| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэнцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 161/2019/0126/Э |
| Дугаар | 129 |
| Огноо | 2019-09-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Б |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 129
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,
Хэлмэрч, орчуулагч А.Е,
Улсын яллагч Т.Б,
Хохирогч И.А,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Н,
Шүүгдэгч Б.Д, Е.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Д, Е.А нарт холбогдох 1913002420165 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, яс үндэс казах, 1993 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймгийн ***суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Цэргийн бэлтгэлийн багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эхнэр, 2 хүүхэд, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн ****сумын ****дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х овгийн Б-ын Д, регистрийн дугаар БЙ................
2. Монгол Улсын иргэн, яс үндэс казах, 2000 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймгийн Алтай суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Алтай сумын 4 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ш-о овгийн Е-ий А, регистрийн дугаар *****
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Е.А, Б.Д нар нь Баян-Өлгий аймгийн Алтай сумын төвд тус сумын Засаг даргын тамгын газарт газрын даамал ажилтай И.А-г 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Е.А-д “хашаагаа зөвшөөрөлгүйгээр томсгож татаж болохгүй" гэж шаардлага тавихад эсэргүүцэж, эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж, бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Е.А, Б.Д нар нь Баян-Өлгий аймгийн Алтай сумын төвд тус сумын Засаг даргын тамгын газарт газрын даамал ажилтай И.А-г 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Е.А-д “хашаагаа зөвшөөрөлгүйгээр томсгож татаж болохгүй” гэж шаардлага тавихад эсэргүүцэж, эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж, бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Х-ын 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 272 дугаартай “...Иргэн И.А-гийн биед тархины доргилт, зулай хэсэгт духны зүүн талд зулгарсан, бүсэлхий орчим баруун өвдгөнд, зүүн гарын бугуйвч орчим шархтай зөөлөн эдийн бэртэл, бүсэлхийнээс доошоо хөдөлгөөн хязгаарлагдсан зэрэг зөөлөн эдийн бэртэл гэмтэл тогтоогдлоо. Иргэн И.А-гийн биед үүссэн гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хоёроос дээш удаагийн давтамжтайгаар үүссэн болно. Иргэн И.А-гийн биед үүссэн гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно. Иргэн И.А-гийн биед үүссэн гэмтэл эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Иргэн И.А-гийн бүх гэмтэл нь 1-7 хоногт үүссэн, гэмтлүүд нэг хугацаанд үүссэн шинэ гэмтэл болно.” /хх-ийн 71-64 дүгээр хуудас/ гэх шинжээчийн дүгнэлтээр хохирогч И.А-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсныг тогтоосон байна.
Мөн хохирогч И.А Улаанбаатар хотод “М” эмнэлэгт тархины соронзон резонанст томографын оношилгоо /тодосгогч бодисгүй/ хийлгэсэн байх бөгөөд үүний дагуу тус Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 336 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлтээр “Иргэн И.А-гийн биед үүссэн гэмтэл нэмэлт шинжилгээгээр гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй дээрх эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно.” гэжээ. /хх-ийн 75-76 дугаар хуудас/,
Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирогч И.А-н эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг шүүгдэгч Е.А, Б.Д нар учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
- Хохирогч И.А-гийн өгсөн: “...Би тангараг өргөсөн төрийн алба хаагч хүн. Худлаа зүйл хэлэхгүй. Болсон зүйлийн талаар үнэнээ хэлнэ. Ажиллаж байх хугацаандаа 200 гаруй маргааныг шийдвэрлэсэн. Шүүгдэгч нарын ярьж байгаа байдлыг харсан байх. Худлаа ярьж чадахгүй сандарч байна. Шүүгдэгч нарын худлаа ярьж байгаа нь харагдаж байна. Анх Е.А хашаа татаж байхад би ирээд өөрөө очиж болохгүй шүү гэдгийг амаар сануулаад явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа Е.А хашаагаа татаж эхэлсэн. Тухайн өдөр амралтын өдөр байсан ба би ажлын газартаа очиж мэдэгдэх хуудас бичсэний дараа хэсгийн төлөөлөгч болон цагдаа руу залгахад утас нь холбогдохгүй байсан. Е.А руу ирээд “Аав чинь байна уу” гэхэд “Байхгүй, аймаг руу явсан байгаа” гэж хэлсэн. Би урьд нь амаар сануулах үед Б.Д байхгүй байсан. Зөвхөн Е.А ганцаараа байсан. Сүүлд мэдэгдэх хуудсыг өгөхдөө мотоциклээс буухгүйгээр өгсөн. Мотоцикл унаад сууж байсан хүн яаж өшиглөх юм бэ. Мэдэгдэх хуудсыг өгөхөд базаж халаасандаа хийж авсан. Би мотоциклийг унаж сууж байхад намайг Е.А өшиглөсөн. Б.Д цаана нь уйлаад сууж байсан. Яагаад уйлаад сууж байсныг би мэдэхгүй. Би тэгээд мотоциклоос буугаад данхраат тулж байхад Е.А, Б.Д нар намайг өшиглөж эхэлсэн. Би өөрөө ганцаараа байсан. Надад ямар нэгэн боломж олгоогүй. Е.А ганцаараа байсан бол би өөрөө барьж авч аргалах байсан. Ажлын гуталтайгаа намайг өшиглөж эхэлсэн. Тэгээд нэг ухаан ороход хөрш А.А харж байсан болохоор “Намайг энэ 2 залуу алах гэж байна. Намайг авраач” гэж орилсон. Тэр үед Е.А-ын ээж нь харсан. Е.А болон Б.Д хоёр нэг нь миний толгой руу чулуугаар цохисон үед юм уу, эсвэл өшиглөсөн үед байсан уу би ухаан алдаж газарт унасан. Тэгээд дүү маань ирээд намайг гэрт хүргэсэн байна. ...2 дахь удаа мэдэгдэх хуудас өгөх үед эдгээр залуучууд бүлэглэж намайг өшиглөж, зодсон нь үнэн. Би эдгээр залуучуудыг ял шийтгүүлье гэж бодоогүй. Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгэсэн. Одоо бие маань зүгээр болсон болохоор явж байна. ...1,500,000 төгрөгийн зардал гарсан түүнийг нэхэмжилж байна. Би 1,200,000 төгрөгийн зээл авсан тэр талаарх баримт байгаа.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Шүүгдэгч Б.Д-ийн өгсөн: “...Энэ хүн эхлээд өөрөө ирээд маргалдаж байхаар нь би салгаад явуулсан. Тэгээд дараагаар нь би эхнэр, хүүхдүүдийнхээ хамт загас ангахаар явсан. Бид нар гэртээ загасанд явж ирээд цай ууж сууж байхад Е.А хашхирсан. Бид нар гэрээс гараад очиход Е.А давсгаа дараад зогсож байсан. Түүний давсаг руу И.А өшиглөсөн байсан. И.А бид нарт ядуу гэсэн утгатай баахан зүйл хэлсэн. Ер нь бид нарыг нэлээд хэл амаар доромжилсон. Дараа нь миний чих рүү цохисон. Тэгээд би мөр лүү нь цохиход газарт уначихсан. Би дараа нь өшиглөсөн. Тэгж байтал ээж маань ирээд салгаж авсан.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Шүүгдэгч Е.А-ын өгсөн: “...Би хашаа татаж байхад И.А ирээд “Энд хашаа татаж болохгүй” гэж маргалдаж байхад хүргэн ах ирээд И.А-д “Та том хүн байна. Ингэж болохгүй” гээд бид хоёрыг салгаад явуулсан. Тэгээд хүргэн ах яваад өгсөн. Дараа нь 30 минутын дараа дахиж мотоциклоор ирээд бичиг авч ирж өгсөн. Тэгээд надад “Энэ бичигт заасны дагуу хоёр хоногийн дараа хашаагаа цааш нь буулгаж татна. Чи ядуу хүн машингүй, малгүй хашаагаа сунгаад юу оруулах гэж байгаа юм бэ. Чи миний хэн гэдгийг үзэх болно” гэж хэлсэн. Би тэр бичгийг харахад миний эцэг Е-д хаягласан байсан. Тэгээд би “Энэ бичгийг авахгүй, миний эцэгт хаягласан бичиг байна” гэхэд миний давсаг руу өшиглөсөн. Тэр үед миний хүргэн ах ирээд надаас юу болсныг асууж зогсож байхад түүний баруун талын чих рүү нь цохисон. Тэгээд манай хүргэн ах И.А хоёр зодолдож байхад миний ээж ирээд “И.А чи гэр лүүгээ явчих. Би энэ хашааг татуулахгүй” гэхэд И.А “Би явахгүй та нарт өөрийгөө хэн гэдгээ харуулна” гээд явахгүй зогсчихсон. Ээж маань бурхны нэрээр андгайлъя И.А чи явчих гэхэд “Би та нарт үзүүлэхээ үзүүлнэ” гэж явахгүй зогсож байсан. Хүргэн ах, И.А хоёр хоорондоо зодолдсон, ээж маань салгасан, бид нар гэр гэр лүүгээ явчихсан” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Мөрдөн байцаалтад:
- Хохирогч И.А-н өгсөн: “...Миний бие 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хагас сайн өдөр буюу амралтын өдөр байсан ба эхнэр хоёр хүүхдийн хамт өөрийн эзэмшлийн хятад “Кенбо” маркийн 21-30 БӨЗ улсын дугаартай мотоциклтэй Алтай сумын төвд байдаг гэрээс орой 17 цагийн үед хөдөө ахын гэр лүү мал сааж авах гээд гарсан юм. Тэгээд ахын гэрээс мал сааж авчихад 17 цаг 30 минутын үед сумын төвд гэртээ ирсэн. Бид нар гэрийн хажуугаар өнгөрч байхад хөрш айлын залуу Е.А нь ганцаараа өөрийн хашаагаа урагшаа томруулж татаж байсныг харсан. Тэгээд эхнэр хүүхдүүдийг гэрт буулгачихаад өөрийн мотоциклтэй Е.А-д очсон. Тэгээд Е.А-д “Чи ямар нэгэн зөвшөөрөлгүй хашаагаа татаж авч болох уу. Чиний барьж байгаа хашаа чинь машин явдаг зам руу гарсан байна” гэж хэлсэн. Тэгэхэд Е.А нь надад “Би яагаад хашаа барьж болохгүй. Энэ миний аавын эзэмшлийн хашаа, хашаагаа томруулж татна” гэсэн тайлбар өгсөн. Тэгэхэд би Е.А-д тэгвэл би ажлын байрнаас очиж албан мэдэгдэл авч ирж өгнө гээд мотоциклээ асааж авч ажлын өрөөнд ирсэн. Албан мэдэгдлийг боловсруулж аваад дахин Е.А-ын хашаа татаж байсан газарт ирсэн. Тэгээд Е.А-д “Аав чинь байна уу. Энэ албан мэдэгдлийг аавдаа өгөөрэй” гэж хэлсэн чинь зогсож бай гээд миний унаж явсан мотоциклийн толгойноос гараар барьж авсан. Тэгээд намайг мотоциклийн дээр сууж байтал Е.А нь миний зүүн талын гуяны тус газарт нэг удаа өшиглөсөн. Тэгэхэд би мотоциклээс бууж ирэхэд Е.А-ын хүргэн ах нь хашаан дотор харж зогссон ба бид нарт хүрч ирсэн. Тэгээд намайг Е.А-ын хүргэн ах нь болох Б.Д гэдэг залуу учир зүггүй барьж авч мушгиж тонгорч газарт унагааж энэ тэндээс хөлөөрөө надыг өшиглөж зодсон. Миний бие босож ирэхэд Б.Д нь баруун гарын нударгаар цээж тус газарт хүчтэй цохисон ба дахиад газар унасан. Тэгэхэд Б.Д, хадам дүү болох Е.А-ын хамт ээлж ээлжээр өшиглөөд байсан. Тэгээд би газраас хоёр гартаа чулуу атгаж авч босоод ирсэн. Тэгэхэд нөгөө хоёр намдаж хойшоогоо ухраад зогссон юм. Тэр хоёрыг чулуугаар цохино гэж өөрийгөө хамгаалж байсан ба гэнэт Б.Д намайг гараараа барьж авч миний хүзүүн тус газраас боож авахад Е.А нь миний толгойн тус газар хөлөөрөө өшиглөхөд ухаан алдаж унасан. Нэг мэдэхэд сумын төвийн эмнэлэгт хүргэгдэж ирсэн байна лээ. Би ажил албаны төлөө явж зодуулсандаа маш их харамсаж байна. Иймд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү.” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар хуудас/,
- Гэрч А.А-ийн өгсөн: “...Миний бие 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр өглөө 09 цагт ээлжийн сувилагчаар өдрийн 8 цаг үүрэг гүйцэтгэсэн. Тэгээд ажлаас орой 17 цагт буугаад гэртээ ирсэн. Би ажлаас тараад ирж байх замд хөрш айл болох Е-ий хашааг урагшаа томсгож барихаар чулуу овоолж буулгасан байдалтай байв. Тэгээд гэртээ ирээд хүүхдүүдийн хамт хоол цай уугаад орон дээр жаахан унтаад боссон. Босоод ирсэн чинь гэрийн цонх онгорхой байсан ба гадаа гудамж талбайд хүмүүсийн чанга дуу чимээ гарч байсан. Тэгээд хашаан дотор харсан ба хөрш болох И.А чулуун хашааны хажууд газарт унасан байдалтай, хажууд нь Е.А түүний хүргэн ах нь гэсэн нэг залуу гурав байсан ба Е.А-ын ээж нь тэд нарыг салгаж авах гээд дундуур нь гүйгээд байсан. Тэгэхэд И.А унасан газраас босоод гэр лүүгээ явах гэсэн боловч нөгөө Е.А, түүний хүргэн ах нь хоёр араас нь хөөж ирээд дахин өшиглөж зодох үед И.А надыг дуудаж “Намайг харсан уу, би энэ хүмүүст хашаагаа зөвшөөрөлгүйгээр битгий барь гэснээс болж надыг зодлоо” гэж хэлсэн. Миний үзэж харсан зүйл И.А-г араас нь хөөж ирээд Е.А, түүний хүргэн ах нь гэсэн хоёр өшиглөж байсныг нүдээр үзэж харсан” гэх мэдүүлэг /хх-ийн 60 дугаар хуудас/,
- Гэрч Р.У-ны өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр өглөө И.А нь бусдад зодуулсан цээжээр, нуруугаар өвдөнө гэж зовуурьтай ирсэн. Тэгээд миний бие үзэж, эмчилгээ бичиж өвчний түүх нээж, дотрын тасагт хэвтүүлсэн. Манай эмнэлэгт 2019 оны 06 дугаар сарын 23-наас 24-ний өдөр хүртэл 2 хоног эмчлүүлж, улмаар эмчлүүлэх, онош тодруулахаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт шилжүүлсэн. Иргэн И.А нь манай эмнэлэгт ирэх үед ухаан санаа нь бүрэн байсан, нуруу өвдөж, бие маань хөдөлгөхгүй байна гэсэн зовиуртай байсан. Тэр бичиж өгсөн тодорхойлолтод иргэн И.А-гийн тархи толгойн битүү гэмтэл, нурууны гэмтэл байж болзошгүй гэсэн урьдчилсан онош тавьж, холбогдох эмчилгээ хийж, улмаар аймаг явж шинжилгээ хийлгэж, онош тодруулахыг зөвлөсөн болно.” гэх мэдүүлэг /хх-ийн 62 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Б.Д-ийн өгсөн: “...Манайх тус аймгийн Толбо сумын 5 дугаар багт байдаг ба миний хадам талын хүмүүс буюу эхнэр А-гийн аав, ээж нь Алтай сумын төвд байдаг. Миний бие эхнэр, хоёр хүүхдийн хамт 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Толбо сумаас Алтай суманд байдаг хадам аав, ээжийн гэрт очсон. Хадам аав болох Е.Е нь 2019 оны эхний хагас жилд хийж гүйцэтгэхээр Алтай сумын 2 дугаар багт “Улаан хад” голын гүүр барих төсөл авсан байсан. Уг төслийн дагуу “Гүүр” барих ажилд намайг ирж туслаач гэж дуудсан юм. Тэгээд 7 хоног ажиллаад сумын төвд хадам аавын гэрт 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ирсэн юм. Тэгээд гэртээ 2 хоног амарсан. Манай хадам аав тус сумын ахмадын ордон барихаар болсон. Манай хадам аавын хөрш болох И.А гэдэг хүний хашаа гадагшаа 2 метр илүү гарсан бөгөөд манай хадам аавын хашаа нь болохоор дотогшоо байдаг байсан. Тэгээд 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хадам дүү болох Е.А нь хашаагаа хөрш айл болох И.А-гийн хашаатай чулуугаар зэрэгцүүлэн барихаар барьж байхад танихгүй нэг залуу ирж хадам дүү Е.А-той хэрүүл маргаан үүсгэж байхаар нь би очиж та хоёр яасан бэ гэж асуухад энэ хүн ирээд надтай хэрүүл маргаан үүсгэж хашаа татуулахгүй гээд маргаж байна гэв. Тэгэхэд би тэр хүнд “Та нар хөрш айлын хүмүүс байна жаахан газраас болж хоорондоо маргаан үүсгэх шаардлага байхгүй” гэж хэлээд явуулсан. Тэгээд би эхнэр хоёр хүүхдийг дагуулж “Бардам” гэх газарт голын эрэгт загас барихаар очоод гэртээ орой 18 цагийн үед ирсэн. Би голын эрэг явж ирэх үед хадам дүү болох Е.А нь уг хашаагаа ганцаараа хашааныхаа суурыг тавьж, чулуугаар барьж байсан ба надад туслаач гэж хэлсэн. Би тэгээд хадам дүүтэй тусалж ус зөөж байхад нөгөө хөрш айлын залуу гэсэн хүн дахин ирж хадам дүүтэй хэрүүл маргаан хийж байсан. Хашаа татуулахгүй гэж “албан мэдэгдэл” авч ирсэн гэж зогсож байв. Тэгэхэд авч ирсэн “албан бичиг”-г ав гэхэд би авахгүй наадах бичгийг аавд өгөөрэй гэж хэлсэн чинь “чи яагаад авахгүй” гэж хэлээд Е.А-г газрын даамал ажилтай гэсэн залуу И.А зүүн хөлөөрөө Е.А-ын давсаг тус газарт нэг удаа өшиглөсөн. Тэгэхэд би салгаж аваад эргэж харах үед надыг ч гэсэн аль гараар цохисныг санахгүй байна миний баруун чихэн тус газарт нэг удаа нударгаараа цохиж авсан. Тэгээд би уурлаад И.А-г зүүн гараараа цээж нь тус газарт 1 удаа цохиж, баруун хөлөөрөө өгзөгний тус газарт 4-5 удаа өшиглөсөн. Тэгэхэд нөгөө газрын даамал гэсэн И.А-тай газар унасан юм. Тэгэхэд И.А, Е.А бид хоёрт “би та нарт өрийгөө хэн гэдгийг харуулах болно. Хашаандаа юу чинь багтахгүй байна. Ядуу гуйлгачин цариа гаргаж яах гээд байна” гэж хэл амаар доромжилсон юм. Тэгэхэд И.А газарт хэвтэж байхад хадам ээж ирээд учир байдлыг И.А-д ойлгуулж хэлсэн. Тэгэхэд И.А газраас гартаа чулуу атгаж босож ирээд бид нар руу дайрсан. Тэгэхэд би И.А-гийн чулуу атгаж авсан гарнаас нь барьж авсан. Тэгэхэд би газарт унасан байсан ба хадам ээж ирээд бид нарыг салгаж явуулсан. И.А гэгч 2 удаа ирж хашаа татуулахгүй гэсэн шаардлага тавьж Е.А бид хоёрт хэрүүл маргаан үүсгэж улмаар өөрөө эхэлж бид нарын эрх чөлөөнд халдсан юм. Тэгэхэд уурлаад И.А-г зодсон нь үнэн. Би одоо өөрийнхөө буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Уг зодоон болсон гол шалтгаан маань хашаа татуулахгүй гэж газрын даамал 2 удаа ирээд хэрүүл маргаан хийсэн. Тэгээд ирээд намайг болон хадам дүүгийн эрх чөлөөнд халдсанаас болж зодоон гарсан нь үнэн. Иргэн И.А бид хоёрын хооронд урьд өмнө ямар нэгэн таарамжгүй харьцаа байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 90-91 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч Е.А-ын өгсөн: “...И.А намайг зүүн талын хөлөөрөө миний давсаг тус газарт нэг удаа өшиглөхөд би уйлаад хашхирсан ба И.А-г гараараа заамдаж барьж авсан. Тэгэхэд хажууд хүргэн ах байсан ба И.А бид хоёрыг салгаж аваад зогсож байхад И.А зүүн талын гараа хагас атгаж авч манай хүргэн ахын баруун чихэн тус газарт нэг удаа гараараа цохиж авсан. Тэгэхэд хүргэн ах Б.Д нь уурлаад И.А-г баруун гараараа мөрөн хавьцаа нэг удаа цохиход газар унасан ба газар унасны дараа өгзөгний тус газарт 5 удаа баруун хөлөөрөө өшиглөж зодсоныг харсан.
...Тэгээд бид хоёрыг ээж маань гэр лүүгээ ор гэж хэлсэн. Гэрт ирэхэд манай хүргэн ахын баруун чихнээс жаахан цус гарч байсан. Иргэн И.А эхлээд өөрөө хүний биед халдсан мөн зодооныг өөрөө эхэлсэн юм. гэх мэдүүлэг /хх-ийн 94-95 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх эргэлзээтэй нотлох баримт байхгүй байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд хохирогч И.А-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч мэдүүлэв. Харин шүүгдэгч Е.А нь “Би хохирогч И.А-г зодож гар хүрээгүй тул шударга шийдвэр гаргаж надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж,
Түүний өмгөөлөгч С.Н “Шүүгдэгч Е.А-ын гэм буруутай гэдэг нь хангалттай нотлох баримтаар тогтоогдож чадаагүй байна. Гэрч А.А нь хохирогч И.А-тай хөрш айл бөгөөд тэднийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байна. Учир нь иргэн Е.Е-ийх /шүүгдэгч Е.А-ын аав/ хашаагаа томруулбал А.А-ийн машин хашаандаа орж гарахад хүндрэлтэй болох тул хашааг татуулахгүйн тулд ийм мэдүүлэг өгсөн байгаа. Мөн шинжээчийн дүгнэлтээр иргэн И.А-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэх боловч Б.Д, Е.А нарын хэн хаана нь хэрхэн яаж цохиж хохирол учруулсан бэ гэдгийг нь тогтоож чадаагүй. Иймд Е.А-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж мэтгэлцэв.
Шүүхээс шүүгдэгч Е.А-ын үйлдлийг хэрэгсэхгүй болгох нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзсэн. Учир нь:
1. Хохирогч И.А хэргийн үйл баримтын талаар мэдүүлэг өгөхдөө зөрүүгүй тодорхой мэдүүлсэн бөгөөд энэ нь гэрч А.А-ийн “...Тэгэхэд И.А унасан газраас босоод гэр лүүгээ явах гэсэн боловч нөгөө А, түүний хүргэн ах нь хоёр араас нь хөөж ирээд дахин өшиглөж зодох үед И.А надыг дуудаж “Намайг харсан уу, би энэ хүмүүст хашаагаа зөвшөөрөлгүйгээр битгий барь гэснээс болж надыг зодлоо” гэж хэлсэн. Миний үзэж харсан зүйл И.А-г араас нь хөөж ирээд А, түүний хүргэн ах нь гэсэн хоёр өшиглөж байсныг нүдээр үзэж харсан” гэх мэдүүлгээр давхар нотлогдож байна.
2. Шүүхээс гэрч А.А-ийг хохирогч И.А-тай хөрш учраас ашиг сонирхлын зөрчилтэй. Мөн иргэн Е.Е-ийх хашаагаа томруулбал А.А-ийн машин хашаандаа орж гарахад хүндрэлтэй болох байсан тул хашааг татуулахгүйн тулд гэрч А.А ийм мэдүүлэг өгсөн байна гэж хийсвэр дүгнэлт хийж түүний мэдүүлгийг үгүйсгэх боломжгүй байна.
3. Шинжээчийн дүгнэлт нь тухайн иргэний эрүүл мэндэд “хөнгөн, хүндэвтэр, хүнд” хохирлын аль нь учирсан болохыг л тогтооно. Энэ нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөх асуудалд хамаарна. Харин хэргийн үйл баримтыг бусад нотлох баримтаар тогтоох бөгөөд шинжээч уг үүргийг хүлээхгүй бөгөөд шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Б.Д, Е.А нарын хэн нь хохирогч И.А-н хаана нь яаж цохисон болох нөхцөл байдлыг тогтоох боломжгүй юм.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.Динкелди, Е.Ахжол нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул тэднийг “Эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж хохирогч И.А-г бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хохирогч И.А нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Уг гэмт хэргийн улмаас надад 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан тул шүүгдэгч нараас гаргуулж өгнө үү” гэв. Шүүхээс хохирогчийн нэхэмжилсэн 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлээс 899.500 /найман зуун ерэн есөн мянга таван зуу/ төгрөгийн нэхэмжлэлийг хангаж 600.500 /зургаан зуун мянга таван зуу/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Учир нь хохирогч И.А-н шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн хохирлын талаарх 12 ширхэг баримт нь нийт 1.151.500 /нэг сая нэг зуун тавин нэгэн мянга таван зуу/ төгрөгийн баримт байв. Үүнээс 252.000 /хоёр зуун тавин хоёр мянга/ төгрөгийн баримт нь түүний эрүүл мэндэд учирсан хохиролтой шууд шалтгаант холбоотой эсэх болон юунд хэрхэн яаж зарцуулсан баримт болох нь тодорхой бус байна. Мөн үлдсэн 348.800 /гурван зуун дөчин найман мянга найман зуу/ төгрөгийн талаар ямар нэгэн баримт байхгүй байна. Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Б.Д, Е.А нараас 899.500 /найман зуун ерэн есөн мянга таван зуу/ төгрөгийг тэнцүү хуваан гаргуулж хохирогч И.А-д олгож, үлдсэн 600.500 /зургаан зуун мянга таван зуу/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.
Мөн эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгч нарын байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Д, Е.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйлийн 1.4-д заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон. Мөн шүүхээс төлүүлэхээр тогтоосон хохирлыг нөхөн төлж өгөх болно гэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Шүүгдэгч Б.Д, Е.А нар урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 98-99 дүгээр хуудас/ тогтоогдож байх тул тэднийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Хохирогч И.А-н хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь шүүгдэгч Х.А-ын “...И.А намайг зүүн талын хөлөөрөө миний давсаг тус газарт нэг удаа өшиглөхөд би уйлаад хашхирсан ба И.А-г гараараа заамдаж барьж авсан. Тэгэхэд хажууд хүргэн ах байсан ба И.А бид хоёрыг салгаж аваад зогсож байхад И.А зүүн талын гараа хагас атгаж авч манай хүргэн ахын баруун чихэн тус газарт нэг удаа гараараа цохиж авсан. ...Гэрт ирэхэд манай хүргэн ахын баруун чихнээс жаахан цус гарч байсан. Иргэн И.А эхлээд өөрөө хүний биед халдсан мөн зодооныг өөрөө эхэлсэн юм. гэх мэдүүлэг /хх-ийн 94-95 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Д-ийн “...Тэгэхэд авч ирсэн “албан бичиг”-г ав гэхэд би авахгүй наадах бичгийг аавд өгөөрэй гэж хэлсэн чинь “чи яагаад авахгүй” гэж хэлээд Е.А-ыг газрын даамал ажилтай гэсэн залуу И.А зүүн хөлөөрөө Е.А-ын давсаг тус газарт нэг удаа өшиглөсөн. Тэгэхэд би салгаж аваад эргэж харах үед надыг ч гэсэн аль гараар цохисныг санахгүй байна миний баруун чихэн тус газарт нэг удаа нударгаараа цохиж авсан. ...Тэгээд ирээд намайг болон хадам дүүгийн эрх чөлөөнд халдсанаас болж зодоон гарсан нь үнэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 90-91 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Х-ын 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 278 дугаартай “...Иргэн Б.Д-ийн биед баруун чихний сувгийн гадна бага зэрэг хавантай гэмтэл тогтоогдлоо. Иргэн Б.Д-ийн биед үүссэн гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн давтамжтайгаар үүссэн болно. Иргэн Б.Д-ийн биед үүссэн гэмтэл эрүүл мэндийг сарниулахгүй, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтыг агуулах гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 71 дүгээр хуудас/ зэргээр тогтоогдож байна. Иймд шүүхээс хохирогч И.А-н өөрийнх нь дээрх хууль бус, зүй бус үйлдлийг гэмт хэрэг үйлдэхэд шалтгаалсан гэж үзэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцсон.
Харин шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Н нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Хохирогч И.А нь хувийн байдлын хувьд ямар хүн бэ гэдгийг нотлох үүднээс түүнтэй хамт ажилладаг болон нэг нутгийн 8 иргэнээс тодорхойлолт гаргуулж ирсэн тул үүнийг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ үү” гэх бөгөөд шүүх эдгээр иргэдийн тодорхойлолтыг нотлох баримтаар үнэлэн хохирогч И.А-н хувийн байдалд дүгнэлт хийх боломжгүй байна. Учир нь дээрх иргэдэд хуульд заасан эрх, үүргийг танилцуулж мэдүүлэг аваагүй бөгөөд нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Мөн эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуульд зааснаар шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэх бөгөөд хохирогч хувийн байдлын хувьд ямар байх нь нөлөөлөхгүй бөгөөд зөвхөн гэмт хэрэг үйлдэгдэхэд тухайн хохирогчийн өөрийнх нь хууль бус, зүй бус үйлдэл нөлөөлсөн эсэх нь хамааралтай юм.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.Д, Е.А нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, тэдний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заасан эрүүгийн хариуцлагаас торгох ялыг сонгон, тус бүр 450 нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Харин шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Д, Е.А нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэргийн хамт шүүгдэгч нарын хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Н-ын гаргаж өгсөн 9 хуудас баримт, хохирогч И.А-н гаргаж өгсөн хохирлын талаарх 12 ширхэг баримт зэргийг хуулбарлан хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Д, Е.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1-5 дахь хэсэг, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