| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2019/0061/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/66 |
| Огноо | 2019-08-19 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Д.Бат-Өлзий |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 2019/ШЦТ/66
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Батцог,
Улсын яллагч: Бат-Өлзий,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш,
Шүүгдэгч: С.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овгийн С-ын Г-т холбогдох эрүүгийн 1927000680054 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1997 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Молор” ХХК-д мах бэлтгэгч ажилтай, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Хужирт сумын ___ багт оршин суудаг, гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Д овгийн С-ын Г- /РД:___/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч С.Г- нь 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын ___ багийн нутаг “___” гэх газарт БНХАУ-д үйлдвэрлэгдсэн “Мустанг 5” маркийн улсын дугааргүй мотоцикль болох тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох замын хөдөлгөөний дүрмийн 19.5 дахь заалт, замын хөдөлгөөний дүрмийн 3.2а “...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөлтэй байна...” 3.4в “...мотоцикль, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх...” гэсэн заалтуудыг тус тус зөрчин, зам тээврийн осол гаргаж, хохирогч Т.Ц-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Г- нь мэдүүлэхдээ:
Хохирогч Т.Ц- нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдөр буюу цагаан сарын шинийн нэгний өдөр өдөр найз Г-тай Хужирт сумын төвд Д- гэдэг айл дээр таарсан. Г- бид хоёр манайд байж байгаад хөдөө ___ээр орж айлуудад золголт хийхээр ярилцсан. Тэгээд Г- өөрийнхөө мотоцикльтой Р- гэх залуутай. Би өөрийнхөө эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн, улсын дугааргүй, улаан өнгөтэй Мустанг-5 маркийн мотоциклиор явцгаасан. “___” гэх газар өвөлжиж байсан Б- ахынд очиж золголт хийсэн. Тэндээ бид хоносон. Маргааш нь босоод тэндээсээ “___” гэх газарт байх Р- гэх айлд очсон. 2.5 литрийн хэмжээтэй Нийслэл пиво гаргаж ирсэн. Тэр пивоноос Р- ах, Г- бид гурав ууж бас цагаан архи гаргаж ирж тэндээс уусан. Тэгээд ___ гэх газарт өвөлжиж байсан. Н- ахынд очсон. Н- ахын гаднаас хөдлөхөд би Г-ын араар сундалсан. Г- өөрийн мотоцикльтой харин миний мотоциклийг Р- унаад араараа дүү Д-ыг сундлаад наадам болж байгаа газар руу явсан. Би Н- ахынд орсон байхад нойр хүрээд зүйрмэглэсэн байсан. Тэгсэн намайг Г- сэрээгээд явъя гэсэн тэгээд Н- ахын гэрээс гарсан. Би архи пиво уусан тэрнийхээ нөлөөлөөр Г-ын араар сууж явж байгаад зүүн талаараа газарт унасан. Тэр үед надад болон Г-т хамгаалах малгай байгаагүй. Би газарт унаснаа мэдээд тэрнээс хойш яасныг мэдэхгүй байна. Миний толгойд гэмтэл шарх учирсан би Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байгаад ирсэн. Зүүн шанааны орчимд бага зэрэг зурагдсан байсан. Одоо биеийн байдал өмнөхөө бодвол гайгүй болж байна. Сая аймагт үзүүлсэн эргэж ирж үзүүлээрэй гэсэн. Би шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2489 дугаартай дүгнэлттэй танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дугаар хуудас/,
Гэрч М.Ц- нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
“...Манай хүүхэд Ц- 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдөр буюу цагаан сарын шинийн нэгний өдөр сумын төвд айлуудаар орчихоод найз Г-тайгаа “___” гэх газар руу золголт хийхээр өөрийнхөө мотоциклтойгоо явсан. Хамт явсан Г- нь бас мотоцикльтойгоо явсан. Шинийн 3-н үдээс хойш хөдөө ойрхон нөхөр бид хоёрыг нэг хөгшинтэй золгочихоод ирэхэд Ц- гэртээ ирчихсэн, бөөлжөөд тархи хөдөлсөн юм шиг байна. Бариачид бариулъя гээд байж байсан. Ц- бидэнд ярихдаа мотоциклиос уначихсан юм гэсэн. Тэгэхээр нь Ц-ыг дагуулаад бариач дээр очсон. Бариач дээр очиж үзүүлсэн чинь тархи их хөдөлж цус хурсан байж магадгүй, хамаагүй доргиож болохгүй юм байна. Тэгээд эмнэлэгт очиж үзүүлээрэй гэж зөвлөөд явуулсан. Бариачид очсоныхоо шөнө толгой өвдлөө гээд орь дуу тавиад байсан тэгж байснаа өглөөгүүр таталт өгсөн. Тэгэхээр нь өөрсдийн машинаар сумын эрүүл мэндийн төв дээр очиж үзүүлсэн. Эмч үзчихээд тархиндаа хүнд гэмтэл авсан байна. Одоо хотод очиж үзүүл гэж зөвлөгөө өгч, эмчилгээ хийлгээд явуулсан. Хотод очсоныхоо маргааш нь өнжүүлээд нөгөөдөр нь хагалгаанд оруулсан. Г- надад ярихдаа мотоцикльтой явж байгаад ухас хийсэн чинь Ц- миний араас унасан гэсэн. Өөр зүйл яриагүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
Гэрч Б.Б- нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
“... 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Ц-ын ээж М.Ц- над руу утсаар ярихдаа би Улаанбаатар хотод байна. Ц-ыг гэмтлийн эмнэлэгт сахиад байж байна. Т.Ц- 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдөр найз Г-тайгаа хамт гэрээсээ гарч яваад 2019 он 02 дугаар сарын 07-ны өдөр гэртээ ганцаараа мотоцикльтойгоо ирээд толгой өвдөөд байна гэж байгаад унтсан. 2019 оны 02 дугаар сарын 07-08-ны шөнө Т.Ц- гэнэт татаад бие нь өвдсөн. 2019 оны 02 дугаар сарын 09-ны өдөр Хужирт сумын эмнэлэгээс Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэг дээр ирээд 2019 оны 10-12-ны өдрүүдэд тархины хагалгаанд 2 удаа орсон. Бие нь их муу байна. Хархорины цагдаад өргөдөл өгөөч гэхээр нь би энэ талаар цагдаад байгууллагад өргөдөл гаргасан. ... надад өөр нэмж ярих зүйлгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Б.С- нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
“... Дүү Д- бид хоёрыг Г-, Ц- ах хоёртой явж байгаа шалтгаан нь хадагны наадам буюу их насны морьдын уралдаан үзэхээр явж байсан. Тэгсэн замдаа Ц- ах мотоциклиос унаад үзэж чадаагүй. Р- ахынхаас хөдлөх гэсэн Ц- ах согтчихсон байсан. Тэгэхээр нь би түүний мотоциклийг унаад Г- ах Ц- ахыг сундлаад хөдөлсөн. Г- ах болон миний бие хурдтай яваагүй. Г- ах Ц- нар хамгаалах малгай өмсөөгүй байсан. Г- ах 0.5 литрийн архинаас 2-3 рунк, пивоноос бага зэрэг уусан байсан. Харин Ц- ах их согтсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Б.Д- нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
“...Г- ах бүдэг шороон замын зүүн гар талыг бариад явж байхдаа замын товгор хэсгээр гарах шиг болсон. Ц- ах мотоциклийн зүүн гар тал руу унасан. Г-, Ц- нар хамгаалах малгай өмсөөгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
Гэрч Д.Д- нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
“...2019 оны 02 дугаар сарын 06-ны өдөр буюу цагаан сарын шинийн 2-ны өдөр хоёр мотоцикльтой дөрвөн залуу манайхаар орж ирээд гарсан. Тэр залуучуудын хоёр нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн бололтой харагдсан. Манайд орж ирчихээд нэг нь унтах гээд байгаа юм шиг зүүрмэглээд байгаа бололтой байсан. Тэгсэн явцгаая гээд гэрээс гарч явсан. Хаашаа явж байгааг нь мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/,
Гэрч Д.Р- нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
“...2019 оны 02 дугаар сарын 06-ны өдөр буюу цагаан сарын шинийн 2-ны өдөр хоёр Г-, Ц-, С-, Д- дөрөв мотоцикльтой ирцгээсэн. Бид золголт хийчхээд цай идээгээ өгчихөөд 2.5 литрийн Нийслэл нэртэй пиво задалсан. Пивийг Г-, Ц- бид гурав уусан. Ц- манайд сууж байхдаа цагаан юм ууя гээд байсан. Тэгэхээр нь би айраг уух гэж байна гэж ойлгоод ваартай айраг өгсөн. Тэгсэн бас цагаан юм ууя гээд байсан. Тэгэхээр нь би ширээн дээр байсан. 0.5 литртэй Цагаан гэх нэртэй архийг задалж өгсөн. Г- архины хундангаар 3 татсан би архи уудаггүй учир уугаагүй. Тэр архийг Ц- ууж дуусгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,
Гэрч Ө.О нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
“...С.Г- бол миний төрсөн эгчийн хүүхэд байгаа юм. Тэрээр цагаан сарын өмнө миний мотоциклийг авна гэж яриад авч явсан байсан. Албан ёсоор наймаагаа цагаан сар өнгөрөөгөөд больё гэж ярилцсан. Мотоцикль миний эзэмшлийнх би буцаагаад авсан. Надад нэхэмжлэх зүйлгүй, мотоцикль онхолдоогүй учир эвдэж хэмхэрсэн эд анги байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,
Гэрч С.А нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
“...Цагаан сарын шинийн хоёрны орой айлд золголт хийчихээд гэртээ ирэхэд Ц- гэх залуу унтаж байсан. Их согтуу байсан. Тухайн залууг 3 залуу авч ирсэн юм байна лээ би тухайн үед байгаагүй. Манайд унтаж байгаад гөлөгнүүдээ ална шүү гээд агсан тавих шахуу юм болоод байсан. Ц-т ир харагдах шарх, гэмтэл харагдаагүй. Тэр үедээ архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн л гэж бодож...” гэх мэдүүлэг /хх-ийн 42 -43 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №2489 тоот актын:
1.Т.Ц-ын биед зүүн тал бөмбөлөгийн зулай, дух, чамархайн суурийн дэлбэнгүүдэд хатуу хальсан доорхи цусан хураа, тархи дарагдал, баруун талын бөмбөлөгийн зулайн дэлбэнгийн ар хэсэг болон зүүн тал бөмбөлөгийн духны суурийн түвшинд тархины эдэд цус хуралт, тархины эдийн няцрал, шанааны зулгаралт гэмтэл тогтогдлоо
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр боломжтой.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаандаа үүсгэгдэх боломжтой
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...гэх дүгнэлт / хх-ийн 49 дүгээр хуудас/
Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын Хархорин сум дахь Сум дундын
цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч
Б.Алтансүхийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 06 тоот дүгнэлт: "...Мотоциклийн жолооч С.Г- нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.1А, 3.4 В заалт “...тухайн сангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй, мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байхыг зөрчсөн байх үндэслэлтэй
Зорчигч Т.Ц- замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн нь тогтоогдохгүй байна.
Зам тээврийн осол хэрэг гарахад замын нөхцөл байдал нөлөөлөхгүй байна.
С.Г- нь мотоцикль жолоодох А ангиллын эрхийн үнэмлэх байна.
Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдал шинжилгээний явцад илрээгүй болно..." гэх дүгнэлт / хх-ийн 53 дугаар хуудас/
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:
Шүүгдэгч С.Г- нь 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх багийн нутаг “___” гэх газарт БНХАУ-д үйлдвэрлэгдсэн “Мустанг 5” маркийн улсын дугааргүй мотоцикль болох тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох замын хөдөлгөөний дүрмийн 19.5 дахь заалт, замын хөдөлгөөний дүрмийн 3.2а “...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөлтэй байна...” 3.4в “...мотоцикль, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх...” гэсэн заалтуудыг тус тус зөрчин, зам тээврийн осол гаргаж, хохирогч Т.Ц-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Т.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 23-24 дүгээр хуудас/, гэрч М.Ц-, Б.Б-, Д.Д, Д.Р-, Ө.О, С.А нарын мэдүүлгүүд /хх-ийн 26-27, 30, 37, 38-39, 40-10, 42-43 хуудас/, насанд хүрээгүй гэрч Б.С-, Б.Д- нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 32-33, 35-36 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №2489 тоот дүгнэлт /хх-ийн 49 дүгээр хуудас/, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн ахлах зохицуулагч цагдаагийн хошууч Б.Алтансүхийн №06 тоот дүгнэлт /хх-ийн 53 дугаар хуудас/, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч С.Г-ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Г-т Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүхээс С.Г-т автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний биед хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч С.Г-ын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Г-т ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч С.Г-т ял шийтгэл оногдуулахдаа ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурван/ жилийн хугацаагаар хасч, тэнссэн хугацаандаа оршин суух газар, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч С.Г- нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримт, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овгийн С-ын Г-ыг автотээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д овгийн С-ын Г-ын тээврийн хэрэгсэлийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-т тэнссэн хугацаанд оршин суух газар, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар Дүрэн овгийн Сугарын Г-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолохыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс- 423 дугаар нээлттэй хаалттай хорих ангид даалгасугай.
6 .Шүүгдэгч Сугарын Г- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт, битүүмжлэгдсэн хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар, тэдгээрийн хуууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл С.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА