Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2019/ШЦТ/278

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж, шүүгч Ж.Мөнхтуяа, шүүгч Ю.Энхмаа/и/ нарын бүрэлдэхүүнтэй,

  -иргэдийн төлөөлөгч Б.Цэцэг-Эрдэнэ

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ

-улсын яллагч Б.Эрхэмбаяр

-шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа, Ц.Раашзэвэг

-шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Т-д холбогдох эрүүгийн 1934002370155 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1997 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 6, эмээ, ээж, дүү, эхнэр хүүхдийн хамтаар Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн 9-5 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Б.Т РД/___:97070919/,

Холбогдсон хэргийн талаар/ Яллах дүгнэлтэнд дурьдагдсанаар/

Шүүгдэгч Б.Т нь согтуугаар 2019 оны 03 дугаар сарын 16-наас 17-нд шилжих Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Д.Энхбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний гарынх нь тус газар хутгалж эрүүл мэндэд нь зэвсэг хэрэглэж хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Б.Т мэдүүлэхдээ: 2019 оны 03 дугаар сарын 17-ны орой гэртээ ороод эхнэртэйгээ унтах гээд гадаа салхинд өлгөсөн байсан хөнжлөө авах гээд очиход хөнжил байхгүй байсан. Тэгээд хөнжил харсан уу гэхэд байшин луу нэг хүн аваад орчихсон гэсэн. Тэгээд хөнжлөө авах гээд байшин руу ортол Энхбаяр байшингийн орон дээр нэг хүүхэнтэй хөнжлийг маань нөмрөөд хэвтэж байсан. Би хөнжлөө татаад автал Энхбаяр босч ирээд намайг цохиод боож унагаасан. Мөн халуун сав, хөргөгчин дээр байсан дөрвөлжин саваар цохиод элдэв янзаар хэлээд байхаар нь миний уур их хүрсэн. Сүүлд хутгалсан гэдгээ мэдсэн гэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас шинжлэн судалсан нотлох баримтуудаас:

мөрдөн байцаалтанд шүүгдэгч Б.Т-ын мэдүүлсэн: “...2019 оны 03 дугаар сарын 16-ны орой уулан дээр ганцаараа сууж байгаад 2.5 литрийн пиво нэгийг бас нэг лааз пиво уучхаад гэртээ ороод унтах гэтэл эхнэр бид хоёрын хөнжил байхгүй байсан. Эхнэр Гончигоос энэ талаар асуухад хойд талын байшин руу хүн аваад орсон гэхээр нь хойд байшинд яваад ортол Энхбат, бас нэг танихгүй эмэгтэй нар нөмрөөд унтаж байсан. Би хөнжлөө хуу татаад автал Энхбат  босож ирээд намайг цохиж аваад надтай зодолдсон. Дараа нь би Энхбатыг хамт яваа хүүхэнтэй нь хоёуланг нь хөөж гаргасан. Энхбат намайг “ чи муу гөлөг хэзээ ийм болсон юм бэ? энэ угаасаа архины оромж шүү дээ, чиний муу хөнжлийг нөмөрхөд яадаг юм бэ” гэх зэргээр намайг хэл амаар доромжлоод хашаа руу шээгээд доромжлоод байхаар нь миний уур хүрч хүний гэр орон доромжилчхоод дээр нь бас хэл амаар доромжлохдоо яадаг юм бэ гэж бодоод төмс арилгадаг хутгаа аваад Энхбатын гарлуу нь нэг удаа дүрчихсэн юм. Би сандраад хутгаа буцааж сугалж аваад гэрлүүгээ гүйж орсон. Удалгүй цагдаа нар ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн 14, 43-44 хуудас/,

 

мөрдөн байцаалтанд хохирогч Б.Энхбатын мэдүүлсэн " ...2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр байсан Б.Т-ын ээж болох Түвшинсүрэнгийн гэрт нь орсон юм гэрт Түвшинсүрэнгийн нөхөр, Элбэгжаргал нар нэг айлд 2 шил 0,75 граммын архи уучихаад 20 цаг өнгөрч байх үед Түвшинсүрэнгийн гэрт нь орсон.Би энэ үед нилээн согтуу байсан.Тэгээд юм ярьж сууж байгаад хэдэн цагийн орчимд юм бэ мэдэхгүй Түвшинсүрэн эгч одоо амарцгаая гээд Түвшинсүрэн эгчийн байшинд унтах гээд хэвтэж байтал Төрөө орж ирээд ээжийгээ элдэв үгээр хэлээд цохиод байхаар нь  би болио гэсэн чинь миний нөмөрчбайсан юмыг хуутатаж аваад ээж рүүгээ дайрахаар нь би ээжийг нь өмөөрөөд нь гэрээс чирээд гаргачихсан юм.Тэгээд би явлаа гээд байшингаас нь гараад явтал Төрөө шууд над руу дайраад миний зүүн гар луу гарт байсан хутгаараа эсгэчихсэн. Чи яаж байна аа гэсэн чинь Төрөө нөгөө хутгаасугалж аваад зугатаачихсан.Би гараа дарсан чинь миний гарын цус годгодож гоожсон. Одоо миний баруун гарын 4 хуруу мэдрэлгүй, чадвараа алдчихаад байна. Б.Т болон түүний ээж надад физик эмчилгээ хийлгэж байгаа.  Хуруунуудаа мэдээ орох болов уу гэж найдаж л байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 23-26 хуудас/,

мөрдөн байцаалтанд гэрч Д.Гончигийн мэдүүлсэн... " 2019 оны 03 дугаар сарын 16-ны орой манай нөхөр пиво уусан байна ирж аваач гэсэн.Тэгэхээр нь би очиж аваад бид хоёр 5 дугаар багийн 9-5 тоотод очсон.Тэгтэл манай нөхөр Б.Т нь өдөр хөнжлөө  гадаа тавьсан аваад ирье гэхээр нь би байшин руу хүн аваад орсон гэхэд байшинд орж хөнжлөө аваад ирье гээд явсан.Удалгүй юм дугараад байхаар нь гараад очтол нэг шалдан ах Б.Т-ыг авч ийш тийш шидээд цайны халуун саваар цохиод бөөн зодоон болсон. Би болиоч гэж хашгираад дийлдэхгүй болохоор нь би гэр лүү гүйж ороод Б.Т-ын найз руу залгаад ирээч гэтэл ажилтай байна гэсэн.Тэгээд намайг гэрээс гараад иртэл нөгөө нүцгэн ах хувцсаа өмсөөд нэг эмэгтэйтэй байшингаас гарч байсан.Гарах замдаа Төрболдыг хашаанд шахаад багалзуурдаад байсныг цуг явсан эмэгтэй салгасан. Б.Т миний хажуугаар гэрээс маш хурдан зөрөөд гарсан. Намайг араас гартал Энхбат гэх нөгөө хүн хашааны гадаа баруун гараа футболькоороо баглаж боосон сууж байсан ба тэр хүний сууж байсан газар, футболька, гар нь нил цус болчихсон байсан. Тэгээд намайг Төрболд хутгалчихлаа гэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуудас/,

мөрдөн байцаалтанд гэрч Б.Чимэгцэцэгийн мэдүүлсэн... " Би 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад манай гэрт Энхбат цусаа гоожуулчихсан орж ирэхээр нь яасныг нь асуухад урьд айлын Төрөө намайг хутгалчихлаа гээд цусаа гоожуулаад манай гэрийн шалаар цус болоод би цагдаа эмнэлэгт хэлсэн.  Энхбатыг би 2 газарт хутгалуулсан байхыг харсан ба цусыг тогтоож өгөх зорилгоор арчиж боож өгсөн Энхбатын баруун талын гараас нь их хэмжээний цус асгарч байсан гэх мэдүүлэг/ хх-ийн 16 хуудас/,

Гэрч Ш.Элбэгжаргалын ... " ... Түвшинсүрэн эгч манай гэрт очъё гээд 9-5 тоотод очсон.Тэдний гэрт ороод тал шил архи ч дууссан. Энхбат бид хоёрыг Түвшинсүрэн хоноод яваач гэж хэлсэн. тэгээд Энхбат согтоод оронд нь ороод унтсан.Би хажуугаар нь ороод унтаад байж байтал шөнө 00 цаг өнгөрч байхад нэг хүүхэд орж ирээд бос гэж уурлаад Энхбат бид хоёрыг өшиглөед манай гал голомтноос зайл гэж хөөгөөд бид хоёр луу дайрах үед Энхбат барьж аваад 2-3 удаа цохиж 1 удаа газарт боож унагаасан. Энхбат гэрээс нь түрүүлж гарч явсан.Бид хоёрыг гудамжинд юм яриад байж байтал Түвшинсүрэнгийн хүү гарч ирээд Энхбатаа чи энийг мэдэх үү гээд ноцолдох шиг л болсон. Тэгтэл Энхбат газар суугаад нөгөө залуу алга болсон. Намайг хартал Энхбатын гарнаас цус гарсан харагдахаар нь яав гэтэл учраа мэдэхгүй энэ хүүхэд намайг хутгалчихлаа гэж байсан. Удалгүй түргэн ирж авч явсан гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуудас/,

Шүүх шинжилгээний  албаны 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 186 тоот:

-Д.Энхбатын биед баруун шууны судас, мэдрэлийн бүрэн тасрал шарх,зүүн бугалагт шарх гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь хурц ир бүхий зүйлийн 1 дээр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

-шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 3.1.8-д зааснаарамь насанд аюултай, тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна  гэх дүгнэлт /хх-ийн 32 хуудас/,

-мөрдөн байцаалтанд шинжээч Э.Эрхэмбаярын мэдүүлсэн...Энхбатын биед учирсан баруун шууны судас, мэдрэлийн бүрэн тасрал гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарах тул эдгэрэлт эмчилгээнээс хамааран гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх мэдүүлэг /хх-ийн 40 хуудас/,

-шүүгдэгч Б.Т-ын урд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 54 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй байна.

Гурав. Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.Т нь согтуугаар 2019 оны 03 дугаар сарын 16-наас 17-нд шилжих Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн нутагдэвсгэрт Д.Энхбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж зэвсэг хэрэглэн баруун шуу болон зүүн бугалга руу нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатайучруулсан болох нь :

хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.Т-ын мэдүүлэг /хх-ийн 14, 43-44 хуудас/, хохирогч Б.Энхбатын мэдүүлэг/хх-ийн 23-26 хуудас/, гэрч Д.Гончигийн мэдүүлэг/хх-ийн 29-30 хуудас/, гэрч Б.Чимэгцэцэгийн мэдүүлэг /хх-16/ гэрч Ш.Элбэгжаргалын мэдүүлэг/хх-ийн 17-18 хуудас/, Шүүх шинжилгээний албаны шинжээчийн №189 тоот дүгнэлт /хх-ийн 32 хуудас/,шинжээч Э.Эрхэмбаярын мэдүүлэг /хх-ийн 40 хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/ хх-ийн 10-12 хуудас/, эд мөрийн баримтаар төмөр хутга 1 ширхэгийг хураан авсан тухай тэмдэглэл, хутганы схем зураг /хх-ийн 19-21 хуудас/зэрэг нотлох баримтуудаар болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн шүүгдэгч Б.Т-ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр давхар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нарын: “...хохирогч Б.Энхбат нь согтуурсан үедээ Б.Т-ын гэрт танихгүй эмэгтэй дагуулж ирээд өөрийг нь болон ээжийг нь элдвээр хэлж доромжилсон. Дараа нь дагуулж ирсэн эмэгтэйнхээ хамтаар нөмөрдөг хөнжлийг нь ямарч зөвшөөрөлгүйгээр нөмөрч хэвтсэн. Үүнд нь Төрболд  дургүйцэж  хөнжлөө авах үед нь Энхбат түүнийг 2-3 удаа цохисон, боож унагааснаас буюу хохирогчийн зүй бус үйлдлээс шүүгдэгч сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж  хохирогчийн эрүүл мэндэд нь хохирол учруулсан.

Иймд Б.Т-ыг санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү “ гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Учир нь шүүгдэгч Б.Т-нь 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буюу 2.5 литр Нийслэл пиво 1 ширхэг, лаазтай пиво 1 ширхэгийг ганцаараа уусан үедээ ээж М.Түвшинсүрэнгийн гэрт хөнжил авах зорилгоор орж хохирогч Б.Энхбаттай маргалдан улмаар хохирогч Б.Энхбат нь шүүгдэгч Б.Т-ыг барьж авч 2-3 удаа цохиж 1 удаа боож унагаасан байна. Ингээд хохирогч Б.Энхбат гэрээс гарч явсаны дараа шүүгдэгч Б.Т нь өөрийн гэрлүү орж тогооны шүүгээн дээр байсан хутгыг авч хохирогч Б.Энхбатын баруун шуу болон зүүн бугалга руу нь хутгалсан үйлдэл болсон байна. Өөрөөр хэлбэл гэмт үйлдэл төгссөний дараа хохирогчийн биед санаатайгаар хүнд хохирол учруулсан байх тул санаа сэтгэл хүчтэй цочрон давчдсан гэж үзэх үндэслэлгүй.

Харин гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан бөгөөд шүүгдэгч Б.Т нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т заасан хүний “халдашгүй, чөлөөтэй байх эрх”-д халдан бусдын эрүүл мэндэд гэмтэл учруулж бусдад хохирол учруулж байгаа нь гэм буруутай байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хохирогч Д.Энхбат нь намайг оролцуулахгүйгээр шүүх хурлыг хийж өгнө үү шүүгдэгч Б.Т-д гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлтийг/ хх-ийн  хуудас/ шүүхэд ирүүлсэн байх боловч түүний “одоо миний баруун гарын 4 хуруу мэдрэлгүй, хөдөлмөрийн чадвараа алдчихаад байна. Б.Т болон түүний ээж надад физик эмчилгээ хийлгэж байгаа. Хуруунуудаа мэдээ орох болов уу л гэж найдаж л байна” гэх мэдүүлгээс нь дүгнэхэд Төрболдын зэвсэг хэрэглэн хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас хохирогчийн эрүүл мэндэд үүссэн үр дагавар гэмт хэргийн хор уршиг арилаагүй байна гэж үзэхээр байна.

Иймд хохирогч Б.Энхбатын цаашид гарах эмчилгээний зардлаа зохих баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

 

           Дөрөв. Эрүүгийн хариуцлагын талаар:

                Шүүгдэгч Б.Т-ын зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулсан хэрэгт хамаарч байна.

Шүүгдэгч Б.Т-ын үйлдэлд холбогдуулан Төв аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Шүүгдэгч Б.Т-ын анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Харин шүүгдэгч Б.Т-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэндээ “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-д 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн цагдан хоригдсон 84 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналыг шүүхэд гаргаж байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэндээ: Шүүгдэгч Б.Т нь анх удаагаа тохиолдлын чанартай нөхцөл байдлын улмаас, хохирогчийн зүй бус үйлдлээс  шалтгаалж гэмт хэрэгт холбогдсон, хохирогчид учруулсан хохиролтой холбоотой маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан ялын дээд хэмжээний  гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж өгнө үү гэв.

 

            Шүүгдэгч Б.Т нь хорих ялын дээд хэмжээг 12 жилийн хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн бөгөөд шүүхээс түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршигийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл зохих хэмжээгээр нөлөөлсөн, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн, шүүгдэгчийн хувийн байдал, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан зохицуулалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Т-д  03 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр  шийдвэрлэв.

 

           Тав: Бусад зүйлийн талаар:

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан төмөр хутга 1 ширхэгийг устгахыг зохих байгууллагад даалгаж, Б.Т-ын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 84 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,  хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь бусдад нотлох баримтаар төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

                                                ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Б.Т-ыг зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан шүүгдэгч Б.Т-ыг мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 03/гурав/ жил 06/зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Шүүгдэгч  Б.Т-д оногдуулсан 03 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ын цагдан хоригдсон 84 хоногийг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж түүний эдлэх хорих ялын хугацааг 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Т нь нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7.Хохирогч Б.Энхбаяр нь цаашид гарах эмчилгээний зардлаа зохих нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан1 ширхэгтөмөр хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгасугай.

9.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Т-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ш.ГАНДАНСҮРЭН

 

                            ШҮҮГЧ                              Ж.МӨНХТУЯА

 

                                                                      Ю.ЭНХМАА