| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 144/2016/00125/И |
| Дугаар | 144 |
| Огноо | 2016-09-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 144
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, 22 дугаар цэцэрлэг, Заяабуянт овогт Шанжмятавын Эрдэнэжаргал /РД:КА71040574/-д холбогдох худалдах худалдан авах гэрээний үүрэгт 1,007,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ханбогд сумын 21-р цэцэрлэг нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч 2013 оны 01 сарын 07-ны өдөр №0001/60 тоот худалдах, худалдан авах гурван талт гэрээг байгуулан гар утас зээлээр худалдан авсан.
Гэтэл 21-р цэцэрлэг нь хүлээсэн үүргээ үл биелүүлэн төлбөрийн үлдэгдэл болох 1.000.000 төгрөгийг одоо болтол төлөөгүй байна.
Иймд 21-р цэцэрлэгээс төлбөрийн үлдэгдэл 1.000.000 төгрөг, нотариатын зардал 7.500 төгрөг нийт 1.007.500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.
Мөн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 28.730 төгрөгийг төлсөн болно” гэжээ.
Хариуцагч Ш.Эрдэнэжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ханбогд сумын 21 дүгээр цэцэрлэгийн нэр дээр Скайтел ХХК-тай гэрээ хийж гар утас авсан бөгөөд түүний үлдэгдэл 1,007,500 төгрөг нэхэмжилсэн байна.
Тус нэхэмжилсэн 1,007,500 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Скайтел ХХК-ийн нэхэмжилсэн 1,007,500 төгрөгийг төлөх болохоо хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл 1,007,500 төгрөгийг хариуцагч Ш.Эрдэнэжаргалаас гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Ш.Эрдэнэжаргал нь “Скайтел” ХХК-аас 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр №001/60 тоот худалдах худалдан авах гурван талт гэрээг байгуулан гар утас зээлээр авсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тухай хариу тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагч Ш.Эрдэнэжаргал нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж, 1,007,500 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Скайтел ХХК-ийн 5011001788 тоот дансанд төлсөн болох нь баримтаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, дахь хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй худалдах худалдан авах гэрээний үүрэгт 1,007,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ш.Эрдэнэжаргал нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,730 төгрөгөөс 14,365 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогын 211000134959 тоот данснаас 14,365 төгрөг, хариуцагч Ш.Эрдэнэжаргалаас 14,365 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО