| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 144/2016/00137/И |
| Дугаар | 151 |
| Огноо | 2016-09-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 151
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Нэгдсэн үндэсний гудамж, МТ байранд байрлах “МТ Хан-Уул” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өмнөговь аймгийн Цогтцэций сум, 3-р баг, Цагаан Овоо баруун суу 4-1 тоотод байрлах “Мэнд ирмүүн тулга” ХХК-д холбогдох
Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг 48,585,381 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярсайхан, нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “МТ Хан-Уул” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“...Манай компани “Мэнд ирмүүн тулга “ ХХК-тай 03/15 тоот газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатай байгуулсан. Энэхүү гэрээний 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт худалдан авагч нь тухайн сард авсан барааны тооцоог сар бүрийн 5-ны дотор тооцоо нийлж акт үйлдэх ба акт үйлдсэнээс хойш 5 хоногийн дотор хаан банкан дахь “МТ Хан-уул” ХХК-ийн 5028020441 тоот дансанд шилжүүлэх үүрэгтэй байсан боловч өнөөдрийг хүртэл 32,390,254 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Төлбөрийн үлдэгдлийг төлж дуусгах талаар бидний зүгээс удаа дараа асуудал тавьж байсан боловч одоог хүртэл үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Иймд 03/15 тоот гэрээний 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 32,390,254 /гучин хоер сая гурван зуун ерэн мянга хоёр зуун тавин дөрөв/ төгрөгийг төлөлгүй хугацаа хэтрүүлсэн алданги болох 9,717,076 /есөн сая долоон зуун арван долоон мянга далан зургаа/ төгрөг, нийт 42,107,330 /дөчин хоёр сая нэг зуун долоон мянга гурван гучин/ төгрөгийг “Мэнд ирмүүн тулга” ХХК-иас гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч “МТ Хан-Уул” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:
Манай компани нь “Мэнд ирмүүн тулга “ ХХК-иас газрын тосны бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 32,390,254 төгрөг, хугацаа хэтэрсний 60 хоногийн алданги болох 9,717,076 төгрөг, нийт 42,107,330 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлага дээрээ гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл зохих ёсоор биелүүлээгүй учраас хугацаа хэтрүүлсний хоног тутмын алданги 50 хувьд хүрсэн тул 6,478,051 төгрөгөөр нэмэгдүүлж байна, нийт 48,585,381 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Мэнд ирмүүн тулга” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“...Манай компани “МТ Хан-Уул” ХХК-тай 03/15 тоот газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатай байгуулсан. Гэрээг байгуулснаас хойш манай компани ний 270,000,000 гаруй төгрөгийн түлш худалдан авсан ба үүнээс 32,390,254 төгрөгийг төлж барагдуулаагүй болно. Бид нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн үндсэн төлбөр болох 32,390,250 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа ба хугацаа хэтрүүлсэн алданги 9,717,076 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Манай компани тус компанитай 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 015 дугаартай газрын тос худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Тухайн гэрээ нь 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нэг жилийн хугацаатай байсан. Гэрээний 5.2 дугаар заалтад худалдан авагч нь тухайн сард зээлээр худалдан авсан барааны тооцоог сар бүрийн 05-ны өдөр тооцоо нийлж акт үйлдэх, Акт үйлдсэнээс хойш 5 хоногийн дотор хаан банкны 5028020441 тоот дансанд шилжүүлэх буюу худалдагчид бэлнээр өгнө гэж заасан байдаг. Гэтэл тус компани нь өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй. Төлбөр төлөх талаар шүүхэд хандахаас өмнө удаа дараа мэдэгдсэн. Мөн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр холбогдох хүмүүс нь эвлэрэх талаар санал гаргасан боловч ирээгүй. Гэрээний 7.2-т заасны дагуу алданги тооцож үндсэн төлбөр болох 32.390.250 төгрөг түүний хугацаа хэтэрсэн алданги болох 16.195.127 төгрөг нийт 48.585.380 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний хуулбар, тооцооны үлдэгдлийн баталгааны хуулбар зэрэг хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “МТ Хан-Уул” ХХК нь газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг болох барааны үнэ 32,390,254, хугацаа хэтрүүлсний алданги 16,195,127, нийт 48,585,381 төгрөгийг хариуцагч “Мэнд ирмүүн тулга” ХХК-аас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч “Мэнд ирмүүн тулга” ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагаас барааны үнэ 32,390,254 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа боловч алдангид тооцсон төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Дараахь үндэслэлээр шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэлээ. Үүнд:
Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1. “талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан бол бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзнэ” гэж заасны дагуу “МТ Хан-Уул” ХХК, “Мэнд ирмүүн тулга” ХХК-ийн эрх бүхий этгээд гарын үсэг зурж, хуулийн этгээдийн тамга дарж, нотариатаар гэрчлүүлсэн нь хуульд заасан агуулгын хувьд хууль үл харшлах хэлцэл хийгдэж, иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцсон, хүчин төгөлдөр гэрээ байх /хавтаст хэргийн 12-р хуудас/ ба энэхүү гэрээ нь газрын тосны бүтээгдэхүүнийг худалдагч /”МТ Хан-Уул” ХХК/ гэрээнд заасан хугацаа, нөхцөлийн дагуу нийлүүлэх, худалдан авагч /”Мэнд Ирмүүн тулга” ХХК/ зээлээр худалдан авсан барааны төлбөр тооцоог гэрээнд заасан журмын дагуу хугацаанд нь барагдуулах нөхцөлтэй байгуулагдсанаар Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан үүрэг үүссэн бөгөөд гэрээний үндсэн төлбөр 32,390,254 төгрөг төлөх тухайд талууд маргахгүй байна.
Нэхэмжлэгч “МТ ХАН-Уул” ХХК-иас алдангийг тооцохдоо хавтаст хэргийн 13-р хуудсан дахь тооцооны үлдэгдлийн баталгаа гаргаж талууд тохиролцсон баримтад дурдсан 2016 оны 03 дугаар сарын 31-ний дотор бүрэн барагдуулна гэсэн үүрэг гүйцэтгэх хоногоос хойш өнөөдрийг хүртэл хоногийн алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар “... 50 хувиас хэтэрч болохгүй” гэсэн заалтын дагуу алданги 16,195,127 төгрөгийг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Харин хариуцагч “Мэнд Ирмүүн тулга” ХХК-ийн зүгээс алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан үүргээс чөлөөлөгдөх, мөн 232.8 дахь хэсэгт “анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэсэн үндэслэл тогтоогдсонгүй.
Мөн түүнчлэн Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зааснаар талуудын хүсэл зоригоо бүрэн илэрхийлж, 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр байгуулсан Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг баримтлан мөн хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч “Мэнд Ирмүүн тулга” ХХК-иас хугацаа хэтрүүлсний алданги 16,195,127 төгрөгийг, барааны үнэ 32,390,254 төгрөгийн хамт гаргуулан нэхэмжлэгч “МТ Хан-Уул” ХХК-д олгох нь зүйтэй.
Шүүх хуралдааны мэдэгдэх хуудсыг хариуцагч “Мэнд Ирмүүн тулга” ХХК-д шуудангаар мэдэгдэх хуудас хүргүүлж, мөн утсаар 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр мэдэгдсэн /хавтаст хэргийн 28,29-р хуудас/ бөгөөд шүүх хуралдаанд биеэр оролцох эрхийг бүрэн хангаж, товлосон хугацааг хойшлуулах хүртэл арга хэмжээ авч ажилласан боловч хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгч түүнийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй зэргийг харгалзан хариуцагчийг эзгүйд шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь уг хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас бүрэн гаргуулж, нэхэмжлэгчид олговол зохино.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч “Мэнд ирмүүн тулга” ХХК-иас барааны үнэ 32,390,254 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 16,195,127 төгрөг, нийт 48,585,381 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “МТ Хан-Уул” ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 487,090 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Мэнд ирмүүн тулга” ХХК-иас 487,090 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “МТ Хан-Уул” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА