| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 183/2024/06708/И |
| Дугаар | 210/МА2025/02025 |
| Огноо | 2025-11-19 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2025/02025
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
*******ийн нэхэмжлэлтэй,
******* ХХК-д холбогдох,
Гэм хорын хохиролд 47,476,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
******* ХХК нь 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 20 цагийн орчимд ******* дүүрэг, ******* хороо, ******* цэцэрлэгийн баруун урд байршилтай ******* барилгад барилгын ажил гүйцэтгэж байхдаа хөдөлмөрийн аюулгүй байдал, компанийн хяналт, хариуцлагагүй үйлдлийн улмаас байрны гадна зогсоолд байсан иргэдийн тээврийн хэрэгслүүд дээрээс бетон зуурмаг асгарч их хэмжээний хохирол учруулсан. Үүнд миний эзэмшлийн ******* улсын дугаартай Ланд Круйзер 300 загварын тээврийн хэрэгсэлийн гадна талын будаг эргэн тойронд халцарч, шилэн дээвэр гэмтэж, хойд их гэрэл хагарсан байдаг. Би, тэр даруй цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл гаргасан. Гэтэл Нийслэлийн ******* дүүргийн Прокурорын газрын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 11466 дугаартай Прокурорын тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд дээрх үйл баримт нь бусдын эд хөрөнгийг санаатай устгаж гэмтээсэн байдал тогтоогдохгүй байна, болгоомжгүй учруулсан үйлдэл нь ноцтой эсвэл их хэмжээний хохирол учруулаагүй байх тул гэмт хэргийн шинжийг хангахгүй гэж дүгнэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзан. Иймд, хариуцагчаас гэм хорын хохиролд 47,476,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Манай компани ХХК-тай гэрээ байгуулсны үндсэн дээр Creative apartment төслийн ажлыг гүйцэтгүүлж байсан бөгөөд тус компани 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр мужааны бригадын ахлагч той гэрээ байгуулж, каркас угсралт, хэв хашмалын ажил гүйцэтгүүлж байсан. Тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т туслан гүйцэтгэгч нь Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хариуцна гэж заасан. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т зааснаар туслан гүйцэтгэгч мужааны бригадын ахлагч болон ХХК нар хариуцахаар байна. Мөн туслан гүйцэтгэгч мужааны бригадын ахлагч нь 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр уг асуудлыг бүрэн хариуцаж шийдвэрлүүлэхээр хүсэлт бичсэн байна. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд манай компани уг хохирлыг хариуцан төлөх үндэслэлгүй байх тул хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-иас 47,760,00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******эд олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 395,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 395,600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
Энэ талаар ХХК болон нараас авсан тайлбар, нотлох баримтыг шүүхэд хүргүүлсэн боловч шүүх уг нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй.
Тус баримтуудаар ХХК нь тухайн барилгыг эзэмшилдээ байлгаж ажил гүйцэтгүүлж байсан гэдэг нь тодорхой харагддаг. Түүнчлэн цутгалтын ажлыг гүйцэтгэхдээ аюулгүй ажиллагааны зааварчилгаа мөрдөөгүйн улмаас гадаа талбайд байсан тээврийн хэрэгслүүдэд хохирол учирч түүнийгээ нөхөн төлсөн. Эндээс үзэхэд туслан гүйцэтгэгч ХХК-ийг уг хохирлыг төлөх үүрэг бүхий этгээд гэж үзэж байна.
Хоёр. ...Шүүхээс Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь заалтыг зөвхөн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хариуцахаар тохиролцсон заалт гэж тайлбарласан нь хэт нэг талыг баримталсан гэж үзэхэд хүргэж байна. Учир нь тус заалтын агуулгаас үзэхэд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэн хариуцах талаар тохиролцсон байхаас гадна үүргийн хэрэгжилтээс үүдсэн хохирлыг хэн хариуцахыг мөн давхар зохицуулсан байна.
Иймд, дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч *******э нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 47,476,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Тодруулбал, нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...хариуцагчийг хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм, журам мөрдөөгүйн улмаас миний өмчлөлийн тээврийн хэрэгсэлд 41,130,000 төгрөгийн засварын зардал гарна, мөн хохирлын үнэлгээ тогтоолгоход хөрөнгийн үнэлгээний компанид 2,146,000 төгрөг төлснөөс гадна урьд өмнө хийлгэсэн хамгаалалтын хуулгын төлбөр 4,200,000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна... гэсэн бол,
хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбартаа ...барилгын ажлыг туслан гүйцэтгэж байсан ажил гүйцэтгэгчийн буруугаас нэхэмжлэгчийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд хохирол учирсан байх тул манай компани хариуцахгүй... гэж маргасан.
Анхан шатны шүүх хариуцагчийг гэм буруутай гэж дүгнэж, хэргийг хянан шийдвэрлэсэн байх боловч нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй, хариуцагчийн маргаж буй үндэслэлийн талаар үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт өгөөгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэхэд дараах үйл баримт тогтоогджээ.
3.1. Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт ******* барилгын ажил гүйцэтгэж байсан байрны гадна автозогсоолд байршуулсан нэхэмжлэгч *******ийн эзэмшлийн ******* улсын дугаартай Ланд круйзер-300 маркийн тээврийн хэрэгслийн дээрээс бетон зуурмаг асгарч хохирол учирсан. /х.х-ийн 1, 5, 7/
3.2. ******* дүүргийн прокурорын газрын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 11466 тоот тогтоолоор ******* ХХК-ийн барилгын дор байршуулсан *******ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл дээр бетон зуурмаг асгарч хохирол учирсан гэх гомдлыг хянаад эрүүгийн хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан байна. /х.х-ийн 15/
4. Зохигч барилгын ажил гүйцэтгэж байсан талбайд хариуцагч ******* ХХК нь ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байсан болон нэхэмжлэгч *******ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд хохирол учирсан эсэх талаар маргаагүй боловч уг хохирлыг хариуцагч нь хариуцах эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 497.2-т Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж тус тус заасан.
4.1. Хэрэгт авагдсан баримтаар ХХК нь хариуцагч ******* ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан болох нь тогтоогдсон бөгөөд тус компани 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Б.Бат-Оршихтой ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, каркас угсралтын ажлын хэв хашмалын ажлыг батлагдсан зураг, ажлын даалгаврын дагуу хийж гүйцэтгүүлэхээр тохирсон байна. /х.х-ийн 51, 71/
Энэхүү гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т Туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг өөрсдөө хариуцах ба захиалагч талын ХАБЭА ажилтны удирдлага дор өөрсдийн ХАБЭА ажилтныг ажиллуулна гэж заажээ.
5. Хариуцагчийн зүгээс тус гэрээний дээрх зохицуулалт болон Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т заасныг тус тус үндэслэн ХХК болон Б.Бат-Орших нарыг нэхэмжлэгч *******эд учирсан хохирлыг хариуцах ёстой гэж маргасан.
5.1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.21-т зааснаар аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны талбай, гадна орчныг үйлдвэрлэлийн орчинд хамааруулах ба мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу үйлдвэрлэлийн барилга байгууламжийг барьж байгуулах, өргөтгөх, шинэчлэх, машин техник, тоног төхөөрөмж угсрах, суурилуулах, туршилт, засвар хийх үйлчилгээ нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч ******* ХХК-ийн барьж буй ******* барилгын орчныг үйлдвэрлэлийн орчинд хамааруулах учир тус компани хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмыг сахих, сахиулах үүрэг хүлээнэ.
Тиймээс, хэдийгээр хариуцагч ******* ХХК-ийн өмнө ХХК нь туслан гүйцэтгэгчийн үүрэг хүлээсэн гэх боловч энэ нь барилга барих үйл ажиллагаа явуулж, аюултай орчин, нөхцөл байдлыг үүсгэж байгаа ерөнхий гүйцэтгэгчийг шууд хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
5.2. Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах гэж заасан.
Тодруулбал, тухайн барилгыг барьж буй хариуцагч буюу ерөнхий гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн ажил үүргээ бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-д шилжүүлсэн байх боловч гэм буруутай байх тохиолдолд хариуцлагаас чөлөөлөгдөхгүй.
Хариуцагч нь өөрт ашигтай ажлыг бусад иргэн, хуулийн этгээдээр гүйцэтгүүлж буй захиалагчийн хувьд барилгын ажлыг хийж гүйцэтгэж буй үйлдвэрлэлийн орчинд аюултай нөхцөл байдал үүсгэхгүй байхад анхаарах, үйл ажиллагаагаа зохион байгуулах, мөн энэ талаар бусдад анхааруулах, сэрэмжлүүлэх үүрэг хүлээнэ.
