Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 148

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа би,

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, 4 дүгээр баг, Дөрөлж 10-2 тоотод оршин суух А.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, 3 дугаар баг, бага булаг 11-7 тоот оршин суух Х.Идэрчулуунд холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг 9,533,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч А.Бат-Эрдэнэ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            “...А.Бат-Эрдэнэ би Х.Идэрчулуунтай 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 5,200,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 40 хоногийн хугацаатай 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр эргүүлэн төлүүлэхээр тохиролцож нотариатаар батлуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Х.Идэрчулуун нь төлбөрөө төлөөгүй өдий хүрч байна. Хэрвээ хугацаа хэтэрсэн тохиолдолд сар тутам 10 хувийн алданги тооцоно гэж амаар харилцан тохирлцсоныг үндэслэн 5,200,000 төгрөг түүний хүү, алданги 250 хоногийн 4,333,000 төгрөг нийт 9,533,000 төгрөгийг Х.Идэрчулуунаас гаргуулж өгнө үү.”  гэжээ.

            Зохигч талуудаас шүүхэд ирүүлсэн “Эвлэрлийн гэрээ”-нд:

            “...2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр А.Бат-Эрдэнэ би Х.Идэрчулуунд 5,200,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй байхаар тохиролцож зээлсэн болно. Х.Идэрчулуун тус мөнгийг бүрэн төлөөгүй бөгөөд хүүний хамт нийт 9,533,000 төгрөг төлөхөөс 3,533,000 төгрөгийг төлсөн. Үлдсэн 6,000,000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сар бүр 500,000 төгрөгийг А.Бат-Эрдэнийн “Хаан банк” дахь 5595025544 тоот дансанд хийж төлж дуусгах нөхцлийг харилцан тохиролцов.” гэжээ.

                                                                ҮНДЭСЛЭХ нь:                                  

            Нэхэмжлэгч А.Бат-Эрдэнэ нь хариуцагч Х.Идэрчулуунд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 9,533,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл шүүхэд гаргажээ. 

            Иргэний хэрэг үүсгэснээс хойш зохигч талууд нэхэмжлэлийн шаардлага болох 9,533,000 төгрөгнөөс 3,533,000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 6,000,000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сар бүр 500,000 төгрөгийг нэхэмжлэгч А.Бат-Эрдэнийн “Хаан банк” дахь 5595025544 дансанд хийж байхаар харилцан эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

            Иймд дээрх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч А.Бат-Эрдэнэ нь хариуцагч Х.Идэрчулуунд холбогдуулан зээлийн гэрээний 9,533,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 3,533,000 төгрөгийг төлж үлдэх 6,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс сар бүр 500,000 төгрөгийг “Хаан банк” дахь 5595025544 дансанд хийж төлөх нөхцөлтэй эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182,430 төгрөгөөс илүү төлсөн 14,952 төгрөг, төлөх ёстой 167,478 төгрөгийн тал хувь болох 83,739 төгрөгийг Төрийн банкны 211000134959 тоот данснаас гаргуулж,

 мөн хариуцагч Х.Идэрчулуунаас 83,739 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч А.Бат-Эрдэнэд олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   Ц.УРАНГУА