| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2016/00142/И |
| Дугаар | 147 |
| Огноо | 2016-09-21 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 147
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 3-р баг, Ямаан хүрэнгийн 1-2 тоотод оршин суух Боржигон овогт Пүрэвийн Саранчимэг /РД:КН73030565/-ийн хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгээд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Саранчимэг, нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Саранчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хань Г.Батжаргал нь “Энержи ресурс” ХХК-ний Ухаа худаг салбарт 2009 оноос ахлах няравын ажилд томилогдон ажиллаж байсан, талийгаач Гонгор овогтой Батжаргалтай 2008 онд гэр бүл болон охин Буянтнаранг төрүүлж хамтран амьдарч байсан юм. Г.Батжаргал нь өвчний учир 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр нас барсан. Охин Буянтнаран 2010 оны 09 дүгээр сарын 22-нд төрсөн ба бид хоёр гэрлэлтээ хууль ёсоор батлуулаагүй байсан. Одоо охиндоо тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох хүсэлтэй байгаа тул бид хоёрыг хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч П.Саранчимэг шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “Би Гонгорын Батжаргалтай 2008 оноос хамтран амьдарсан. Миний нөхөр 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүнд өвчний улмаас нас барсан. Хүүхэддээ тэжээгчээ алдсаны тэтгэмж авах гэсэн боловч бид 2 гэрлэлтээ батлуулаагүй байсан учраас Г.Батжаргалтай хамтын амьдралтай байснаа тогтоолгох шаардлагатай болсон тул шүүхэд нэхэмжлэл гаргасан юм” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн хүсэлт болон иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, 2010 оны 09 дүгээр сарын 22-нд төрсөн хүү Гомбо овогт Батжаргалын Буянтнарангийн төрсний гэрчилгээний хуулбар, 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Гомбо овогт Гонгорын Батжаргалын нас барсныг бүртгэсэн гэрчилгээний хуулбар, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 3-р багийн засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн
G:\Ajil\Shiidwer\№148_2016_09_21_P.Saranchimeg.docx
№417 дугаартай тодорхойлолт, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын “Энэрэхүйг-Ухаан” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн №131 тоот тодорхойлолт, Г.Баянжаргалын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, гэрч Э.Дарьзав, Г.Юндэн нарын гэрчээр өгсөн тайлбарууд болон тэдний иргэний үнэмлэхний хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Саранчимэг нь Г.Батжаргалтай хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч П.Саранчимэг нь 2008 онд Г.Батжаргалтай гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлэлгүй хамтран амьдарч байсан, мөн тэдний дундаас 2010 онд охин Б.Буянтнаран төрж, эцэг Г.Батжаргал, эх П.Саранчимэг нарын асрамжинд амьдарч байсан, Г.Батжаргал нь хамт амьдарч байх хугацаанд буюу 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр нас барсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Э.Дарьзав, Г.Юндэн нарын гэрчээр өгсөн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Г.Батжаргалын нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын засаг даргын тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, П.Саранчимэгийг Г.Батжаргалтай хамтын амьдралтай байсныг тогтоох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг урьдчилан төлснийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Пүрэвийн Саранчимэгийг Гомбо овогт Гонгорын Батжаргалтай 2008 оноос 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд нэхэмжлэгч эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БАТТУЛГА