Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2019/ШЦТ/101

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг

-улсын яллагчаар Б.Сувд-Эрдэнэ

-шүүгдэгч Д.З нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Дандийжав Золбаярт холбогдох эрүүгийн 1834007290402 тоот хэргийг 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөргөлтийн инженер мэргэжилтэй, И март дэлгүүрт хөргөлтийн техникч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар Баянгол дүүргийн 8 дугаар хороо 11-63 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх, Б овогт Д.З /РД:__90091178/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Д.З нь 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Бөхөг гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас Ж.Батболдтой маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

ШүүгдэгчД.З нь 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Бөхөг гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас Ж.Батболдтой маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

  • Хохирогч Ж.Батболдын ... “ 2018 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Бөхөг гэх газар ажлынхантайгаа амарч байх үед 17 цагт ирж тагийг нь онгойлгох гээд манай байгууллагын ажилчид цугларсан байсан...Д.З би Дорнодынх гээд байсан Доржсүрэн инжинер өөрийгөө Хэнтийн буриад гэсэн. Тэгээд тэр хоёр хоорондоо маргалдсан, би хоол унд идэж байхад хоорондоо маргалдаад яах гээд байгаа юм гэсэн, Золбаяр намайг дуугүй бай ногоорсон пизда минь гээд идэж байсан ясаа над руу шидсэн, би ийм хэрүүлтэй мах идэхгүй гээд босоод явсан. Би тэндээс холдоод 5 метр газар очоод сууж махаа идэж байгаад бостол Д.З гүйж ирээд миний нүүр лүү гараараа нэг удаа цохичихоод буцаад гүйгээд явсан, би чи яаж байгаа юм бэ ажил төрөлтэй яах юм гэсэн чинь тэр залуу чи дуугүй бай мөнгөөр зодоод алчихна шүү гэж хэлсэн. Тэгээд би нүдээ дараад эргээд харсан чинь нөгөө залуу Доржсүрэн инжинертэй барилцаад авчихсан байсан. Доржсүрэн инжинерийн амнаас цус гарчихсан байсан, миний биед тухайн үед төмсөг хавдаж, зүүн талын нүд хавдаж улайсан байсан, уг гэмтлийг Д.З миний нүд рүү гараараа нэг удаа цохиж мөн төмсөг хавьд хөлөөрөө жийх үед нь цохигдож үүссэн...Д.З над руу гүйж ирээд миний цээж рүү хөлөөрөө өшиглөсөн, миний куртикнээс татаад чирсэн...би нэг л пиво уусан, болсон үйлд явдлыг ойлгох чадвартай байсан, Д.З бол согтуу байсан хоол идэж байх үед буриад яриад, хутга яриад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 тал/,
  • Гэрч Б.Саруулын ... “ 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр манай ажлын газрынхан Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт зугаалга арга хэмжээ зохиосон тэр өдөр хүмүүс архи согтууруулах ундааны зүйл зохих хэмжээгээр хэрэглэж ууцгаасан, ... Батболд, Доржсүрэн, Батцоож нар байсан хорхог идээд сууж байсан чинь нутаг ус яриад хэрүүл болж эхэлсэн Доржсүрэн Дорнодын буриад гэж яриад, Золбаяр та Дорнодын буриад биш байж манай нутгийг доромжиллоо гээд идэж байсан ясаа тогооруу буцаагаад шидсэн. Тэгсэн тэр яс юм уу, шөл юм уу нэг юм Батболд руу үсэрсэн. Тэрэнд нь Батболд уурлаад чи яагаад байгаа пизда вэ гээд Золбаяр, Батболд хоёр маргалдсан. ... Доржсүрэнгийн нүд нь хөхөрч хавдсан байсан, ... Батболд Д.З хоёр барилцаж аваад салсан, би Д.З-ыг тэвэрч аваад явсан, Д.З, Батболд хоёр хоорондоо 3-4 метрийн зайтай байсан Д.З Доржсүрэнд нүдээ чулуугаар цохиулж босож ирээд л Батболд руу гүйгээд очсон энэ үед Батболд шанагатай ус уугаад зогсож байсан, Батцоож, Энэбиш, Зоригт, Батсайхан нар байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 тал/,
  • Гэрч Р.Батцоожийн ... “ 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр манай байгууллагын зугаалга Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт болсон М төслийнхөн өдөр 13 цагийн үед зугаалга дээр ирсэн, орой 17 цагийн орчим зодоон болсон би юунаас болсон талаар мэдээгүй зодоон болоод байгаа газар очиход Доржсүрэнгийн хажууд инжинер техникийн хэлтсийн 3-4 залуу зогсож байсан, Доржсүрэн газар уначихсан байсан энэ асуудал хоромхон зуур болоод өнгөрсөн би тэгээд больцгоо гээд болиулсан. Доржсүрэнгийн хамар нүүр хэсэг цустай болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 тал/,
  • Гэрч Б.Зоригтын ... “ 2018 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр байсан цагийг нь санахгүй байна 16 цагийн орчим байх гадаа нарын гэрэлтэй юмс сайн харагдаж байсан. манай байгууллагынхан хорхог идээд сууж байхад Золбаяр, Доржсүрэн хоёр Дорнодын буриад гэж яриад байсан. Д.З Доржсүрэнг та Дорнодын буриад биш байж манай нутгийг доош нь хийлээ гээд маргалдаж байгаад Золбар идэж байсан хавиргаа шидсэн чинь цаана сууж байсан Батболдын хажууд унасан Батболд нэг юм хэлсэн Д.З Батболд руу цохих гэсэн тэгээд тэр хоёр маргалдсан. Тэгээд энэ асуудал намдсан, би босоод ойлолцо байсан машин доторх хэвтэх гээд сууж байхад Д.З, Доржсүрэн хоёр юм яриад зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 тал/,
  • Гэрч Г.Энэбишийн ... “ Доржсүрэн гэж ах Золбаяр гэх ахтай маргалдсан Доржсүрэн нь Д.З ахтай Дорнодын буриад гээд яриад байсан тэгээд тэр хоёр хоорондоо зууралдаад заамдалцаад түлхэлцсэн, тэгээд ойр хавийн хүмүүс нь салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 тал/,
  • Гэрч Ш.Батсайханы ... “ ... Д.З, Доржсүрэн хоёр нутаг ус ярьж байгаад хоорондоо маргалдсан...Д.З тэнд ажил хийж явсан болохоор айхтар согтоогүй, Батболд, Доржсүрэн хоёр согтуу байсан, анх ирэхдээ л согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/
  •  Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №603 дугаартай “Ж.Батболдын биед зүүн зовхинд цус хуралт, нүдний салстад цус харвалт, зүүн төмсөгөнд зулгаралт, зүүн төмсөг, баруун гарын сарвуунд хаван хавдар гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу   мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрхи гэмтэл нь шинэ гэмтэл байна. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д дааснаар эрүүл мэндйиг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 38 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Д.З-ын ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.

Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв

Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:

Хохирогч Ж.Батболдын биед “зүүн зовхинд цус хуралт, нүдний салстад цус харвалт, зүүн төмсөгөнд зулгаралт, зүүн төмсөг, баруун гарын сарвуунд хаван хавдар“ гэмтэл учруулсан Д.З-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаартай тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д” гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/” мөн журмын 2.4.2-т “хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр /5-15%/ тогтонги байдлаар алдагдсан” бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулахаар шалгуур шинжийг тодорхойлсон байх тул хохирогч Ж.Батболдын биед учирсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ззааснаар санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.

Шүүгдэгч Д.З нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Д.З-ын бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

Хохирогч Ж.Батболдын мөрдөн байцаалтын шатанд бичгээр гаргасан хүсэлтдээ “...Д.З-аас эмчилгээний зардалд 350.000 төгрөгийн төлбөр авсан бөгөөд өмгөөлөгчийн хөлсийг шүүх хурлын дараа өгнө гэсэн хүсэлтийн дагуу зөвшөөрч өөр гомдол саналгүй болохоо үүгээр илэрхийлж байна. Д.З-т холбогдох хэргийг түүний эрх ашиг сонирхолд ашигтайгаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болохоо илэрхийлж энэхүү хүсэлтийг гаргав” гэх хүсэлт /хх-ийн 78 тал/, хохирол төлсөн баримт /хх-79 тал/, шүүхээс хохирогч Ж.Батболдод шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “гомдол, саналгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэллцүүлэх хохирлын асуудал байхгүй бөгөөд хохирогч Д.З нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-улсын яллагчаас Д.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт  550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялын дүгнэлтийг гаргасан байна.

Шүүгдэгч Д.З-ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүх шүүгдэгч Д.З-ыг тохиодолын чанартай нөхцөо байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсөн хохирлын нөхөн төлсөн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.З-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж,

Уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж заасан 90 хоногийн хугацаанд төлж барагдуулахыг сануулж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулав.

 

            Бусад асуудлаар:

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.З нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон                                            

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овогт Д.З-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Б овогт Д.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Шүүгдэгч Д.З-т оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг харъяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.З-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.З нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
    зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч Д.З-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  •