Гэтэл хэргийн баримт, зохигчийн тайлбараар хариуцагч ******* ХХК нь барилгын үйл ажиллагаа явагдаж байгаа ойр орчмын газарт иргэн, хуулийн этгээдэд энэ талаар мэдэгдэж, анхааруулж байсан болон түүнчлэн туслан гүйцэтгэгч ХХК-ийн үйл ажиллагааг бусдад аюулгүй байхаар зохион байгуулж, хяналт тавьсан болох нь тогтоогдоогүй.
Энэ талаар Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Барилгын ажил гүйцэтгэгч дараахь чиг үүрэгтэй гээд 40.1.5-д барилгын ажлын талбайн орчны хөдөлмөр хамгааллын дэглэмийг сахиулж, гуравдагч этгээдийг барилгын ажлаас шалтгаалсан болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг авах гэж тодорхой заажээ.
5.3. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т Захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна гэж заасан.
Тайлбарлавал, захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нарын ажилтныг хөдөлмөрийн аюулгүй байдлаар хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг нөхөн төлөх зэрэг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тусгах, тийнхүү тусгаагүй тохиолдолд тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцахаар зохицуулсан нь гагцхүү тэдгээрийн ажилтанд хамаарах зохицуулалт болно.
Анхан шатны шүүх тухайн зохицуулалт нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйгээс гуравдагч этгээдэд бус ажилтанд учирсан хохирлыг төлөхөд үйлчлэх зохицуулалт байхад үүнийг анхаараагүй байгааг давж заалдах шатны шүүхээс дээрх байдлаар залруулж тайлбарлана.
Иймд, нэхэмжлэгч *******ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд хохирол учирсанд хариуцагч ******* ХХК-ийн гэм буруутай эс үйлдэхүй шууд шалтгаант холбоотой нөлөөлсөн байх тул хариуцагчийг гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдлийг өөрчлөхгүй.
6. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч *******э нь өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хамгаалалтын нано хуулгыг 4,200,000 төгрөгөөр наалгасан болох нь ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн тодорхойлолтоор тогтоогдсон ба хариуцагч ******* ХХК-ийн зүгээс уг баримтыг няцаагаагүй байна. /х.х-ийн 13-14/
Мөн нэхэмжлэгч нь тус тээврийн хэрэгсэл дээр бетон зуурмаг асгарсны улмаас учирсан бусад хохирлын хэмжээг үнэлүүлсэн ажлын хөлсөнд ХХК-д 2,146,000 төгрөгийг төлжээ. /х.х-ийн 6/
7. Харин анхан шатны шүүх ХХК-ийн үнийн саналыг үндэслэж нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд учирсан бусад хохирлыг 41,130,000 төгрөг гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасантай нийцээгүй байна.
Тодруулбал, ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн нэхэмжлэх /үнийн санал/-ээр нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг засварлахад 41,130,000 төгрөгийн зардал гарахаар тооцоолсон нь тухайн үед санал болгосон үнэ тул үүнийг тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын хэмжээг хөдөлбөргүй бодитоор тогтоосон баримт гэж үзэхгүй. /х.х-ийн 12/
Тиймээс хэрэгт авагдсан ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн үнэлгээний тайлангаар тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын хэмжээг 37,579,440 төгрөг гэж тогтоосныг үндэслэн нотлох баримтаар үнэлнэ. /х.х-ийн 7-11/
Иймд, хариуцагч ******* ХХК-аас тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 37,579,440 төгрөг, үнэлгээний ажлын хөлс 2,146,000 төгрөг, нано керамик хамгаалалт хийлгэхэд төлсөн төлбөр 4,200,000 төгрөг, нийт 43,925,440 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******эд олгохоор шийдвэрлэв.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 192/ШШ2025/03102 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтад ...47,760,000 гэснийг 43,925,440 гэж, ...олгосугай гэснийг олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,834,560 төгрөгт холбогдох хэгсийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
2 дахь заалтад ...хариуцагчаас 395,600 гэснийг хариуцагчаас 377,577 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 395,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Б.МАНДАЛБАЯР