Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2025/02026

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 191/ШШ2025/05559 дугаар шийдвэртэй,

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

******* ХХК-д холбогдох,

 

Даатгалын нөхөн төлбөрт 273,983,802 төгрөг гаргуулах, 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 19921090014 дугаартай даатгалын ерөнхий гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

...2022 оны 03 дугаар сарын 24 болон 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ******* зочид буудлын *******, ******* рестораны гал тогоонд гал гарч уг ослоос үүдсэн нөхөн төлбөрийг гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн ******* ХХК-д хандахад бидэнд нөхөн төлбөр өгөхөөс татгалзаж шийдвэрлэсэн.

Энэхүү гал түймрийн нөхцөл байдлаас үүдэн эхний хохиролд 188,760,067 төгрөг, хоёр дахь удаагийн гал түймрийн хохиролд 85,223,735 төгрөгийн хохирол буюу нийт 273,983,802 төгрөгийн хохирол учирсан.

2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгийн даатгалын дэд гэрээ-ний 1.1-т гал түймэр, дэлбэрэлт зэргийг даатгалын эрсдэлээр тодорхойлж уг нөхцөл байдал үүссэн тохиолдолд нөхөн төлбөр олгохоор заасан.

...Иймд, дээрх үндэслэлээр ХХК-иас 273,983,802 төгрөг нэхэмжилж байна.

Манай компани 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ******* ХХК-тай 19921090014 дугаартай даатгалын ерөнхий гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээний хамт мөн өдөр

-619921017477 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн даатгалын дэд гэрээ,

-619921017481 дугаартай эд хөрөнгийн даатгалын дэд гэрээ,

мөн 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр

-619922021400 дугаартай үл хөдлөх хөрөнгө, бизнес тасалдлын даатгалын дэд гэрээ,

-619922021401 дугаартай эд хөрөнгө, бизнес тасалдлын даатгалын дэд гэрээ,

-619922021399 дугаартай байгууллагын ерөнхий хариуцлагын даатгалын дэд гэрээнүүдийг тус тус байгуулсан.

Талууд даатгалын ерөнхий гэрээг Иргэний хуулийн 43 дугаар бүлэг, Даатгалын тухай хуулиудыг үндэслэн байгуулсан байна.

Дээрх гэрээний 7.1-ийн 7.1.7-д Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгуулагчийн дагаж мөрдөх ёстой холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчсөн үйлдэл, түүний үр дагавраас учирсан хохирол-д нөхөн төлбөр олгохгүй гэж заасан байна.

Даатгалын тухай хуулийн зорилго нь даатгуулагчийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршдог мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д даатгагчийн даатгалын нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болох нөхцөлүүдийг зааж өгсөн бөгөөд эдгээр үндэслэлээр л нөхөн төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг олгохоос татгалзахаар хуульчилсан байна.

Гэтэл гэрээний уг заалтад хуульд байхгүй, байх ч боломжгүй нөхцөлийг оруулсан нь Даатгалын тухай хууль болон Иргэний хуулийн иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, эмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчмыг зөрчсөн байна.

Даатгалын ямар нэгэн тохиолдолд үүсэхэд гэрээний дээрх заалтаар хариуцагчийн зүгээс хэзээ ч ямар ч нөхөн төлбөр төлөхгүй байх нөхцөл үүсэхээр хууль бус заалт гэж үзэж байна.

Мөн ХХК нь даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан компани боловч их хэмжээний даатгалын нөхөн төлбөр гаргуулах тохиолдолд уг заалт нь даатгалын үйл ажиллагаа эрхлэх үндсэн үйл ажиллагаанд нь харшилсан буюу хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл гэж үзэж байна.

Иймд, 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн даатгалын ерөнхий гэрээний 7.1-ийн 7.1.7 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.9-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

1. Даатгалын эхний тохиолдлын хувьд ******* ХХК-ийн ******* зочид буудлын Ази хоолны гал тогооны ажилтан, тогооч нь 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Газан плиткан дээр тогоонд тос хийж асаалттай орхиж явснаас ил гал асаж хэншүү сорогч Зоонт-оор галыг сорж улмаар гал дамжин гарсан.

...Даатгуулагч нь Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх заалтаар торгуулсан нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон. Энэхүү заалт нь Иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн тохиолдолд зөрчлийн хэрэг үүсгэн, торгох арга хэмжээ авдаг заалт тул даатгуулагч нь дагаж мөрдөх ёстой холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчсөн үйлдэл, түүний үр дагавраас учирсан хохирол болох нь нотлогдож байна.

Гал гарсны дараа ******* ХХК-ийн ажилтан, тогооч ын даатгагчид 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр эмнэлэгт байхдаа утсаар өгсөн мэдүүлэг болон 2022 оны 04 сарын 29-ний өдөр бичгээр өгсөн мэдүүлэг, ******* ХХК-ийн 2022 оны 03 сарын 24-ний ослын мэдүүлэг болон ярилцлагын маягтад тус тус Гал гарч галыг унтраахаар авч ирсэн 2 галын хор 2-уулаа хоосон байсан, галын сургалт ордог боловч ажил ихтэй байснаас сууж амждаггүй, ээлжийн хүнгүй ганцаараа 15 хоног ажиллаж байсан тул газаа залган нөгөө заал руу мах авахаар хийн түлш ашиглахдаа хараа хяналтгүй харах хүнгүй орхин явсан гэж мэдүүлсэн, мөн ******* ХХК-ийн ажилтан, галын инженер, ХАБ-ын ажилтан ы 2022 оны 09 сарын 14-ний өдрийн мэдүүлэгт Гал гарсан хэсгийн зоонт дээрх ансул систем ажилладаггүй байсан, гал гарсны дараа гар ажиллагааг татаж шалгаж үзсэн, механик ажиллагаа бол хэвийн байсан гэх мэдүүлгүүдээс үзвэл нэхэмжлэгч нь Засгийн газрын 2016 оны 339 дүгээр тогтоолын хавсралт Галын аюулгүй байдлын үндсэн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.3, Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 28 дугаар зүйлийн 28.1.8, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.11, ХАБЭМТөвөөс гаргасан Тогоочийн аюулгүй ажиллагааны зааварчилгааны 3.19 дэх заалтыг тус тус зөрчсөн гэж үндэслэлтэй байна.

Даатгуулагч даатгалын тохиолдол бий болох буюу бий болохуйц нөхцөл орчин бүрдүүлсэн, ихэсгэсэн, түүнчлэн мэдэгдэж буй буюу мэдэх боломжтой эрсдэлээс зайлсхийгээгүйгээс учирсан хохирол гэдэг нь хууль тогтоомж, Галын аюулгүй ажиллагааны дүрэм, Тогоочийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг дагаж мөрдөөгүйгээс гал гарах нөхцөл орчныг бүрдүүлсэн, мэдэгдэж буй буюу мэдэж болох эрсдэлээс зайлсхийгээгүйн улмаас үүссэн хохирол гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд, дээр дурдсан нөхцөл байдлууд нь бидний хооронд байгуулагдсан 19921090014 тоот даатгалын гэрээ, болон Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1 дэх хэсэгт заасан даатгуулагч даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн бол нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлд тус тус хамаарч байх тул

-19921090014 /619921017477/ тоот, /619921017478/ тоот даатгалын гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.6, 7.1.7, 7.1.9 болон Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1, 8.5.3-т заасан үндэслэлүүдийн дагуу даатгуулагчаас нөхөн төлбөрт нэхэмжилсэн нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн.

2. Даатгалын хоёр дах тохиолдлын хувьд ******* ХХК-ийн ******* зочид буудлын нэг давхрын рестораны ажилтан ээлжийн тогооч 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Их тосонд шарагч буюу төмс шарагчийг асаалттай орхиж явснаас тос хэт халж өөрөөсөө асаж, агаар сорогч зоонт-оор галыг татагдаж, улмаар гал дамжин гарсан байна.

Даатгуулагч нь Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх заалтаар торгуулсан нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон тул даатгуулагч нь дагаж мөрдөх ёстой холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчсөн үйлдэл, түүний үр дагавраас учирсан хохирол болох нь тогтоогдож байна.

Гал гарсан тохиолдлын дараа тогооч , угаагч , туслах тогооч , ахлах тогооч н., хамгаалалтын ахлах нараас мэдүүлэг авсан ба тус мэдүүлэгт:

: Туслах тогооч тай хоолонд орохоор явсан ба тэр үед гал гарсан гэдэг нь ХАБЭМТөвөөс гаргасан Тогоочийн аюулгүй ажиллагааны зааварчилгааны 3.19. Хийн тоног төхөөрөмжийг ашиглахдаа хараа хяналтгүй орхиж явахыг хориглоно гэж заасныг зөрчсөн нь тогтоогдож байна.

Ахлах тогооч н., нарын мэдүүлгээс: зарим өдөр халуун мэдрэгч ажиллахгүй алдаа зааж байсан. Шаардлагатай үед дуудлага өгч шалгуулдаг байсан, Зааварчилгаа өгч байсан, ИТА-д мэдэгдэж байсан, гэж мэдүүлсэн нь гал гарсан төхөөрөмж буюу их тосонд шарагч нь техникийн эвдрэлтэй байгаа нь гэрээний 7.1.9-т Даатгуулагч даатгалын тохиолдол бий болох буюу бий болохуйц нөхцөл орчин бүрдүүлсэн, ихэсгэсэн түүнчлэн мэдэгдэж буй буюу мэдэх боломжтой эрсдэлээс зайлсхийгээгүйгээс учирсан хохирол. гэж заасан тохиолдолд хамаарч байна.

Угаагч гийн мэдүүлэгт: би галын хор цацах болон бүтээлгийг яаж задалж бүтээхийг мэдэхгүй байсан..., өглөө ирээд гал тогооны өрөөнд зааварчилгаа аваагүй дээр оффисын өрөөнд байдаг гарын үсэг зурдаг дэвтэрт гарын үсэг зурсан. Аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваагүй гэдэг мэдүүлгээс үзэхэд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17.4, 28 дугаар зүйлийн 28.1.8. дахь заалтыг тус тус зөрчиж байна.

Хамгаалалтын ахлах : агаар сорогчийн дээр байрлах азотын шингэнийг мэдэхгүй тийм зааварчилгаа авч байгаагүй мөн сургалтад суугаагүй ба мэдээлэл аваагүй гэдгийг баталгаажуулж байна.

Мөн Гамшиг, гал түймрээс хамгаалах монголын нийгэмлэг ТББ-ын дүгнэлтэд Монгол Улсын Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17.2.4 дах заалт, Галын аюулгүй байдлын үндсэн дүрмийн 2.35.2, 2.37.2, 4.12, 8.47, 8.48 дах заалтууд, Барилгын норм ба дүрэм БНбД 41-01-02-ын 9.3 дах заалтуудыг зөрчсөн үйлдэл гэж дүгнэсэн байна.

Дээрх нөхцөл байдлууд нь 19921090014 тоот даатгалын ерөнхий гэрээний 7.1.7, 7.1.9, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1, 8.5.3 дахь хэсэгт заасан даатгалын нөхөн төлбөр олгохгүй нөхцөлд хамаарч байх тул нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн.

...3. Талууд даатгалын ерөнхий гэрээг Иргэний хуулийн 43 дугаар бүлэг, Даатгалын тухай хуулиудыг үндэслэн байгуулсан бөгөөд дээрх гэрээний 7.1-ийн 7.1.7-д Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгуулагчийн дагаж мөрдөх ёстой холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчсөн үйлдэл, түүний үр дагавраас учирсан хохирол-д нөхөн төлбөр олгохгүй гэж заасан байна.

Даатгалын тухай хуулийн 8.5.1 дэх хэсэгт зааснаар даатгуулагч дагаж мөрдөх ёстой холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчсөн үйлдэл, түүний үр дагавраас учирсан хохирол нь даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн нөхцөл болж өгдөг тул даатгалын ерөнхий гэрээнд тус заалтыг нарийвчлан оруулсан.

Дээрх даатгалын ерөнхий гэрээний 7.1.7 дахь заалт нь даатгуулагчийг дагаж мөрдөх ёстой холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг дагах ёстой гэсэн агуулгатай бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсанаар даатгалын ямар нэгэн тохиолдолд үүсэхэд гэрээний дээрх заалтаар харилцагчийн зүгээс хэзээ ч ямар ч нөхөн төлбөр төлөхгүй байх нөхцөл үүсэхээр хууль бус заалт гэж үзэж байна гэсэн нь үндэслэлгүй гэдэг нь ******* ХХК-ийн Санхүүгийн зохицуулах хороонд тайлагнасан 2024 оны 3 дугаар улирлын тайлангаар 5.8 тэрбум төгрөгийг даатгалын нөхөн төлбөрт олгосноор нотлогдож байна.

Иймд, нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5, 8.5.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн хариуцагч ******* ХХК-аас нийт 273,983,802 төгрөг гаргуулах, даатгалын ерөнхий гэрээний 7.1.7 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, 7.1.2 дах заалтад зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1,598,069 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

...Гал гарсан хоёр тохиолдолд 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн шинжээчийн дүгнэлтэд гал гарсан нөхцөл байдлыг ил галын улмаас гарсан гэдгийг тогтоосон байдаг. Энэ талаар ч нотлох баримт хэрэгт авагдсан. Харин Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1 даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэдгийг буруугаар тайлбарласан. Өөрөөр хэлбэл, Зөрчлийн тухай хуулийг зөрчиж шийтгүүлсэн нь тухайн даатгалын тохиолдлыг санаатайгаар бий болгосон гэж үзэх үндэслэл байхгүй.

Учир нь, даатгалын тохиолдол бий болох орчин нөхцөл бүрдүүлсэн үйл баримт нь санаатай буюу зориудаар хийсэн үйлдэл, эс үйлдэхүй байхыг шаардаж байна. Гэтэл анхан шатны шүүхээс орчин нөхцөлийг бүрдүүлсэн нь №0072261, №007269 дугаар шийтгэлийн хуудсаар нотлогдож байна гэж үзсэн.Тухайн шийтгэлийн хуудас дээр гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоохдоо санаатай гал гаргасан талаар ямар нэгэн үйл баримт өгүүлбэр байхгүй нотлох баримт ч мөн адил байхгүй.

Санаатайгаар гал гаргасан тохиолдолд энэ нь холбогдох байгууллага нь хяналт шалгалт хийх цаашлаад эрүүгийн хэрэг үүсэх нөхцөл байдал үүснэ. Шүүхээс санаатай болон даатгалын тохиолдол бий болгох орчин нөхцөл бүрдүүлсэн нь тусдаа ойлголт мэтээр дүгнэсэн ба талууд ч мөн энэ талаар мэтгэлцсэн. Харин анхан шатны шүүх нь маргааны гол үйл баримт болох санаатай гэдгийг ямар нэгэн байдлаар няцаагаагүй бөгөөд ямар нэгэн хууль зүйн үндэслэлтэй тайлбарыг өгөөгүй.

Зөрчлийн тухай хуулиар шийтгүүлсэн нь даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл болохгүй. Харин тухайн даатгалын тохиолдол үүссэн нөхцөл байдал нь санаатай гэдэг нь тогтоогдвол хариуцагчийн Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д заасан үндэслэлээр татгалзаж байгаа нь үндэслэлтэй болох юм.

Мөн тухайн шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан талаарх баримт байхгүй гэж шүүхээс үзсэн. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн галыг ил галаас үүдэлтэй гэдэгтэй маргадаггүй бөгөөд мөн санаатай үйлдэл эсэхтэй холбоотой ямар нэгэн шинжээчийн дүгнэлт, шийтгэлийн хуудас байгаагүй учир шүүхэд гомдол гаргах шаардлага байхгүй.

Талуудын хооронд байгуулагдсан даатгалын ерөнхий гэрээ болон даатгалын дэд гэрээнүүдэд заасан эрх үүрэг, нөхөн төлбөр олгох болон олгохгүй нөхцөл, хязгаарлалт, ямар төрлийн даатгалын эрсдэлээс хамгаалагдах, даатгалын тохиолдол үүссэн үед ямар арга хэмжээ авах, даатгалын гэрээний хугацаа дуусах, сунгах, цуцлах нөхцөл зэргийг ойлгосон эсэхийг тодруулсан асуулгын хуудсыг бөглүүлэх ёстой байсан хэдий ч тухайн асуулгын хуудсыг бөглүүлээгүй. Тухайн үед асуулгын хуудас бөглүүлээгүй нь даатгуулагч гэрээний нөхцөл тэр тусмаа нөхөн төлбөр олгох нөхцөлийг ойлгоогүй гэж үзэж байна.

Энэ нь даатгагч нь Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6-д даатгалын хууль тогтоомж, гэрээний нөхцөлийг даатгуулагчид танилцуулах гэсэн үүргээ биелүүлээгүй учир даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах нь үндэслэлгүй.

Даатгалын ерөнхий гэрээний 7.1.7 дахь заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд :

Даатгалын тухай хуулийн зорилго нь даатгуулагчийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршдог мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д даатгагч нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болох нөхцөлүүдийг зааж өгсөн бөгөөд эдгээр үндэслэлээр л нөхөн төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг олгохоос татгалзахаар хуульчилсан.

Гэтэл гэрээний уг заалтад хуульд байхгүй, байх ч боломжгүй нөхцөлийг оруулсан нь даатгалын ямар нэгэн тохиолдолд үүсэхэд гэрээний дээрх заалтаар хариуцагчийн зүгээс хэзээ ч ямар ч нөхөн төлбөр төлөхгүй байх нөхцөл үүсэхээр хууль бус заалт гэж үзэж байна.

Мөн Даатгалын тухай хуулийн 4.1.1-д даатгалын үйл ажиллагаа гэж даатгалын гэрээний дагуу даатгагч нь даатгалын тохиолдол үүсэхэд учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүргийг тодорхой этгээдийн өмнө хүлээж буй үйл ажиллагааг, 4.1.2-д даатгагч гэж энэ хуулийн дагуу даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан компанийг тодорхойлсон бөгөөд хариуцагч ХХК нь даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан компани боловч их хэмжээний даатгалын нөхөн төлбөр гаргуулах тохиолдолд уг заалт нь даатгалын үйл ажиллагаа эрхлэх үндсэн үйл ажиллагаанд нь харшилсан буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д зааснаар хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл учир тухайн заалт нь хүчин төгөлдөр бус гэж үзэж байна.

Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

...талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.1.7 болон 7.1.9 дэх заалтыг тус тус үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Даатгуулагч нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн бөгөөд гэрээний 7.1.9-д зааснаар даатгалын тохиолдол бий болох, бий болохуйц нөхцөл орчныг бүрдүүлсэн, ихэсгэсэн, түүнчлэн мэдэгдэж буй болон мэдэх боломжтой эрсдэлээс зайлсхийгээгүйн улмаас хохирол учирсан гэх үндэслэлээр татгалзсан гэсэн үг.

... Шинжээчийн дүгнэлтээр зөвхөн галын шалтгааныг тогтоосон. Гал гарсан нь ил галаас болсон гэж тогтоосон. Харин зөрчлийн шийтгэх хуудсаар ямар хууль, дүрмийг зөрчсөн эсэх асуудлыг шийдвэрлэж Зөрчлийн тухай хуулийн 5.14.1 гэх заалтаар торгуулсан. Иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах шаардлагыг зөрчсөн гэж үзсэн. Зөрчлийн шийтгэх хуудсаар ******* ХХК-ийг торгосон. Бид нэхэмжлэгч компанитай байгуулсан гэрээний хүрээнд буюу гэрээнд заасан үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Хийн тоног төхөөрөмжийг эзэнгүй, хараа хяналтгүй орхиж явсны улмаас гал гарсан бөгөөд гал гарснаас үүдэлтэйгээр даатгалын тохиолдлын нөхөн төлбөрийг ихэсгэсэн үйлдэл бий болсон. Галын хор болон галын автомат системүүд нь ажиллаагүйн улмаас нөхөн төлбөр байх ёстой хэмжээнээсээ ихэссэн.

...Бид даатгалын гэрээний нөхцөлийг даатгалын менежерээр дамжуулан өгсөн бөгөөд тухайн нөхцөл дээр нь ямар эрсдэлийг тооцох, ямар хураамжаар даатгуулах гэх мэт асуудлыг харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээ байгуулсан. Гэрээг танилцуулсан болох нь талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр нотлогдож байгаа гэж үзэж байна. Гэрээг харвал, үл хөдлөх эд хөрөнгийн даатгалын дэд гэрээ гэх гэрээгээр 4 эрсдэлийг давхар хамгаалж байх ёстой буюу 4 тусдаа бүтээгдэхүүнээр хамгаалагдах ёстой байсан. Хөрөнгийн даатгал, бизнес тасалдлын даатгал, бэлэн мөнгөний даатгал, терроризмын даатгал гэсэн 4 даатгалыг нэг гэрээгээр зохицуулж байгаа гэсэн үг. Өмнөх харилцаа буюу даатгуулагчаас өгсөн саналыг үндэслэн бид энэ гэрээг нэгтгэж 1 гэрээ болгон, хураамжийг нь бага хэмжээгээр буюу 50,000,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлийг 20,000,000 төгрөгөөр 4 даатгалын тусдаа бүтээгдэхүүнээр даатгасан. ...Нэхэмжлэгчийн асуулгын хуудас бөглүүлж, тайлбарлаагүй гэж маргаж буй гэрээний 7.1.7 дахь заалт нь хууль зөрчиж болохгүй гэсэн заалт юм. Даатгалын компани нь аливаа үйл ажиллагаа, ямар ч төрлийн эрсдэлийг даатгасан ч даатгуулагчийг хууль зөрчихийг хүлээн зөвшөөрч болохгүй. Даатгалын гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр буюу хуульд заасан үндэслэлээр байгуулагдсан. Даатгалын тохиолдол үүссэний дараа бид нөхөн төлбөр олгохдоо хуульд заасан үндэслэлийн дагуу хууль зөрчөөгүй үйлдэл дээр нөхөн төлбөр олгодог. Бид хууль зөрчсөн үйлдэлд нөхөн төлбөр олгох үндэслэлгүй гэж үзэж байна. Үүнийг Санхүүгийн зохицуулах хороо хянан шийдвэрлэсэн ба даатгалын тохиолдол буюу гэрээний 7.1.7 болон 7.1.9-д заасан нөхцөлүүд буюу хууль тогтоомж зөрчсөн үйлдэл, түүнээс үүдэн хохирол учирсан тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй байх нь үндэслэлтэй байна гэх хууль зүйн утгаар нь шийдвэрлэх ёстой гэж үзэж байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 5.1.1-д ...хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус байна... гэж заасан. Хэрэв бид хууль зөрчихийг хүлээн зөвшөөрвөл энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг хүлээн зөвшөөрөх үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д заасныг дурдаж, даатгалын байгууллага даатгалынхаа үндсэн үйл ажиллагааг зөрчсөн гэж нэхэмжлэгч тал тайлбарласан. Бид үндсэн үйл ажиллагаагаа зөрчөөгүй бөгөөд тухайн этгээдийн тодорхой эрсдэлийг гэрээнд заасан үндэслэл, эрх үүрэг, нөхөн төлбөр олгох болон олгохгүй нөхцөлийн хүрээнд гэрээ байгуулсан. Энэ бол даатгалын компанийн үндсэн үйл ажиллагаа юм. Гэтэл гэрээнд заасны дагуу нөхөн төлбөр ийм хэмжээтэй гарсан тохиолдолд нөхөн төлбөрийг олгоно гэсэн. Гэрээний холбогдох заалтыг ашигласнаар ямар ч нөхөн төлбөр олгохгүй байх үндэслэлтэй гэж маргасан. Гэвч нийтэд нээлттэй байгаа мэдээллээс харвал, ******* ХК нь 2025 оны 3 дугаар улирлын байдлаар 4,000,000,000 төгрөгийн нөхөн төлбөр олгосон. 7.1.7 дахь заалт манай бүх гэрээнд ашиглагддаг. Бид даатгалын тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд гэрээ байгуулсан, тухайн гэрээнийхээ хүрээнд үйл ажиллагаа явуулсан. Иймд, хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 273,983,802 төгрөг гаргуулах, 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 19921090014 дугаартай даатгалын ерөнхий гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцаг эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хууль болон талуудын байгуулсан даатгалын гэрээг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулна.

3. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* ХХК нь 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хариуцагч ******* ХХК-тай дараах даатгалын гэрээг байгуулжээ. Үүнд;

 

3.1. даатгалын ерөнхий гэрээ,

3.2. үл хөдлөх эд хөрөнгийн даатгалын гэрээ,

3.3. эд хөрөнгийн даатгалын гэрээ,

 

мөн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр

3.4. үл хөдлөх хөрөнгө, бизнес тасалдлын даатгалын гэрээ,

3.5. эд хөрөнгө, бизнес тасалдлын даатгалын гэрээ,

3.6. байгууллагын ерөнхий хариуцлагын даатгалын гэрээг тус тус байгуулсан. /1.х.х-ийн 9-37/

 

Тодруулбал, үл хөдлөх эд хөрөнгө болон эд хөрөнгийн даатгалын гэрээний хавсралт дахь даатгагдсан эд хөрөнгөд даатгалын тохиолдлын улмаас хохирол учрах, мөн нэхэмжлэгч буюу даатгуулагчийн үйл ажиллагаанаас гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирсан тохиолдолд тус тус даатгалын нөхөн төлбөр олгохоор, үүнээс гадна нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгөд хохирол учирсантай холбоотойгоор бизнесийн үйл ажиллагаа тасалдаж, улмаар үйл ажиллагааны орлого буурсан бол даатгахаар тохирсон ба эдгээр даатгалууд Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасан сайн дурын даатгалын төрөл-д хамаарна. /2.х.х-ийн 133-187/

 

4. Зохигч шүүхэд гаргасан тайлбартаа даатгуулагч ******* ХХК нь даатгагч ******* ХХК-д даатгалын хураамжийг зохих ёсоор төлсөн талаар маргаагүй, гагцхүү даатгалын тохиолдол болсон болон үүнд даатгуулагч тал буруутай эсэх талаар маргасан.

 

Хэрэгт авагдсан баримтаар;

 

4.1. Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу хаягт байрлах нэхэмжлэгч ******* ХХК-ийн ******* зочид буудлын 2 дугаар давхарт Food exchange хоолны газарт 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 12:08 цагийн орчимд ил гал гарч, улмаар сорох хоолойгоор дамжин уян холбоос зэргээр бусад өрөө тасалгаанд тархсан, /1.х.х-ийн 105-106/

 

4.2. Мөн 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 13:17 цагийн орчимд дээрх зочид буудлын 1 дүгээр давхарт ******* хоолны газарт ил гал гарч, мөн адил сорох хоолойгоор дамжин тархсан байна. /1.х.х-ийн 43-44/

 

Нэхэмжлэгч нь 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн галын улмаас 110,367,763 төгрөгийн эд хөрөнгийн хохирол, 78,392,305 төгрөгийн бизнесийн орлогын тасалдал, түүнчлэн 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн галын улмаас 37,825,673 төгрөгийн эд хөрөнгийн хохирол, 47,398,062 төгрөгийн бизнесийн орлогын тасалдал үүссэн гэж тайлбарласан.

 

5. Нэхэмжлэгч компанийн зочид буудлын 1 болон 2 давхарт байрладаг хоолны газарт 2 удаа гал гарсны учир шалтгааныг хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараас үзвэл;

 

5.1. 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн галын хувьд тогооч гал гарсан өрөөнөөс өөр өрөө рүү явж хоолны материал авч ирэх хооронд халуун тос тогооноос хальж, асаж байсан хийн зууханд гал авалцаж, сорох хоолойгоор дамжсан бол,

 

5.2. 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн галын хувьд ажилтан хийн зуух дээр халааж байсан тосыг орхин явж өдрийн хоолоо идэх хооронд халуун тос тогооноос хальж, мөн адил асаж байсан хийн зууханд гал гарч, сорох хоолойгоор дамжин гал түймэр гарчээ. /1.х.х-ийн 43-44, 105-106/

 

Нэхэмжлэгчийн зүгээс эдгээр гал гарсны шалтгааныг гэнэтийн буюу урьдчилан мэдэх боломжгүй нөхцөл байдал /эхний гал/ болон ажилчдын санамсар болгоомжгүй үйлдэл /хоёр дахь гал/ нөлөөлсөн гэсэн бол, хариуцагч нь нэхэмжлэгчийг даатгалын тохиолдол бий болгох нөхцөл байдлыг өөрөө бий болгосон, хохирлын хэмжээ нэмэгдэхэд даатгуулагчийн буруутай үйлдэл нөлөөлсөн гэж маргаж байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмаар даатгуулагч ******* ХХК-ийг галын аюулгүй байдлын дүрэм, журам зөрчсөн гэдгийг төрийн эрх бүхий байгууллагаас тогтоосон гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зохигчийн байгуулсан даатгалын гэрээ, даатгалын тохиолдол бий болсон нөхцөл байдал, даатгагч тал тодорхой эрсдэлийг даатгасан байсан эсэх зэргийг тус тус анхаараагүй байна.

 

6. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1-д Гэм хорын даатгалаар даатгагч нь даатгуулагчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, эд хөрөнгийн бус ашиг сонирхолд учирсан гэм хорыг даатгалын үнэлгээний хэмжээгээр мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх үүрэг хүлээнэ гэж заажээ.

 

6.1. Талуудын байгуулсан үл хөдлөх хөрөнгийн даатгалын гэрээ болон эд хөрөнгийн даатгалын гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1-т Даатгагч нь даатгалын зүйлийг дараах эрсдэлүүдээс даатгах бөгөөд доорх эрсдэлүүд учирсныг даатгалын тохиолдол гэж үзнэ гээд 1.1-д Гал түймэр, дэлбэрэлт гэж, мөн 1.5-д Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдлээс үүссэн хохирол гэж тус тус зааснаас үзвэл гал түймэр болон бусад этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бий болсон эрсдэлийг, /1.х.х-ийн 16, 20/

 

6.2. Мөн үл хөдлөх хөрөнгө болон эд хөрөнгө, бизнес тасалдлын даатгалын гэрээний 11 дүгээр зүйлийн 11.1-д Даатгагч нь даатгалын зүйлийг дараах эрсдэлүүдээс даатгах бөгөөд эдгээр эрсдэл учирсныг даатгалын тохиолдол гэж үзнэ гээд 1.1-д Галын эрсдэл гэж, түүнчлэн 12 дугаар зүйлийн даатгалын нэмэлт эрсдэл гэсэн хэсгийн 1-д Гуравдагч этгээдийн учруулах эрсдэл /хорлон сүйтгэх үйл ажиллагаа, санамсаргүй үйлдэл/ гэж, 3-т Ажилчдын санамсар болгоомжгүй үйлдэл гэж тус тус зааснаас үзвэл гал түймэр болон гуравдагч бусад этгээдээс гадна ажилчдын санамсар болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бий болсон эрсдэлийг даатгахаар тохирчээ. /1.х.х-ийн 24-25/

 

Гэвч зохигчийн хооронд 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгө болон эд хөрөнгө, бизнес тасалдлын даатгалын гэрээний үйлчлэх хугацаа мөн өдрийн 00:00 цагаас 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 23:59 цагт хүртэл байх тул энэ гэрээ нь хүчин төгөлдөр болохоос өмнө бий болсон даатгалын тохиолдолд үйлчлэхгүй.

 

Тийм учир нэхэмжлэгчийн ...бизнесийн тасалдлын даатгалын нөхөн төлбөрийг 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан даатгалын гэрээний галын болон ажилчдын санамсар болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн эрсдэл гэж үзэж нэхэмжилж байна... гэх тайлбар үндэслэлгүй.

 

7. Харин талуудын 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгийн даатгалын гэрээ болон эд хөрөнгийн даатгалын гэрээний хүчинтэй байх хугацаа /2021.09.15 - 2022.09.14/-нд даатгагдсан зүйлд гал гарсан байх тул энэ гэрээний хүрээнд нөхөн төлбөр олгох эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн тайлбарыг тус тус үндэслэн шийдвэрлэх нь зөрчил шалган шийдвэрлэсэн хэрэгтэй зөрчилдөхгүй. Учир нь,

 

Гал гарсан үйл явдалд даатгуулагч этгээд ямар ч тохиолдолд холбоогүй буюу огт буруугүй байх ёстой гэсэн шаардлага нь даатгалын мөн чанарт нийцэхгүй. Энэ тохиолдолд нэхэмжлэгч буюу даатгуулагчийн санаатай, эсхүл илтэд болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй даатгалын тохиолдол бий болоход нөлөөлсөн эсэхийг тогтоох учиртай.

Энэ талаар Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн, 8.5.3-д даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан тохиолдолд даатгагч нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж эрхтэй байхаар тодорхой заасан байдаг.

 

8. Энэхүү магадлалын 5-д дурдсанаар талуудын байгуулсан үл хөдлөх хөрөнгийн даатгалын гэрээ болон эд хөрөнгийн даатгалын гэрээнд галын эрсдэлийг даатгалын тохиолдолд хамруулсан учир хариуцагчийн ...гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол учирсан... гэсэн татгалзал үндэслэлгүй.

 

Тодруулбал, зохигчийн байгуулсан гэрээнд галыг үндсэн эрсдэлд тооцсон бөгөөд тухайлсан байдлаар хязгаарлаагүй байх тул Галын аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д гал түймэр гэж гал хараа хяналтаас гарч, хүний амь нас, эрүүл мэнд, хувь хүн, хуулийн этгээдийн эд хөрөнгө, байгаль орчин, нийгэмд хохирол учруулахыг гэж, 3.1.14-т объектын гал түймэр гэж бүх төрлийн өмчийн хэлбэрийн барилга байгууламж, эд хөрөнгө, тоног төхөөрөмжид гарсан гал түймрийг хэлнэ гэсэн утгаар ойлгож тайлбарлана.

 

Харин дээрх үл хөдлөх хөрөнгийн даатгалын гэрээ болон эд хөрөнгийн даатгалын гэрээний 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдлээс үүссэн хохирол гэсэн зохицуулалтад ажилтан нь даатгуулагч байгууллагын нэг хэсэг байдаг тул нэхэмжлэгч ******* ХХК-ийн ажилтнуудыг гуравдагч этгээдэд хамааруулахгүй.

 

Тиймээс нэхэмжлэгчийн ...ажилтны санамсар болгоомжгүй үйлдэл даатгагдсан..., гал гарсан учир шалтгааныг ажилтны үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой... гэсэн тайлбарыг хүлээн авахгүй.

 

9. Талуудын байгуулсан даатгалын ерөнхий гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.1-д ...аливаа тохиолдол бий болсон үед түүний шалтгаан, нөхцөлийг судлах зорилгоор газар дээрх үзлэг хийх, ...даатгуулагчийн тайлан, баримтыг шалгах, шаардах, эрх бүхий байгууллагаар шалгуулах... гэж заасныг үндэслэн даатгагч ******* ХХК-ийн бүрдүүлсэн баримтад:

 

9.1. нэхэмжлэгч ******* ХХК-ийн галын аюулгүй байдлын инженер н.ы өгсөн ...гал гарсан хэсгийн зоон дээр байрлах гал унтраах ансул системийн мэдрэгч ажилладаггүй байсан, гал гарсны дараа гар ажиллагааг татаж шалгаж үзсэн, механик ажиллагаа бол хэвийн байсан гэх тайлбар, /1.х.х-ийн 130/

 

9.2. гал гарах үед гал тогоонд ажиллаж байсан тогтооч ын өсгөн ...03 сарын 24-ний 11:50 цагийн орчимд хоолоо хийх гээд тосоо халааж байсан, тэгээд хоол хийх махаа чанаж байсан, чанасан махаа авах гээд хойд талын гал тогоо руу яваад махаа шүүгээд ирсэн чинь тогоонд байсан тос хальж их хэмжээгээр гал гарсан байсан, манай гал тогооны зөөгчийн авч ирж өгсөн 2 галын хор хоёулаа хоосон байсан, газ алддаг байсан, үнэртээд байдаг байсан, урьд хэд хэдэн удаа хэлэхэд үзээд зүгээр байна гээд тоодоггүй байсан, аюулгүй ажиллагааны сургалт сард 2 удаа зохион байгуулдаг боловч ганцаараа тогоочоор ажилладаг учир сургалтад сууж чадаагүй гэх тайлбар, /1.х.х-ийн 133/

 

9.3 Гамшиг, гал түймрээс хамгаалах Монголын нийгэмлэг төрийн бус байгууллагын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 22/110 дугаартай дүгнэлтэд ...зуухны дээр байрлах галын дохиоллын мэдээлэгч хушуу болон гал унтраах автомат төхөөрөмжийн үйл ажиллагаа хэвийн бус, гал гарсан үед ажиллагаагүй байдалтай байв... гэх дүгнэлт тус тус авагджээ. /1.х.х-ийн 138-139/

 

Үүнээс үзвэл нэхэмжлэгч ******* ХХК нь 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гал гарахад урьдчилан хамгаалах байдлаар гал унтраах систем ажилладаггүй, галын хор байдаггүй, ажилтнуудаа галын аюулгүй байдлын сургалтад хамруулаагүйгээс гарсан гал хяналтаас гарсан, улмаар хохирлын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2. Галын аюулгүй байдлыг хангах талаар аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага дараах үүрэг хүлээнэ гээд 17.2.4. ажилтан, алба хаагчийг гал түймрээс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, гал түймэр унтраах арга ажиллагаанд сургах, мэдлэгийг нь дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх гэж, 23 дугаар зүйлийн 23.2-т Барилга байгууламжийн гал түймрээс хамгаалах тусгай тоног төхөөрөмж, утаа зайлуулах, усан хангамж, зарлан мэдээлэх системд тавих шаардлагыг галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичигт заасны дагуу мөрдөнө гэж,

 

Галын аюулгүй байдлын дүрмийн 2 дугаар зүйлийн 2.37-т Аж ахуйн нэгж, байгууллага, галын аюулгүй байдлыг хариуцсан ажилтан гал түймэр гарсан үед гал түймэр унтраах, аврах анги хүрэлцэн иртэл дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гээд 2.37.2-т галын мэдээллийн систем, гал унтраах автомат систем, утаа зайлуулах систем  ажиллаж эхэлсэн эсэхийг шалгах гэж тус тус заасан.

 

Иймээс хариуцагч нь ...даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн, хохирлын хэмжээ нэмэгдэхэд нэхэмжлэгчийн буруутай үйлдэл нөлөөлсөн... гэсэн үндэслэлээр 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гарсан галын улмаас учирсан хохиролд нэхэмжилсэн 188,760,067 төгрөгийг олгохоос татгалзсан нь үндэслэлтэй байна.

 

10. Иргэний хуулийн 436 дугаар зүйлийн 436.1-д Даатгуулагч нь гэрээ байгуулахдаа өөрийн мэдэж байгаа аюул учруулах буюу даатгалын тохиолдол бий болоход нөлөөлж болох ноцтой нөхцөл байдал, түүнчлэн гэрээ байгуулснаас хойш бий болсон ийм нөхцөл байдлын талаар даатгагчид нэн даруй мэдээлэх үүрэгтэй гэж, мөн 436.2-т Даатгагч нь гэрээнээс татгалзах буюу гэрээний агуулгыг өөрчлөх шийдвэр гаргахад нөлөөлж болох, ...нөхцөл байдлыг ноцтойд тооцно гэж тус тус заасан.

 

Тодруулбал, даатгагч ******* ХХК нь даатгуулагч ******* ХХК-ийн ******* зочид буудлын 2 дугаар давхрын хоолны газарт гал гарсны дараагаар тус компанийн ажилтнууд өдөр тутам галтай харьцдаг /тогооч, хийн зуух/, тийм боловч гал унтраах систем ажилладаггүй, ажилтнууд нь галын аюулгүй ажиллагааны сургалтад зохих ёсоор хамрагдаагүй, галын аюултай нөхцөл байдлын үед хариу арга хэмжээ авах туршлага байхгүй, түүнчлэн галын хор хүрэлцээгүй гэх зэргийн талаар мэдсэн байх тул хариуцагчийг гэрээг цуцлах, аль эсхүл нэмэлт, өөрчлөлт оруулах ноцтой нөхцөл байдлын талаар мэдсэн гэж үзнэ.

 

11. Иргэний хуулийн 436 дугаар зүйлийн 436.3-т Даатгуулагч энэ хуулийн 436.1-д заасан үүргээ биелүүлээгүй бол даатгагч нь гэрээнээс татгалзах, эсхүл энэ тухай мэдсэнээс хойш 1 сарын дотор гэрээг цуцлах буюу даатгалын хураамжийг зохих хэмжээгээр нэмэгдүүлэхийг шаардах эрхтэй. Харин даатгуулагч аюулыг санаатайгаар ихэсгэсэн бол даатгагч гэрээг хэдийд ч цуцалж болно гэж, 436.4-т Даатгуулагч энэ хуулийн 436.2-т заасан ноцтой нөхцөл байдлын тухай мэдээлэх гэж байхад даатгагч санаатайгаар зайлсхийсэн, эсхүл даатгагч тухайн нөхцөл байдлын талаар мэдэж байсан бол энэ хуулийн 436.3-т заасан журам үйлчлэхгүй гэж тус тус заасан.

 

Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар хариуцагч нь нэхэмжлэгчийн даатгуулсан хөрөнгөд аливаа эрсдэл /гал түймэр/ учирч болох ноцтой нөхцөл байдлын талаар мэдсэн хэдий ч даатгалын гэрээг цуцлаагүй, мөн даатгалын хураамжийн хэмжээг нэмэгдүүлээгүйгээс гадна эрсдэлийг бууруулах талаар даатгуулагчид мэдэгдэл, шаардлага хүргүүлж байгаагүйгээ, хожим 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн гэрээгээр ажилчдын санамсар болгоомжгүй үйлдлийг нэмэлтээр даатгасан байгаа зэргээс үзвэл тухайн эрсдэлийг байгаагаар нь даатгасан гэж үзэхээр байна.

 

Иймд, дээрх үндэслэлээр 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр гарсан галын улмаас даатгуулагчид учирсан хохирлыг даатгагч нь хариуцах ёстой гэж дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

12. Талуудын байгуулсан 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн үл хөдлөх хөрөнгийн даатгалын гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2.1-д Бизнес тасалдал 24 сар гэж, 10 дугаар зүйлийн 10.2-т Үндсэн эрсдэлд даатгуулагчийн хариуцах хэсэг нь хөрөнгийн даатгалын хувьд эхний 2,500,000 төгрөг байх ба түүнээс давсан хохирлын 10% байна гэж, 10.3-т Нэмэлт эрсдэлийн бизнес тасалдлын хамгаалалтын хариуцах хэсэг эхний 14 өдөр ...байна гэж тус тус заажээ.

 

Дээр дурдсан зохицуулалтаас үзвэл хариуцагч нь галын улмаас нэхэмжлэгчийн даатгуулсан эд хөрөнгөд хохирол учирсан тохиолдолд даатгалын нөхөн төлбөр олгохоос гадна бизнесийн үйл ажиллагаа тасалдаж, үйл ажиллагааны орлого буурсан бол мөн тохирсон хэмжээгээр нөхөн төлбөр олгох үүрэг хүлээсэн байна.

 

Өөрөөр хэлбэл, энэхүү магадлалын 5.2-т дүгнэснээр хэдийгээр маргаан бүхий даатгалын тохиолдолд 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан бизнесийн тасалдлын даатгалын гэрээ нь үйлчлэхгүй боловч хариуцагч нь 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн даатгалын гэрээгээр нэхэмжлэгчийн бизнесийн тасалдлыг даатгажээ.

 

13. Хариуцагч нь 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр даатгалын тохиолдол бий болсонтой холбоотой хохирлын хэмжээ болох 85,223,735 төгрөг /бизнес тасалдлын нөхөн төлбөрт рестораны 3 сарын ашиг орлогын тооцоог гарган дундажлаж, 47,398,062 төгрөг, хөрөнгийн даатгалын нөхөн төлбөрт засварын зардалд 37,825,673 төгрөг/-тэй маргаагүй ба нэхэмжлэгч нь ...500,000,000 гаруй төгрөгийн нэхэмжлэл гаргах гэж байхад талууд 271,000,000 төгрөгөөр тохиролцсон... гэх тайлбарыг няцаагаагүй учир талууд даатгалын гэрээнд заасан даатгуулагчийн хариуцах хэсгийг хассан гэж үзнэ.

 

Тиймээс даатгагч ******* ХХК-аас даатгалын нөхөн төлбөрт 85,223,735 төгрөгийг гаргуулан даатгуулагч ******* ХХК-д олгож шийдвэрлэнэ.

 

14. Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан даатгалын ерөнхий гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.9-д зааснаар хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах гомдлыг хангахгүй.

 

Тодруулбал, даатгуулагч этгээд хууль болон гэрээгээр хүлээсэн дүрэм, журмыг зөрчсөн нь түүний санаатай болон илтэд болгоомжгүй үйлдэлтэй холбоотой, мөн даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн байх тохиолдолд даатгагч нь нөхөн төлбөрийг олгохоос татгалзах эрхтэй тул энэхүү зохицуулалтыг хуулийн хориглосон хэм хэмжээ болон даатгалын үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчсөн гэж шууд дүгнэх боломжгүй юм.

 

Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 3/1517 дугаартай албан бичигт даатгалын ерөнхий гэрээний 7.1.6, 7.1.7, 7.1.9-д заасан нөхцөлүүдийг тайлбарласан даатгагчийн тайлбар үндэслэлтэй гэж үзэхээр байна гэснийг дурдах нь зүйтэй.

 

15. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт доорх өөрчлөлтийг оруулна. Үүнд:

 

Анхан шатны шүүх даатгалын ерөнхий гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт холбогдох хуулийн заалтыг баримтлаагүй, нэхэмжлэгчийн шаардах эрхэнд хамааралгүй заалт болох Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5, 8.5.1 дэх хэсгийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байгааг залруулна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 191/ШШ2025/05559 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.9-д тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 85,223,735 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 188,760,067 төгрөгт холбогдох хэсэг болон даатгалын ерөнхий гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

2 дахь заалтад ...үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагчаас 584,069 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,598,069 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Б.МАНДАЛБАЯР