн байдлыг нотлох хууль ёсны баримтыг шүүхэд ирүүлээгүй, ялын тооцоо зөрүүтэй зэрэг шалтгааны улмаас түүнийг өршөөлд хамааруулах эсэх асуудлыг хяналтын шатны шүүхээс эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул хууль буруу хэрэглэсэн хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Л.Г-д холбогдох материалыг прокурорт буцаах нь зүйтэй байна.

Прокурор хоригдол Л.Г-г өршөөлд хамааруулахад шаардлагатай баримтуудыг нэн даруй бүрдүүлж шүүхэд дахин хандах шаардлагатайг тэмдэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 60 дугаар шүүгчийн захирамж, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 02 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

ШҮҮГЧИД                                                      Б.АМАРБАЯСГАЛАН

    М.ПҮРЭВСҮРЭН

    С.СОЁМБО-ЭРДЭНЭ

    Ч.ХОСБАЯР