Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 150

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2019         05              14                                          2019/ШЦТ/150                               

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга У.Золчимэг, 

улсын яллагч Б.Эрхэмбаяр,

шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч Л.Нарангэрэл,

хохирогч Г.Батбаяр, түүний өмгөөлөгч Д.Хатанбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн М.Эад холбогдох эрүүгийн 1834002820448 дугаартай хэргийг 2019 оны 04 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

      

                                  Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн 1979 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, 3 хүүхдийн хамт, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 201-180 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, ШГ79052376 дугаарын регистртэй, Б овгийн М.Э

 

                                    Холбогдсон хэргийн талаар

                                  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч М.Э нь Төв аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар багийн нутаг “Нуурын хөндий” гэх газарт 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр “Евро фарм” ХХК-ийн тариалангийн талбайн хашаан дотор 03-69 УНЦ улсын дугаартай Донг Фенг маркийн ачааны машины краныг ажиллуулж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 10.1, Хөдөлмөрийн аюулгүй байдал, Үйлдвэрлэлийн эрүүл ахуй. Ачих буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага MNS 5079:2001 стандартын 4.6 дэх заалтыг зөрчсөний улмаас 50 тонны ёмкост хохирогч Г.Батбаярын хөл дээр унаж, улмаар эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас 

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч М.Эын:

...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй...,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч Г.Батбаярын:

...2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Еврофарм компани дээр ажиллаж байсан. Өглөө эхлээд суурийн блок буулгаад түүнийгээ өрөөд байж байхад М.Э ирээд ёмкос буулгасан. Суурийн кран ирээд ёмкосоо өргчихөөд тал нь тэвш дээр үлдээд тал нь газар буусан. Тэгээд Амартүвшин бид хоёр ирээд буулгаж байхад нуруу руу цохих шиг болсон. Харсан чинь гутал маань задарсан байсан. Өөрийнхөө машинаа Амартүвшинд бариулаад гэмтэл орсон. Тэнд хагалгаа хийлгэсэн. М.Э надад прокурор дээр байхад 2 000 000 төгрөг, өмнөх хурал дээр 2 000 000 төгрөг нийт 4 000 000 төгрөгийг өгсөн. Хөлөө солиулсан. Гуравдахиа солиулж байна. Би МСҮТ-д 3 сар туршилтын хугацаатай жижүүрээр орсон. 11 сард туршилтаар авсан. 03 дугаар сарын 19-ний өдөр жинхэлсэн тушал маань гараад хөл маань цоороод хэвтээд 05 дугаар сарын 01-нээс ажилдаа орсон. Листээ олж авах гээд материалаа бүрдүүлсэн байгаа. М.Эын хувьд заавал хойшид цуваад яваад байхаар хөл маань их найдваргүй байна. Хөл хийлгэх гээд хоёр гурван газар луу явуулсан. Япон руу зуучлуулсан нь 11 сая орчим болох юм байна. Энийг л гаргаад өгөх юм бол гомдол санал байхгүй байна. Цувуулж увуулаад өгөөд байхаар эмчлүүлсэн зүйл ч байхгүй байна. Явах болгон гарсан зардал нь байхгүй байгаа... гэж тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн 1834002820448 дугаартай хэрэгт хохирогч Г.Батбаярын /хх-ийн 14-15, 16 дугаар хуудас/, гэрч Г.Батбаярын /хх-ийн 24-25 дугаар хуудас/, гэрч Б.Амартүвшин /хх-ийн 20 дугаар хуудас/, гэрч Ц.Энхмөнхийн /хх-ийн 21 дүгээр хуудас/, гэрч И.Гантөмөрийн /хх-ийн 22 дугаар хуудас/, гэрч Ө.Юндэнгийн /хх-ийн 23 дугаар хуудас/, гэрч Д.Ганхүүгийн /хх-ийн 26 дугаар хуудас/, иргэний хариуцагч Д.Дашдаагийн /хх-ийн 112-113, 244-245 дугаар хуудас/, гэрч Н.Ганболдын /хх-ийн 246 дугаар хуудас/, яллагдагч М.Эын /хх-ийн 55-56, 2-р хх-ийн 2-3 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,  

шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 267 дугаартай дүгнэлт /хх-ийн 28 дугаар хуудас/,

шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 6 дугаар дүгнэлт /хх-ийн 45-47 дугаар хуудас/,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-12 дугаар хуудас/, гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчтөний түүхийн хуулбар, амь нас/эрүүл мэндэд эрсдэлтэй тусламж үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлийн хуудас, эмнэлгээс гарах, шилжих үеийн эпикриз, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт /хх-ийн 30-41 дүгээр хуудас/, хохирогч Г.Батбаярын хохирлын баримтууд /хх-ийн 80-103, 120-121, 159-185, 2-р хх-ийн 4 дүгээр хуудас/, иргэний хариуцагчийн хөдөлмөрийн гэрээтэй холбоотой баримтууд /хх-ийн 188-213/, мөрдөгчийн шийдвэрийг хүчингүй болгох тухай прокурорын тогтоол /хх-ийн 8 дугаар хуудас/, шүүгдэгч М.Эын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 58-69, 71-79, 186-187 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.

  

Шүүгдэгч М.Э нь 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар багийн нутаг “Нуурын хөндий” гэх газарт “Евро фарм” ХХК-ийн тариалангийн талбайн хашаан дотор “Донг Фенг” маркийн 03-69 УНЦ улсын дугаартай ачааны машины краныг ажиллуулж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 10.1, Хөдөлмөрийн аюулгүй байдал, Үйлдвэрлэлийн эрүүл ахуй. Ачих буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага MNS 5079:2001 стандартын 4.6 дэх заалтыг зөрчсөний улмаас 50 тонны ёнкосыг хохирогч Г.Батбаярын хөл дээр унагаж, улмаар эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Г.Батбаярын ...50 тонны ёмкос ачиж ирсэн кран нь ёмкосны доороо 2 салдаг төмөр хөлтэй суурь байсан чинь краны жолооч ёмкосоо кранаараа өргөөд дээш нь байлгаж байснаа доор нь байрлах төмөр хөлийг краны жолооч 2 нь ороод наад төмөр хөлөө авчхаа 2 хүн өргөөд дийлдэг юм гэхээр нь Амраа бид 2 доогуур нь нэг хөлийг өргөөд машинаас буулгаад газар унагаад таттал миний нуруу руу юм цохих шиг болоод хөлс жирс гээд явчихсан. Тэгээд босох гэтэл хөл болохгүй болохоор нь хартал газар шигдсэн бакал гутал маань зад үсэрчихсэн байсан. Тэгээд Амраагаар би машинаа бариулаад Улаанбаатар хот ороод ГССҮТ-д очоод үзүүлээд яаралтай тусламжаар тэр дор нь хагалгаанд ороод зүүн хөлөө шагайнаас нь дээгүүр тайруулсан... /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

...би тухайн үед шороо ачиж байсан ба ёмкос ачиж ирсэн жолооч ёмкосоо өргөөд хоёр нь доогуур нь ороод хөлийг нь авчих гэсэн ба тэнд Амраа бид хоёр үлдээд бусад нь зайгаа бариад явахаар нь бид хоёр орсон юм. Тэгээд би зүгээр юм уу гэхэд зүгээр зүгээр хоёр нь ороод авчих даана гэж краны жолооч залуу хэлж байсан юм... /хх-ийн 16 дугаар хуудас/,

гэрч Г.Батбаярын ...ёмкос ачиж ирсэн крантай ачааны жолооч ёмкосыг кранаар дээш нь өргөчхөөд өлийг нь буюу суурийг нь хоёр нь авчих гэсэн. Зүгээрээ гэсэн. Тэгэхээр нь Амраа бид хоёр тэр 50 тонны ёмкосны төмөр суурийг буулгачхаад татаж байтал миний хөл жирс хийгээд явчихсан ба босох гэтэл босч чадахгүй байсан. Тэгээд хөл рүүгээ харахад бакал задарсан байсан... /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

гэрч Б.Амартүвшин ...Батбаяр бид хоёр тэр крантай ачааны машин дээр байсан. Саран хэлбэртэй ёмкосны төмөр суурийг баруун талынх нь үзүүрийнх нь хоёр талаар татаж байгаад газар буулгатал тас хийгээд явчихаар нь би эргэж хараад гүйгээд жалга руу өнхөрч унасан. Тэгээд эргээд харахад Батбаяр ах хөлөө бариччихсан ёмкос гээд орилоод байсан ба нөгөө 50 тонны ёмкосны баруун хойд талын дэгээ мултарчихсан, ёмкосны баруун хойд хэсэг нь газар хүрчихсэн савлаад байж байсан. Тэгээд Батбаяр ахынх хөлнөөс цус гараад гуталынх нь түрүү нь задарчихсан байсан болохоор би захирал руу залгаад болсон явдлыг хэлэхэд захирал бушуухан аваад Улаанбаатар хот руу гар гэхээр нь би сумын эмчтэй хамт Батбаяр ахыг аваад гэмтлийн эмнэлэг дээр аваачиж буулгасан... /хх-ийн 20 дугаар хуудас/,

гэрч Ц.Энхмөнхийн ...ёмкос хөндийрөхөөр доор нь байсан хоёр төмөр хөлийг тэнд байсан хүмүүс нийлж байгаад сугалж газар унагаасан. Тэгээд би за одоо Ёмкосоо эргүүлнэ гээд машины тэвшин дээр гарах гэтэл ёмкосыг өргөж байсан тороос мултраад газар унасан. Тэр үед хүмүүс орилолдоод явсан ба тэр үед нь би яваад очтол 40 гаран насны нэг ах хөлөө ёмкосонд даруулчихсан гээд орилоод байж байсан... ...би хийсэн ба ёмкосны дэгээнд тросны дэгээг хийсэн. Найдвартай мултрахааргүй л хийсэн... /хх-ийн 21 дүгээр хуудас/,

гэрч И.Гантөмөрийн ...хотоос 50 тонны ёмкос ирчихлээ энийг буулгая гээд тэр Еврофарм ХХК-ийн ажилтан нэрийг нь мэдэхгүй нэг залууу хэлсэн юм. Тэгээд тэнд ажил хийж байсан Батбаяр, Одбаяр, Юндэн, Ганхүү, Нандиа бид нар тэр Ёмкос ачсан кран дээр очтол краны жолооч кранаа жолоодоод тэр жолоочтой хамт явж байсан нэг залуу тэр ёмкосны дэгээнд гинж хийгээд байж байсан. Тэгээд ёмкосоо дээшээ кранаар өргөсөн ба ёмкос нь хөндийрөхөөр нь ёмкосны доор байсан хөл буюу тулгуурыг нь авчих гээд тэд нар яриад байж байсан ба би хол байсан ямар ч байсан гэнэт тэр ёмкосыг өргөж байсан тороос нь мултраад газар унасан. Тэгэхээр нь би явж очоод хартал Батбаярын гутал нь задарчихсан хөлийнх нь яс гарчихсан байсан... /хх-ийн 22 дугаар хуудас/,

гэрч Ө.Юндэнгийн ...хотоос 50 тонны ёмкос ирсэн ба тэнд байсан хүмүүс тэр ёмкосыг буулгах гээд очихоор нь би дагаад очсон. Тэгээд тэр хүмүүсийг хараад байж байсан чинь хүмүүс эхлээд кранаараа ёмкосоо өргөсөн ба ёмкосны суурь нь газар уначхаар нь Батбаяр гэх хүн тэр суурийг нь авах гэж байхад Батбаяр гэх хүний дээрээс нь ёмкос унасан... /хх-ийн 23 дугаар хуудас/,

