Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2019/ШЦТ/240

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Э.Идэрбат

Шүүгдэгчийн  өмгөөлөгч Т.Энхболд

Шүүгдэгч Ц.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбатаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаангууд овогт Ц.Т-д холбогдох эрүүгийн 1921......  дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1969 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Тээвэрчдийн....... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 100 цагийн албадан ажил хийлгэх ялаар, 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ялаар, Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр үлдсэн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн, бие эрүүл гэх, Цагаангууд овогт Ц.Т /РД:ЖЛ........./

Шүүгдэгч Ц.Т нь 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн орой 21 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг “Тээвэрчин” хорооллын ......тоот хашааны гадна иргэн С.Г зодож, улмаар түүний биед нэг шүдний булгарал, буйланд цус хуралт, уруулын дотор салстын язарсан шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Ц.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

            Шүүгдэгч Ц.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд болсон морь уургалах тэмцээнд оролцоод гэртээ ирэхэд миний эхнэр Ц.Ц гар утас нь холбогдохгүй гэртээ байхгүй хөдөө явсан гэж манай хүүхдүүд надад хэлсэн юм. Ингээд би 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гэртээ ганцаараа “Хараа” гэх шошготой 0.75 литрийн архи ууж дуусгаад байж байхад орой яг цаг хэд болж байсныг нь санахгүй байна. Миний бага охин болох 2 дугаар ангийн сурагч Н “Ээж ирж байна” гэж хэлэхээр нь би хэнтэй ирж байгаа нь харах гэж гэрээс гарч хашааны гадаа гарахад эхнэр Ц.Ц том хүү М хамтаар ирчихсэн марк дугаарыг нь мэдэхгүй жижиг машины ард зогсож байсан бөгөөд миний хувьд эхнэрээ хардсандаа тус тээврийн хэрэгслийн жолооч С.Г хамт явсан байна гэж бодоод жолооч талаас нь очоод хагас онгорхой цонхоор нь 1-2 удаа гараараа толгой болон нүүр орчимд нь цохисон юм. Харин энэ үед хажууд байсан манай эхнэр Ц болон хүү М нар салгаж намайг гэр рүү оруулсан бөгөөд намайг гэртээ байж байхад удалгүй цагдаагийн албан хаагч орж ирээд намайг хүн зодсон гээд авч явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25/

            Хохирогч С.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 08 дугаар сарын 13-ны орой 20 цаг 10 минутын орчим өөрийн эзэмшлийн ..... ДОР улсын дугаартай “Тоёота Витз” маркийн тээврийн хэрэгслээр Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 20 дугаар эгнээний баруун талын үзүүрт такси үйлчилгээнд явж байхад 60 орчим насны эмэгтэй хүн, 20 орчим насны 2 эрэгтэй хүний хамтаар такси авахаар гар өргөхөөр нь авсан. Тэгээд тухайн хүмүүс Хэрлэн сумын 2 дугаар баг Тээвэрчдийн .... тоотод очно гэсэн. Тэгээд тухайн хүмүүсийг аваад Тээвэрчдийн тоотын гадаа очоод тухайн хүмүүс нь тооцоогоо хийгээд машинаас буусан байхад тухайн айлын хашаанаас 60 орчим насны эрэгтэй хүн гарч ирээд хаалгаа онгойлго гэж хэлэх шиг болохоор нь машины цонх онгорхой байсан тул цонхоороо харахад нөгөө 60 орчим насны эрэгтэй хүн шууд миний уруул, баруун шанаа хэсэг рүү нэг нэг удаа цохисон. Намайг цохиход хажууд байсан хүмүүс ирж салгасан ба намайг цохисон хүнийг аваад хашаа руугаа орсон. Хашаа руугаа орсоны дараа удалгүй 60 орчим насны эмэгтэй хүн гарч ирээд “Уучлаарай манай нөхөр буруу ойлгоод цохичихлоо” гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг  /хх-ийн 7-9, 10-11/

            Гэрч Ц.Ц мөрдөн шалгах ажиллгаанд өгсөн мэдүүлэгтээ: ... 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр том хүү М хамтаар Дорнод аймгийн төвөөс баруун урагш 20 гаруй км зайд Д гэх айлд очиж малын хөрзөн сийлэх ажил хийж байгаад 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр аймгийн төвд ирээд Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалт хороололд байдаг төрсөн эгч Ц гэр рүү нь орчихоод буцаад гэр рүүгээ явах гээд хүү М болон дүү Т хоёрын хамтаар гудамжнаас такси бариад гэр рүүгээ хүргүүлсэн юм. Тэгээд гэрийн гадаа ирээд миний хувьд таксины төлбөр тооцоог нь хийх гээд зогсож байхад миний нөхөр Т нэлээд согтуу гэрээс гарч ирээд үгийн зөрүүгүй жолооч С.Г гараараа цохисон бөгөөд учир нь хөгшин намайг хий хоосон хардсанаас болсон байх гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн .... тоотын дүгнэлтийн хэсэгт: 1. С.Г  биед нэг шүдний булгарал, буйланд цус хуралт, уруулын дотор салстын язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Нэг шүдний булгарал буйлны цус хуралт, уруулын дотор салстын язарсан шарх гэмтлүүд нь тус бүртээ 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид нэг шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар 5%-р тогтонги алдагдуулна, буйлны цус хуралт, уруулын дотор салстын язарсан шарх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ /хх-ийн 17/

 

            -Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 27/

            -Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

            Шүүгдэгч Ц.Т нь согтуурсан үедээ 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн орой 21 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг “Тээвэрчин” хорооллын .....  тоот хашааны гадна хохирогч С.Г-г зодож, улмаар түүнийн биед нэг шүдний булгарал, буйланд цус хуралт, уруулын дотор салстын язарсан шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хашааны гадаа гарахад манай эхнэр Ц.Ц том хүү М хамтаар ирчихсэн марк дугаарыг нь мэдэхгүй жижиг машины ард зогсож байсан бөгөөд миний хувьд эхнэрээ хардсандаа тус тээврийн хэрэгслийн жолооч С.Г хамт явсан байна гэж бодоод жолооч талаас нь очоод хагас онгорхой цонхоор нь 1-2 удаа гараараа толгой болон нүүр орчимд нь цохисон юм” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/, хохирогч С.Г өгсөн: “...Тээвэрчдийн ...... тоотын  гадаа очоод тухайн хүмүүс нь тооцоогоо хийгээд машинаас буусан байхад тухайн айлын хашаанаас 60 орчим насны эрэгтэй хүн гарч ирээд хаалгаа онгойлго гэж хэлэх шиг болохоор нь машины цонх онгорхой байсан тул цонхоороо харахад нөгөө 60 орчим насны эрэгтэй хүн шууд миний уруул, баруун шанаа хэсэг рүү нэг нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-11/, гэрч Ц.Ц өгсөн “...гэрийн гадаа ирээд миний хувьд таксины төлбөр тооцоог нь хийх гээд зогсож байхад манай нөхөр Т нэлээд согтуу гэрээс гарч ирээд үгийн зөрүүгүй жолооч С.Г гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн.....тоот дүгнэлт /хх-ийн 17-18/ болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Хохирогч С.Г учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч Ц.Т  хохирогч С.Г нүүрэн тус газарт нь цохисон санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.  

             Иймд шүүгдэгч Ц.Т-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгч Ц.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналыг хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана”, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж тус тус заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 500 /таван зуу / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг харгалзан түүнд  ял оногдуулбал зохино.

Шүүгдэгч Ц.Т нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ц.Т –н ЖЛ.......   регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлвэл зохино.

 Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Цагаангууд овогт Ц.Т-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-н  цалин, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.   

5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ц.Т-н  ЖЛ........... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Т-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР