| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2019/0231/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/235 |
| Огноо | 2019-08-23 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 2019/ШЦТ/235
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Ч.Мөнхзул
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Болормаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ганчулуун
Шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д.М холбогдох эрүүгийн 192 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1982 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, токарчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт, Дорнод аймгийн Хэрлэн оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ЖЬ регистрийн дугаартай, Б овогт Д.М.
Шүүгдэгч Д.М согтуугаар 2019 оны 06 дугаар сарын 26-ны орой 16 цаг 30 минутын орчим “Тоёота Приус”-20 маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 36 дугаар байрны 3 дугаар орцны зүүн талаас хөдөлж замын хөдөлгөөд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана,” мөн дүрмийн 3.7.а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох…” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Б.Маралааг дайрч биед нь хүндэвтэр хохирол учруусан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдснээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Болормаа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Цаашид гарах зардлыг бид хоорондоо тохирсон учраас надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
Гэрч Б.Ганцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 36 дугаар байрны 1 дүгээр орцны үүдэнд хүүхдээ хараад сууж байхад 2 дугаар орцны харалдаа замын зүүн талын шороон зам дээрээс хөх өнгийн Приус-20 маркийн машин ухраад хөдөлж байгаа харагдсан. Улмаар түг хийх чимээ гараад машин чигээрээ 36 дугаар байрны голын замаар хойшоо явж 37 дугаар байрны 1 дүгээр орцны үүдэнд зогсоод жолооч нь машинаа онгорхой орхиод дайруулсан хүн рүү гүйсэн. Тухайн үед 36 дугаар байрны 3 дугаар орцны зүүн талын шороон дээр тоглож байсан охин газарт хэвтчихсэн тэр хавиар байгаа хүмүүс хүүхэд дайрчихлаа гээд бахираад байсан...” гэжээ. /хх-ийн 24-25 тал/
Гэрч Ц.Энхцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би ажил дээрээ байж байхад манай нөхөр залгаад би хүүхэд дайрчихлаа 36 дугаар байрны зүүн талд байна гээд утсаа салгасан. ... улмаар би 36 дугаар байранд очиж нөхөртэйгээ уулзахад манай нөхөр архи уучихсан халамцуу байсан бөгөөд хань нь хүүхэд дайрчихлаа юу хийчихвээ? урд ердөө юм харагдаагүй би хүүхэд дайрчихсан байна. Улаанбаатар хот авч яваад эмчилгээ хийлгэх бүх зардлыг даана шүү гээд байсан. Тухайн газарт цагдаа нар хэргийн газрын үзлэг хийж машиныг журмын хашаанд хийхдээ манай нөхрийг согтууруулах ундаа шалгадаг багажаар үлээлгэхэд 1,8 бүхэл гарч байсан...” гэжээ. /хх-ийн 26-27 тал/
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 тал/
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 08-09 тал/
- Зам тээврийн осол дээр тогтоосон акт, схем зураг /хх-ийн 10-11 тал/
- Согтуурсан, мансуурсан хүнийг саатуулах тухай тогтоол /хх-ийн 13 тал/
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 473 тоот дүгнэлт /хх-ийн 40 тал/
- Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 38 тоот дүгнэлт /хх-ийн 44-45 тал/
- Д.М-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 50-51 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Д.М согтуурсан үедээ 2019 оны 06 дугаар сарын 26-ны орой 16 цаг 30 минутын орчим “Тоёота Приус”-20 маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 36 дугаар байрны 3 дугаар орцны зүүн талаас хөдөлж замын хөдөлгөөд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана,” мөн дүрмийн 3.7.а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох…” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч хохирогч Б.Маралааг дайрч биед нь хүндэвтэр хохирол учруусан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Болормаа, гэрч Б.Ганцэцэг, гэрч Ц.Энхцэцэг нарын мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол дээр тогтоосон акт, схем зураг, замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 38 тоот дүгнэлт, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 473 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.М-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.М-г согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Д.М-г согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч Д.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэх санал гаргасныг харгалзан шүүгдэгч Д.М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 зургаа сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, өөрлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна.
Шүүгдэгч нь гэм хорын хохиролд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 3322.600 төгрөгийг төлсөн ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Болормаа нь шүүгдэгч Д.М-тэй эвлэрсэн, гаргах гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Д.Мг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.М ЖЬ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагаа, № дугаартай жолоочийн үнэмлэх зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Д.М-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.М тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.М нь тэнссэн хугацаанд оршин суугаа газар, өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Д.М-д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Д.М ЖЬ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагаа, №716491 дугаартай жолоочийн үнэмлэх зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Д.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл оролцогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