гэрч Д.Ганхүүгийн ...ёмкос тэвшнээс хөндийрөхөөр нь краны жолооч ёмкосны суурийг нь ав гээд ажил хийж байсан Батбаяр болон Амраа нар тэвшин дээр нь байсан. Ёмкосны суурийг газар буулгачхаад холдуулах гээд байж байхад тэр ёмкос тороосноосоо мултраад газар унасан. Тэгэхэд тэр ёмкос Батбаярын хөл дээр нь уначихсан юм... /хх-ийн 26 дугаар хуудас/,

иргэний хариуцагч Д.Дашдаваагийн ...яг хэрэг учрал болдог өдөр Г.Батбаяр тэнд байж таарсан ба түүнийг ёмкос буулгаад өг гэж манай байгууллагын зүгээс огт үүрэг болгоогүй. Өөрөө сайн дураараа очиж буулгасан байдаг ба гэмтсэнийх нь дараа би өөрөө дагуулан гэмтлийн эмнэлэгт үзүүлж таньдаг мэддэг гэмтлийн хамгийн сайн эмч нарыг дуудан үзүүлж хагалгаа хийлгэж тухайн үед Г.Батбаярт бэлнээр 500.000 төгрөг өгсөн байдаг... /хх-ийн 112-113 дугаар хуудас/,

...миний зүгээс манай байгууллага тухайн хэрэгт ямар нэг хамааралгүй гэж үзэж байна. Учир нь ёмкос худалдан авахдаа худалдсан гэх хүнтэй тээвэрлэлтийг танайх дааж, туршлагатай хүнээр өгч явуулаарай. Манай байгууллагын зүгээс худалдан авсан мөнгөнөөс гадна ачааг ачих, буулгах, тээвэрлэх мөнгийг нийтэд нь тооцоод 7 сая төгрөг өгч байсан юм. Тэгээд Ганхуяг нь цаашаа 300.000 төгрөгөөр М.Этай тохиролцоод цааш тээвэрлүүлсэн талаар шүүх хурал дээр би мэдсэн ба би М.Э гэх хүнийг огт хараагүй. Шүүх хурал дээр л анх харсан байгаа. Ерөнхийдөө манай өмгөөлөгчийн зөвлөгөөгөөр уг асуудал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн улмаас учирсан эдийн болон эдийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих этгээдийг иргэний хариуцагч гэж ойлгоно. Иргэний хуулийн 97 дугаар зүйл дээр гэмт хэргийн улмаас үүссэн хохирлыг Иргэний хариуцагч хариуцахаар байна. Гэвч манай тохиолдолд Иргэний хуулийн 499.1-д ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад, бусдын амь нас эрүүл мэндэд хохирол учирсан бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг бүрэн нөхөн төлөх үүрэгтэй гэжээ. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1-1-т ажил олгогч гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг хэлнэ гэжээ. Хохирогч Батбаяр болон “Еврофарм” ХХК хоёрын дунд ямар нэг гэрээ байхгүй. Иймээс хөдөлмөрийн аюулгүй байдал Эрүүл ахуйн тухай хуулийн ажил олгогчийн үүргийг хүлээх хууль зүйн үндэслэл байхгүй ба Батбаярт тухайлан ажлын хөлс гэж бэлнээр болон бэлэн бусаар мөнгө өгсөн асуудал огт байхгүй... /хх-ийн 244-245 дугаар хуудас/,  

гэрч Н.Ганболдын ...миний худалдаж аваад байлгаж байсан 50 тонны ёмкосыг нэг хүн утсаар яриад /одоо дугаар болон нэрийг нь санахгүй байна гэх/ мод услах гэсэн юм ус хийчих сав байна уу гэхээр нь байна гээд үнэ тохироод 6.5 сая билүү 7 саяар зараад ачаад Төв аймгийн Эрдэнэ сум руу явуулчих гэхээр нь би М.Эад ачуулаад тээврийн зардлыг манайх төлсөн билүү, цаадах хүмүүс нь төлсөн билүү бас сайн санахгүй байна. Ямар ч байсан Эрдэнэ хүртэл 250-300 орчим мянган төгрөгийн хөлстэй тээвэрлүүлж, хүлээж авах хүнийх нь утасны дугаарыг нь өгч явуулж байсан юм. Тэгээд тэр чигээрээ аваад явсан ба өөр юу болсон талаар надад мэдэх зүйл огт байхгүй байна... ...М.Эыг Амгалан зогсоол дээр зогсдог гэдгийг мэддэг ба шууд утсаар нь дуудаад ачих уу гээд тохироод л өөрийн хашаанаас ачуулаад явуулж байсан юм... /хх-ийн 246 дугаар хуудас/,

яллагдагч М.Эын ...Эрдэнэ суманд очоод ачаагаа буулгах газарт нь буулгах гэж байхад салхитай байсан ба өргөж байтал краны хойд талын нэг дэгээ нь мултарч тэшин дээр унасан ба гулгаад газарт унасан. Тэгсэн тэнд ажилладаг нэг хүний хөл дээр уначихсан юм... ...Тухайн кран нь миний өөрийн эзэмшлийн кран учир би өөрөө хариуцан ажиллуулдаг юм. Краныг ажиллуулах явцад аюулгүй байдлыг би өөрөө хариуцан ажиллуулах ёстой юм. Би гаргасан алдаандаа маш их харамсаж байна... /хх-ийн 55-56 дугаар хуудас/,

...хохирогч Г.Батбаярын хөл дээр ёмкос унагааж гэмтээсэн асуудал нь миний хариуцлагагүй үйлдлээс болж ийм байдалд орсон ба өөр ямар нэг иргэн байгууллагыг буруутгах үндэслэлгүй гэж үзэж байна. Иймээс би өөрийн дээрх үйлдлээ бүрэн ухамсарлаж Батбаяр гэх иргэний хохирлыг барагдуулах болно гэдгээ илэрхийлж байна... /2-р хх-ийн 2-3 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,      

шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 267 дугаартай ...Г.Батбаярын биед зүүн шилбэ тайрагдалт, баруун шуунд цус хуралт бүхий хүнд хохирол учирсан талаарх... дүгнэлт /хх-ийн 28 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-12 дугаар хуудас/, гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчтөний түүхийн хуулбар, амь нас/эрүүл мэндэд эрсдэлтэй тусламж үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлийн хуудас, эмнэлгээс гарах, шилжих үеийн эпикриз, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт /хх-ийн 30-41 дүгээр хуудас/, хохирогч Г.Батбаярын хохирлын баримтууд /хх-ийн 80-103, 120-121, 159-185, 2-р хх-ийн 4 дүгээр хуудас/, иргэний хариуцагчийн хөдөлмөрийн гэрээтэй холбоотой баримтууд /хх-ийн 188-213/, мөрдөгчийн шийдвэрийг хүчингүй болгох тухай прокурорын тогтоол /хх-ийн 8 дугаар хуудас/, шүүгдэгч М.Эын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 58-69, 71-79, 186-187 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.   

 

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч М.Эын 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар багийн нутаг “Нуурын хөндий” гэх газарт “Евро фарм” ХХК-ийн тариалангийн талбайн хашаан дотор “Донг Фенг” маркийн 03-69 УНЦ улсын дугаартай ачааны машины краныг ажиллуулж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 10.1, Хөдөлмөрийн аюулгүй байдал, Үйлдвэрлэлийн эрүүл ахуй. Ачих буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага MNS 5079:2001 стандартын 4.6 дэх заалтыг зөрчсөний улмаас 50 тонны ёнкосыг хохирогч Г.Батбаярын хөл дээр унагаж, улмаар эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан краны оосорлох дэгээний бүрэн бүтэн байдлыг хангаагүй өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн, дээрх үйлдэл, эс үйлдэхүй улмаас хохирогчид хүнд хохирол учирсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр ба хохирол, хор уршиг учруулсан үйлдэл хохирогчид учирсан хүнд хохирол хоорондоо шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

  

Иймд шүүгдэгч М.Эыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч М.Эын болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Батбаярын эрүүл мэндэд зүүн шилбэ тайрагдалт, баруун шуунд цус хуралт бүхий хүнд хохирол учирсан байна.  

 

Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хохирогч Г.Батбаяр нь эмчилгээний зардал болон бусад зардалд 5.475.430 /таван сая дөрвөн зуун далан таван мянга дөрвөн зуун гуч/ төгрөгийн баримтыг, харин шүүх хуралдааны шатанд шинээр 767.000 /долоон зуун жаран долоон мянга/ төгрөгийн баримтыг тус тус гаргаж өгсөн. Нийт 6.242.430 /зургаан сая хоёр зуун дөчин хоёр мянга дөрвөн зуун гуч/ төгрөгийг нэхэмжилжээ.

 

Үүнээс шүүгдэгч М.Э нь хохирогч Г.Батбаярт 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг төлсөн болох нь хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байгаа болно.

 

Иймд шүүх шүүгдэгч М.Эаас үлдэгдэл 2.242.430 /хоёр сая хоёр зуун дөчин хоёр мянга дөрвөн зуун гуч/ төгрөгийг гаргуулан хохирогч Г.Батбаярт олгохоор шийдвэрлэлээ.

 

Харин хохирогч Г.Батбаяр болон түүний өмгөөлөгч Д.Хатанбаатар нарын цаашид гарах эмчилгээний зардал болон хиймэл эрхтэн хийлгэхтэй холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, хохирогчид нөхөн олговор олгох тухай хуульд заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нөхөн олговор олгож өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг тухайн хуулийн зорилт, хуулийн үйлчлэх хүрээ зэрэгт хамаарахгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь тус тус зүйтэй гэж үзлээ.   

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч М.Эад хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо зохих хэмжээгээр төлсөн, цаашид төлөхөө илэрхийлснийг, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг хөнгөрүүлж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.  

 

Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна... гэсний дагуу тухайн зүйл, хэсэгт ...нэг жил хүртэл хугацаагаар эрх хасаж... гэж зохицуулагдсан учраас шүүгдэгч М.Эын механизм жолоодох эрхийг хасах нь хуульд нийцэж байх ба энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулах ба 6 /зургаа/ сарын хугацаагаар эрх хасаж, эрх хассан нэмэгдэл ялыг тэнсэж, албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг эхлэн тоолбол зохино.

 

Шүүгдэгч М.Э нь цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

   Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг

                хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2., 36.6.,

           36.7., 36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар

                 зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус

                                удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн М.Эыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн М.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар механизм жолоодох эрхийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн М.Эад шүүхээс тэнссэн 2 жилийн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн М.Э нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг,

мөн тэнсэж үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах тус тус  мэдэгдсүгэй.

 

 5. Шүүгдэгч Б овгийн М.Э нь цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

 

            6.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б овгийн М.Эаас 2.242.430 /хоёр сая хоёр зуун дөчин хоёр мянга дөрвөн зуун гуч/ төгрөгийг гаргуулж хохирогч НУ69040957 дугаарын регистртэй Боржигон овгийн Гэндэнсүрэнгийн Батбаярт олгосугай.

 

7. Хохирогч Г.Батбаяр нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа болон хиймэл эрхтэн хийлгэхтэй холбоотой баримтаа тус тус бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Хохирогч Г.Батбаяр болон түүний өмгөөлөгч Д.Хатанбаатар нарын хохирогчид нөхөн олговор олгуулахтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

9. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн М.Эад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.   

 

10. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

12. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн М.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ш.ГАНДАНСҮРЭН