Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 201/МА2025/00031

 

*******ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүгч Г.Уртнасан, С.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 309/ШШ2025/00953 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******т холбогдох

Сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 15,173,400 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч С.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Л.Наранбаяр, хариуцагч *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ховороо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:  “ Би ... 2024 оны 05 сарын 03-ны орой ажил тараад ... Булган сумаас Чойбалсан хот руу явах замд Хэрлэн сумын 3 дугаар багийн нутагт автын осолд өртсөн. ... Ослын хэрэг эрүүгийн журмаар шийдвэрлэгдэж, туслах замаас нийлсэн машины жолооч *******ын буруугаас зам тээврийн осол гарсныг тогтоож, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Шинжээчийн 2024 оны 05 сарын 16-ны өдрийн 259 тоот дүгнэлтээр миний биед ... хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдсон. 

... Надад 2024 оны 04 сарын 18-ны өдөр БНСУ-ын виз гарсан. Би 05 сард ажлаа хүлээлгэн өгөхөөр төлөвлөж, 06 сарын 07-нд БНСУ руу нисэхээр онгоцны тийзээ авсан байсан. БНСУ руу явах зорилгоор 9,500,000 төгрөгийн цалингийн зээл авсан. Гэвч осолд орсноор зээлээ төлөвлөгөөний дагуу өөртөө эдийн засгийн ашигтай байдлаар зарцуулах боломжгүй болж эмчилгээний зардал, зээлийн эргэн төлөлт, ахуйн хэрэглээндээ зарцуулж дуусгасан. ... Мөнгөгүй болж цалингийн зээлээ төлөхийн тулд 09 сарын 01-ээс ажилдаа орсон боловч нойргүйдлийн улмаас байнга ажлаасаа хоцордог болсон. Дээрх бүх эмчилгээ, замын зардал, хоол хүнс, бөө лам гээд маш их зардал гарсан. Өөрийн дансанд байсан мөнгөнөөс 5,192,290 төгрөгийг зарцуулсан. БНСУ руу явах онгоцны тийзээ 2 удаа сунгаж, визний хугацаа дууссан учир бүрмөсөн цуцалсан. Би 3 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй. Энэ бүхэн бидний амьдралд маш их хүнд тусаж байна.

... Анхан шатны шүүхээс “шинжээчийн дүгнэлтээр сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоолгох шаардлагатай” гэх шалтгаанаар сэтгэцэд учирсан хор уршгийг иргэний журмаар жич шийдвэрлүүлэхээр орхисон. Иймд миний сэтгэцэд учирсан хохирлыг Иргэний хуулийн 497.1, 511.3, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтад заасан хүснэгт, Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 сарын 03-ны өдрийн 25 тоот тогтоолоор батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын хүснэгт 1-д заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 22.99 дахин нэмэгдүүлж 15,173,400 төгрөгөөр тогтоон гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.” гэжээ.

2. Хариуцагч *******ын тайлбар, татгалзлын агуулга:

“... Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээнд хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Осол гарсны улмаас хохирогч нарт хохирол төлбөртэй, торгуулийн ялаа төлдөг. Би ганцаараа аэил хийдэг, 2-4 насны хүүхдүүдтэй, эхнэр хүүхдүүдээ хараад ажилгүй байдаг. Мөн их хэмжээний зээл, зээлийн хүү гээд сард 1,083,000 төгрөг, ажлын байрны түрээсэнд сард 510,000 төгрөг тус тус төлдөг. Хохирол төлбөр барагдуулахын тулд хувь хүнээс мөнгө зээлж хүүтэй төлж байна. Миний амьдралын нөхцөл байдлыг харгалзан сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг багаар тогтоож өгөхийг хүсэж байна.” гэжээ.   

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар хариуцагч *******аас сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 11,880,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,293,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 205,030 төгрөгийг гаргуулан Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 4. Хариуцагч ******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийн төлбөрийн дүнг багасгаж өгнө үү гэсэн гомдол гаргаж байна. Миний бие ганцаараа ажил хийдэг, олон хохирогчтой тул төлбөр төлөх гэж өр зээл тавьсан. Хоёр бага хүүхэдтэй, эхнэр хүүхдээ харах чөлөөтэй ажилгүй байдаг. Ажлаа тохижуулах гээд бизнесийн зээл авсан учраас зээл төлөлт өндөр, түрээсэнд 510 000 төгрөг сар бүр төлдөг. Мөн торгох ялаа төлж байгаа. Суурь хөрөнгөгүй, шинэ залуу гэр бүл бидэнд үнэхээр хүнд байна. Хохирогчийг хохироосондоо харамсаж явдаг.

... Уг нь эсрэг талын жолооч ч гэсэн аюул тохиолдсон үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, шаардлагатай тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг хэрэгжүүлсэн бол энэ осол аюул багатай өнгөрөх боломж байсан. Энэ бүхнийг харгалзан сэтгэцэд учирсан хор уршгийн 3-р зэрэглэлийн хамгийн багаар тогтоож 3 300 000 төгрөгийг хасч өгнө үү.” гэв.

5. Хариуцагчийн өмгөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Сэтгэцэд учирсан гэм хорын асуудал дээр хохирогч нь өөрөө эмнэлгийн мэргэжлийн хүн юм байна лээ. ... Сэтгэцэд учирсан гэм хорын хохирлын илэрхийлэл ямар байдаг вэ гэдэг дээр энгийн хүнээс илүү мэргэжлийн түвшинд тайлбарлаж, ярьж байгаа нь бодит байдалтай нийцэж байна уу, үгүй юу гэдэг зүйл харагдаад байгаа.

... Хариуцагчийн хувийн байдлын тухайд залуу хүн, 2 нялх хүүхэдтэй, эхнэр нь ажилгүй байгаа. Энэ хэргийн хувьд ганц ******* хохирогч биш олон хохирогчтой, мөн жолоочид их хэмжээний тээврийн хэрэгслийн хохирол учруулсан байгаа. Энэ их хохирлыг төлөхийн тулд зээл авчихсан нөхцөл байдлуудыг тодорхойлж хэргийн материалд өгсөн, дурдсан байгаа. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс тогтоож өгсөн хохирлын хэмжээг тодорхой хэмжээгээр багасгаж өгнө үү гэх гомдлыг гаргасан. Хариуцагч талаас гаргасан гомдлоо дэмжиж оролцож байна.” гэв.

6. Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч талаас гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрч чадахгүй. ... ******* миний амьдралыг бүхэлд нь өөрчилсөн. Энэ осол надад маш хүндээр туссан. ... Би 9,000,000 төгрөгийн зээлтэй, тэр зээлийг маш үр дүнгүй, хүний хайхрамжгүй үйлдлээс гаргасан зээлийг төлөөд явж байгаадаа маш их гомдолтой байгаа.

... ******* намайг ямар хүнд байдалд орсныг өөрийн нүдээрээ харсан. ... Зүгээр хараад л явсан болохоос биш намайг хараад гэмшиж, харамсаж, уучлалт гуйгаагүйд нь маш их гомдолтой байна. Тэгсэн мөртлөө өөрийнхөө нөхцөл боломжоо ийм байна, тийм байна гээд гомдол гаргаад яваад байна. Тийм учраас надад ямар нэгэн эвлэрэх бодол байхгүй. Өмнөх шүүх хуралдаанаас гарсан сэтгэл санааны хохирлын мөнгөн дүнг бууруулахгүй байхыг хүсэж байна. Би энэ хүнээс болж өөрийн эдийн засаг, эрүүл мэндээрээ маш их хохирсон.” гэв.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Наранбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хугацаанд *******ын зүгээс эмчилгээний зардалд мөнгө, төгрөг өгөөгүй. Эмчилгээний асуудал дууссаны дараа эрүүгийн шүүх хуралдаанд орохын өмнө 1,000,000 төгрөг өгсөн. Үүнээс өөрөөр эдийн засгийн дэмжлэг үзүүлээгүйд гомдолтой байдаг. ... Нэхэмжлэгчийн хувьд дахин өмгөөлөгч хөлслөөд иргэний журмаар явж Улаанбаатар хотод очиж сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг тогтоолгохоор шинжилгээнд орох зэргээр давхар зардал гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа ч гэсэн шийдвэрээ хүлээн зөвшөөрөхгүй давж заалдаад давхар зардал чирэгдэл болоод байгаад нь гомдолтой байдаг.

... Дүгнээд хэлэхэд анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглэсэн, сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг тогтоохдоо Улсын дээд шүүхийн тогтоолд заасны дагуу гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, гэм хор учруулагчийн гэм буруугаа гэмшиж буй байдлыг харгалзан дээд болон доод хэмжээний дотор оновчтой оногдуулсан тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна.” гэв.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******т  холбогдох иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

3. Шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг хуулийн хүрээнд тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

4. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******аас сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 15,173,400 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргасан байдаг.

5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... миний сэтгэцэд учирсан хохирлыг Иргэний хуулийн 497.1, 511.3, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтад заасан хүснэгт, Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 сарын 03-ны өдрийн 25 тоот тогтоолоор батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын хүснэгт 1-д заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 22.99 дахин нэмэгдүүлж 15,173,400 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү...” гэж тодорхойлсон.

 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргадаг ба татгалзлын үндэслэлээ “... миний амьдралын нөхцөл байдлыг харгалзан сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг багаар тогтоож өгөхийг хүсэж байна …” гэж тайлбарладаг.

6. Хариуцагч ******* нь 2024 оны 05 сарын 03-ны өдөр 20 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Улаанбаатар хот руу явах чиглэлтэй авто замд туслах замаас төв зам руу орохоор ... тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дахь заалт “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас ******* ДОУ улсын дугаартай Тоёота приус-10 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч ... *******ийн биед сээрний 7, 8-р нугалмын шахагдсан хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 1 сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/11 дүгээр шийтгэх тогтоолоор тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын … эрүүл мэнд, сэтгэцэд … учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид гэм хор учирсан, учирсан гэм хор үйлдлийн хооронд шалтгаант холбоо тогтоогдож байх тул нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй болно.

7. Хариуцагч нь давж заалдах журмаар “… миний бие хоёр бага хүүхэдтэй, эхнэр хүүхдээ харах чөлөөтэй ажилгүй байдаг, ... ганцаараа ажил хийдэг, олон хохирогчтой тул төлбөр төлөх гэж өр зээл их тавьсан. ... Ажлаа тохижуулах гэж бизнесийн зээл авсан учраас зээл төлөлт өндөр, түрээсэнд 510 000 төгрөг сар бүр төлдөг. ... мөн эсрэг талын жолооч ч гэсэн аюул тохиолдсон үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, шаардлагатай тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг хэрэгжүүлсэн бол энэ осол аюул багатай өнгөрөх боломж байсан. Энэ бүхнийг харгалзан сэтгэцэд учирсан хор уршгийн 3-р зэрэглэлийн хамгийн багаар тогтоож 3 300 000 төгрөгийг хасч өгнө үү.” гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.

8. Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын дөрөвт зааснаар сэтгэцийн эмгэгийн гуравдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тогтоохоор хуульчилсан.

Анхан шатны шүүх нь дээрх аргачлалын 3.1-д заасан нөхөн төлбөр тогтооход баримтлах зарчим, 3.8-д заасан нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо харгалзан үзэх нөхцөл байдлуудыг үндэслэн иргэдийн төлөөлөгчийн гаргасан дүгнэлтийг харгалзан хариуцагч *******аас сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 18 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 11,880,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 3,293,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн шаардлагад нийцсэн байна.

9. Иймд хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр сэтгэцэд учруулсан гэм хорын хэмжээг багасгах боломжгүй байх тул хариуцагч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахаас татгалзаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1- т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагч *******ын давж заалдах гомдлыг хангахаас татгалзаж, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 309/ШШ2025/00953 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,750 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.4, 167.5 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ЭРДЭНЭЗУУ

ШҮҮГЧИД                                                    Г.УРТНАСАН

                                                                     С.ГАНЧИМЭГ