| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 168/2019/0252/э |
| Дугаар | 2019/ШЦТ/262 |
| Огноо | 2019-10-04 |
| Зүйл хэсэг | 27.10.4.2., |
| Улсын яллагч | Д.Нямдэлэг |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 2019/ШЦТ/262
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Д.Нямдэлэг
Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г-т холбогдох 1921004600264 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын ....-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, ээж, ах, дүү нарын хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны ........тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б.Г. /РД: ................./
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутаг “Чулуут-Уул”-ын зүүн талын авто зам дээр 13-51 УБУ улсын дугаартай “Тоёота Пробокс” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4 б-д заасан “Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, мөн дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1-д заасан “Жолооч замын болон цаг агаарын нөхцөлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12 дугаар бүлгийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, улмаар иргэн А.Теленхаан, А.Бахатболд нарын амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутаг “Чулуут-Уул”-ын зүүн талын авто зам дээр 13-51 УБУ улсын дугаартай “Тоёота Пробокс” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4 б-д заасан “Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, мөн дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1-д заасан “Жолооч замын болон цаг агаарын нөхцөлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12 дугаар бүлгийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, улмаар иргэн А.Теленхаан, А.Бахатболд нарын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1921004600264 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Г-н мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн: “...Дорнод аймгийн Булган сумын баруун талд 2-3 км зайд явж байхад машины арын хэсэг гуйваад замын хажуу шороо хэсэг рүү машин орохоор нь би рүлээ зам руу дарахад машин хажуу талаараа цементен зам дээр бүтэн өнхөрсөн. Яг хэдэн удаа өнхөрсөн талаар сайн мэдэхгүй байна. Тэгээд машин 4 дугуй дээрээ буюу зам дээр 4 дугуйгаараа зогсоод ертөнцийн зүгээр баруун хойд зүгт харж зогссон байсан. Тэгээд би машинаас буухад миний хажуугийн суудал дээр сууж явсан Теленхаан нь машины баруун талд замын зорчих хэсэг дээр дээшээ харсан байдалтай хэвтэж байсан, бусад хүмүүс нь машин дотор байсан ба Өсөрбек, Пүрэвсүрэн нар машинаас гарч ирсэн ба Бахатболдыг машинаас гарахгүй болохоор нь машины арын зүүн гар талын хаалгыг татаж үзэхэд Бахатболд нь нас барсан байсан. Тэгэхээр нь Теленхаан зам дээр хэвтээд байхаар нь очиход мөн нас барсан байдалтай байна гэж хэлсэн. ...осол болох үед би машин жолоодож явсан. ...миний биед учирсан гэмтэл байхгүй ...зорчигч нар хамгаалах бүсээ зүүгээгүй байсан. Би зорчигч нарт хамгаалах бүсээ зүүх талаар шаардлага тавиагүй ...миний баримжаагаар 70 орчим км цагийн хурдтай явж байсан. ...Би сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46, 102-104 дүгээр хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Мусажалелийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Адайн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Уг хэрэгт холбоотой гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
Гэрч А.Пүрэвсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...замдаа унтаж явж байтал гэнэт машин эргэх шиг болсон. Тэгээд ухаан ороод сэртэл машин тэнхлэгээрээ зогсож байсан. Тухайн машины арын хэсэгт би болон Өсөрбек, Бахатболд нар суугаад явж байсан юм. Харин Теленхаан жолоочийн хажуу талын суудал дээр сууж байсан. Г гэх залуу жолоо бариад явж байсан. Би тухайн үед шоконд орчихсон байсан. Өсөрбек бид хоёр машинаас гараад хэсэг газар сууж байгаад эргэн тойроноо хартал Телехан зам дээр хэвтэж байсан. Харин Бахатболд машины хойд хэсгийн хаалганы харалдаа хэвтэж байсан. Г жолооноосоо буучихсан байсан. Замд явж байсан машин цагдаа болон эмнэлэг дуудсан юм шиг байсан. ...Теленхааны толгойн тус газраас цус гарсан байдалтай байсан. Бахатболд нь доошоо харсан байдалтай толгойн тус газраас цус гарсан байдалтай байж байсан. ...хамгаалах бүс зүүгээгүй байсан...тухайн машинд ямар нэгэн эвдрэл байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,
Гэрч Б.Өсөрбекийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...гэнэт сэрэхэд машин өнхөрч байсан. ...жолооч болон хажуу талын Теленхаан хоёр хамгаалах бүс хэрэглэсэн, арын суудлын Пүрэвсүрэн, Бахатболд бид гурав хамгаалах бүс хэрэглээгүй байсан. ...надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,
Гэрч Г.Нямтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 15 цагийн үед ...манай машины урд явж байсан саарал өнгийн автомашин засмал зам дээр онхолдсон, дөрвөн дугуйн дээрээ зогсож, баруун талд хоёр эрэгтэй хүн дээшээ харсан байдалтай толгойноос нь цус гарсан байдалтай хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/,
Гэрч Ө.Турарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ...манай автомашины урд талд явж байсан пробокс автомашин засмал зам дээр осолдож 2-3 удаа өнхөрч ертөнцийн зүгээр баруун хойш харсан байдалтай 4 дугуйн дээрээ зогссон. ...уг автомашины баруун талд Бахатболд дээшээ харсан байдалтай толгойноос нь цус гарсан, 4-5 метрийн орчим зайд Теленхаан зүүн тийш харсан байдалтай байсан. ...тэгээд Дорнод аймгийн 103 утсанд дуудлага, дараа нь 102 дугаарын утсанд дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/,
Гэрч Ё.Галтын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...13-51 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Б.Г гэх залууд худалдсан бөгөөд гэрчилгээг ...шилжүүлж өгч чадаагүй байгаа, Г-н эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм...” гэх мэдүүлэг,
- Зам тээврийн осолд холбогдсон 13-51 УБУ улсын дугаартай пробокс маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-14 дүгээр хуудас/,
- Зам тээврийн осол, хэрэгт холбогдсон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, ослын схем зураглал, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 15-17 дугаар хуудас/,
- Хүний биеэс дээж авсан тэмдэглэл /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20-29 дүгээр хуудас/,
- Эд зүйл хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 30 дугаар хуудас/,
- Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шүүх эмнэлгийн А.Бахатболдын цогцост задлан шинжилгээ хийсэн шинжээч эмч Ц.Бадралын 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 91 дүгээр шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1. Талийгаач А.Бахатболдын цогцост гавлын орой, суурь ясны олон тооны хэлтэрхий үүсгэсэн цөмөрсөн нийлмэл хугарал, гавлын ясны хэлбэр алдагдал, дух, зулай ясны цөмөрсөн ил хугарал, их тархины зүүн чамархай, бага тархины аалзан хальсан доорхи тархмал цус харвалт, хүзүүний 3-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, хүзүүний 7-р нугалам, сээрний 1-р нугалмын үелэх хэсгийн салсан зөрөөтэй хугарал, хоёр талын 1, 2-р хавирганы далд хугарал, зүүн 3-р хавирганы хоёрлосон хугарал, баруун уушгины бүх дэлбэнгийн няцрал, хоёр хацар, хоншоор, хамар ясны цөмөрсөн хугарал, баруун дээд 2-р шүдний булгарал, баруун чамархайн хуйх, уруул, зүүн сарвууны алганд няцарсан шарх, зүүн чамархайн хуйханд няцарсан шарх, дух, хоёр чамархай, шанаа, хацар, зовхи, эрүү, хүзүү, баруун мөр, цээж, хоёр шуу, бугуй, сарвуунд зулгарал, хоёр нүдний зовхи, цээж, баруун суга, бугалганд цус хуралт, зүүн мөр, бүсэлхийд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал авто ослын үед үүсгэгдэх боломжтой.
3.5. Талийгаач нь дээрх гавал тархи, хүзүүний нугалам, цээжний хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ.
4. Үхэлд хүргэх өвчин эмгэг тогтоогдсонгүй.
6. Талийгаачийн цусанд 1.1 промилли, ходоодны шингэнд 1.1 промилли, цөсөнд 0.9 промилли спиртийн агууламж илэрсэн байна. Цусанд 1.1 промилли спиртийн агууламж илэрсэн нь хөнгөн зэргийн согтолтод хамаарна.
7. Гуравдугаар бүлгийн харьяалалын цустай байна гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 79-82 дугаар хуудас/,
- Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шүүх эмнэлгийн А.Теленхааны цогцост задлан шинжилгээ хийсэн шинжээч эмч Ц.Бадралын 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 90 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1. Талийгаачийн цогцост гавлын орой, суурь ясны олон тооны хэлтэрхий үүсгэсэн цөмөрсөн нийлмэл хугарал, гавлын ясны хэлбэр алдагдсан, их тархины хоёр чамархай, дагз, бага тархины орой, суурь хэсгийн аалзан хальсан доорхи тархмал цус харвалт, цээжний хоёр талын олон хавирганы зөрөөтэй далд хугарал, элэгний баруун дэлбэнгийн урагдал, задрал, хэвлийн хөндий дэх цус алдалт, баруун шаант, тахилзуур ясны далд хугарал, толгойн хуйхны дотор гадаргуу, цээж, хэвлийд цус хуралт, баруун тохойд няцарсан шарх, зүүн мөр, баруун сарвуу, бугуй, бүсэлхий, зүүн гуя, баруун тахим, хоёр шилбэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал авто ослын үед үүсгэгдэх боломжтой.
3.5. Талийгаач нь дээрх гавал тархи, цээж, хэвлийн хавсарсан битүү гэмтлийн улмаас нас баржээ.
4. Үхэлд хүргэх өвчин эмгэг тогтоогдсонгүй.
