| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/06869/И |
| Дугаар | 210/МА2025/02024 |
| Огноо | 2025-11-19 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2025/02024
*******, *******, *******, *******,
*******, *******, ******* нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
*******, *******, *******, *******, *******, *******, ******* нарын нэхэмжлэлтэй,
*******,*******,т холбогдох,
10,962,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч *******, *******, *******, *******, *******, *******, ******* нар хариуцагч *******,*******,т холбогдуулан цалингаас үндэслэлгүйгээр суутгасан 10,962,000 төгрөг /1 хүний 1,566,000 төгрөг/-ийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Тодруулбал, нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...хариуцагч нь Нийслэл дэх Төрийн Аудитын газрын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 17 тоот сонсох ажиллагаа явуулсан тухай тэмдэглэлээр Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 172 тоот тогтоолын хавсралтаар баталсан нэмэгдэл урамшуулал олгох хувь хэмжээг баримтлан олгохдоо албан тушаалын дундаж цалингаар тооцож олгоогүй, нэр бүхий шүүгч нараас илүү тооцож олгосон тэтгэмжийг төлүүлэхээр акт гарахаар шийдвэрлэж байгааг танилцуулж, шүүгч нарын цалингаас суутган тооцоог хийж төлбөрийг барагдуул гэсний дагуу 2024 оны сүүлийн хагас жилийн цалингаас 1,566,000 төгрөгийн суутгал хийсэн боловч урамшууллыг илүү тооцож олгосон гэх ямар нэг акт гараагүй, илүү олгосон гэх урамшууллын тооцоолол нь үндэслэлгүй байна... гэсэн бол,
хариуцагч нь ...Нийслэл дэх Төрийн Аудитын газрын санхүүгийн тайланд аудит хийсэн дүгнэлт, Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн зөвлөмжийн дагуу илүү бодож олгосон зөрүүг суутгасан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй... гэжээ.
Анхан шатны шүүх тус хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн харьяаллыг буруу тогтоосон байгаагаас гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлийн 751.1-д Нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй мөнгөн хөрөнгө гаргуулах дараах нэхэмжлэлийг шүүгч дангаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэнэ гээд 751.1.3-т хөдөлмөрийн гэрээний дагуу цалин хөлс гаргуулах гэж заасан.
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх ажил олгогч болон ажилтан нарын хооронд үүсдэг хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай адилтган зохигчийн хооронд энэ төрлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэж, тухайн хэрэг маргааныг харьяалан шийдвэрлэсэн нь дээрх хуульд нийцээгүй байна.
Тодруулбал, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.1, 86 дугаар зүйлийн 86.1-т тус тус зааснаар шүүхийн Тамгын газар нь шүүхийн захиргааны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, шүүхийн хараат бус байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх, иргэн, хуулийн этгээдэд түргэн шуурхай, хүртээмжтэй үйлчилгээг хүргэх зэрэг үндсэн чиг үүрэг бүхий байгууллага болохоос захирах-захирагдах шинжийг агуулсан ажил олгогч болон ажилтан нарын хооронд үүссэн хөдөлмөрийн харилцаа биш юм.
Иймээс тус хэрэг маргааныг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх маргаанд хамааруулах бус, харин ердийн журмаар хянан шийдвэрлэх хэрэг маргаан гэж үзэх тул давж заалдах шатны шүүхээс процессын хэмнэлттэй байдал, зохигч хэргээ түргэн шуурхай шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тус тус үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгохгүйгээр талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
4. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхэд дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:
4.1. Нийслэлийн аудитын газрын аудитаар илэрсэн алдаа, зөрчилтэй асуудлын бүртгэл /3 дахь дугаар/-ээр шүүгч нарт 2024 оны эхний хагас жилийн зохист ачааллаас хэтэрсэн ачаалалд холбогдох нэмэгдэл урамшуулал олгохдоо Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2024 оны 172 дугаар тогтоолыг мөрдөөгүй зөрчил гаргасан гэж үзэж, улмаар шүүгч нарын эхний хагас жилийн албан тушаалын цалингийн дунджийг дахин тооцоолж, зөрүүг арилгахаар шийдвэрлэсэн болох нь 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн сонсох ажиллагааны тэмдэглэлээр тогтоогдож байна. /х.х-ийн 81-82, 86-87/
4.2. Улмаар хариуцагч *******,*******, нь 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1525 тоот албан бичгээр Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргад хандаж арга зүйн зөвлөмж хүссэний дагуу тус байгууллагаас мөн өдрийн 03/2232 тоот албан бичгээр ...анхан болон давж заалдах шатны шүүгчийн нэмэгдэл урамшууллыг тооцож олгохдоо Монгол Улсын Их хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолоор 1 дүгээр улирлын шүүгчийн албан тушаалын үндсэн цалинг, Монгол Улсын Их Хурлын 2023 оны 117 дугаар тогтоолоор 2 дугаар улирлын шүүгчийн албан тушаалын үндсэн цалинг тус тус тооцох тул Нийслэлийн аудитын газраас ирүүлсэн зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллана уу... гэх зөвлөмж өгснийг тус тус үндэслэн нэхэмжлэгч нарын 2024 оны сүүлийн хагас жилийн урамшууллаас тус бүр 1,566,000 төгрөг суутган авчээ. /х.х-ийн 83-84, 92/
Зохигч хариуцагчийг шүүгчийн 2024 оны хагас жилийн нэмэгдэл урамшууллыг олгохдоо 1,566,000 төгрөгийг илүү олгосон эсэх, түүнийг буцаан суутгаж авсан нь үндэслэлтэй эсэх талаар маргасан байна.
5. Хэрэгт авагдсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 128/ШЗ2025/0868 тоот захирамжаар *******, *******, *******, ******* нарын гаргасан Нийслэл дэх төрийн аудитын газарт холбогдох аудитын дүгнэлтийн зарим хэсгийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ. /х.х-ийн 25-26/
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нарын энэхүү нэхэмжлэлийн үндэслэл болсон аудитын дүгнэлт нь захиргааны акт эсэх болон түүний зөв - буруугийн талаар захиргааны хэрэг маргаан үүсээгүй, мөн нэхэмжлэгч нар хууль бус захиргааны актын улмаас өөрт учирсан хохирол гэх агуулгаар нэхэмжлэл гаргаагүй байна.
Түүнчлэн, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 03/2232 тоот албан бичгээр 2024 оны эхний хагаст илүү олгосон нэмэгдэл урамшууллыг 2024 оны 2 дугаар хагасын нэмэгдэл урамшууллаас суутгах үүрэг /чиглэл/-ийг *******,*******,т өгөөгүй.
Иймд, нэгэнт хариуцагч нь урьд өмнө олгосон нэмэгдэл урамшууллаас хожим хэрхэн тооцож олгох ёстой байсан талаар эрх бүхий байгууллагын дүгнэлт болон дээд шатны байгууллагаас ирүүлсэн зөвлөмжийг үндэслэн нэхэмжлэгч нарын цалин урамшууллаас суутгал хийсэн хариуцагчийн үйлдэлтэй холбоотой энэхүү маргааныг иргэний хэргийн шүүхийн харьяаллын хэрэг маргаан гэж үзэв
Энэ тохиолдолд зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсээгүй, мөн захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх хэрэг маргаан биш тул хариуцагчийн Хөдөлмөрийн тухай хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн харьяалал зөрчсөн гэх гомдлыг хүлээн авахгүй.
6. Харин тус магадлалын 3-т дурдсанаар Тамгын газар нь эрх бүхий байгууллагаас баталсан цалин хөлс, урамшууллыг шүүгч нарт олгох өөрийн чиг үүргийн хүрээнд нэхэмжлэгч нарын цалингаас илүү олгосон 10,962,000 төгрөгийн суутгал хийснийг буруутгахгүй. Учир нь,
6.1 Монгол Улсын Их Хурлын 2015 оны 101 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалын сарын цалингийн хэмжээг 2,700,000 төгрөгөөр тогтоосон байсныг 2023 оны 117 дугаар тогтоолоор 4,266,000 төгрөгөөр тогтоож, улмаар 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн.
6.2 Мөн Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 207 тоот тогтоолоор баталсан Шүүгчийн ажлын ачаалал тооцох шалгуур үзүүлэлт, шүүгчид нэмэгдэл урамшуулал олгох журмын 6 дугаар зүйлийн 6.1-т Нэмэгдэл урамшууллыг дараах баримт бичгийг үндэслэн улирал, эсхүл хагас жил бүрээр тооцож олгоно гэж заасан.
Үүнээс үзвэл нэмэгдэл урамшууллыг улирлаар, аль эсхүл хагас жилээр тооцож олгох ба зохигчийн маргаж буй цаг хугацаа /2024 оны эхний хагас жил/-д нэхэмжлэгч нарын цалин хөлсөнд өөрчлөлт орсонтой холбоотойгоор 2024 оны 1 дүгээр улирлын нэмэгдэл урамшууллыг батлагдсан цалин хөлс болох 2,700,000 төгрөгөөс, 2024 оны 2 дугаар улирлын нэмэгдэл урамшууллыг өөрчлөлт оруулсан цалин хөлс болох 4,266,000 төгрөгөөс тооцож олгох агуулгатай Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 03/2232 тоот албан бичигт үндэслэн нэхэмжлэгч нарын нэмэгдэл урамшууллаас суутгал хийсэн нь үндэслэлтэй байна.
7. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй гээд 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж тус тус заажээ.
Хариуцагч *******,*******, нь шүүгч нарт 2024 оны эхний хагас жилийн урамшуулал олгохдоо 1 дүгээр улирал /1, 2, 3 сарын цалин хөлс 2,700,000 төгрөг/, 2 дугаар улирал /4, 5, 6 сарын цалин хөлс 4,266,000 төгрөг/-өөс тус тус тооцож олгох ёстой байтал 4,266,000 төгрөгөөс тооцсоноос улбаалан шүүгч нарт өгөх ёсгүй байсан 1,566,000 төгрөг /4,266,000+2,700,000/-ийг өгсөн нь хэдийгээр нэхэмжлэгч нарын буруутай үйлдэл, эс үйлдэхүй биш боловч уг мөнгийг тэдгээрт үлдээх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар Нийслэл дэх аудитын дүгнэлтэд холбогдуулан цалин урамшууллыг хэрхэн бодож олгох тухай тооцооллын зөв, буруугийн талаар маргаагүй, хэдийгээр хариуцагч нь нэхэмжлэгч нарт илүү олгосон мөнгийг буцаан авах талаар мэдэгдэлгүй суутгал хийсэн нь буруу боловч энэ нь тус мөнгийг үлдээх үндэслэл болохгүй юм.
Нөгөө талаар, анхан шатны шүүхийн Нийслэлийн аудитын газар нь сонсох ажиллагаанд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд болох нэхэмжлэгч нарыг оролцуулаагүй, санал, хүсэлт, тайлбар, гомдол гаргах боломжийг олгоогүй Төрийн аудитын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 22 дугаар зүйлийн 22.1-т заасан журмыг зөрчсөн нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй.
Иймд, хариуцагч нь өгөх ёсгүй мөнгийг нэхэмжлэгч нарт олгосныг, суутган буцааж авсан нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд хянах эрх хэмжээний хүрээнд тус хэрэг маргааныг ердийн журмаар хянан шийдвэрлэж байгаа тул зохигчийн Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрх нээлттэй болно.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 197/ШШ2025/06198 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******,*******,т холбогдох, 10,962,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******, *******, *******, *******, *******, *******, ******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Б.МАНДАЛБАЯР