| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2019/0142/Э |
| Дугаар | 146 |
| Огноо | 2019-05-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Оюунцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 146
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга У.Золчимэг,
улсын яллагч Х.Оюунцэцэг,
шүүгдэгч Р.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овгийн Р.Ч холбогдох эрүүгийн 1934001940156 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлснийг 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Заамар суманд 1987 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, ээж, ахын хамт Төв аймаг, Заамар сум, 4 дүгээр баг, төв 2 дугаар хэсэг 3-8 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, 870113 дугаарын регистртэй, Х овгийн Р.Ч д
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Р.Ч нь 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Төв аймаг Заамар сумын Төвийн 4 дүгээр багийн 2 дугаар хэсэг 3-8 тоотод Д.Доржтой “цонх хагаллаа” гэх шалтгаанаар маргалдан зодолдож, улмаар эрүүл мэндэд нь “зүүн зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулайд зулгаралт, хүзүү, цээжинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Ч :
...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэх мэдүүлгийг өгчээ.
Эрүүгийн 1934001940156 дугаартай хэрэгт хохирогч Д.Доржийн /хх-ийн 19-20, 51 дугаар хуудас/, гэрч Д.Доржийн /хх-ийн 04-06 дугаар хуудас/, гэрч А.Эрдэнэ-Оргилын /хх-ийн 07 дугаар хуудас/, гэрч Х.Эрдэнэбатын /хх-ийн 8-9 дүгээр хуудас/, гэрч Р.Мөнхбатын /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, гэрч Х.Дашрэнцэнгийн /хх-ийн 14-15 дугаар хуудас/, гэрч А.Жамбалнямбуугийн /хх-ийн 16-17 дугаар хуудас/, гэрч Р.Мөнхбатын /хх-ийн 52 дугаар хуудас/, яллагдагч Р.Ч гийн /хх-ийн 47-48 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,
шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 158 дугаартай дүгнэлт, эмчийн тодорхойлолт /хх-ийн 30-31 дүгээр хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 дугаар хуудас/, хохирогч Д.Доржийн Төв аймгийн Заамар сумын цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 03 дугаар хуудас/, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хх-ийн 22 дугаар хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-25 дугаар хуудас/, шүүгдэгч Р.Ч гийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 35-42, 54-57 дугаар хуудас/, хохирогч Д.Дорж болон шүүгдэгч Р.Ч нар эвлэрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 58-59 дүгээр хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Шүүгдэгч Р.Ч нь 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Төв аймаг Заамар сумын Төвийн 4 дүгээр багийн 2 дугаар хэсэг 3-8 тоотод Д.Доржтой “цонх хагаллаа” гэх шалтгаанаар маргалдан зодолдож, улмаар эрүүл мэндэд нь “зүүн зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулайд зулгаралт, хүзүү, цээжинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Д.Доржийн ...Чүлтмээ ахынхаа машинаас дугуй торцов аваад миний сууж байсан машины жолооч Дашрэнцэн гуайг буулгаад дугуйн торцовоороо миний зүүн дал хавьцаа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би машинаас буухгүй машиндаа суугаад байсан... ...тэгээд тэр гурав намайг хашааруугаа авч орох гэхээр нь би орохгүй гэсэн. Гэтэл Чүлтмээ миний ар дал хэсэгт дугуйн торцовоороо цохисон. Тэгээд би ухаан алдаад газар унасан. Тэгээд сэргээд хартал Жамбалнямбуу гэх залуу Чүлтмээ хоёр миний нэг нэг хөлнөөс бариад чирээд машины гражиндаа оруулаад би газар хэвтэж байхад намайг хэд хэдэн удаа өшиглөсөн. Би хэн өшиглөөд байгааг харж амжаагүй... /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
...Жамбалнямбуу, Мөнхбат хоёр нь намайг бол зодож гэмтэл учруулсан зүйлгүй. Мөнхбат нь ам хэлээрээ ална энэ тэр гээд дайраад байсан... /хх-ийн 51 дугаар хуудас/,
гэрч Д.Доржийн ...Р.Ч миний дал хэсэгт дугуйн торцовоор хоёр удаа цохисон. Мөнхбат намайг машины гражинд хэд хэдэн удаа гуя хэвлий хэсэгт хөлөөрөө өшиглөсөн. Зүс таних нэрийг нь мэдэхгүй залуу намайг бас хэд хэдэн удаа өшиглөсөн. Намайг тэр зүс таних нөхөр Чүлтмээ хоёр хөлнөөс чирээд гражинд оруулж зодсон... /хх-ийн 04-06 дугаар хуудас/,
гэрч А.Эрдэнэ-Оргилын ...саарал өнгийн карина машинд Дорж суугаад Заамар сум руу яваад 11 цагийн үед Р.Ч хүмүүстэй нийлээд намайг зодсон гэж хэлээд байр руугаа орсон... ...Заамар сумын төв орохдоо Р.Ч тэй уулзаж тооцоо хийнэ гэж явсан. Харин ирэхдээ зодуулаад ирсэн... /хх-ийн 07 дугаар хуудас/,
гэрч Х.Эрдэнэбатын ...хамгаалалтын албан дээрээ маргааш нь 14 цагийн үед очиход Дорж хамгаалалтын албан дээрээ байхгүй байсан. Тэгээд орой 17 цагийн үед сумын төв дээр Доржтой таарахад Р.Ч д зодуулсан гэж ярьсан. Тэгээд би мэдсэн... /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,
гэрч Р.Мөнхбатын ...Дорж нь машинаас гарч ирээд Р.Ч тэй дахин зууралдаад толгой нүүр рүүгээ хэд хэдэн удаа цохилцсон. Гэтэл хажуу талаас нь Жамбалсүрэн хамгаалагч Доржийг гараараа гар хавьцаа нь нэг удаа цохиж байгаа харагдсан. Би тэгээд торосоо машиндаа хийгээд хартал Р.Ч , Жамбалсүрэн хоёр хамгаалагч Доржийг машины граж руу чирээд орохоор нь араас нь би ороод тэр гурвыг та нарыг ална шүү гээд хөөгөөд гаргасан... ...манай дүү Р.Ч нь Доржийн хөлийн гуя хэсэгт нэг удаа хөлөөрөө өшиглөж байгаа харагдсан... /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
гэрч Х.Дашрэнцэнгийн ...Р.Ч нь галзуурсан хүн шиг Мөнхбат, Жамбалнямбуу хоёртоо дийлдэхгүй Доржийг зодно гээд дайраад байсан. Миний харснаар хашаан дотроо Доржийг газар унагаад энэ тэндгүй хөлөөр өшиглөөд байсан. Жамбалсүрэн нь Р.Ч г салгах гээд дийлэхгүй Жамбалнямбуу нь дээр нь бас согтуу байсан учраас энэ тэнд унаад яваад байсан... /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
гэрч А.Жамбалнямбуугийн ...Р.Ч нь Доржийг газар унагаагаад хөлөөрөө өшиглөөд байсан. Гэтэл Мөнхбат ах гаднаас орж ирж гражнаас бид гурвыг хөөгөөд гаргасан. Тухайн үед би Доржийг огт цохиогүй. Р.Ч г Доржийг өшиглөөд байхаар нь болиулах гээд түлхэж салгасан. Би согтуу байсан болохоор ийш тийшээ унаад байсан. Гражнаас гараад Дорж машиндаа суугаад явсан... /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
гэрч Р.Мөнхбатын ...би өмнө мэдүүлэг өгөхдөө Жамбалнямбуу гэх хүнийг Жамбалсүрэн гэж андуураад өгсөн байна лээ. Сүүлд нэрийг нь асуухад Жамбалнямбуу гэдгийг мэдсэн... /хх-ийн 52 дугаар хуудас/,
яллагдагч Р.Ч гийн ...2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Заамар сумын төвийн 4 дүгээр багийн 2 дугаар хэсэг 3-8 тоотод Д.Доржтой “Цонх хагаллаа” гэх шалтгаанаар маргалдан зодолдож, улмаар эрүүл мэндэд нь “зүүн зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэж Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар мэдүүлэг авч байгааг хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 47-48 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,
шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 158 дугаартай дүгнэлт, эмчийн тодорхойлолт /хх-ийн 30-31 дүгээр хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 дугаар хуудас/, хохирогч Д.Доржийн Төв аймгийн Заамар сумын цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 03 дугаар хуудас/, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хх-ийн 22 дугаар хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-25 дугаар хуудас/, шүүгдэгч Р.Ч гийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 35-42, 54-57 дугаар хуудас/, хохирогч Д.Дорж болон шүүгдэгч Р.Ч нар эвлэрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 58-59 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Прокуророос шүүгдэгч Р.Ч холбогдох эрүүгийн 1934001940156 дугаартай хэргийн шүүгдэгч Р.Ч гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай, мөн хохирогч Д.Доржийн хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан нөхцлүүдийг хянаж үзэхэд дээрх нөхцөлүүдийн аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Р.Ч гийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Төв аймаг Заамар сумын Төвийн 4 дүгээр багийн 2 дугаар хэсэг 3-8 тоотод Д.Доржтой “цонх хагаллаа” гэх шалтгаанаар маргалдан зодолдож, улмаар эрүүл мэндэд нь “зүүн зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулайд зулгаралт, хүзүү, цээжинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хүнийг цохиж, зодох нь хууль бус шинжтэйг мэдсээр байж өөрөө түүнийг хүсч үйлдсэн, дээрх цохиж, зодсон хууль бус үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, зориуд хүргэсэн цохиж зодсон үйлдэл түүний улмаас хөнгөн хохирол, хор уршиг учирсан үр дагаврын хоорондоо шалтгаантай холбоотой тул гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Мөн шүүгдэгч Р.Ч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Р.Ч г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Р.Ч гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Доржийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогч Д.Дорж нь шүүгдэгч Р.Ч гээс эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал баримтгүйгээр 500.000 төгрөг нэхэмжилсэн ба хавтаст хэргийн 19-20, 51 дүгээр хуудаст шүүгдэгч Р.Ч гээс 500.000 төгрөг бэлэн авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн байна.
Гэвч хохирогч Д.Дорж нь шүүх хуралдааны товыг 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 15 цаг 20 минутад мэдэгдэхэд гомдол саналгүй, харин эмчилгээний зардалд шүүгдэгч Р.Ч 500.000 төгрөг өгнө гэсэн боловч 300.000 төгрөг бэлэн өгсөн. Одоо 200.000 төгрөгөө авчих юм бол өөр нэхэмжлэх зүйлгүй талаар өгсөн тайлбарыг тэмдэглэсэн мэдэгдэх хуудсаар хохирол нөхөн төлсөн гэж үзэх боломжгүй байна.
Иймд хохирогч Д.Доржийг дээрх хохиролтой холбоотой баримтаа болон цаашид гарах эмчилгээний зардалтай баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Р.Ч хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Р.Ч торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,
шүүхээс түүнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч Р.Ч нь цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг торцов төмрийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгахыг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5., 36.2., 36.6., 36.7., 36.8.,
36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн
1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус
удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн Р.Ч г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Х овгийн Р.Ч г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгж буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х овгийн Р.Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан найман зуун нэгж буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Х овгийн Р.Ч шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Шүүгдэгч Х овгийн Р.Ч нь цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг торцов төмрийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай.
7. Хохирогч Д.Дорж нь эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалтай холбоотой баримтаа болон цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа тус тус бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х овгийн Р.Ч урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х овгийн Р.Ч авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН