Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 1873

 

“ХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2016/00728 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ХХХ” ХХК,

Хариуцагч “ХХХХ” ХХК-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 9 436 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ, ХХХ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ, ХХХ нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ХХХ” ХХК нь хариуцагч “ХХХХХ” ХХК-тай 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр худалдах худалдан авах 14/68 тоот гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т зааснаар “ХХХ” ХХК нь гүйцэтгэгч “ХХХХ” ХХК-д бетон зуурмаг нэмэлт бодисыг нийлүүлэх, худалдах, хариуцагч ХХХХ ХХК нь гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д заасны дагуу ХХХХХХ дүүрэг ХХ дугаар хороо ХХХХХХХХХХХХХХХХХХ тоот 32.2 метр квадрат талбайтай 2 өрөө орон сууцыг нийт 84.560.000 төгрөгөөр тооцож өмчлөх эрхийг шилжүүлэх бусад төлбөрийг бэлнээр төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний дагуу “ХХХ” ХХК нь бетон зуурмагийг шилжүүлж, “ХХХХХ” ХХК нь тус гэрээнд заасны дагуу ХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХХХХХХХ тоот 30.2 метр квадрат талбайтай 2 өрөө орон сууцыг нэг метр квадрат талбайг 2.800.000 төгрөгөөр тооцож нийт 84.560.000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон. Тус 2 өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг сүүлд нь хариуцагч тал гаргаж өгөхөд уг үл хөдлөх эд хөрөнгө нь гэрчилгээнд 31.48 метр квадратаар бүртгэгдсэн байгаа. Өмчлөх эрхийн гэрчилгээ яг хэдийд гарч манай талд шилжсэнийг мэдэхгүй байна. Нэхэмжлэгч “ХХХ” ХХК нь ХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХХХХХХХ тоот орон сууцыг нэг метр квадратыг нь 2.000.000 төгрөгөөр ХХХ, ХХХ нарт худалдсан. Байр худалдан авсан иргэн ХХХ, ХХХ нар нь уг байранд тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар 2 удаа хэмжилт хийлгэсэн, мөн шүүхээс томилогдсон шинжээч тус 2 өрөө орон сууц нь 26.83 метр квадрат талбайтай тухай хэмжилтийн дүгнэлт гаргасан нь хэрэгт байгаа. Эдгээр дүгнэлтийг үндэслэн байрыг худалдан авсан ХХХ, ХХХ нар нь 2 өрөө байрны талбайн зөрүүгийн үнийг “ХХХ” ХХК-иас нэхэмжилсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг манай компани төлсөн. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар 2014 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн худалдах худалдан авах 14/68 тоот гэрээний 2.1-т заасны дагуу шилжүүлж авсан орон сууц 30.2 метр квадраттай гэж гэрээнд тусгасан боловч биет байдлын доголдолтой, гэрээнд заасан метр квадратаас дутуу, 26.83 метр квадрат байгаа тул 3.37 метр квадратын зөрүү мөнгө болох 9.436.000 төгрөгийг тэмдэгтийн хураамжийн хамт буруутай этгээд болох “ХХХХХ” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ХХХ” ХХК-ийн бетон зуурмаг нийлүүлэх гэрээнд зааснаар “ХХХХХ” ХХК нь 2 өрөө орон сууцыг төлбөрт нь тооцоод 31.48 метр квадраттай 2 өрөө орон сууцад тооцож бартерийн гэрээ хийсэн. Тухайн үед “ХХХ” ХХК-д гэрээний дагуу 2 өрөө орон сууцыг өгөхөд өөрсдөө хэмжиж үзээд 30.2 метр квадратаар тооцож худалдсан. Иймд “ХХХ” ХХК нь өөрсдөө хэмжилт хийж авсан учраас 2 өрөө байрны талбайн зөрүүгийн үнэ төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч “ХХХ” ХХК нь цааш нь худалдаж, шүүхээр тус компаниас байрны метр квадратын зөрүү нэхэмжилж, уг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “ХХХ” ХХК нь ХХХ гэдэг хүнтэй эвлэрлийн гэрээ байгуулаад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байсан. Гэрээнд үүргийн дагуу өгсөн 2 өрөө орон сууц нь 26.83 метр квадрат гээд байгаа нь сүүлд гарсан барилгын хөгжлийн төвийн гаргасан хэмжээсээр бол 26.91 метр квадрат талбайтай гэсэн байна. “ХХХХХ” ХХК анх хүлээлгэн өгөхөд “ХХХ” ХХК нь уг 2 өрөө орон сууцыг өөрсдөө хэмжилт хийж авсан. Иймд Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар худалдан авагч нь эд хөрөнгө хүлээж авахдаа уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байсан боловч түүнийг хүлээн авч, шаардлага гаргах эрхээ алдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан “ХХХ” ХХКомпанийн нэхэмжлэлтэй, “ХХХХХ” ХХКомпанид худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 9 436 000 /есэн сая дөрвөн зуун гучин зургаан мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-т зааснаар шинжээчийн ажлын хөлс 620 000 төгрөгийг ХХХХ ХХКомпаниас гаргуулж, ХХХХХХ-т олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  166 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ: “...нэхэмжлэгч орон сууцны доголдлыг мэдэх боломжтой байхад эд хөрөнгийг хүлээн авсан байх тул шаардах эрхгүй байна гэж дүгнэсэн болно...” гэжээ. Нэхэмжлэгч “ХХХХХ” ХХК нь хариуцагч “ХХХХХХ" ХХК-тай 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр худалдах, худалдан авах 14/46 тоот гэрээг байгуулж тус гэрээний дагуу “ХХХ” ХХК нь 1 тонн нь 1 870 000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийн нэмэлт бодисыг нийлүүлэх, хариуцагч “ХХХХХ” ХХК нь хоёр талын байгуулсан гэрээний 2.1-д заасны дагуу ХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХХХХХХХ тоот 30,2 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 2 800 000 төгрөгөөр тооцон нийт 84 560 000 төгрөгийн орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх, бусад төлбөрийг бэлнээр төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу нийт 272 113 000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийн нэмэлт бодисыг “ХХХХ” ХХК-д нийлүүлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн бөгөөд үүн дээр хариуцагч маргадаггүй болно.

Хоёр талын байгуулсан гэрээний дагуу шилжүүлж авсан орон сууц нь гэрээнд заасан м.кв талбайд хүрэхгүй биет байдлын доголдолтой байсныг хариуцагч талтай гэрээ байгуулж байх үед болон орон сууцны өмчлөх эрх шилжүүлж авах үед нэхэмжлэгч “ХХХ” ХХК нь мэдэх боломжгүй байсан. Учир нь, нэхэмжлэгч “ХХХ” ХХК болон хариуцагч “ХХХХХ” ХХК нь барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг бизнесийн байгууллага бөгөөд хариуцагч тал нь худалдан авч буй бетон зуурмагийн нэмэлт бодисийн хариу төлбөрт гэрээнд заасан 30.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг санал болгосон.

Хариуцагч талын саналыг нэхэмжлэгч тал нь хүлээж аваад хариуцагч нь тухайн орон сууцыг 30.2 м.кв талбайтай гэж гэрээнд тусгасан нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 195 дугаар зүйлийн 195.3- дахь хэсэгт заасны дагуу талууд гол нөхцөлийг гэрээнд тусгасан. Гэрээнд заасан орон сууцны талбайн хэмжээг хариуцагч тал өөрөө тодорхойлсон. Өөрөөр хэлбэл хоёр талын байгуулсан гэрээний үүрэг нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 251 дугаар зүйлийн 251.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнд заасан 30.2 м.кв талбайтай орон сууцыг шилжүүлэх үндсэн үүргээ хариуцагч тал зөрчсөн нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно.

Анхан шатны шүүхээс томилогдсон “ХХХХХХХ" ХХК-ийн хэмжилт хийсэн дүгнэлтээр тухайн орон сууцны нийт талбай нь 26.83 м.кв талбайтай гарав гэсэн дүгнэлт мөн шүүхээс томилогдсон Барилгын хөгжлийн төвийн шинжээчдын дүгнэлтээр 26.91 м.кв талбайтай гэж гэрээнд заасан 30.2 м.кв талбайд хүрэхгүй байгааг тогтоосон. Эд хөрөнгийг хүлээж авах үед орон сууцны биет байдлын доголдлыг мэдэх боломжтой байсан эсэх талаар анхан шатны шүүх нь хоёр талын байгуулсан гэрээний зүйл болох орон сууцны талбайг гэрээнд заасан 30.2 м.кв талбайд хүрэхгүй байгааг шууд мэдэх боломжтой эд хөрөнгө мөн эсэх дээр үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй.

Өөрөөр хэлбэл гэрээний зүйл болох орон сууцны талбайг энгийн нүдээр хараад мэдэх бодит боломж байдаггүй. Тийм учраас Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал MNS 6058:2009 стандартын 8.1, мөн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.14.6-д зааснаар орон сууцны талбайн хэмжилтийг тусгай зөвшөөрөлтэй эрх бүхий этгээд хийх үйл ажиллагаа тул нэхэмжлэгч “ХХХ” ХХК нь талбайн хэмжилт хийх эрх бүхий байгууллага биш гэдгийг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй.

Гэрээ байгуулах үед орон сууцны биет байдлын доголдлыг мэдэх боломжтой байсан эсэх талаар хариуцагч тал нь нэхэмжлэгч талыг тухайн орон сууцанд хэмжилт хийсний үндсэн дээр гэрээндээ 30.2 м.кв гэж тусгасан гэж үндэслэлгүй тайлбарладаг. Нэхэмжлэгч тал гэрээ байгуулж байх үед тухайн орон сууцанд хэмжилт хийгээгүй бөгөөд тухайн орон сууц нь өөр компанийн эзэмшилд байсан учир хэмжилт хийх ямар ч боломжгүй байсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “ХХХ” ХХК нь бусдын эзэмшилд халдах эрхгүй. Тиймээс анхан шатны шүүхийн дүгнэснээр нэхэмжлэгч талыг Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасан үндэслэлээр шаардах эрхгүй гэж үзсэн нь бодит байдал нийцээгүй үндэслэлгүй гэж үзэж байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд ямар учраас 31.48 м.кв талбайтай бүртгэгдсэн талаар талуудын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдах үед тухайн орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй байсан бөгөөд хожим 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээг "ХХХХХХ" ХХК, “ХХХХХХ” ХХК-иас бүрдүүлж өгсөн баримтыг үндэслэн Улсын бүртгэлийн газраас олгосон. Тухайн орон сууцыг барьж ашиглалтад оруулсан зураг төсөлд орон сууцны м.кв нь 31.48 м.кв гэж байгаа бөгөөд МУ-ын Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасныг үндэслэн Улсын бүртгэлд бүртгэгддэг. Тиймээс анхан шатны шүүх барилгын зураг төсөлд тусгагдсан хэмжээнээс зөрүүтэй болохыг нэхэмжлэгч тал мэдэж байсан гэж үзээд орон сууцны доголдолыг “мэдэх боломжгой байсан” гэж шууд дүгнэх боложмгүй юм. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг бодитойгоор тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлж дүгнээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

            Нэхэмжлэгч “ХХХ” ХХК нь хариуцагч “ХХХХ” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 9 436 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн орон сууцны талбайн хэмжээ дутуу байх тул зөрүү м.кв-ын үнийг нэхэмжилнэ гэснийг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгч нь худалдан авсан эд хөрөнгийн доголдлын талаар тухайн үедээ мэдэх боломжтой байсан учир одоо энэ талаар шаардлага гаргах эрхгүй гэж маргажээ.

            Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч “ХХХ” ХХК нь хариуцагч “ХХХХХ” ХХК-тай 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, ХХХХХХХХХХ дүүрэг, ХХ дугаар хороо, ХХХХХХХХХХХХХХХХХХХ тоот 32.2 метр квадрат талбайтай 2 өрөө орон сууцыг нийт 84.560.000 төгрөгийн бетон зуурмагийн үнэнд  тооцон, худалдан авахаар тохиролцсон, улмаар 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр “ХХХ” ХХК-д орон сууцны өмчлөх эрх шилжин бүртгэгдсэн үйл баримт тогтоогдсон байна.

Зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон өмчлөх эрх худалдан авагчид шилжсэн үйл баримтын тухайд маргаагүй ба уг гэрээ нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээ байна. Арилжааны гэрээгээр талууд нь арилжиж байгаа хөрөнгийн хувьд худалдагч, арилжин авч байгаа хөрөнгийн хувьд худалдан авагч байхаар, мөн уг гэрээнд худалдах, худалдан авах гэрээний талаарх заалтууд нэгэн адил хамаарахаар Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.2, 274.3 дахь хэсэгт заасан тул шүүх талуудын хоорондын эд хөрөнгөнгийн доголдолтой холбоотой маргааныг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний зохицуулалтад хамруулж дүгнэснийг буруутгах боломжгүй юм.

Зохигчид худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэн авсан үл хөдлөх хөрөнгө болох орон сууцны талбайн хэмжээ нь гэрээнд заасан 30.2 м.кв-т хүрээгүй буюу эд хөрөнгийн доголдолтой холбоотой маргасан ба хэргийн баримтаар нэхэмжлэгч буюу худалдан авагч нь эд хөрөнгийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын хугацаанд доголдлыг арилгуулахаар шаардсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт зааснаар дутуу талбайн үнийг буцаан шаардах эрхээ алдсан байна.

 Улмаар гэрээний дагуу шилжүүлэн авсан эд хөрөнгийн өмчлөгчийн эрхээ эдэлж, орон сууцыг бусдад гэрээний үндсэн дээр шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т заасан доголдлыг мэдэх боломжтой байсан бөгөөд эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 Иймд нэхэмжлэгч нь орон сууцыг хүлээн авахдаа доголдыг мэдэх боломжтой байсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасныг зөрчөөгүй, мөн нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.   

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2016/00728 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                    ШҮҮГЧИД                                           Д.ЦОГТСАЙХАН

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