Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2020/0294

 

Х.О-ы нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгч Х.О, түүний өмгөөлөгч А.Х, Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 111 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч болон гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлоор Х.О-ы нэхэмжлэлтэй, Нийслэлийн нийгмийн даатгалын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 111 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны туай хуулийн /2002 он/ 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Х.О-ыг Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргын ажилд үргэлжлүүлэн ажиллуулахаас татгалзсан Нийслэлийн нийгмийн даатгалын газрын дарга Г.Болорсүхийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Х.О-ыг Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргын ажилд үргэлжлүүлэн ажиллуулахыг хариуцагчид даалгаж, түүнийг ажилгүй хүлээлгэсэн хугацааны цалин олговрыг хүсэлт гаргасан өдөр буюу 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцож нийт 12 703 116 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

  Хариуцагч болон гуравдагч этгээдээс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлэхдээ Нийгмийн даатгалын ерөнхий газрыг хамтран хариуцагчаар татуулах Нийслэлийн нийгмийн даатгалын газрын болон гуравдагч этгээдийн хүсэлтийг хүлээж аваагүй. Тус хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь шүүх хуралдаанд хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд дараах үндэслэлээр зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Нэхэмжлэгч Х.О-ыг анх томилсон байгууллага нь Нийгмийн даатгалын ерөнхий газар байдаг. Нэхэмжлэгч Х.О-ыг анх Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргаар томилохдоо Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-д заасныг зөрчиж томилсон гэж үзэж байгаа. Тэгэхээр Х.О-ыг томилсон болон чөлөөлсөн, Б.У-ийг томилсон тушаалуудын үндэслэл шаардлага, хуульд нийцсэн эсэхийг Нийгмийн даатгалын өрөнхий газар тайлбарлах үүрэгтэй гэж үзэж байна. Мөн Нийгмийн даатгалын хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотой томилох эрх нь Нийслэлийн нийгмийн даатгалын газар шилжсэн боловч Б.Ууган- эрдэнийг томилсон тушаал нь одоог хүртэл Нийгмийн даатгалын ерөнхий газар хэвээр хадгалагдаж байгаа. Тэгэхээр Төрийн албаны тухай хууль, Агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалтууд зөрчигдөх нөхцөл байдал үүсэж байна. Өөрөөр хэлбэл Нийслэлийн нийгмийн даатгалын газарт удирдах дээд шатны байгууллагынхаа гаргасан тушаалыг хүчингүй болгохыг шүүх даалгаж байна. Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Нийслэлийн нийгмийн даатгалын газарт эрх үүрэг нь шилжиж ирсэн. Тэгэхээр Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хуулийн холбогдох заалтууд зөрчигдөх нөхцөл байдал үүсэж байна. Өөрөөр хэлбэл Нийслэлийн нийгмийн даатгалын газарт хуулиар эрх үүрэг нь олгогдоогүй шийдвэрлэх боломжгүй байсан цаг хугацааны асуудлыг хамааруулж ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хүсэлт гаргасан 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцож нийт 12 703 116 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохыг даалгасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт хэд хэдэн хэргийн оролцогчоос гомдол гаргасны дагуу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн ч хэрэглэвэл зохих хуулийг дутуу хэрэглэж, хохирол шаардах эрх бүхий хугацааг буруу тогтоосон байна.

Нэхэмжлэгч Х.О нь Нийслэлийн нийгмийн даатгалын газрын даргад холбогдуулан “Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын ажил, албан тушаалд  эгүүлэн томилохгүй байгаа Нийслэлийн нийгмийн даатгалын газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өмнө эрхэлж байсан  Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хүсэлт гаргасан өдөр буюу 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцож нийт 12.703.116 төгрөгийг хариуцагчаас гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Х.О нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/211 дүгээр тушаалаар Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаад мөн даргын 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/488 дугаар тушаалаар жинхлэн томилогдсон байх ба түүнд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/66  дугаар тушаалаар хүүхэд асрах эхийн чөлөөг хоёр жилийн хугацаагаар олгосон үйл баримт тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг дараахь тохиолдолд хэвээр хадгална”: 35.1.4 “жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа” гэж зааснаар Х.О-ы урьд эрхэлж байсан Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын ажил, албан тушаал хүүхэд асрах эхийн чөлөөтэй байх хугацаанд хэвээр хадгалагдана гэж ойлгох бол хуулийн 106 дугаар зүйлийн 106. 2-т “хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө” гэж зааснаар хүүхэд асрах эхийн чөлөө дуусаад хүсэлт гаргаснаар ажил олгогч нь түүнийг уг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй.

Гэтэл нэхэмжлэгч нь хүүхэд асрах эхийн чөлөө дууссан 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газарт ажилдаа эргэн орох хүсэлтээ гаргасан боловч тус байгууллага хүсэлтийг шийдвэрлээгүй байх бөгөөд  Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар Нийгмийн даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т “...дүүргийн нийгмийн даатгалын байгууллагын даргыг нийслэлийн нийгмийн даатгалын байгууллагын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө” гэж өөрчлөлт орсон нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотойгоор Х.О-ы хүсэлтийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 1/536 дугаар албан бичгээр Нийслэлийн нийгмийн даатгалын газарт шилжүүлсэн байна.

         Энэ тохиолдолд хариуцагч Нийслэлийн нийгмийн даатгалын газрын даргад дээрх Хөдөлмөрийн тухай хуульд заасныг биелүүлэх үүрэг Х.О-ы хүсэлт ирсэн өдрөөр үүсч байх атал “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалаар Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар гуравдагч этгээд Б.Ууган-Эрдэнийг томилсон, уг тушаалыг хүчингүй болгож нэхэмжлэгчийг томилох боломжгүй” гэх үндэслэлээр татгалзсан нь хууль зөрчсөн талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

          Хэдийгээр нэхэмжлэгч Х.О-ы урьд эрхэлж байсан ажил албан тушаалд сонгон шалгаруулалт зарлаж, гуравдагч этгээдийг томилсон байх боловч энэ нь нэхэмжлэгчид хуулиар олгосон эрхийг эдлүүлэхгүй байх үндэслэл болж чадахгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажил, албан тушаалыг хэвээр хадгалах үүргээ зөрчсөн Нийгмийн даатгалын ерөнхий газрын хууль зөрчсөн ажиллагаанд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй, харин Нийслэлийн нийгмийн даатгалын газрын дарга нь Х.О-ы ажилдаа орох хүсэлт ирснээр  Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй, хуулиар хүлээсэн энэ үүргээ биелүүлээгүй хууль бус эс үйлдэхүйг хүсэлт ирсэн цаг хугацаанд гаргасан гэж үзэхээр байна.

          Иймд нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэстэй бөгөөд хууль бус эс үйлдэхүй гаргасан цаг хугацаанд мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хуулиар /2017 он/ энэхүү харилцаа зохицуулагдах учиртай.  

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн шүүхээр хамгаалуулахыг хүссэн зөрчигдсөн гэх эрх нь “ажил, албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллах эрх” байх тул дүүргийн нийгмийн даатгалын байгууллагын даргыг томилох чиг үүрэггүй Нийгмийн даатгалын ерөнхий газрыг хамтран хариуцагчаар оролцуулах шаардлагагүй, энэ хэргийг шийдвэрлэхэд нэхэмжлэгч Х.О болон гуравдагч этгээд Б.У-ийг анх томилсон тушаалын талаар дүгнэлт өгөх нь ач холбогдолгүй байх тул “Нийгмийн даатгалын ерөнхий газрыг хамтран хариуцагчаар татуулах хүсэлтийг хүлээж аваагүй” гэх гомдлыг хангах боломжгүй.

         Түүнчлэн, хариуцагч нь энэ шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэж заасантай адилтган ойлгож хэрэгжүүлэх тул “Нийслэлийн нийгмийн даатгалын газарт удирдах дээд шатны байгууллагынхаа гаргасан тушаалыг хүчингүй болгохыг шүүх даалгасан” гэх гомдол үндэслэлгүй.

          Харин хариуцагчаас гаргасан “Нийслэлийн нийгмийн даатгалын газарт хуулиар эрх үүрэг нь олгогдоогүй шийдвэрлэх боломжгүй байсан цаг хугацааны асуудлыг хамааруулж ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хүсэлт гаргасан 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцож олгохыг даалгасан нь буруу” гэх гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Тодруулбал,

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нэхэмжилсэнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан “буруу халсан буюу шилжүүлсэн үеийн олговор” гэж үзэх боломжгүй ч Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” гэж зааснаар хохиролд тооцон шаардах эрхтэй  бөгөөд хариуцагч  Нийслэлийн нийгмийн даатгалын газрын даргын хууль бус эс үйлдэхүй нь Х.О-ы ажилдаа эргэн орох хүсэлтийг шилжүүлсэн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс үүсч байх тул уг хугацаанаас хохирлыг тооцно.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин олговрыг тооцохдоо ямар аргаар, хэрхэн тооцсон нь тодорхойгүй байх бөгөөд тус шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд авах ёстой байсан цалин хөлсийг шууд тооцоолох боломжгүй байх тул 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд авч болох байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр хохирлыг тооцон нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгах нь хуульд нийцнэ.

Харин нэхэмжлэгч нь 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх хугацааны хохирлоо буруутай этгээдээс нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурьдах нь зүйтэй.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 111 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг: “Төрийн албаны тухай хуулийн /2017 он/ 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 106 дугаар зүйлийн 106.2, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Х.О-ыг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын ажилд үргэлжлүүлэн ажиллуулахаас татгалзсан Нийслэлийн нийгмийн даатгалын газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, Х.О-ыг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын ажилд үргэлжлүүлэн ажиллуулахыг болон 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний хохирлыг зохих журмын дагуу тооцож олгохыг хариуцагч Нийслэлийн нийгмийн даатгалын хэлтсийн даргад тус тус  даалгасугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлоос заримыг хангаж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан  хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, гуравдагч этгээд Б.Ууган-Эрдэнийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР

                ШҮҮГЧ                                                                   Э.Лхагвасүрэн

                ШҮҮГЧ                                                                   О.НОМУУЛИН