Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 146

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                             

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 3-р баг, Цагаан овоогийн 25-1 тоотод оршин суух Буянтынхан овогт Шаравын Оюунчимэгийн хүсэлттэй,

Сахалт овогт Отгонбаярын Бямбасүрэнг /РД:НУ89052019/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Оюунчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ш.Оюунчимэг би 2014 онд Хас банкнаас 15 сая төгрөгийн зээл авч Ланд 80 УНЧ 50-11 улсын дугаартай улаан өнгийн дизель машин авсан билээ. Банкны зээл төлж чадахгүй болохоороо уг машинаа Улаанбаатар хотын машины ченж гэх Отгонбаяр овогтой Бямбасүрэн гэдэг залууд сар бүр зээл төлөх нөхцөлтэйгээр өгч залилуулаад 1 жил гаруй боллоо. Энэ хүний утас байхгүй, ээжийнх нь утас 88812105. Уг залуу одоо миний машин аав унаж байгаа. Аав төв аймгийн 3-р багийн засаг дарга Бямбаа гэдэг хүн байдаг. Миний машин аав дээр байгаа. Миний банкны мөнгийг төлнө гэсэн боловч одоо хүртэл төлөхгүй байгаа. Машин Хас банк дээр байгаа болохоор задалж зарнаа гээд зах дээр явж байна гэсэн. Машин зарахаас өмнө машинаа бүрэн бүтэн олж өгч тус болно уу? Одоо түүний оршин суугаа хаяг тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа учир эрэн сурвалжилж өгнө үү?” гэжээ. 

Нэхэмжлэгч Ш.Оюунчимэг шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “Би Хас банкны лизенгээр ланд машин авсан. Санхүүгийн байдлаас болоод банкны зээлээ төлж чадахгүй болоод машинаа ченж О.Бямбасүрэн гэх залууд төлбөрийг сар сард нь хийхээр тохиролцож зарсан боловч төлбөрийг бүрэн барагдуулаагүй. Утсаар ярихаар утсаа авахгүй байсан. Би хотод замын цагдаатай хамт хайж Тэрэлж амралтын газраас машинаа олсон. Очоод мөнгөө авъя гэхэд маргааш мөнгө олж өгнө гэсэн боловч 4 хоногийн дараа 1.600.000 төгрөг өгсөн. Би явахдаа сар сард нь хийж байгаарай гэсэн боловч одоог хүртэл өгөхгүй байгаа.  Өгөхгүй бол Хас банк юм уу Оюунчимэгт өгнө гэсэн бичиг хийлгэж ирсэн. О.Бямбасүрэнгийн ээжтэй нь холбоо авсан боловч шүүх цагдаагаар яваад ав гэж хариу хэлсэн.” гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн хүсэлт болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Оюунчимэг нь О.Бямбасүрэнг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

О.Бямбасүрэн нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ба Төв аймгийн Эрдэнэ сум, 3-р баг, Баянтуулд оршин суух хаягтай боловч уг хаягтаа амьдардаггүй, оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа зэрэг нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагч Сахалт овогт Отгонбаярын Бямбасүрэнг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Төв аймгийн Эрдэнэ сум, 3-р баг, Баянтуулд оршин суух хаягтай Сахалт овогт Отгонбаярын Бямбасүрэнг /РД:НУ89052019/-г эрэн сурвалжилсугай.

2.О.Бямбасүрэнг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоож, хүсэлт гаргагч Ш.Оюунчимэгт /утас: 89656262, 89593737/-т мэдэгдэхийг Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                       

 

ШҮҮГЧ                                   Д.БАТТУЛГА