Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 398

 

  Г.Золжаргал, Д.Ариунбаатар нарт холбогдох

      эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

прокурор Ц.Мөнхжаргал,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бямбацоогийн өмгөөлөгч Ц.Майбаяр,

ялтан Г.Золжаргалын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Ж.Болдбаатар,

ялтан Д.Ариунбаатарын өмгөөлөгч Б.Цолмон,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 141 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Г.Золжаргалын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Ж.Болдбаатар нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор, Г.Золжаргал, Д.Ариунбаатар нарт холбогдох эрүүгийн 201624000174 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Бөөчүүд овогт Гагиржавын Золжаргал, 1986 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Замын цагдаагийн газрын тусгай хамгаалалтын тасагт цагдаа ажилтай байсан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 1-19 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: РЭ 86090218/,

Тайжийхан овогт Даваагийн Ариунбаатар, 1985 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эхнэрийн хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 20 дугаар байрны 10 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Хивсний 8 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ШВ 85101935/,

 Г.Золжаргал нь 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 21 цаг 45 минутын үед Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө Төмөр замын “KFС” хоолны газрын урд замд “Toyota Prius” загварын, 14-91 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 дахь хэсэгт заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно; а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг зөрчин согтуугаар жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх хэсэгт заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэснийг зөрчиж явган зорчигч Б.Туяаг мөргөснөөс амь насыг нь хохироосон,

Д.Ариунбаатар нь 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр “Toyota Prius” загварын, 14-91 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 дахь хэсэгт заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно; б/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ буюу түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх” гэснийг зөрчиж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Г.Золжаргалд жолоогоо шилжүүлсний улмаас явган зорчигч Б.Туяагийн амь насыг хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Тээврийн прокурорын газар: Г.Золжаргалын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар, Д.Ариунбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Золжаргалыг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэргийг согтуугаар үйлдсэн” гэм буруутайд, Д.Ариунбаатарыг “тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээд согтуурсан, мансуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар Г.Золжаргалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 4 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар Д.Ариунбаатарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 сар 10 хоног баривчлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Г.Золжаргалд оногдуулсан 4 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Д.Ариунбаатарт оногдуулсан 3 сар 10 хоногийн баривчлах ялыг нийгмээс тусгаарлаж тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Г.Золжаргалын цагдан хоригдсон 3 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Д.Ариунбаатар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.Золжаргалаас 3.438.853 төгрөгийг, Д.Ариунбаатараас 1.138.853 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бямбацоод олгох, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бямбацоо нь гэм хорын хохирлоо жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Г.Золжаргалаас 1.235.600 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Ариунбаатарт олгох, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4 ширхэг Сиди, 1 ширхэг плаш, 55 ширхэг гэрэл зураг, том, жижиг 2 ширхэг план зургийг хэрэгт хавсаргаж, S/NGRA85XNC дугаартай хатуу диск 1 ширхэгийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнд буцаан олгох, Хэрэгт битүүмжлэгдсэн “Toyota Prius” загварын 18-41 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 14-91 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар Г.Золжаргалд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хассан нэмэгдэл ял, Д.Ариунбаатарт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тэдний үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж эдлүүлэх, Г.Золжаргал, Д.Ариунбаатар нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн жолоочийн В ангилалын 472033, 340673 тоот үнэмлэхийг тогтоолын хамт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвд хүргүүлэхээр шийдвэрлэжээ. 

            Ялтан Г.Золжаргалын өмгөөлөгч Ж.Болдбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс Г.Золжаргалд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж доорхи гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт заасан гэм буруугийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлттэй маргах зүйлгүй бөгөөд харин шийтгэх тогтоолд заасан хохирлын тооцоогоор Г.Золжаргалаас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор тогтоосон 3.500.000 төгрөгийг хэрэгт хураагдсан “Toyota Prius” загварын автомашин /зах зээлийн үнэлгээ 6.500.000 төгрөг/-аар бүрэн төлөгдсөн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа тул Г.Золжаргалд оноосон ялаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох “анх удаа хүндэвтэр гэмт хэргийг болгоомжгүй байдлаар үйлдсэн, үйлдсэн хэргийн улмаас учруулсан хохирлоо тодорхой хэмжээгээр нөхөн төлсөн” зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг үндэслэн түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 61 дүгээр зүйлд заасныг баримтлан тэнсэж хянан харгалзах боломжтой гэж үзэж байна...” гэв.

Ялтан Г.Золжаргалын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд Г.Золжаргалын гэм буруутай эсэх талд эргэлзээтэй байна гэдэг байр суурийг баримталж оролцсон. Камерын бичлэгт үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлтээр Г.Золжаргал осол гаргасан автомашины зүүн хойд талын хаалгаар бууж байгаа бичлэгийг бичгийн баримтаар хэрэгт хавсаргасан. Хэрвээ Г.Золжаргал жолооны ард суусан гэж үзэж байгаа бол тэрээр автомашины хойд талын хаалга буюу зүүн хойд талын хаалгаар бууж ирж байгаа баримтыг хэрхэн тайлбарлах нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тайлбарлахад эргэлзээ гарсан. Энэ эргэлзээтэй баримтын талаар анхан шатны шүүх хуралдаанд хэлсэн. Энэ хэрэгт полиграфийн шинжилгээ хийлгэх өмгөөлөгч нарын хүсэлтийн дагуу шинжилгээг хийсэн. Хавтаст хэргийн 218 дугаар талд полиграфийн шинжилгээний үр дүнгийн талаар маш тодорхой тайлбарласан. Г.Золжаргалын хэргийн талаар өгсөн мэдүүлгүүд нь 75-85 хувьтай үнэн байна гэсэн урьдчилсан байдлаар шинжилгээний хариу гарсан. Энэ хэрэгт Д.Ариунбаатар болон гэрч Н.Нарангарав нарт полиграфийн шинжилгээ хийлгэж өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан боловч эдгээр хүмүүс нь татгалзсан. Татгалзаж байгаа үндэслэлүүдийг эргэлзээтэй нөхцөл байдал байна гэж үзэж анхан шатны шүүх хуралдаанд хэлсэн. Г.Золжаргал нь том биетэй хүн ба хэрвээ автомашины жолооч талын суудалд сууж яваад осол гаргасны дараа жолооч талын арын суудлаас бууж ирж байгаа бол Г.Золжаргал хойд талын суудал руу шилжиж суусан эсэх, хойд талын суудал дээр сууж байсан гэрч Н.Нарангаравын өвөр дээгүүр дамжиж суугаад, хойд талын хаалгаар гарч ирсэн байх магадлал байгаа эсэх, үүнийг Нарангарав мэдэх боломжтой юу зэрэг талаар мөрдөн байцаалтын шатанд туршилт хийж өгөөч гэдэг хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийг хангах шаардлагагүй гэсэн албан ёсны хариу өгсөн. Г.Золжаргал, Д.Ариунбаатар, Н.Нарангарав гэж 3 хүн гурвуулаа энэ хэргийн субъект болох боломжтой. Гэтэл Г.Золжаргалын гэм бурууг нотлохдоо Д.Ариунбаатар, түүний эхнэр Н.Нарангарав нарын “жолоон дээр Г.Золжаргал байсан” гэх мэдүүлгийг яллах талын гол нотлох баримт болгосон. Хэргийн газар очсон цагдаа нар хэргийн талаар хараагүй. Зөвхөн хүмүүсийн яриагаар, үүсмэл байдлаар гарч ирсэн дамжмал гэрч нар байдаг ба эдгээр хүмүүсийн гэрчээр өгсөн мэдүүлэг нотлох баримтаар тооцогдоход хүндрэлтэй, шууд нотлох баримт болж чадахгүй. Эдгээр нөхцөл байдлуудыг шалгах шаардлагатай гэж үзэж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 321 дүгээр зүйлд заасан хэрэгт авагдсан баримтуудын аль нэгийг нь авч бусдыг нь үгүйсгэсэн байдлаа тайлбарлаж чадаагүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, дээр дурдсан ажиллагаануудыг шалгаж эцсийн байдлаар шийдвэрлүүлэх саналтай байна ...” гэв.

Ялтан Д.Ариунбаатарын өмгөөлөгч Б.Цолмон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзсэн учраас ямар нэгэн байдлаар гомдол гаргааүй. Өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн “Г.Золжаргал автомашины зүүн хойд хаалгаар буусан. Энэ нь нотлох баримтаар тогтоогдсон” гэж яриад байна. Энэ асуудлыг 2 жил гаруй хугацаанд шалгасан. Өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн удаа дараагийн хүсэлтийг хүлээж авч, бичлэг байгаа, баримт байгаа зэргийг шалгаж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу анхан шатны шүүх хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Г.Золжаргалыг автомашины зүүн хойд хаалгаар буусан талаар маргаангүй. Өөрөөр хэлбэл камерын бичлэгээс харахад 21 цаг 44 минут 45 секундээс эхлээд хаанаас ямар хүн буусан гээд цаг хугацааны хувьд дэс дарааллаар бичигдсэн учраас хэрэгт ач холбогдолгүй юм. Полиграфийн шинжилгээнд Д.Ариунбаатар ороогүй, орохоос татгалзсан гэж яриад байна. Энд хүндэтгэн үзэх шалтгаантай, бие эрүүл мэндийн байдлын хувьд шинжилгээнд орох боломжгүй гэдгийг эмнэлгийн байгууллага албан ёсоор тогтоосон. Д.Ариунбаатар ороогүй шалтгаанаа бичихдээ “Г.Золжаргал олон жил цагдаагийн байгууллагад ажилласан. Танил тал ихтэй учраас шинжилгээ буруу, будлиантай гарах магадлалтай” гэсэн. Г.Золжаргалыг том биетэй, гэрч Н.Нарангаравыг дээгүүр гарах боломжгүй гэж яриад байна. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд хэлсэн. Г.Золжаргал анх хүн дайрсныхаа дараа суудлаа сольж суугаад дараа хойд талд суусан гэх байдлууд нь гэрчийн мэдүүлэг, хэргийн газар очсон цагдаагийн мэдүүлэгт тодорхой байгаа. Цагдаа нар жолооч нь буугаад ир гэхэд жолооч буухгүй байна, ирэхгүй байна гэж хэлдэг. Цагдаа нар өөрсдөө очоод автомашины хаалгыг татахад Г.Золжаргал жолоочийн хажуу талын суудал сууж байсан гэх нөхцөл байдал тогтоогдсон. Камерын бичлэгийн 21 цаг 58 минут 25 секундэд арын хаалгаар бараан өнгийн хүрэмтэй хүн буусан гэдэг нь Г.Золжаргал байсан. Бүх хүмүүс буусны дараа, хүмүүсийг шоконд орсон үед суудлаа сольж суусан нь давхар нотлогдож байгаа. Гэрч Н.Нарангарав сэжигтнээр татагдах ёстой гэж яриад байна. Мөн гэрч Н.Нарангаравт гүйцэтгэх ажиллагаа явуулж өгнө үү гэсэн хүсэлт тавьж байсан. Нарангарав нь Д.Ариунбаатарын эхнэр гэдэг нь үнэн. Гэхдээ энэ хүн хэргийг өөрийн нүдээр харсан, хууль сануулж байцаалт авч байгаа учраас шүүх, хуулийн байгууллагын өмнө үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хэрвээ худал мэдүүлэг өгсөн бол юугаар нотолж байна вэ. Хэргийн газар очсон цагдаа нар болсон үйл явдлыг хараагүй гэж яриад байна. Гэхдээ хэргийн газар очсон цагдаагийн ахлах офицер бичлэг хийж байсан гэдгийг тэнд байсан цагдаагийн ажилтан нотолдог. Сүүлд тэр бичлэг нь олдохгүй байна гэсэн. Тэр бичлэгт автомашиныг хэн барьж явсан гэдэг талаар Г.Золжаргал, Д.Ариунбаатар нараас асуудаг. Д.Ариунбаатар Г.Золжаргалыг “чи барьж явсан биз дээ үнэнээ хэлчих ээ” гэж хэлсэн. Хэргийг буцаагаад юуг шалгуулах гээд байгаа нь тодорхойгүй байна. Д.Ариунбаатарын хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөрийг 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдөр төлж барагдуулсан. Г.Бадамцоо нь цаашид Д.Ариунбаатараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн 10 дугаар зүйлд заасан хэрэгт битүүмжилсэн Д.Ариунбаатарын эзэмшлийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож, Д.Ариунбаатарт буцааж өгнө үү гэсэн саналтай байна ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бямбацоогийн өмгөөлөгч Ц.Майбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Давж заалдах гомдолд битүүмжлэгдсэн автомашинаар хохирлыг төлүүлэх боломжтой учраас хохирлыг барагдуулсан гэж үзээд ял шийтгэлийг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Хохирогч нас барсан учраас гэм хор арилсан, хохирлыг бүрэн барагдуулсан гэж үзэх боломжгүй. Нэгэнт хохирол бүрэн гүйцэд төлөгдөөгүй байгаа учраас битүүмжлэгдсэн автомашинаар хохирол төлөгдсөн гэж үзэхгүй. Г.Золжаргал автомашины зүүн талын хойд хаалгаар бууж ирж байгаа нь камерын бичлэгт авагдсан гэж өмгөөлөгч нар нь маргадаг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан насанд хүрээгүй гэрч Нямсүрэнгийн мэдүүлэг нь камерын бичлэгээр давхар нотлогддог. Гэрч Нямсүрэн тухайн хүмүүсийг танихгүй, мэдэхгүй, гэхдээ өмсөж байсан хувцсаар нь нэрлэж заасан. Хэргийн газар Г.Золжаргал, Д.Ариунбаатар, Н.Нарангарав нараар багаж үлээлгэж шалгахад гэрэл зургийн үзүүлэлтээр өмссөн хувцас нь авагдсан байгаа. Үүнээс харахад Г.Золжаргал нь суудлаа сольсон гэдэг нь давхар нотлогдож байна. Г.Золжаргалыг том биетэй учраас суудлаа сольж суух боломжгүй гэж үзээд байдаг. Гэтэл “Toyota Prius” загварын автомашины голын хайрцаг дээгүүр ямар ч хүн даваад суух боломжтой байдаг учраас энэ талаар туршилт хийх шаардлагагүй. Хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа хангалттай хийгдсэн. Ял шийтгэлийн хувьд тохирсон гэж үзэж байна. Өчигдөр Д.Ариунбаатарын зүгээс шийтгэх тогтоолд дурдсан хохирлыг төлж барагдуулсан учраас түүний эзэмшлийн битүүмжлэгдсэн автомашиныг битүүмжлэлээс цуцалж, өөрт нь буцаан олгох байр суурьтай байгаа учраас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн саналтай байна...” гэв.

Прокурор Ц.Мөнхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх ялтан нарын гэм буруугийн үйлдэл, хэр хэмжээ, тэдний гэмт хэрэг үйлдсэн шинж чанарт тохирсон, хууль зүйн хувьд үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна. Ялтан Г.Золжаргалд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах боломжгүй. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар гэм хор арилсан, хохирлыг бүрэн төлсөн байх ёстой, өөрийн гэмт үйлдлийг сайн дураараа илчилсэн нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар тэнсэж, хянан харгалзах боломж хуульд зааснаар олгогддог. Тэгэхээр тухайн нөхцөл байдал бүрдээгүй байгаа учраас тэнсэж, хянан харгалзах давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн саналтай байна. Өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн хэргийг мөрдөн байцаалтад буцаах шаардлагатай, гэм буруугийн асуудал эргэлзээтэй байна гэж ярьж байна. Уг хэрэг мөрдөн байцаалтын шатанд тодорхой хэмжээгээр шалгагдсан. Ялтан Г.Золжаргалын өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу хэргийг мөрдөн байцаалтад шалгавал зохих ажиллагааг тодохой хугацаанд шалгаж тогтоосон. Г.Золжаргалын гэм буруугийн үйлдэл хавтаст хэрэг авагдсан нотлох баримтуудын хүрээнд хангалттай нотлогдсон. Тухайн осол “KFC” хоолны газрын камерын бичлэгт бичигдсэн. Тухайн бичлэгт шинжээч томилж дүгнэлт гаргуулсан. Уг дүгнэлтээр автомашины баруун хойд талын хаалгаар гэрч Л.Анхбаяр буугаад автомашины урд талын хэсэгт явсан нь бичигдсэн. Үүний дараа автомашины зүүн талын урд талын хэсгээс цайвар цагаан өнгийн цамцтай Д.Ариунбаатар буусан. Дараа нь зүүн хойд талын хаалгаар түүний эхнэр Н.Нарангарав буусан нь гэрч Нямсүрэнгийн мэдүүлгээр нотлогддог. Г.Золжаргал зүүн хойд талын хаалгаар буусан болохоор энэ талаар тодруулж шинжээч томилж өгөөч гэсэн хүсэлтийн дагуу “Юнивишн” ХХК-д шинжээч томилсон. Уг шинжээчийн дүгнэлтээр зүүн хойд талын хаалгаар цагдаагийн фосфорттой гуталтай хүн бууж байна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Уг дүгнэлтэд үнэхээр ийм нөхцөл байдал тогтоогдсон уу гэдэгт дахин шинжээч томилсон. Уг шинжээчийн дүгнэлтээр бичлэгийн программ хангаж ашиглаж, дүрс бичлэгийн өнгийг тодруулж засварласан байх тул тухайн бичлэг нь шинжилгээнд тэнцэх боломжгүй байна гэсэн хариуг өгсөн учраас энэ баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон. Мөрдөн байцаалтад Г.Золжаргалтай хамт явсан Д.Ариунбаатар, Н.Нарангарав, Л.Анхбаяр нар нь хууль сануулж өгсөн мэдүүлгээрээ хэлдэг. Насанд хүрээгүй гэрч О.Нямсүрэн тухайн үйл баримт болох явган зорчигчийг явган хүний гарцаар явж байхад мөргөснийг харсан, дуудлага өгсөн гэрч юм. Насанд хүрээгүй гэрч хэн, хаанаас ямар байдлаар буусан талаарх мэдүүлгийг мөрдөн байцаалтын шатанд өгсөн. Полиграфийн шинжилгээг хийлгэхээр хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Полиграфийн шинжилгээг хийхэд ямар нэгэн өвчтэй гэдэг нь эмнэлгийн магадлагаагаар тогтоогдсон ба жирэмсэн бол тухайн шинжилгээнд оруулахгүй гэсэн заалт байдаг учраас тус шинжилгээг хийх боломжгүй байсан. Ялтан Г.Золжаргалын гэм буруу нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалтай нотлогдон тогтоогдсон учраас туршилтыг заавал хийх шаардлагагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Г.Золжаргалын өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна ...” гэв.

                                                     ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж, хэргийг шийдвэрлэлээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 141 дүгээр шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагад нийцсэн байна.

Г.Золжаргал нь 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 21 цаг 45 минутын үед Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө Төмөр замын “KFС” хоолны газрын урд замд “Toyota Prius” загварын, 14-91 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 дахь хэсэгт заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно; а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг зөрчин согтуугаар жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх хэсэгт заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэснийг зөрчиж явган зорчигч Б.Туяаг мөргөснөөс амь насыг нь хохироосон гэмт хэргийг,

Д.Ариунбаатар нь 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр “Toyota Prius” загварын, 14-91 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 дахь хэсэгт заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно; б/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ буюу түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх” гэснийг зөрчиж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Г.Золжаргалд жолоогоо шилжүүлсний улмаас явган зорчигч Б.Туяагийн амь насыг хохироосон гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мөнхбаярын “... Талийгаач Б.Туяа нь миний төрсөн эх байгаа юм. Миний эцэг Г.Мишигбаяр 9 жилийн өмнө нас барсан. Би эцэг, эхээс хоёулаа ба миний дүү Т.Энхмандах нь 16 настай, эмэгтэй. Уг дүү маань оюуны хомсдолтой, унаж татдаг өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуульд сурдаг юм. Би 2013 онд гэр бүл болж тусдаа амьдарч байгаа. Миний эх Б.Туяа нь төрсөн дүү Т.Энхмандахын хамт амьдардаг байсан. Би ээжтэйгээ хамт амьдардаггүй болохоор 2016 оны 3 дугаар сарын 10-ны орой 19 цаг 20 минутын үед манай 2 охин “эмээтэйгээ яръя” гэхээр нь би ээжийн 99652896 дугаар луу залгаад 2 охинтойгоо яриулсан. Ингээд ярьж дуусахаар нь би ээжтэй яриад хаана байгаа талаар нь асуухад “Ажил дээр байна, тарах болоогүй” гээд тасалсан. Манай ээж Ерөнхий боловсролын 73 дугаар сургуулийн жижүүр ажилтай ба тус сургуулийг шинээр барина гээд барилгыг нь нураасан учраас 3 газар хичээллэж байгаа тул их орой тардаг. 2016 оны 3 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 04 цагийн үед ээжийн төрсөн дүү Эрдэнэцэцэг над руу залгаад “ээж чинь аваарт орж өнгөрсөн байна” гэж хэлсэн...” /1хх-40/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бямбацоогийн “... 2016 оны 3 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Замын цагдаагийн газраас намайг дуудахаар нь очиход нэг байцаагч танай дүү Б.Туяа нь Төмөр замын “KFC” хоолны газрын урд талын гарцан дээр зам хөндлөн гарч яваад авто ослоор нас барсан байна гэж хэлсэн. Тэгээд тэр ослын газрын схем зургийг танилцуулсан. Төрийн тусгай хамгаалалтын замын цагдаа залуу машиндаа 3 хүнтэй, согтуугаар автомашин жолоодож яваад явган хүний гарцан дээр явсан дүүг маань дайрч, дүү маань газар дээрээ нас барсан юм байна гэж би ойлгосон. Миний дүү бие эрүүл, саруул хүн, ажлаа хийгээд явж байсан. Талийгаачийн оршуулгын зардал болон үүнтэй холбоотой гарсан зардлыг нөхөн төлүүлмээр байна. Хамт амьдарч байсан охин нь төрөлхийн сэтгэцийн гажигтай, хөдөлмөрийн чадваргүй, хүний асаргаанд байдаг учраас уг хүүхдийн амьдралд хэрэг болохуйц мөнгө нэхэмжилнэ. Гомдолтой байна ...” /1хх-48/,

иргэний нэхэмжлэгч Д.Ариунбаатарын “... Г.Золжаргал миний эзэмшлийн 14-91 УНН улсын дугаартай, “Toyota Prius” загварын автомашиныг жолоодон явж осол гаргаснаас болж хохирлын үнэлгээгээр 987.600 төгрөгийн хохирол учирсан. Мөн саатуулах байрны төлбөрт 160.000 төгрөг, техникийн үзлэгт оруулж дүгнэлт гаргуулсан 88.000 төгрөг, нийт 1.235.600 төгрөгийг Г.Золжаргалаас нэхэмжилж байна...” /1хх-52/,

насанд хүрээгүй гэрч О.Нямсүрэнгийн “... 2016 оны 3 дугаар сарын 10-ны орой 19 цаг 40 минутаас 20 цаг 40 минут хүртэл Барилгын политехникийн коллежийн спорт зааланд заал авч тоглож байгаад гараад гэртээ харихаар ганцаараа 25 дугаар эмийн сангийн зүүн талд байрлах “KFC” рестораны урд талд алхаж явтал 14-91 УНН улсын дугаартай, “Toyota Prius” загварын, цагаан өнгийн автомашин зүүнээс баруун тийш явж байгаад явган хүний гарцан дээр нэг эмэгтэй хүнийг дайрсан. Би талийгаачийн зүг харчихаад машин руу харахад зүүн урд талын хаалганаас шаргал өнгийн куртик, жинсэн өмд, пүүзтэй эрэгтэй, зүүн хойд талын хаалгаар хар куртик, өсгийтэй, түрийтэй гуталтай эмэгтэй хүний хамтаар бууж ирсэн. Тэгээд тэр шаргал куртиктай эрэгтэй над дээр хүрч ирээд “Манай найз миний машиныг барьж яваад хүн дайрчихлаа, нуугаад яахав” гэж хэлсэн...” /1хх-54-55/,

гэрч Л.Анхбаярын “... Би 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс ээлжийн амралтаа авсан, 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Бөмбөгөр худалдааны төв дээр явж байхад 18 цаг өнгөрөөд Г.Золжаргал залгаад байхаар нь утсаа авахгүй байсан юм. Тэгсэн Д.Ариунбаатарын утсаар Г.Золжаргал яриад “Чи хаана байна” гэхээр нь би “ажлынхаа ойролцоо явж байна” гэсэн чинь “байж бай, хоёулаа уулзъя. Би Нарны гүүрэн дээр явж байна” гэсэн. Ингээд би 4 замын Элбагийн автобусны буудал дээр хүлээж байтал Г.Золжаргал 14-91 УНН улсын дугаартай, цагаан өнгийн “Toyota Prius” загварын автомашин жолоодсон, Д.Ариунбаатарын эхнэр Н.Нарангарав урд суудал дээр, Д.Ариунбаатар арын суудал дээр суусан байхаар нь би ард нь ороод суусан. Д.Ариунбаатар, Г.Золжаргал нар архи уусан, согтуу байсан. Нарангаравыг архи уусан эсэхийг мэдээгүй. Машиныхаа голын хайрцаг дээр “Соёрхол” нэртэй, 0.75 литрийн архи задлаад жаахан уусан байсан. Тэрнээс Д.Ариунбаатар надад нэг удаа аягалж өгөхөөр нь би тэрийг нь уусан. Г.Золжаргал “ойрхон караоке ороё” гэхээр нь би “Монгол” нэртэй караокег зааж өгөөд тийшээ орсон. Караокед орохдоо Д.Ариунбаатар нөгөө архиа нууж ороод дотроос нь нэг ундаа, пиво аваад нөгөө архиа гурвуулаа хувааж уусан. Караокены нэг цаг дуусаад гарахаар болж Г.Золжаргал эхэлж гараад араас нь Д.Ариунбаатар эхнэрийн хамт гараад, би тооцоо хийгээд араас нь гарсан. Тэгсэн манай эхнэр залгаад “3 дугаар төрөх явна гэсэн яасан бэ” гээд байсан  юм. Тэгээд би гараад явдаг юм билүү гэсэн чинь бүгд машиндаа суучихсан, Г.Золжаргал машин бариад ухарч байсан. Хажууд нь Д.Ариунбаатар, ард нь Н.Нарангарав суусан байсан. Би явахгүй бол болохгүй, зам руу дөхөөд бууя гээд арын суудал дээр суусан. Тэгээд явж байтал 4 зам дээр ирээд чигээрээ явах юм болов уу гэтэл баруун эргээд явчихсан. Би бууя гэтэл сонсохгүй, чигээрээ яваад байхаар нь тоохгүй юм байна гэж бодоод хэсэг сууж байтал машины урд талд түг хийх чимээ гараад Г.Золжаргал машинаа 1 дүгээр эгнээ рүү шахаад зогсохооор нь хашлага мөргөчихлөө гэж бодоод машинаас буугаад машиныг нь тойрч харсан чинь зүгээр байхаар нь би явлаа гээд зам хөндлөн гарч такси бариад Орхон Их сургууль дээр эхнэр дээрээ очсон. Миний хувьд тухайн үед архи уучихсан, бага зэрэг согтсон мөн явах гээд яарч байсан учраас хүн мөргөснийг нь мэдээгүй. Намайг эхнэрийнхээ ажил дээр очоод байж байтал Д.Ариунбаатар над руу залгаад Золжаргал хүн мөргөсөн байна гэхээр нь би худлаа яриад бай гэхэд үнэн гэсэн...” /1хх-57-58/, “... Осол болсоны маргааш өглөө Г.Золжаргал нь надад “Д.Ариунбаатарыг машин барьсан гээд тохиръё, чи Д.Ариунбаатарт тэгээд хэлчихээрэй, надад туслаарай” л гээд байсан. Г.Золжаргал машин барьж явсан нь үнэн. Надад Г.Золжаргалыг ямар нэгэн зүйлд гүтгэх шаардлага байхгүй. Өөрийн мэдэж байгаа зүйлийг үнэн зөвөөр мэдүүлж байна. Осол гарахад нөлөөлсөн хүн байхгүй. Г.Золжаргал машин барьж явахдаа утсаар яриад яваад байсан...” /хх-59/,

гэрч Н.Нарангаравын “... 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Д.Ариунбаатар бид 2 хамт манай гэрт байхад Д.Ариунбаатар надад “Г.Золжаргал залгаж ярьсан. Уулзаж нэг юм ууя гээд байна, хальт очоод явъя” гэсэн. Ингээд Яармагийн “Сансар” худалдааны төвийн үүдэнд Г.Золжаргалтай уулзаад “Сансар” төвөөс нэг шил 0.75 литрийн “Соёрхол” нэртэй архи аваад Нисэхийн эцэс рүү манай “Toyota Prius-20” загварын машинтай явж голын эрэг дээр Г.Золжаргал, Д.Ариунбаатар нар авсан архиа уусан. Архиа ууж дуусаад Нисэхийн эцсийн буудал ороод такси хайж байтал манай ах Буяннэмэх машинтайгаа явж таараад Золжаргалыг замдаа хүргэж өгнө гээд аваад явсан. Тэгтэл удалгүй Г.Золжаргал эргэж ирээд “Машины чинь ард 2 ширхэг скоч, цаасны цавуу, өнгийн цаасаа орхисон байна” гэсэн. Тэгснээ Г.Золжаргал машины жолоон дээр суугаад байхаар нь би “Яасан бэ, явахгүй юм уу” гэсэн чинь “явахгүй, ахиад нэг юм уухгүй бол болохгүй байна” гэхээр нь “Одоо хаачих гэж байгаа юм” гэтэл “ямар ч байсан Яармаг оръё” гээд Яармагт нэг дэлгүүр ороод 1 шил архи, пиво зэрэг авсан. Тэгээд хотын төв рүү орж “караокед оръё” гэхээр нь бид “2 яах юм бэ, эндээ уучих” гэсэн “үгүй, хотын төв орж караоке орно” гээд машин бариад хөдлөөд явчихсан. Хотын төв орж байхдаа Л.Анхбаяр руу залгаад байсан чинь утсаа авахгүй байсан. Гэтэл Д.Ариунбаатарын утсаар Л.Анхбаяр руу залгаж яриад баруун 4 замын Элбагийн үүдэнд уулзахаар болсон. Ингээд Л.Анхбаярыг авч “Монгол” караоке ороод тэр 3 нөгөө архийг ууж, караокенаас 1 пиво, 1 ундаа авсныг би уусан. Караокед нилээн удаан сууж, 1 цаг нь дуусаад би “явъя” гэсэн чинь Г.Золжаргал түрүүлж гараад утсаар яриад гадаа зогсоод байсан. Бид 2 араас нь гараад, би машинаа барьж явах гээд машинд суугаад машинаа асаагаад, Д.Ариунбаатар урд талд миний хажууд сууж байсан чинь Г.Золжаргал жолооч талын хаалгыг онгойлгоод “найз нь нэг хүнтэй уулзах гээд байна, найз нь машин баръя” гэхээр нь “яах юм бэ, би бариад явъя” гэтэл Г.Золжаргал “чи буулдаа гээд намайг татаж буулгаад өөрөө жолоон дээр суучихаар нь би ямар сонин юм бэ гээд гадаа зогсож байтал машин хөдөлгөх гээд байхаар нь би явах гэж байна гээд арагшаа суучихсан. Би Л.Анхбаярын хамт арын суудал дээр суугаад утсаараа оролдоод хаагуур явж байгааг нь анзаараагүй явж байтал араас машин мөргөх шиг болоод түс хийхээр нь арагшаа харсан чинь зам дээр нэг эмэгтэй хүн хэвтэж байсан. Би аймаар сандраад “Чи хүн мөргөчихлөө” гээд хашгираад нүүрээ дарж байгаад нэг харсан чинь Д.Ариунбаатар, Л.Анхбаяр 2 байхгүй, Г.Золжаргал Д.Ариунбаатарын суудал дээр суудлаа солиод суучихсан байсан. Би Г.Золжаргалыг “Чи буугаач дээ, хүн дайрчихлаа шүү дээ” гэсэн чинь “Найз нь мэдэж байна. Миний 2 найз аргалчихаа, найз нь дараа нь та хоёрыг аргална” гээд машинаас буухгүй байхаар нь би машинаас буусан. Тэгээд түргэн ирээд нөгөө эмэгтэйг үзээд өнгөрсөн байна гэсэн. Тэгээд би Г.Золжаргал дээр очоод “Мөргөсөн хүн чинь нас барчихсан байна” гэсэн чинь Г.Золжаргал юу ч ярихгүй, машинаас буухгүй байсан...” /1хх-64-66/,

гэрч Г.Мөнхцэцэгийн “... 2016 оны 3 дугаар сарын 10-ны 22 цагийн үед Г.Золжаргал өөрийн 96600005 гэсэн дугаараас над руу залгаад “Ирээд аваач” гээд үг нь ойлгогдохгүй байхаар нь “Хаана байна” гэсэн мэдэхгүй гээд байсан. Тэгэхээр нь би Д.Ариунбаатар луу залгаад “Г.Золжаргал ярьж чадахгүй байна, хаана байна юу болсон бэ” гэхэд Ариунбаатар нь “Г.Золжаргал сая миний машиныг барьж яваад хүн дайраад алчихлаа” гэхээр нь “Үнэн юм уу” гэхэд “Үнэн, үнэн. Одоо үнэнийг хэлэхээс яахав” гээд байсан. Би Д.Ариунбаатараас “Хаана юм бэ” гэхэд “25 дугаар эмийн сангийн “KFC” хоолны газрын урд талд” гэсэн...” /1хх-67/,

гэрч Д.Ариунцэцэгийн “... 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн орой 22 цаг болохоос өмнө Д.Ариунбаатар миний дугаар луу залгаад “Золоо согтуу миний машиныг барьж яваад хүн дайрчихлаа, 25 дугаар эмийн сангийн зүүн талд байна. хүрээд ир” гээд утас нь тасарчихсан. Тэгээд хэргийн газарт очиход цагдаагийн машин ирчихсэн, KFC хоолны газрын урд зам дээр машинд мөргүүлсэн хүн хэвтэж байсан. Би зам хөндлөн гарсан чинь Н.Нарангарав зам дээр зогсож байсан. Тэгээд Д.Ариунбаатарыг хаана байна гэхэд Д.Ариунбаатар, Г.Золжаргал хоёрыг цагдаагийн алаг машинд байгаа гэсэн. Тэгээд Н.Нарангарав “миний хажууд сууж явсан Л.Анхбаяр алга байна” гэхээр нь чи дуудаач гэхэд Н.Нарангарав залгаж байснаа утсаа авахгүй байна гэсэн...” /1хх-70/,

гэрч Я.Баттулгын “... 2016 оны 3 дугаар сарын 10-ны орой 22 цагийн үед Баянгол дүүргийн замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч ахлах хошууч Б.Лхагвадорж утсаар “Г.Золжаргал гэж цагдаа байдаг уу, Баянгол дүүрэгт нэг осол гарсан. Уг осол гарсан машины жолоочийн хажуу талын суудал дээр сууж байна. Хамт явсан хүмүүс нь Г.Золжаргалыг барьж явсан” гээд байна та хүрээд ирээч гэсэн. Ингээд би 20-30 минутын дараа ослын газар очиход Баянгол дүүргийн замын цагдаагийн эргүүлийн албаны машинд Г.Золжаргал сууж байсан. би очоод Г.Золжаргалаас “чи яасан юм бэ, жолоо барьж явсан юм уу” гэхэд Г.Золжаргал “би юу болсныг санахгүй байна” гэсэн. Ингээд би ахиж юм асуугаагүй...” /1хх-73/,

сэжигтэн Д.Ариунбаатарын “... 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Г.Золжаргал “уулзъя” гээд залгаад би эхнэрийн хамт Золжаргалтай гурвуулаа Яармагийн Сансар худалдааны төвийн үүдэнд очиж уулзсан. Ингээд Г.Золжаргал архи ууя гэсэн учраас хоёулаа мөнгө нийлүүлээд 1 шил архи, пиво, цэвэр ус зэрэг авч Г.Золжаргал машинаа тэр зогсоол дээр орхисон. Би машинаа барьж, манай эхнэр Нарангарав миний хажууд урд суугаад, Г.Золжаргал арын суудал дээр суугаад Нисэхийн эцсийн автобусны буудал орж архиа уухаар явсан. Явах замдаа Г.Золжаргал Яармаг худалдааны төв орж өнгийн цаас, цавуу зэрэг зүйл аваад, жагсаалын үзлэгт үзүүлэх гар чийдэн алга гээд ажлынхаа газрын хүнээс авахаар болсон. Тэгээд Нисэхийн автобусны буудлын дэлгүүрээс ширхэгийн тамхи авах гэтэл байхгүй болохоор нь би 100-150 метрийн зайтай нэг дэлгүүрт явган очсон. Дэлгүүрээс гарч ирэхэд миний машиныг Г.Золжаргал жолоодон дэлгүүрийн гадаа ирсэн. Тэгээд би арын суудалд суугаад Г.Золжаргал машин жолоодож голын эрэг явсан. Гол дээр архиа ууж дуусаад Г.Золжаргал харихаар болж Нисэхийн автобусны эцсийн буудал орсон. Эцсийн буудлаас такси олох гээд явж байтал эхнэрийн төрсөн ах Буяннэмэх таараад Г.Золжаргалыг суулгаад явуулсан. Тэгээд эхнэр бид 2 харихаар хөдлөх гэж байтал Буяннэмэх ахын утсаар Г.Золжаргал над руу залгаад “Машины чинь хойно жагсаалын үзлэгийн юмаа мартсан байна, эргээд очлоо” гэхээр нь би үлдээсэн эд зүйлийг нь аваачиж өгөөд хаалгыг нь хаах гэхэд Г.Золжаргал “би явахаа болилоо, нэмж ганц юм уумаар байна” гээд машинаас нь буугаад ирэхээр нь би “Чи одоо болно, маргааш жагсаалын үзлэгтэй байж эртхэн харьж амар, чамайг эргэж хүргэж өгөх машин олдохгүй шүү” гэхэд Г.Золжаргал миний машин руу алхаж очоод машины жолоон дээр суусан. Би араас нь очоод “Чи яваачээ хөөе” гэтэл Г.Золжаргал “дуугай арагшаа суу, би мэдэж байна” гэхээр нь арагшаа суусан чинь машин асаагаад шууд хөдөлсөн. Яармагийн 2 дугаар буудлын “Ундрах” нэртэй дэлгүүр орж, Г.Золжаргал 1 шил архи зээлж аваад, “Төв рүү орж караоке орж дуулмаар байна” гэхээр нь “Яах гээд байгаа юм бэ, эмнэлгийн урд талын зогсоол дээр очиж архиа уучихаад Нараагаар машин бариулаад чамайг хүргэж өгчихөөд өөрөө цаашаа харъя” гэтэл Золжаргал үгэнд орохгүй байсан. Тэгэхээр нь би аргаа бараад “чи өөрийнхөө машиныг авчих” гэтэл “за” гэчихээд шууд гүүр гараад хотын төв явсан. Замдаа Анхбаяр луу миний утаснаас залгаад баруун дөрвөн замын Элбагийн урд уулзахаар болсон. Ингээд Элбагийн урдаас Анхбаярыг аваад “Монгол” караоке орсон. Би машинаас буугаад Г.Золжаргалаас түлхүүрээ аваад эхнэртээ өгсөн. Караокед Золжаргалын зээлээр авсан архийг уугаад би согтсон, цааш юу болсныг санахгүй байна. Нэг ухаан ороход осол  болчихсон, манай эхнэр “Г.Золжаргалаа хүн мөргөчихлөө” гээд байсан ба машины урд шил хагарсан, ард зам дээр хүн хэвтэж байхаар нь машинаас буугаад талийгаач дээр очиж, 102-т залгаад ослын талаар мэдэгдсэн. Буцаж машин дээр очоод жолооч талын хаалгыг онгойлгоход Г.Золжаргал жолооны араас шилжиж, миний сууж байсан суудал дээр суучихсан байсан. Би Г.Золжаргалд “чи хүн мөргөчихөөд оч л доо” гэхэд “найз нь яаж жагсаал хувцастай буух юм бэ” гээд “миний найз миний өмнөөс хүлээчих, найз нь арыг нь даая” гээд байсан. Би “юу яриад байгаа юм бэ, чи хүн мөргөж хаячихаад” гэж хэлээд хаалгыг нь хаачихаад эргэж мөргүүлсэн хүн дээр очсон. Тэгтэл цагдаа эмнэлэг ирж мөргүүлсэн эмэгтэйг өнгөрсөн байна гэж хэлсэн. Тэгээд намайг алаг машинд суу гэхээр нь ороод сууж байтал Золжаргалыг машинаас цагдаа буулгаж, миний хажууд суулгасан. Тэр үед Г.Золжаргал осол болох үед өмссөн байсан цагдаа хар өнгийн ноосон цамцаа тайлж, энгийн хар өнгийн куртик өмссөн байсан. Г.Золжаргал миний хажууд суучихаад “Д.Ариунбаатараа миний найз, миний өмнөөс энэ хэргийг хүлээчихээч, найз нь бүх юмыг нь аргалъя” гээд уйлаад байхаар нь би “Үгүй” гэж хэлсэн. Тэгтэл Г.Золжаргал “Драйгер буюу согтуурлын зэргийг аргална, тийм үү” гээд урд сууж байсан жолоочид хандсан чинь жолооч цагдаа нь “Золжаргалаа чи юу яриад байгаа юм бэ, битгий балай юм яриад бай” гэж загнасан...” /1хх-140-141/,

гэрч Д.Чинзоригийн “... 2016 оны 3 дугаар сарын 10-ны орой 20 цагаас хойш тасаг дээрээ жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад манай ахлах байцаагч, цагдаагийн ахмад Лхагвадорж яриад “Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байрлах “KFC” рестораны урд талын зам дээр осол гарсан байна. Хэргийн газрыг бүрэлдэхүүн иртэл хамгаалж бай” гэхээр нь дуудлагын алаг машинаа өөрөө унаад хөдөлтөл өмнөөс ахлах байцаагч Лхагвадорж ирээд хамтдаа хэргийн газар луу явсан. Би машинтайгаа уулзвараар тойрч хэргийн газар очоод машинаасаа буутал “KFC” рестораны урд талд нэгдүгээр эгнээнд зогсож байгаа цагаан өнгийн, “Toyota Prius-20” загварын автомашины жолооч талын хаалгыг манай ахлах Лхагвадорж онгойлгоод намайг нааш ир гэж дуудахаар нь очтол Лхагвадорж над руу “энд хэн сууж байгааг хар даа” гэхээр нь дөхөж очоод хартал жолоочийн эсрэг талын сандал дээр Тусгай хамгаалалтын газрын цагдаа Золжаргал сууж байсан. тэгээд би Г.Золжаргалыг буулгаад өөрийнхөө машины арын суудал дээр суулгасан. Г.Золжаргал дээгүүрээ ноосон хар цамцтай, догуураа жагсаал хувцастай байсан. Би машины урд талын жолоон дээрээ сууж байхад найз гэх Д.Ариунбаатар гэдэг залуу буруу талын хойд тал буюу баруун хойд талын хаалгыг онгойлгоод “ахаа би суучих уу” гээд суусан. Д.Ариунбаатар орж ирээд суунгуутаа Г.Золжаргалд “чи хүн дайрчихлаа” гэсэн чинь Г.Золжаргал “наадах чинь зам тээврийн осол гайгүй, би аргална, согтуу байсныг аргалж болно, Д.Ариунбаатараа чи даачих аа, би арыг чинь зохицуулна” гээд надаас “зам тээврийн ослыг аргалж болно биз дээ” гэхээр нь би хариуд нь “дуугүй суу” гэж хэлсэн. Удалгүй манай замын цагдаагийн газрын ерөнхий эргүүл, цагдаагийн хошууч Батжаргал машины урд суудал дээр суугаад арагшаа эргэж хараад камераар бичлэг хийсэн. Бичлэг хийж байхдаа “та хоёрын хэн нь машин барьсан юм бэ” гэхэд Ариунбаатар “манай найз Золжаргал барьж явсан” гэсэн чинь Золжаргал дуугарахгүй байсан. Тэгэхэд Ариунбаатар чи барьж явсан биз дээ Золоо гэсэн чинь Золжаргал Батжаргалын өмнөөс хараад юу ч дуугарахгүй байсан. Тэгээд цагдаагийн хошууч Батжаргал буугаад явсны дараа Ёс журмын эргүүл Батбилэг ирээд Золжаргалыг аваад явсан...” /2хх-11-12/,

гэрч С.Сүхбаатарын “... 2016 оны 3 дугаар сарын 10-ны орой 21 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хороо “KFC” рестораны урд талын урсгалын замын нэгдүгээр эгнээгээр баруунаас зүүн чиглэлтэй албаны 06-42 УНҮ улсын дугаартай “Киа рио” загварын машинтайгаа явж байхад 16-17 орчим настай нэг хүүхэд хойд замаас гараараа даллаад байхаар нь очиж зогсоод, юу болсон талаар асуух үедээ хойшоо харахад хойд талын замын гуравдугаар эгнээнд нэг эмэгтэй дээшээ хараад хэвтэж байсан. Нөгөө хүүхэд “энэ эгчийг машин мөргөсөн гээд “KFC” рестораны урд талд нэгдүгээр эгнээнд зогсож байгаа цагаан өнгийн “Toyota Prius 20” загварын автомашиныг заасан. Талийгаачийн хажуу талд шар өнгийн куртиктэй залуу, нэг эмэгтэйгийн хамт зогсож байсан. Би станцаар Баянгол дүүргийн Замын цагдаагийн ахлах зохицуулагч ахмад Лхагвадоржийг проллоор нь дуудаад “25 дугаар эмийн сангийн “KFC” рестораны урд талд хүн машинд мөргүүлсэн байна,  жолооч нь согтуу юм шиг байна, яаралтай ир” гэж хэлсэн. Би тухайн үед шар куртиктай залууг жолооч нь юм байна гэж бодсон. Уг залуу согтуу, бага зэрэг гуйваад, нүд нь сүүмийгээд байсан. Дуудлага өгсөн чинь Лхагвадорж “манай албан хаагчид чиглэлийн хамгаалалттай байна. Чи очоод хэргийн газар хамгаалж бай” гэхээр нь би машинтайгаа уулзвараар буцаж эргээд нөгөө газар унасан байсан эмэгтэйгийн зүүн талаас нь алаг тэргээрээ хааж зогсоод уг эмэгтэй дээр очсон. Тэр эмэгтэйгийн гүрээн дээр дарж үзэхэд судас нь цохилохгүй байхаар нь нөгөө хүүхдээс “103 дуудсан уу” гэхэд “дуудсан” гэсэн. Талийгаач эмэгтэй дээшээ харсан, толгой нь ертөнцийн зүгээр баруун хойд тал руу харсан байдалтай, толгой талд нөгөө шар өнгийн куртиктай залуу, хүүхэн хоёр зогсож байсан. Наана нь хүүхэд зогсож байсан. Би шар өнгийн куртиктай залуугаас “чи жолооч нь уу, бичиг баримтаа” гэсэн чинь “би машин барьж яваагүй, жолооч нь машинд сууж байгаа” гэхээр нь “жолоочоо дууд” гэсэн чинь эмэгтэй нь машин руу очоод буцаж хүрч ирээд “бууж ирэхгүй байна” гэхээр нь би машин дээр нь очоод жолооч талын хаалгыг татаад онгойлгосон чинь руль дээр хүн байхгүй, жолоочийн эсрэг талын сандал дээр Золжаргал тонгойгоод сууж байсан. Машин хэн барьж явсан юм бэ гэсэн чинь “цаана чинь байгаа” гэсэн. Золжаргал цагдаа хувцастай явж байсан. Тэр хавиар нь явж байсан хүмүүс машин руу шаваад, дөхөөд ирэхээр нь цагдаа хувцастай хүн согтуу байсан болохоор санаа зовоод хаалгыг нь хаасан. Би буцаад талийгаач дээр очсон чинь түргэн тусламж ирээд эмч талийгаачийг үзэж нас барсан байна гээд бичиг хийж өгсөн. Тэгтэл нөгөө эмэгтэй нь уйлаад эхэлсэн. Түргэн тусламж явахаар нь Лхагвадорж руу нөгөө хүн нь нас барсан гэдгийг хэлээд нөгөө шар куртиктэй залуугаас “чи барьж явсан юм биш үү” гэсэн чинь “үгүй” гэхээр нь “чамайг барьж явсан гэж байна” гэхэд “үгүй манай найз барьж явсан, танай тусгай хамгаалалтын замын цагдаа Золжаргал шүү дээ” гэсэн. Удалгүй Баянгол дүүргийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч ахлах дэслэгч Оюун-Эрдэнэ ирэхээр нь байсан хүмүүсийг хүлээлгэн өгчихөөд би явсан. Нөгөө хүүхдээс юу болсон талаар асуухад “зам хөндлөн гарч байсан эгчийг цагаан өнгийн машин мөргөхөөр нь унасан эгчид туслахаар очиход босч ирэхгүй байсан. Мөргөсөн машин нь цаана очоод зогссон, машин хэн барьж явсныг хараагүй” гэж хэлсэн ...” /2хх-13-14/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Шинжилгээнд ирүүлсэн Г.Золжаргалын гэх цусанд 2.1 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусанд илэрсэн 2.1 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэх 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2303 дугаар шинжээчийн дүгнэлт /1хх-76/,

“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн “... Уг автомашины тоног төхөөрөмж дээр шалгаж хэмжилт хийж үзэхэд тухайн автомашины ажлын болон зогсоолын тормосны хүчний  хэмжээ, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, их гэрлийн эрчим, дугуйн хээний гүн зэрэг нь стандартын шаардлага хангаж байна. Уг автомашин нь ерөнхий байдал, иж бүрдэлийн хувьд урд салхины шил гол дунд хэсэгтээ хонхойж цацарч хагарсан, капот хуниралдсан, урд буфер зүүн гар талаасаа хугарсан, урд нүүрний тор /grille-сетка/ хагарч дээд талын хүрээ тасарсан, радиатор бага зэрэг дотогшоо /хөдөлгүүр тийш/ налж урд нүүрэн талын босоо бэхэлгээ доод хэсгээрээ нугаларсан, урд хөндлөвч дотогшоо бага зэрэг тахийж нумарсан зэрэг эвдрэл гэмтэлтэй байна. мөн дагалдах хэрэгслийн иж бүрдэл /галын хор, эмийн сан, ослын зогсолтын тэмдэг/-гүй байв. Уг автомашины хайчин өргүүр дээр өргөж явах эд ангийн үзлэг хийхэд жолооны механизм болон явах эд ангийн хувьд эвдрэл, гэмтэлгүй байв. Уг автомашинд үүссэн урд салхины шил гол дунд хэсэгтээ хонхойж, цацарч хагарсан, капот хуниралдсан, урд буфер  зүүн гар талаасаа хугарсан, урд нүүрний тор хагарч дээд талын хүрээ тасарсан, радиатор бага зэрэг дотогшоо налж урд нүүрэн талын босоо бэхэлгээ доод хэсгээрээ нугаларсан, урд хөндлөвч дотогшоо бага зэрэг тахийж нумарсан зэрэг эвдрэл гэмтлүүд нь зам тээврийн ослын үед үүссэн байна. эдгээр эвдрэл гэмтлүүд цаг хугацааны хувьд чухам хэзээ үүссэн эсэхийг нарийн тодорхойлох боломжгүй. 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гарсан ослын улмаас уг автомашины гадна талд ямар эвдрэл гэмтэл үүссэн эсэхийг тодорхойлох боломжгүй. Харин уг автомашинд үүссэн дээрхи эвдрэл гэмтлүүд нь тухайн автомашин жолоочийн зүүн гар талын урд хэсгээр зөөлөн мөргөсний улмаас үүссэн байна. Суудлын автомашин хүн мөргөхөд эхлээд буферт мөргөгдөж ойгоод капут дээр унаж цаашлаад толгойгоороо салхины шилний аль нэг хэсэгт мөргөдөг. Автомашины хурдаас хамаарч салхины шилний цөмрөлт харилцан адилгүй үүсдэг. Тухайн зам тээврийн осол хэрэг гарахад нөлөөлсөн гэх техникийн ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байна...” гэх 2016 оны 4 дүгээр 4-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /1хх-81-84/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Талийгаачийн биед хүзүүний 6 дугаар нугалмын салсан хугарал, нуганы бүрэн бус тасрал, 2 тал бөмбөлгийн дагз зулай, чамархай хэсгийн аалзан бүрхүүлийн цус харвалт, тархины ховдлууд дахь цус, уртавтар тархинд голомтлог няцрал, дэлүүний үүд, голтын зөөлөн эд, баруун бөөрний өөхөн эдэд цусан хуралт, элэгний хальсанд доорх няцрал, хуйханд шарх, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт, өгзөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн хүзүүний 6 дугаар нугалмын хугарал, нугасны бүрэн бус тасрал, 2 тал бөмбөлгийн дагз, зулай, чамархай хэсгийн аалзан бүрхүүлийн цус харвалт, уртавтар тархины голомтлог няцралын улмаас амьсгал зүрх зогсож нас баржээ...” гэх 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 509 дүгээр шинжээчийн дүгнэлт /1хх-103-106/,

Замын цагдаагийн газрын шинжээчийн “... “Toyota Prius” загварын 14-91 УНН дугаартай автомашины жолооч Г.Золжаргал нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 13.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэснийг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна. Тээврийн хэрэгслийн тухайн осол болох үеийн хурдыг тогтоох боломжгүй. Хавтаст хэргийн материалын 7 дугаар талд хэргийн газрын үзлэгийн схем зураг, мөн хавтаст хэргийн 72 дугаар талд фото зургийн үзүүлэлт зэргээс харахад Тухайн замд Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралт 7.13-а тэмдэглэл, мөн зорчих хэсгийн зүүнээс баруун тийш явдаг чиглэлийн замын хойно Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралт 5.16-б тэмдэг байсан байна. Тээврийн хэрэгсэл эзэмшигч Д.Ариунбаатар нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-б/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ буюу түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх 2016 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 179 дүгээр дүгнэлт /1хх-113-114/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 7191 дүгээр шинжээчийн дүгнэлт /2хх-224-225/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-6/, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /1хх-8/, Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /1хх-14/, Гэрэл зургийн үзүүлэлт /1хх-30-35/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1хх-38/, Авто машин техникийн үнэлгээний тайлан /1хх-116-117/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-7/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

            Г.Золжаргал, Д.Ариунбаатар нарт холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, тэдэнд оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл, ялтан нарын хувийн байдал, тэдний гэм бурууд тохирсон байх ба мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

            Ялтан Г.Золжаргалын өмгөөлөгч нараас “...Г.Золжаргалд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасныг баримтлан тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...”, “... хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

            Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзэхэд Г.Золжаргал нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй, хохирогч нас барсан, гэм хор арилаагүй, түүнчлэн энэ хэрэгт битүүмжлэгдсэн ялтан Г.Золжаргалын эзэмшлийн 18-41 УНИ улсын дугаартай, “Toyota Prius” загварын автомашиныг шийтгэх тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсэн нь хохирлыг бүрэн төлөгдсөн гэж үзэх үндэслэл биш тул ялтан Г.Золжаргалд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах боломжгүй юм.

            Харин анхан шатны шүүхээс ялтан Д.Ариунбаатараас 1.138.853 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бямбацоод олгохоор шийдвэрлэсэн ба Д.Ариунбаатар нь дээрх хохирлыг барагдуулсан талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бямбацоо тайлбар ирүүлсэн, мөн түүний өмгөөлөгч Ц.Майбаяр тус шүүх хуралдаанд “... Д.Ариунбаатар нь шийтгэх тогтоолоор гаргуулахаар заасан хохирлын мөнгийг бүрэн барагдуулсан тул одоо түүнээс нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн зэргийг харгалзан Д.Ариунбаатарын эзэмшлийн 14-91 УНН улсын дугаартай, “Toyota Prius” загварын автомашиныг битүүмжлэлээс чөлөөлж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд ялтан Г.Золжаргалын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Ж.Болдбаатар нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 141 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 10 дахь заалтын “... Хэрэгт битүүмжлэгдсэн “Toyota Prius” маркийн, 18-41 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 14-91 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг Шүүхийн шийвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй...” гэснийг “... Хэрэгт битүүмжлэгдсэн Д.Ариунбаатарын эзэмшлийн 14-91 УНН улсын дугаартай, “Toyota Prius” загварын тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, Г.Золжаргалын эзэмшлийн 18-41 УНИ улсын дугаартай, “Toyota Prius” загварын тээврийн хэрэгслийг хохиролд тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй...” гэж өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Ялтан Г.Золжаргалын өмгөөлөгч Ж.Болдбаатар, Ш.Мягмарцэрэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл, магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧИД                                                                   Ж.ЭРДЭНЭЧИМЭГ  

                                                                                     Д.ОЮУНЧУЛУУН