6. Талийгаачийн цусанд 1.6 промилли, ходоодны шингэнд 3.4 промилли, цөсөнд 0.9 промилли спиртийн агууламж илэрсэн байна. Цусанд 1.6 промилли спиртийн агууламж илэрсэн нь дунд зэргийн согтолтод хамаарна.
7. Дөрөвдүгээр бүлгийн харьяалалын цустай байна гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 87-90 дүгээр хуудас/,
- Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээч цагдаагийн ахмад Х.Батсайханы 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 29 дугаартай дүгнэлт хэсэгт:
1. ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвийн жолоочийн цахим сангаас лавлагаа авахад / ОЙ 89120330 / регистрийн дугаартай Б.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох “В” ангилалын 939838 дугаартай хүчинтэй эрхийн үнэмлэхтэй байна.
2. Т.Пробокс маркийн 13-51 УБУ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Б.Г нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.
3. Т.Пробокс маркийн 13-51 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Г нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчин тээврийн хэрэгслийг зогсоож чадаагүйн улмаас тээврийн хэрэгсэл онхолдож осол гарсан байна гэж үзлээ.
4. Хэрэг болсон газарт очсон ЗЦТ-н зохицуулагч цагдаагийн ахмад Ц.Мягмарсүрэнгийн үзлэг дүгнэлтээс харахад Т.Пробокс маркийн 13-51 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн бүтэн замын хөдөлгөөнд оролцох боломжтой байсан байна гэж үзлээ гэх дүгнэлт /хх-ийн 95 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Г-н хувийн байдлыг тогтоосон баримтууд: Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 115, 106, 108 дугаар хуудас/, гэрч Ё.Бадрахын мэдүүлэг /хх-ийн 50 дугааар хуудас/, гэрч Ж.Баттөмөрийн мэдүүлэг /хх-ийн 51 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 1921004600264 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутаг “Чулуут-Уул”-ын зүүн талын авто зам дээр “Toyota Probox” маркийн 13-51 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4 б-д заасан “Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, мөн дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1-д заасан “Жолооч замын болон цаг агаарын нөхцлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12 дугаар бүлгийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, улмаар иргэн А.Теленхаан, А.Бахатболд нарын амь насыг хохироосон гэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.Г-н мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Мусажалел /хх-ийн 32-33 дугаар хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Адай /хх-ийн 35-36 дугаар хуудас/, гэрч А.Пүрэвсүрэн /хх-ийн 37-38 дугаар хуудас/, Б.Өсөрбек /хх-ийн 39-40 дүгээр хуудас/, Г.Нямтуяа /хх-ийн 41-42 дугаар хуудас/, Ө.Турар /хх-ийн 43-44 дүгээр хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-14 дүгээр хуудас/, зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, ослын схем зураглал, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 15-17 дугаар хуудас/, хүний биеэс дээж авсан тэмдэглэл /хх-ийн 18-19 дүгээр хуудас/, цогцоснуудад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20-29 дүгээр хуудас/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээч эмч Ц.Бадралын 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 90, 91 дүгээр шинжээчийн дүгнэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 79-82, 87-90 дүгээр хуудас/, Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээч цагдаагийн ахмад Х.Батсайханы 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 29 дугаартай дүгнэлт /хх-ийн 95 дугаар хуудас/, зам тээврийн осолд холбогдсон 13-51 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, гэрч Ё.Галтын мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 115, 106, 108 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Г нь Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсоны улмаас хоёр хүний амь насыг хохироосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3-д зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Мусажалел /120 дугаар хуудас/, Ч.Адай /хх-ийн 121 дүгээр хуудас/ нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байх тул шүүгдэгч Б.Г-г бусдад төлөх төлбөргүй гэж шүүхээс үзлээ.
Зам тээврийн осолд холбогдсон 13-51 УБУ улсын дугаартай “Toyota Probox” маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээнд өмчлөгч нь Ё.Галт гэж байгаа хэдий ч мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ё.Галт, шүүгдэгч Б.Г нарын өгсөн мэдүүлгээр уг тээврийн хэрэгслийг Б.Г худалдан авсан, гэрчилгээг шилжүүлж өгч чадаагүй байгаа гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Г-н эзэмшлийн тээврийн хэрэгсэл гэж үзэх үндэслэлтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна.
Шүүгдэгч Б.Г-т хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байгаа хэдий ч уг гэмт хэргийн улмаас хоёр хүний амь нас хохирсон, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрийг харгалзан шүүхээс түүнд хуульд заасан хорих ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т жолоодох эрхийг заавал хасахаар хуульчилсан байх тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, цаашид гарч болзошгүй үр дагавар зэргийг харгалзан шүүгдэгч Б.Г-н жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг 6 /зургаа/ жилийн хугацаагаар тогтоовол зохино.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Г-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан хугацаанаас эхлэн тоолох нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Г нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Б.Г-н ..................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Г-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар шүүгдэгч Б.Г-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-т оногдуулсан 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Г-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан хугацаанаас эхлэн тоолсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Б.Г-н ................. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН