Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2025/02027

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/06957 дугаар шийдвэртэй,

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

******* ХК-д холбогдох,

 

Даатгалын гэрээний үүргээ биелүүлээгүйгээс хохиролд 173,990,233 төгрөг гаргуулах үндсэн, нөхөн төлбөрт олгосон 18,750,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

...******* ХХК-ийн төлбөр тасалдлын хэвийн байдлыг даатгасан 90С1820007282 дугаартай гэрээний тухайд 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр даатгалын тохиолдол бий болж, 5 хоногийн дотор нөхөн төлбөрийг олгох үндэслэлтэй байсан боловч тус үүргээ биелүүлээгүй. Улсын дээд шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 698 дугаар тогтоолоор ******* ХК нь ******* ХХК-ийн төлбөр тасалдлын даатгалын нөхөн төлбөрт 324,397,500 төгрөгийг ******* ХХК-д олгохоор эцэслэн шийдвэрлэсэн.

Тус хохирлыг даатгалын нөхөн олговор 324,397,500 төгрөгийг нэхэмжлэгчид олгох ёстой байсан өдөр болох 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс төлбөр төлөгдсөн өдөр буюу 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүртэл Монгол банкны хадгаламжийн жигнэсэн дундаж хүүгээр тооцоход 90,356,707 төгрөгийн хүү авах боломжтой байсан байна.

******* ХХК-ийн төлбөр тасалдлын хэвийн байдлыг даатгасан 90С1820007284 дугаартай гэрээний тухайд 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр даатгалын тохиолдол бий болсон бөгөөд үүнээс хойш ажлын 5 хоногийн дотор нөхөн төлбөрийг олгох үндэслэлтэй байсан боловч тус үүргээ биелүүлээгүй. Улсын Дээд шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 690 дугаар тогтоолоор ******* ХК нь ******* ХХК-ийн төлбөр тасалдлын даатгалын нөхөн төлбөрт 303,345,000 төгрөгийг ******* ХХК-д олгохоор эцэслэн шийдвэрлэсэн.

Тус хохирлыг даатгалын нөхөн олговор 303,345,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгох ёстой байсан өдөр болох 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс төлбөр төлөгдсөн өдөр буюу 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүртэл Монгол банкны хадгаламжийн жигнэсэн дундаж хүүгээр тооцоход 83,633,526 төгрөгийн хүү авах боломжтой байсан.

Иймд, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт зааснаар нийт 173,990,233 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ. 

  

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

...Монгол асфалт ХХК-тай холбоотой 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 90С1820007284 тоот даатгалын гэрээгээр ******* ХХК болон Монгол асфалт ХХК-ийн хооронд байгуулагдсан газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн тасалдлыг даатгасан бөгөөд уг даатгалын гэрээний нөхөн төлбөртэй холбоотой иргэний хэргийн маргааныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/00672 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 940 дугаар магадлалаар ******* ХК-иас 303,345,000 төгрөг гаргуулж ******* ХХК-д олгохоор эцэслэн шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр бүрэн биелэгдсэн.

Мөн ******* ХХК-тай холбоотой 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 90С1820007282 тоот даатгалын гэрээгээр ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн тасалдлыг даатгасан бөгөөд уг даатгалын гэрээний нөхөн төлбөртэй холбоотой иргэний хэргийн маргааныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2019/00888 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1054 дугаар магадлалаар ******* ХК-иас 324,397,500 төгрөг гаргуулж ******* ХХК-д олгохоор эцэслэн шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр бүрэн биелэгдсэн.

Нэхэмжлэгч нь өөрийн зөрчигдсөн эрхийг 3 шатны шүүхээр сэргээн тогтоолгож, хохирол төлбөрийг хүлээн авсан хэр нь дахин уг гэрээний үүрэгтэй холбоотойгоор шаардлага гаргасан нь хуульд нийцэхгүй, үндэслэлгүй байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

...******* ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* ХХК болон нарт холбогдох газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой хэрэг маргааныг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2019/00803 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1269 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2020 оны 11 дугаар сарын 10-ны өдрийн 00784 дугаар тогтоолоор ******* ХХК-иас 942,397,517 төгрөг гаргуулж, ******* ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэр нь 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар бүрэн биелэгдэж, дуусгавар болсон байдаг.

Харин ******* ХК нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ******* ХХК-д ******* ХХК-ийн төлбөр тасалдалд 18,750,000 төгрөгийн нөхөн төлбөрийг даатгалын гэрээний дагуу олгосон. Гэтэл ******* ХХК нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.4-т заасны дагуу гарсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн атлаа даатгагчаас нөхөн төлбөр авч үндэслэлгүй хөрөнгөжсөн байна.

Иймд, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.4, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т тус тус заасны дагуу даатгалын нөхөн төлбөрт олгосон 18,750,000 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-аас буцаан гаргуулж өгнө үү гэжээ

 

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Хариуцагч нь ******* ХХК-ийн даатгалын гэрээтэй холбоотойгоор сөрөг нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн даатгалын гэрээтэй холбоотой гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэх үндэслэлгүй, жич нэхэмжлэх нь зүйтэй гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХК-иас 36,199,249 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Паламиномандах ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 137,790,984 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-иас 18,750,000 төгрөг гаргуулж хариуцагч ******* ХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,677,724 төгрөг, хариуцагчаас төлсөн 251,700 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 338,946.24 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 251,700 төгрөг гаргуулж хариуцагчид тус тус олгож шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

...шүүхийн шийдвэрээр ******* ХХК-ийн төлбөр тасалдлын даатгалын нөхөн төлбөр төлөгдөх 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 6 дугаар сар хүртэл хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү болох 17,492,619 төгрөг, "*******" ХХК-ийн төлбөр тасалдлын даатгалын нөхөн төлбөр төлөгдөх 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 6 дугаар сар хүртэл хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү болох 18,706,630 төгрөг, нийт 36,199,249 төгрөг гэж шийдвэрлэгдсэн. Тус тооцоололд 125,000 төгрөг дутуу тооцоологдсон байх тул 125,000 төгрөг нэмж 36,324,249 төгрөг гаргуулах агуулгаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээг аливаа дарамт, шахалтын нөлөөгүйгээр байгуулсан гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХК-д холбогдуулан даатгалын гэрээний үүргээ биелүүлээгүйгээс хохиролд 173,990,233 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нөхөн төлбөрт олгосон 18,750,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргажээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХК-иас 36,199,249 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 137,790,984 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-иас 18,750,000 төгрөг гаргуулж хариуцагч ******* ХК-д олгож шийдвэрлэжээ.

 

3. Дээрх шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасныг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад талууд маргааны зүйлийн талаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Тодруулбал, уг эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч нь 173,990,233 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын 162,990,233 төгрөг холбогдох хэсгээс татгалзаж, улмаар нэхэмжлэлийн шаардлагаа 11,000,000 төгрөг болгон багасгаж, хариуцагч нь 18,750,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэгчид 11,000,000 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах, энэхүү эвлэрлийн гэрээтэй холбоотойгоор талуудын хооронд төлбөр тооцоо гарахгүй бөгөөд хэн аль нь цаашид маргах, нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг хүлээн зөвшөөрч харилцан тохирсон байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд зохигч эвлэрэх эрхтэй бөгөөд талуудын эвлэрлийн гэрээний нөхцөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/06957 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,

 

нэхэмжлэгч нь 173,990,233 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын 162,990,233 төгрөг холбогдох хэсгээс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа 11,000,000 төгрөг болгон багасгаж, хариуцагч нь 18,750,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэгчид 11,000,000 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах, энэхүү эвлэрлийн гэрээтэй холбоотойгоор талуудын хооронд төлбөр тооцоо гарахгүй бөгөөд хэн аль нь цаашид маргах, нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг хүлээн зөвшөөрч харилцан тохирсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 291,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Б.МАНДАЛБАЯР