Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Цогтбаярын Урангуа |
Хэргийн индекс | 144/2016/00099/И |
Дугаар | 152 |
Огноо | 2016-09-30 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 152
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, Цаг уурын 1-8 тоотод үйл ажиллагаа явуулах “Хас банк” ХХК-ийн Ханбогд тооцооны төвийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Ямаан хүрэн 3-1 тоотод оршин суух Ч.Нямсүрэн,
-Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 3 дугаар хороо, Уурхайн нийтийн байр 102 тоотод оршин суух Б.Мөнхбаяр нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэг 458,748 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Анхбаяр, хариуцагч Ч.Нямсүрэн, нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн Ханбогд тооцооны төв нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“...Ч.Нямсүрэн нь тус банкнаас 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 1460004033 дугаар зээлийн гэрээ байгуулан 430,000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр дуусах нөхцөлтэйгөөр 5001161794 тоот хадгаламжийг барьцаалан зээл авсан. Зээлдэгч банктай байгуулсан барьцаат гэрээний 3.2, 3.3 дахь заалтуудыг зөрчиж өнөөдрийн байдлаар Ч.Нямсүрэн нь үндсэн зээлийн үлдэгдэл 340,000 төгрөг, үндсэн хүү 110,290 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,458 төгрөг нийт 458,748 төгрөг болоод байна.
Банкны зүгээс зээлдэгчийг зээлийн төлбөрөө төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг дуаа дараа шаардаж 2015 оны 10 дугаар сараас банканд 3 удаа, гэр нь 5 удаа очиж уулзсан боловч шаардлагыг биелүүлээгүй болно. Иймд Ч.Нямсүрэн, хамтран зээлдэгч Б.Мөнхбаяр нараас 458,748 төгрөгийг гаргуулж, банкийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Анхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Хадгаламж эзэмшигч Мөнхбаяр, хамтран эзэмшигч Нямсүрэн нар нь 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 430.000 төгрөгний хадгаламж барьцаалах зээл авсан. Хадгаламж нь Мөнхбаярын нэр дээр байсан. Нямсүрэн хамтран зээлдэгч байсан. Нямсүрэн 430.000 төгрөгний зээл аваад тухайн өдөр 100.000 төгрөгийг буцааж төлсөн. Мөнхбаяр нь 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр теллер Алтангэрэлээр хадгаламжаа хугацаанаас нь өмнө хаалгасан байсан. Манай ажилтан Мөнхбаярын нэр дээр байсан 2 зээлийн дансыг хаасан. Харин Нямсүрэнгийн нэр дээрх зээлийн дансыг хаахгүй үлдээсэн. Тухайн ажилтан нь хариуцлага хүлээж ажлаас чөлөөлөгдсөн байгаа. Мөнхбаяр нь 100.000 төгрөгний хадгаламжийн данс нээж, үлдсэн 841.500 төгрөгийг бэлнээр авч явсан байсан. 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хамтран эзэмшигч Нямсүрэнгийн нэр дээрх 1450004033 тоот зээлийн гэрээний хугацаа нь дууссан байгаа. Цогтцэций сумын салбарын хувьд 5-6 мянган харилцагчтай учир тухай бүрт нь шалгах боломжгүй байсан. 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр зээлийн хугацаа дуусахад мэдсэн. Энэ талаар Нямсүрэнтэй холбогдсон учир “ Би мөнгө аваагүй. Мөнхбаяр авсан учир төлнө” гэсэн хариу өгсөн. Цогтцэций сумын салбарын захирал, Нямсүрэн, Мөнхбаяр 3 утсаар ярьж тохиролцож Нямсүрэн 250.000 төгрөг, Мөнхбаяр 200.000 төгрөг төлөхөөр тохиролцсон боловч одоог хүртэл төлөөгүй” гэв.
