Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2026/0059

 

“Б***” ГХОХХК, “К***” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Дархан-Уул аймгийн Засаг дарга, тус аймгийн

Газрын харилцаа,барилга, хот байгуулалтын газарт

тус тус холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч: Ц.Цогт

Шүүгчид:                   Г.Банзрагч

                                      Д.Батбаатар

                                      М.Батсуурь

Илтгэгч шүүгч:      П.Соёл-Эрдэнэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: У.Оюунзаяа

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 114/ШШ2026/0007 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2026/0199 дүгээр магадлалтай,

Хэргийн оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Т*** Р*** (цахим), нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж*** В***, Ж*** Б*** Ц*** (цахим), Б.А***, Г.Н***, Ө.Н***, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х***, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н*** (цахим), орчуулагч Ш.Ц*** (цахим) нарыг оролцуулан,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 195 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, “Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” эсэх, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтойэсэх гэсэн үндэслэлээр, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: “К***” ХХК-ийн нэр дээр газрын эрхийг бүртгэн, газар эзэмшүүлэх захирамж гаргаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, “К***” ХХК-д газар эзэмших эрх олгосон захирамж гаргахыг даалгах, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн *** дугаар татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг “К***” ХХК-ийн нэр дээр гаргаж, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах,

2.Хэргийн нөхцөл байдал: “Б***” ХХК нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 01***  дугаар захирамжаар ***  м.кв газрыг үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газрын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрхтэй болсон байх бөгөөд уг газрыг охин компани болох “К***” ХХК-ийн нэр дээр бүртгүүлж, эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулж, гэрээ байгуулахаар захиргааны байгууллагад хандахад татгалзсан байна.

3.Нэхэмжлэгч хуулийн этгээдээс “... “Б***” ХХК нь бүтцийн өөрчлөлт хийж, өөрийн эзэмшлийн газар ашиглах эрх, үүрэг, эд хөрөнгийг охин компани “К***” ХХК-д тусгаарлах замаар шилжүүлсэн тул “К***” ХХК-ийн нэр дээр газар ашиглах эрхийг гаргуулахаар хандсан. Гадаадын хөрөнгө оруулалттай компани өөрийн газар ашиглах эрхээ өөр бусад этгээдэд шилжүүлэх нь хориотой ч өөрийн ашиглах эрхээ тусгаарлах замаар охин компанидаа өгөхийг хуулиар хориглосон заалт байхгүй. Эцсийн эзэмшигч нь өөрчлөгдөөгүй, өөрт хамааралгүй бусад гуравдагч этгээдэд шууд шилжүүлээгүй. Тусгаарлах ажиллагаа нь Газрын тухай хуульд заасан “бусдад шилжүүлэх” гэдгээс өөр эрх зүйн харилцаа” гэж,

4.Хариуцагч нараас “... газар эзэмших эрхтэй этгээд газраа бусдад шилжүүлэх болсон барьцаалах боломжтой байдаг бол газар ашиглагчийн хувьд ийм эрхийг эдлэхгүй. Газар ашиглах эрх нь төрөөс олгогддог хязгаарлагдмал эрх тул хуулиар зөвшөөрөөгүй тохиолдолд ямар ч хэлбэрээр шилжүүлэх боломжгүй. Газрын эрхийг “тусгаарлах” гэх эрх зүйн зохицуулалт байхгүй, газар ашиглах эрх тус компанийн өмчлөх эрхтэй хөрөнгө биш, гадаадын хөрөнгө оруулалттай компанид газар ашиглах эрхийг шилжүүлэх нь хууль бус” гэж тус тус маргажээ.

5.Анхан шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнд:

5.1.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар “Б***” ХХК нь зарим эрх (газар ашиглах эрх)-ээ шилжүүлэх замаар “К***” ХХК-ийг тусгаарлан байгуулсан, “К***” ХХК нь Монгол Улсын аж ахуйн нэгж болох нь тогтоогдсон.

5.2.Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж нь газар ашиглах эрхтэй ба газар эзэмших болон газар ашиглах эрхийн гол ялгаа нь газар эзэмшигч нь уг эрхээ бусдад шилжүүлэх болон барьцаалах боломжтой байдаг бол газар ашиглагчийн хувьд ийм эрхийг эдлэхээргүй байна.

5.3.“Б***” ХХК-ийн хувьд нэгж талбарын ***  дугаартай *** га газрыг ашиглах эрх хуулийн дагуу олж авсан, түүний хөрөнгө мөн боловч Компанийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Компанийн үйл ажиллагааг зогсоохгүйгээр түүний зарим эрх, үүрэг, хариуцлагыг шинээр байгуулагдсан компанид шилжүүлэхийг компанийг тусгаарлах гэнэ” гэж зааснаар шилжүүлэх боломжтой эрх биш юм.

6.Давж заалдах шатны шүүх дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Үүнд:

6.1.“К***” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм зэргээс үзэхэд тус компанийн хувьцаа эзэмшигч буюу эцсийн өмчлөгч нь гадаадын хөрөнгө оруулалттай “Б***” ГХОХХК байх бөгөөд “Б***” ГХОХХК-ийн цор ганц хувьцаа эзэмшигч нь Люксембург Улсын хуулийн этгээд болох К*** Ф*** Э*** компани гэдэг нь тогтоогдож байна.

6.2.Компани тусгаарлах, газар ашиглах эрхийг шилжүүлэх харилцаа нь тусдаа хуулиар зохицуулагдах хоёр өөр харилцаа байх бөгөөд уг хоёр харилцааг нэгтгэн газар ашиглах эрхийг тусгаарлах замаар компанийг тусгаарласан гэх тайлбар нь дээрх хуулиудын зорилгод нийцэхгүй байна. Компаниа байгуулах эсхүл тусгаарлах эрх нь Компанийн тухай хуулиар, харин газар ашиглах эрхтэй холбоотой харилцааг гагцхүү Газрын тухай хуулиар зохицуулна.

 6.3.Газрын тухай хуульд газар ашиглах эрхийг бусдад шилжүүлэх талаар зохицуулаагүй, энэ эрхийг зөвхөн газар эзэмшигчид тухайлан олгосон, “Б***” ГХОХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалсан, хүчингүй болгосон эсхүл дуусгавар болгосон шийдвэр аливаа байдлаар гаргаагүй байх энэ тохиолдолд хууль ёсны итгэл хамгаалагдах нөхцөл байдал бий болсон гэж үзэхгүй.

Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:

7.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А***-аас Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 114/ШШ2026/0007 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2026/0199 дүгээр магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын гомдлыг (агуулгаар нь тусгав) гаргажээ.

7.1.“Б***” ХХК нь Компанийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу өөрийн хөрөнгө, үйл ажиллагааны тодорхой хэсгийг тусгаарлан охин компани болох “К***” ХХК-ийг байгуулж, Дархан-Уул аймаг дахь газар ашиглах эрхээ тус компанийн хөрөнгөд бүртгэсэн. Гэвч Газрын алба болон хоёр шатны шүүх уг үйлдлийг Газрын тухай хуульд заасан “газар ашиглах эрх шилжүүлсэн” гэж үзэн татгалзсан нь Компанийн тухай хууль болон Газрын тухай хуулийн уялдааг буруу тайлбарласан гэж нэхэмжлэгч үзэж байна.

7.2.Компанийн өөрчлөн байгуулалт нь худалдах, бэлэглэх зэрэг иргэний эрх зүйн шилжүүлгийн хэлцэл бус, харин хуулийн дагуу явагддаг универсал эрх залгамжлалын шинжтэй ажиллагаа юм. Энэ хүрээнд газар ашиглах эрх шилжүүлэх гэрээ байгуулаагүй, аливаа төлбөр, татварын үр дагавар үүсээгүй, эцсийн өмчлөгч, удирдлага өөрчлөгдөөгүй, зөвхөн группийн дотоод бүтцийн зохион байгуулалт хийгдсэн. Иймд уг харилцааг Газрын тухай хуулийн 38, 45 дугаар зүйлд заасан газрын эрх шилжүүлэгтэй адилтган үзэх боломжгүй. Газрыг шилжүүлэх, газрыг тусгаарлах замаар шилжүүлэх ойлголт өөр, эрхээ залгамжлуулж байгаа хэлбэр.

7.3.Мөн Газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д газрын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Иргэний хууль болон түүнд нийцүүлсэн бусад хууль тогтоомжоос бүрдэнэ гэж заасан тул Компанийн тухай хууль, Иргэний хуулийн зохицуулалтыг хамтатган хэрэглэх шаардлагатай байхад шүүхүүд Газрын тухай хуулийг дангаар нь тайлбарласан. Давж заалдах шатны шүүх “К***” ХХК-ийг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэж буруу дүгнэсэн. “К***” ХХК нь Монгол Улсад бүртгэлтэй “Б***” ХХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулалттай хуулийн этгээд тул дотоодын хөрөнгө оруулалттай Монгол Улсын хуулийн этгээдэд хамаарна.

7.4.Иймд энэхүү маргаан нь Компанийн тухай хууль болон Газрын тухай хуулийн уялдаа, компанийн өөрчлөн байгуулалтын үед газрын эрхийг хэрхэн бүртгэх асуудлаар шүүхийн нэгдсэн практик тогтоох, эрх зүйн шинэ ойлголт бүрдүүлэх нийтлэг ач холбогдолтой гэж үзэж байна.

ХЯНАВАЛ:

8.Хяналтын шатны шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

9.Энэ хэргийн тухайд, хяналтын шатны шүүхээс хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай асуудал нь гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд газар ашиглах эрхээ өөрийн охин компанид газар эзэмших эрх болгон шилжүүлж болох эсэх тухай байна.

10.Тогтоогдсон үйл баримтын тухайд, “Б***” ГХОХХК нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 01***  дугаар захирамжаар ***  м.кв газрыг “үйлдвэрлэлийн барилга, байгууламж” зориулалтаар ашиглах эрхтэй болсон байх бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр “К***” ХХК-ийг үүсгэн байгуулсан, улмаар энэ охин компанидаа өөрийн ашиглаж байгаа газрыг “эзэмших эрх” болгон шилжүүлэхээр маргаж байна.

11.Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 3-т “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно. … Иргэд хувийн өмчийнхөө газрыг худалдах, арилжих, бэлэглэх, барьцаалах зэргээр гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөлд шилжүүлэх, түүнчлэн төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглоно” гэж зааснаас үзэхэд гадаадын иргэний (мөн гадаадын хуулийн этгээд) газрын харилцаанд эдлэх эрх хязгаарлагдмал байна.

12.Үндсэн хуулийн дээрх заалтыг Газрын тухай хуульд тодруулан зохицуулсан байх бөгөөд уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харьяалалгүй хүн тодорхой зориулалт, хугацаа, болзол, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу газар ашиглагч байж болно” гэжээ.

13.Мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Газар ашиглагч нь энэ хуулийн 35.1.1, 35.1.2, 35.1.5, 35.3.1-35.3.5-д заасан болон бусад хууль тогтоомжид заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж газар ашиглагчийн эдлэх эрхийг тодорхойлохдоо газар эзэмшигчийн эдлэх эрхээс зарим эрхийг эдлэх агуулгаар, эшлэх байдлаар нэрлэн зааж зохицуулсан байна. Ийнхүү нэрлэн заахдаа “газар шилжүүлэх” эрхийг газар ашиглагчид олгоогүй байна.

14.Дээрх хуулийг маргааны үйл баримтад холбогдуулан тайлбарлахад, гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд өөрийн үүсгэн байгуулсан охин компанид газар ашиглах эрхээ эзэмших эрх болгож өөрчлөн эрхээ шилжүүлэх эрхгүй, иймээс хариуцагчийн татгалзал хууль ёсны гэж үзэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

15.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “компанийн өөрчлөн байгуулалтыг үгүйсгэж байгаа, газрыг шилжүүлэх, газрыг тусгаарлах замаар шилжүүлэх гэдэг ойлголтууд ялгаатай, охин компанидаа эрхээ залгамжлуулж байгаа хэлбэр” гэх гомдол үндэслэлгүй. Учир нь компанийг тусгаарлах, өөрчлөн байгуулах, эд хөрөнгийн асуудал нь Иргэний хууль, Компанийн тухай хуулиар зохицуулагдах хэдий ч энэ тохиолдолд газар эзэмших, ашиглахтай холбоотой харилцааг Газрын тухай хуулиар тусгайлан зохицуулсан байх бөгөөд уг хуулийн дагуу гадаадын иргэн, хуулийн этгээд газар эзэмших эрхгүй болох нь хоёрдмол утгагүйгээр зохицуулагдсан байна.

16.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасан.

17.Энэ тохиолдолд, захиргааны байгууллагын татгалзал нь Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй буюу хууль ёсны тул  нэхэмжлэгчийн “маргаан бүхий газарт 2,2 тэрбум төгрөгийн зардал гаргасан, ноос ноолуурын үйлдвэр байгуулах эрх үүргийг “К***” ХХК-д шилжүүлсэн болохоор газрын эрхийг тусгаарлахгүйгээр үйлдвэр барих боломжгүй, өөрийн нэр дээр хөрөнгөө бүртгүүлж чадахгүй, санхүүжилт татах гэрээ хэлцэл байгуулах боломжгүй болно” гэх үндэслэлүүдээр Газрын тухай хуулийн зохицуулалтыг үгүйсгэж, гомдлыг хангах үндэслэл болохгүй юм.

18.Иймд “гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд газар ашиглах эрхээ Монгол Улсад охин компани байгуулах замаар газар эзэмших болгон шилжүүлэх эрхгүй” гэсэн агуулгаар эрх зүйн шинэ ойлголт буюу хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход ач холбогдолтой гэж үзэв. Харин “Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” гэх үндэслэл тогтоогдсонгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 114/ШШ2026/0007 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2026/0199 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А***-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ц.ЦОГТ

ШҮҮГЧИД                                                Г.БАНЗРАГЧ

                                                                     Д.БАТБААТАР

                                                                     М.БАТСУУРЬ

                                                                     П.СОЁЛ-ЭРДЭНЭ