Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2025/01666

 

 

“*******” ТӨХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 сарын 04-ний өдрийн 191/ШШ2025/05904 дугаар шийдвэртэй,

 

“*******” ТӨХХК-ийн нэхэмжлэлтэй,

*******т холбогдох,

 

27,645,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Азбаяр илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

            1.1. Зээлдэгч ******* нь 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр бордоо зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, урьдчилгаанд 860,000 төгрөгийг төлж, үлдэх 7,740,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн боловч гэрээнд заасанд хугацаанд төлөөгүй тул гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсний алдангид 3,870,000 төгрөг, нийт 11,610,000 төгрөгийг,

            1.2. 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр улаанбуудайн үр зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 8,910,000 төгрөгийг төлөөгүй тул алдангид 4,455,000 төгрөг, нийт 13,365,000 төгрөгийг

            1.3. 2018 оны 05 дугаар сарын 04-ний түл зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,780,000 төгрөгийг төлөөгүй тул алдангид 890,000 төгрөг, нийт 2,670,000 төгрөгийг, нийт 27,645,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

  1. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

            2.1. Түлш зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт түлшийг бодитоор хүлээж аваагүй учир түлшний үнийг шаардах эрхгүй.

            2.2. Бордоо болон улаан буудай зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийг бүрэн төлж дуусгасан тул энэхүү гэрээний үүрэг дуусгавар болсон.

            2.3. Түүнчлэн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

            Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасныг баримтлан Б.Болорт холбогдуулан 27,645,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай “*******” ТӨХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.  

 

4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн бордоо зээлээр худалдах, худалдан авах гэрээний 1.5-д “Энэхүү гэрээ нь зээлийг бүрэн төлж, тооцоо нийлж, гэрээ дүгнэснээр дуусгавар болно” гэж, 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн улаанбуудайн үр зээлээр худалдах, худалдан авах гэрээний 6.3-т “Энэхүү гэрээ нь төлбөрийг бүрэн төлж дууссанаар дуусгавар болно" гэж, 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн түлш зээлээр худалдах, худалдан авах гэрээний 1.8-д “Энэхүү гэрээ нь зээлийг бүрэн төлж тооцоо нийлж, гэрээ дүгнэснээр дуусгавар болно” тус тус заасан. Үүнээс харахад талууд зээлийн гэрээг хугацаагүйгээр байгуулсан байх бөгөөд үүрэг заавал биелэгдэх шинжийн хүрээнд зээлийг бүрэн төлж, тооцоо нийлснээр гэрээ дуусгавар болно.

4.2. 2018 оноос хойш нэхэмжлэгч байгууллагын хуулийн мэргэжилтнүүд жил бүр *******той уулзаж, тооцоо нийлэх гэхээр янз бүрийн шалтаг, шалтгаан дурьдаж тооцоо нийлэхгүй, төлөхгүй байсан учраас 2024 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч байгууллагын хувьд хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа эрхлэгч байгууллага, иргэдэд зээл олгодог бөгөөд тухайн бизнесийн онцлог нь цаг агаарын байдал ихээр нөлөөлдөг буюу байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд автах эрсдэл өндөр байдаг. Түүнчлэн 2019 оноос хойш 2022 оныг дуустал хугацаанд дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын улмаас зээлдэгч байгууллагууд үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тул уг хугацаагаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа олгосон. Энэ байдлаар хариуцагчийг дэмжиж, үйл ажиллагааг тасалдуулахгүйн тулд удаа дараа үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон бөгөөд хариуцагчийн хувьд хөдөө орон нутагт үйл ажиллагаа эрхэлдэг тул аливаа харилцаа бичгийн хэлбэрээр бус аман байдлаар явж ирснийг өөртөө давуу байдал болгон ашиглаж, үүргээ гүйцэтгэхээс зайлсхийж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

4.3. Хариуцагчийн хариуцлагагүй үйлдэл, эс үйлдлээс шалтгаалж улсын төсөвт хохирол учирч байгаа бөгөөд татвар төлөгч нарын хүч хөдөлмөрийг үнэгүйдүүлсэн үйлдэл болж байна. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүхийн зүгээс Иргэний хуулийн 82.4 дэх хэсэгт “Шүүх, арбитр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно" гэж заасныг баримтлан шударга ёсны зарчим, үүрэг заавал биелэгдэх зарчмын хүрээнд хөөн хэлэлцэх хугацааг сэргээх бүрэн эрхтэй. Гэтэл зөвхөн нэг талын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг давууд үзэж, хэргийн нөхцөл байдал, үүссэн болон үүсэж болох үр дагаврыг үл харгалзан гагцхүү хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байгаа гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

4.4. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 954 дугаар магадлалаар “хөөн хэлэлцэх хугацааг өнгөрөөгүй” гэж үзнэ гэж дүгнэснийг, мөн Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 001/XT2024/00075 дугаар тогтоолоор "Талууд гэрээний 10.4-т “... компани төлбөрийг бүрэн барагдуулснаар дуусгавар болно" гэж зааснаар үзвэл зээлийн гэрээний ерөнхий хугацааг “зээлийг эргэн төлж дуусах хүртэл" гэх үйл явдлаар тогтоосон байна" гэж дүгнэж хөөн хэлэлцэх хугацааг өнгөрөөгүй гэж тус тус шийдвэрлэснийг дурьдах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

            5. Хариуцагч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

            5.1. Талуудын хооронд 2018 оны 05 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд нийт 3 гэрээ байгуулсан. Түлш зээлээр худалдах, худалдан авах гэрээний тухайд нэхэмжлэгчийн зүгээс түлшийг бодитоор хүлээж аваагүй тул үүрэг хүлээхгүй. Мөн бордоо зээлээр худалдах, худалдан авах гэрээ болон улаан буудайн үр зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг төлж барагдуулсан.

            5.2. Нэхэмжлэгч тал гэрээг хугацаагүй байгуулагдсан гэж тайлбарласан боловч талуудын хооронд байгуулагдсан 3 гэрээний 1.1, 1.2, 1.3-д зааснаар зээлээр худалдан авсан бүтээгдэхүүний төлөлтийг хэзээ буцаан төлөх талаар нарийвчлан заасан буюу талуудын хооронд хугацаатай гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

            5.3. Нэхэмжлэгчийн зүгээс төлбөр төлөх нэмэлт хугацааг удаа дараа тогтоосон гэж тайлбарладаг боловч хэргийн баримтаас үзэхэд хэрхэн яаж хугацаа тогтоосон, шаардах эрхээ хэрхэн хэрэгжүүлсэн талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй. Иймд хариуцагчийн зүгээс гэрээний үүрэгтэй холбоотой шаардах, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзсэн учраас Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэхээс татгалзаж байгаа гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.  

 

2. Нэхэмжлэгч “*******” ТӨХХК нь хариуцагч *******т холбогдуулан 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан “Түлш зээлээр худалдах, худалдан авах”, Бордоо зээлээр худалдах, худалдан авах”, 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан “Улаанбуудайн үр зээлээр худалдах, худалдан авах” гэрээний үүрэгт нийт 27,645,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, дээрх гэрээг байгуулсан боловч түлш хүлээж аваагүй, бордоо, улаан буудайн үнийг төлсөн, мөн гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, барьцаа хөрөнгө барьцаалбартай эсэх нь тодорхойгүй гэх үндэслэлээр маргажээ.

 

            3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнтэй холбоотой үйл баримт тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.  

            3.1. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон ******* нарын хооронд 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр “Түлш зээлээр худалдах, худалдан авах”, “Бордоо зээлээр худалдах, худалдан авах”, 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан “Улаанбуудайн үр зээлээр худалдах, худалдан авах” гэрээ байгуулагдсан талаар талууд маргаагүй байна.

3.2. Дээрх гэрээнд талууд барьцаа хөрөнгийн талаарх тохиролцоог хийсэн байна. 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан түлш зээлээр худалдах, худалдан авах гэрээний 1.8-д үүргийн гүйцэтгэлийн баталгаанд “барьцаалах барьцааны зүйлийг Газар эзэмших гэрчилгээ, *******, *******, *******” гэж,

мөн өдөр байгуулагдсан “Бордоо зээлээр худалдах, худалдан авах” гэрээний 1.5-д үүргийн гүйцэтгэлийн баталгаанд барьцаалах барьцааны зүйлийг “Газар эзэмших гэрчилгээ, *******, *******, *******” гэж,

2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан “Улаанбуудайн үр зээлээр худалдах, худалдан авах” гэрээний 1.7-д үүргийн гүйцэтгэлийн баталгаанд барьцаалах барьцааны зүйлийг “Тариалангийн талбай, *******, *******, , ” гэж тус тус тодорхойлжээ.

3.3. Хэрэгт ******* аймгийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 88 тоот шийдвэрийг үндэслэн ******* аймаг, ******* сум, 1 дүгээр баг, ад байрлах, нэгж талбарын дугаар бүхий 84,88 м.кв талбайтай газар болон нэгж талбарын ******* дугаар бүхий 72,07 м.кв талбайтай газруудыг тариалалтын зориулалтаар “*******буудай” ХХК-д 60 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр эрхийн улсын бүртгэлийн Э-, Э- дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон нотлох баримт авагдсан байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт “шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж заасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгийн эзэмшигчээр бүртгэлтэй “*******буудай” ХХК-ийг нэхэмжлэгч тал хариуцагчаар тодорхойлоогүй, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулахаар хүсэлт гаргаагүй боловч уг барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргах эрх бүхий этгээд болохын хувьд түүний эрх, ашиг сонирхол хөндөгдөх эсэх талаар анхан шатны шүүх зохигчдоос тодруулах байжээ. Ингэснээр нэхэмжлэгчийн гаргасан барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхийн талаар дүгнэх учиртай.

 

Гэтэл энэ талаар анхан шатны шүүх тодруулах ажиллагаа явуулаагүйгээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байх бөгөөд уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй болно.

 

            5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн   167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 сарын 04-ний өдрийн 191/ШШ2025/05904 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.ГЭРЭЛТУЯА

 

 

                                  ШҮҮГЧИД                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

                                                                                           Б.АЗБАЯР