Хариуцагч Б.Мөнхбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“...Ч.Нямсүрэн нь Б.Мөнхбаяр миний 500011617994 тоот хадгаламжийг надад мэдэгдэлгүй банкинд барьцаалан 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 1460004033 дугаар зээлийн гэрээ байгуулан 130,000 төгрөгийг авсан байна. Уг зээлийг юунд зарцуулсан яасан бэ гэдгийг би огт мэдэхгүй. Ч.Нямсүрэн нь зээл авч, би хамтран зээлдэгчийн үүрэг хүлээсэн гэдгээ мэдээгүй. 50001161794 тоот хадгаламжийг цуцлахад надад банкны ажилтан таны энэ хадгаламж зээлтэй ч гэж хэлээгүй. Иймээс Ч.Нямсүрэнгийн энэхүү зээл нь надад огт хамааралгүй.” гэжээ.
Хариуцагч Ч.Нямсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Ч.Нямсүрэн нь тус банкнаас 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 1460004033 дугаар зээлийн гэрээ байгуулан 430,000 төгрөгийг 12 сарын хугацаатай 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэй 5001161794 тоот хадгаламжийг барьцаалан зээл авсан. Хамтран зээлдэгч Б.Мөнхбаяр нь уг гэрээг дуусгавар болохоос өмнө санаатайгаар цуцалж, 430,000 төгрөгийг суутгалгүйгээр өөрийн биеэр гардан авсан нь үнэн болно.
...2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Мөнхбаяр бид 2 ярилцаж хадгаламж барьцаалах зээл авсан. Банкны теллер хамтран эзэмшигч байхгүй учир зээл өгөхгүй гэж хэлсэн. Манай хамтран эзэмшигч ажилтай байгаа утсаар ярьж болох уу? гэхэд болно гэсэн. Тэгээд Мөнхбаяртай ярьж 340.000 төгрөгний зээл авсан. 2015 оны 06 дугаар сард Мөнхбаяр бид 2-ын дунд маргаан үүссэн. Мөнхбаяр нь зээлээ хаахдаа намайг зээлтэй гэдгийг мэдэж байсан ч санаатайгаар шинэ теллерийг ашиглаж мөнгө авч явсан. Тухайн үед мэдэгдсэн бол би энэ асуудалд холбогдохгүй байсан. Би Мөнхбаярт хоёулаа хуваагаад төлье гэж хэлсэн. Чи эхлээд мөнгө хий гэж хэлсэн боловч одоог хүртэл хийгээгүй” гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, барьцаат зээлийн гэрээ, Б.Мөнхбаярын хугацаатай хадгаламжийн гэрээний дуусахаас өмнө зарлагын гүйлгээний жагсаалт зэрэг хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн Ханбогд тооцооны төв нь зээлийн гэрээний үүрэг 458,748 төгрөгийг хариуцагч Ч.Нямсүрэн, Б.Мөнхбаяр нараас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Ч.Нямсүрэн, Б.Мөнхбаяр нар уг зээлийн төлбөрийг төлөхгүй, Б.Мөнхбаяр уг зээлийн гэрээний үүргийг хүлээхгүй хариуцагч Ч.Нямсүрэн хариуцна, төлнө гэсэн бол хариуцагч Ч.Нямсүрэн түүнийг хариуцна, барьцааны зүйл болох хадгаламжаа өөрөө захиран зарцуулсан гэж маргаж байна.
Дараах үндэслэлээр “Хас банк” ХХК-ийн Ханбогд тооцооны төвийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:
Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүний хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж заасан байдаг.
Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т “хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ” гэж заасныг зөрчиж “Хас банк” ХХК нь зөвхөн Ч.Нямсүрэнтэй 2014 оны 10 сарын 6-ны өдөр 1450004033 дугаартай барьцаат зээлийг гэрээг байгуулсан байна. /хавтаст хэргийн 6-р хуудас/
Түүнчлэн Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т “өмчлөгч нь бусад этгээдийн буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэснийг зөрчиж Б.Мөнхбаярын эзэмшлийн 5001161794 дугаартай хуримтлах хадгаламжийг /хавтаст хэргийн 12-р хуудас/ барьцаалсан нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3/ “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэсэн Б.Мөнхбаярын эрхэд халдсан гэрээг байгуулжээ.
“Хас банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “тухайн хадгаламжийн хамтран эзэмшигч нь Ч.Нямсүрэн байсан” гэсэн тайлбар нь дээрх эрхийг зөрчсөн гэм бурууг үгүйсгэх үндэслэл болохгүй бөгөөд хариуцагч Б.Мөнхбаяр “Хас банк” ХХК-ийн хооронд 1450004033 дугаартай гэрээнээс үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй тул “Хас банк” ХХК нь шаардах эрхгүй байна.
2. Хариуцагч Ч.Нямсүрэнд холбогдох хэсэгт хамаарах үндэслэлийн хувьд:
Нэхэмжлэгч “Хас банк” ХХК, хариуцагч Ч.Нямсүрэнтэй байгуулсан барьцаат зээлийн гэрээнээс үүссэн шаардах эрхээ алдсан байна.
Учир нь барьцаат зээлийн гэрээний 2.1.4 /зээлдэгч зээл, хүүгийн төлбөрийг зээлийн гэрээний хугацаа дуусах өдрийн гүйлгээ хаахаас өмнө төлөөгүй бол зээлдэгчийн хугацаатай хадгаламжийн данснаас үл маргалдах журмаар суутган төлүүлнэ/, үүнтэй холбоотой 2.2.5, 2.2.6, 2.2.7-д заасан барьцаат зээлийн гэрээний үүрэг болон гэрээгээр тогтоосон нөхцөлүүүдийг зөрчсөн байна.
Мөн Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.1-д “барьцаалагч нь өөрийн эзэмшилд авсан барьцааны зүйл устах, үнэ нь ихээхэн буурах бодит нөхцөл бий болсон бол барьцаалуулагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй” гэснийг ноцтой зөрчсөнөөр гэрээний нөгөө тал Ч.Нямсүрэнгийн зээлийн төлбөрийг гэрээгээр тохиролцсон нөхцөлийн дагуу “барьцааны зүйлээс суутгуулан” төлж дуусгах нөхцөлүүд цуцлагдаж, төлөх ёстой хүү болон нэмэгдүүлсэн хүүний төлбөр өсөх хохиролтой байдлыг бий болгосон байна.
Иймд “Хас банк” ХХК нь 1450004033 дугаартай барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг болон Иргэний хууль бусад хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн гэм буруутай байх тул түүнийг дээрх гэрээнээс үүссэн шаардах эрхгүй гэж дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Хавтаст хэрэгт авагдсан Ч.Нямсүрэнгийн харилцагчийн анкет, Б.Мөнхбаярын төлбөрийн баримтын хуулбар, Б.Мөнхбаярын данс нээлгэх хүсэлтийн хуулбар, Б.Мөнхбаярын хугацаатай хадгаламжийн гэрээний дуусахаас өмнө зарлагын гүйлгээ хийлгэх хүсэлтийн хуулбар зэрэг баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул нотлох баримтаар үнэлэхгүй орхиж бусад баримтын хувьд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Хариуцагч Б.Мөнхбаярт шүүх хуралдааны тов мэдэгдэж мэдэгдэх хуудсыг шуудангаар хүргүүлсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй ба түүнийг эзгүйд хэргийг хянан хэлэлцүүлэхээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Ч.Нямсүрэн нар хүсэлт гаргасан /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан/ тул хариуцагч Б.Мөнхбаярыг оролцуулахгүй хэргийг хянан шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14,405 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээвэл зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар Хас банк ХХК-ийн Ханбогд тооцооны төвийн нэхэмжлэлтэй, Ч.Нямсүрэн, Б.Мөнхбаяр нараас зээлийн гэрээний төлбөр 458,748 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,405 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА