| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2019/0253/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/257 |
| Огноо | 2019-09-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 2019/ШЦТ/257
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Ч.Мөнхзул
Шүүгдэгч Н.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өртөөнийхөн овогт Н.А-д холбогдох эрүүгийн 1921.... дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд 1982 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Дорнод аймгийн .....сумын дугаар баг “............” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулиар суллагдсан, Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар нийт 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, бие эрүүл гэх, ВТ .........регистрийн дугаартай, Өртөөнийхөн овогт Н.А
Шүүгдэгч Н.А нь 2019 оны 09 дүгээр сарын 04-ний орой 17 цагийн орчим Дорнод аймгийн .........сумын................дугаар багт үйл ажиллагаа явуулах хүүхдийн цэцэрлэг дотор А.У маргалдан улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж биед нь тархи доргилт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын дотор салстын цус хуралт бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч Н.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... Би Дорнод аймгийн ................сумын ............ дугаар багийн нутаг “..................” гэх газар эхнэр Т, хүү О, Б нарын хамт амьдардаг юм. 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр эхнэр хүүхдийнхээ хамт гэртээ байж байхад манай 4 настай бага хүү Б нь шөнө зүүдэлж сэрээд “багшаа уучлаарай” гээд уйлахаар нь аргадаж унтуулаад маргааш өглөө нь буюу 2019 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр эхнэр Т-т ...хүүгийн багштай уулзаж юу болсон талаар асуугаарай, айлгаж, ичээсэн байж магадгүй” гэж хэлсэн. Тэгээд тэр өдрийн 14 цагийн үед гэртээ байж байхад Б, Б хоёр 3 ширхэг, 0.75 литрийн Хар икс нэртэй архитай ирээд тэрийг нь Улзын гол дээр очиж ууцгааж байхад танихгүй хэдэн хүмүүс ирж мөн ууцгаасан. Тэгээд тэндээсээ 17 цагийн үед гэртээ харихаар явж байхдаа эхнэр Т таараад “ хүүгээ цэцэрлэгээс нь авсан уу, багштай нь уулзсан уу” гэж асуухад хүүгээ аваагүй байна, мөн багштай нь уулзаагүй байна гэхээр нь би цэцэрлэг рүү очиж багштай нь уулзахаар ганцаараа явсан. Тэгээд цэцэрлэг рүү орж багш С уулзаж болсон асуудлын талаар хэлэхэд “би загнаж айлгасан зүйл байхгүй, камераа шүүхгүй юу” гээд над руу уурлахаар нь та тэгвэл эрхлэгчээ дууд гэхэд байхгүй гэхээр нь цэцэрлэгийн өрөөнүүдийн хаалгыг онгойлгож эрхлэгчийг нь хайсан юм. Тэгтэл над руу У гэх багш нь ирээд миний цамцнаас татахаар нь болиулах гээд гараараа санамсаргүй савахдаа У нүүр рүү нь нэг удаа цохичихсон юм. Тэрнээс өөр цохиж зодсон зүйл байхгүй. Удалгүй цагдаа ирээд намайг аваад явсан. ... Би А.У уучлалт гуйж эвлэрсэн тул надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү? гэх мэдүүлэг /хх-ийн 15/
Хохирогч А.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... Би Дорнод аймгийн ..............сумын цэцэрлэгийн багшаар ажилладаг юм. 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ажил дээрээ байж байхад 16 цагийн үед манай ажил дээр А гэх хүн согтуу ирээд цэцэрлэгийн муу сайн багш нар гээд орилж хашгирч бахираад өөрийн хүүхдийн анги руу орж хүүхдээ аваад гарснаа эргэж орж ирээд багш С рүү дайраад байхаар нь би дундуур орж салгаад гадагш чирч гаргаж байх үедээ А хувцасыг нь урчихсан юм. Тэгэхэд манай цэцэрлэгийн арга зүйч У нь А аваад цаашаа яваад өгсөн. Харин би цэцэрлэгийн эмчийн өрөө рүү орж өөрийгөө харахад миний уруул хавдаж цус гарсан байсан. Удалгүй цагдаа ирж А аваад явсан байсан. ...Цохиулснаас болж миний үүдэн 3 шүд маань гэмтсэн байсныг шүдний эмнэлэг дээр эмчлүүлсэн. ... 350.000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан бөгөөд уг мөнгийг Н.А авсан учир цаашид ямар нэгэн эмчилгээний мөнгө нэхэмжлэхгүй. Гомдол санал байхгүй, хэргийг хурдан шуурхай шийдвэрлэж өгнө үү?” гэх мэдүүлэг /хх-ийн 07-08/
Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: ... 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ангийнхаа хүүг гадаа жорлонд бие засуулаад зогсож байхад манай ангийн хүүгийн аав болох А согтуу ажил руу хүүхдийн маань гаргаад ир гээд бахираад орж байхаар нь бие засаж байсан хүүхдээ гадаа байсан өөр багшид үлдээгээд өөрөө араас нь ороход А үүдэнд зогсож байхаар нь юу болов? гэж асуухад А манай хүүхдийг маань гаргаад ир гэхээр нь анги руугаа ороод хүүхдийг нь гаргахад үүдэнд зогсож байсан А хүүхэд нь хараад аав дээрээ очихгүй байхаар нь гадаа ээж нь байгаа гэж хэлээд хүүг нь гаргасан. А хүүгээ дагуулаад буцаад анги руу орж ирээд та нар манай хүүг загнаж айлгадаг хэн бэ? гэж хашгирахаар нь чи энэ ангиас гар хүүхдүүд чамаас айгаад байна гэхэд цэцэрлэгийн эмч орж ирээд А аваад гарсан чинь буцаад анги руу орж ирээд хүүхдүүдийн цай хоолоо идэх гээд тавьсан байсан аягыг над руу шидээд оноогүй, намайг хэлэх хэлэхгүй үгээр хэлээд тэгж байтал цэцэрлэгийн эрхлэгч гаднаас орж ирээд А аваад үүдэнд гарахад цэцэрлэгийн эрхлэгчийг түлхээд байх шиг харагдсан. Удалгүй А буцаад гаднаас орж ирээд намайг хүүхдүүдийн хажууд цохих гээд араас хөөсөн боловч цохиж чадаагүй, А ангиас манай ажлынхан аваад гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ….. тоотын дүгнэлтийн хэсэгт: " 1.А.У биед тархи доргилт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын дотор салстын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл. 3. Дээрхи гэмтлүүдийн тархи доргилт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 18/
-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05/
-Дорнод аймгийн ....................сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 60/
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35-54/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Н.А нь согтуурсан үедээ 2019 оны 09 дүгээр сарын 04-ний орой 17 цагийн орчим Дорнод аймгийн.......... сумын ..............дугаар багт үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн цэцэрлэг дотор хохирогч А.У маргалдан улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж биед нь тархи доргилт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстын цус хуралт бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Н.А шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж өгсөн: “...У гэх багш нь ирээд миний цамцнаас татахаар нь болиулах гээд гараараа санамсаргүй савахдаа У нүүр рүү нь нэг удаа цохичихсон юм. Тэрнээс өөр цохиж зодсон зүйл байхгүй. Удалгүй цагдаа ирээд намайг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15/, түүнийг давхар нотолсон хохирогч А.У өгсөн: “...Цохиулснаас болж миний үүдэн 3 шүд маань гэмтсэн байсныг шүдний эмнэлэг дээр эмчлүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 07-08/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ...... тоот дүгнэлт /хх-ийн 18/ болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч А.У биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч Н.А хохирогч А.У-н нүүрэн тус газарт нь гараараа цохисон санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Н.А холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналыг хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана”, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж тус тус заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан түүнд ял оногдуулбал зохино.
Шүүгдэгч нь бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Н.А ВТ................ регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Өртөөнийхөн овогт Н.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-г 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-н цалин, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.А-д мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Н.А-н ВТ......... регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Н.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЭНХБААТАР