| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашар Азбаяр |
| Хэргийн индекс | 101/2024/01309/И |
| Дугаар | 210/МА2025/01723 |
| Огноо | 2025-10-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2025/01723
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 191/ШШ2025/05900 дугаар шийдвэртэй,
*******ын нэхэмжлэлтэй,
*******, ******* нарт холбогдох
27,850,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Азбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. *******, ******* нарт 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Тоёота Клугер маркийн автомашиныг 25,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон бөгөөд урьдчилгаанд 8,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 17,000,000 төгрөгийг 2 сарын хугацаанд төлхөөр тохиролцож, автомашиныг биетээр хүлээн авч зээлийн гэрээ байгуулсан.
1.2. Гэтэл хариуцагч нар автомашины төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй. *******ийг 2019 оны 09 дүгээр сард олж уулзахад “ах *******тай ярилцаад бид хоёр 220 вольтын гагнуурын аппаратыг 1,5 сая төгрөгт хүүндээ тооцож өгөхөөр тохиролцсон” гээд гагнуурын аппарат хүлээлгэн өгсөн.
1.3. ******* нь “өөрийн дүүг машин авах гэж байгаа, зээлээр машин өгөөч” гэж хандсан. Тэгэхэд нь “дүүг чинь танихгүй учраас гэрээ байгуулаад машинаа хүлээж ав” гэж хэлсэн, түүнээс биш *******ийн таньдаг байгаагүй юм. Газрын гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хариуцагч нар эх хувиар нь өгснийг хэрэгт гаргаж өгсөн. Нэгэнт ******* нь гадаад улсад байгаа тул түүнд холбогдох нэхэмжлэлийнхээ шаардлагаас татгалзаж байгаа бөгөөд тэрээр *******т машин авч өгөхөөр тохиролцсон.
1.4. Иймд *******ээс 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн гэрээний үндсэн төлбөр 17,000,000 төгрөг, 2 сарын хүү 850,000 төгрөг, алданги 8,500,000 төгрөг, нийт 26,350,000 төгрөгөөс 1,500,000 төгрөгт тооцож гагнуурын аппарат өгсөн учраас хасч тооцон, 24,850,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч *******ыг танихгүй, мөн ******* гэх хүнээс Тоёота клугер гэдэг авто машин огт худалдан авч байгаагүй, машин авна гэж утсаар ярьсан удаа байхгүй, мөн 17,000,000 төгрөг бэлнээр болон дансаар аваагүй.
2.2. Тухайн үед 2014 оны хавар миний төрсөн ах ******* утсаар надруу залгаж “танай ажлын газрын ойрхон нотариатын газар байна, хүрээд ир гээд” дуудаж ******* болон ******* нарын хооронд байгуулсан гэсэн зээлийн гэрээнд нэмж надаар гарын үсэг зуруулж байсан. Тухайн үед ахыг мөнгө зээлж байна гэж ойлгосон.
2.3. Гэтэл 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан дугаар 1325 гэрээний дагуу ******* нь миний ах *******д 17,000,000 төгрөг өгөөгүй юм байна. Мөн нэхэмжлэл дээрээ ******* нь 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр *******, ******* нарт Тоёота клугер гэдэг маркын авто машиныг 25,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, 8,000,000 төгрөгийн урьдчилгаа авч, үлдэх 17,000,000 төгрөг дээр зээлийн гэрээ байгуулсан гэж худлаа бичсэн байна.
2.4. Нэхэмжлэгч ******* нь гэрээний дагуу 17,000,000 төгрөгийг өгөөгүй нь түүний 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ******* гэдэг хүнээс ******* гэдэг хүнд 10,000,000 төгрөгөөр тухайн авто машиныг худалдан борлуулахаар харилцан тохиролцож, төлбөрийг төлж дуусгасан гэснээс тогтоогдож байна. Түүнээс гадна ******* гэдэг хүнээс *******од авто машины төлбөрийг нэхэмжилж авах талаарх итгэмжлэл олгогдоогүй байх бөгөөд ямар нэгэн байдлаар авто машин худалдах, худалдан авах гэж байгаа бол гэрээний талуудын хүсэл зорилго байх ёстой.
2.5. *******ээс ах ******* нь зээлийн гэрээний барьцаанд газрын гэрчилгээг тавих гэж байгаа гээд авсан гэсэн.
Иймд ******* нь автомашин худалдах, худалдан авах гэрээний харилцаанд ороогүй, зээлийн гэрээний харилцаанд зээл авна гэж орсон болохоос машины төлбөрийг төлнө гэсэн үүрэг хүлээгээгүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, мөн гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэжээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч *******ээс 15,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,850,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг баримтлан хариуцагч *******д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч ******* татгалзсныг баталж, түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 235,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******од олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 289,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Нэхэмжлэгч ******* нь 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэг буюу 17,000,000 төгрөг, хүү, алдангийн хамт нийт 26,350,000 төгрөг шаардсан боловч 17,000,000 төгрөгийг дансаар болон бэлнээр өгөөгүй болохоо хүлээн зөвшөөрч тайлбарласан. Харин худалдах, худалдан авах гэрээний дагуу иргэн *******д Тоёота клугер маркын автомашин худалдан борлуулсаны төлбөрт 17,000,000 төгрөгийн авлагатай гэж тайлбарласан.
4.2. Хэрэгт авагдсан баримтаар 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн гэрээгээр иргэн *******, ******* нарын хооронд Тоёота клугер маркын суудлын авто машиныг 10,000,000 төгрөгөөр худалдсан, ******* нь тоёота клугер маркын суудлын автомашиныг өнөөдрийг хүртэл өмчилж эзэмшиж байгаагүй, ******* нь 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ******* ах залгаж “танай ажлын хажууханд зээлийн гэрээ байгуулах гэсэн мөнгө зээлж байгаа хүн хамтран зээлдэгчээр заавал хүн хэрэгтэй гэхээр зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, ахыг мөнгө зээлж байна” гэж ойлгосон бөгөөд сүүлд нэхэмжлэл шүүхэд гаргахад нь машины төлбөр гэж ойлголоо гэсэн агуулга бүхий тайлбар тус тус авагдсан.
4.3. Дээрх хэрэгт авагдсан баримтуутаар ******* нь иргэн *******оос Тоёота клугер маркын суудлын автомашин худалдах, худалдан авах хүсэл сонирхол илэрхийлж байгаагүй, автомашиныг биет байдлаар хүлээн авч эзэмшиж байгаагүй байхад шүүхээс шийдвэрийн үндэслэх хэсгийн 4Г-д “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т "Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу гэрээ байгуулагдаагүй болох нь тогтоогдож байна” гэж зөв дүгнэсэн атлаа үндэслэх хэсгийн 8а-д “талуудын хооронд 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан гэрээний оролцогч *******, ******* гарыг хамтран үүрэг гүйцэтгэгч байх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь ******* нарыг хамтран үүрэг гүйцэтгэгч байх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь *******ээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах эрхтэй” гэж *******ээс худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 15,500,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Иймд давж заалдах шатны шүүхээс гомдолд дурьдсан үндэслэлд хязгаарлагдахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:
5.1. Нэхэмжлэгч анх нэхэмжлэл гаргахдаа автомашин худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж тодорхойлсон. 2019 онд гагнуурын аппаратыг 1,500,000 төгрөгөөр хүлээлгэж өгсөн. Хариуцагч ******* автомашинтай холбоотой төлбөр төлөх хүсэл зоригоо удаа дараа илэрхийлсэн. Хариуцагчийн итгэмжлэгдёэн төлөөлөгч *******ын гаргасан тайлбараар автомашинтай холбоотой төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрсөн. ******* нь автомашинтай холбоотой төлбөр мөнгийг төлнө гэх байдлаар өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг удаа дараа өгсөн нөхцөл байдлаас үзэхэд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн нь харагдана.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан 27,850,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* эс зөвшөөрч маргасан. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******д холбогдох нэхэмжлэлээс татгалзсан байна.
3. Анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоосон. Энэ талаар зохигч маргаагүй. Үүнд:
3.1. ******* болон ******* нарын хооронд 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдөр автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* нь ******* улсын дугаартай “Toyata Kluger V” маркийн автомашиныг 10,000,000 төгрөгөөр худалдан авч, үнийг мөн өдөр төлөхөөр тохиролцсон.
3.2. Мөн өдөр ******* болон *******, ******* нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдэгч нар 17,000,000 төгрөгийг 2014 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд 7 хоногийн 2,5 хүүтэйгээр зээлж, гэрээний нэмэлт нөхцөлөөр Сүхбаатар дүүргийн *******, дугаартай, эзэмших эрхийн гэрчилгээтэй 600 мкв газар, , Сүхбаатар дүүргийн *******, , 88 м.кв хувийн сууцыг барьцаалж, сар бүрийн 4-нд 8,500,000 төгрөгөөр хувааж төлж дуусгахаар тохиролцсон.
3.3. Дээрх зээлийн гэрээний урьдчилгаанд 8,000,000 төгрөгийг төлсөн, харин үлдэгдэл төлбөрөөс 4,000,000 төгрөгт гагнуурын аппаратыг суутган өгч, үлдэх 13,000,000 төлөхийг зөвшөөрсөн талаарх хариу тайлбарыг хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байх ба *******ээс 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр *******т 3 жилийн хугацаатай итгэмжлэл олгогдсон.
4. Хэргийн дээрх баримтууд болон *******, *******, *******, ******* нарын тайлбарыг харьцуулан дүгнэвэл ******* нь *******ын нэр дээр Япон Улсаас “Toyata Kluger V” маркийн автомашиныг импортоор оруулж ирж, 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдөр тухайн автомашиныг *******д 25,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Дээрх гэрээний үүргээс ******* нь 8,000,000 төгрөгийг *******од төлж, гэрээний үүргээс 17,000,000 төгрөгийн үүрэг үлджээ. Уг 17,000,000 төгрөгийн үүрэг дээр ******* болон *******, ******* нар 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдэгч нар 7 хоногийн 2,5 хүүтэй, 2 сарын хугацаатайгаар буюу 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр төлөхөөр тохиролцсон байна.
5. Анхан шатны шүүх ******* болон ******* нарын хооронд 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний үүргийг мөн өдөр ******* болон *******, ******* нар Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн зээлийн гэрээний үүргээр сольсон байхад талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэснийг дээрх байдлаар залруулан дүгнэнэ.
5.1. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна.
6. Зээлийн гэрээний нэг талд *******, нөгөө талд *******, ******* нар оролцон гэрээг байгуулж, гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар *******ийг хамтран хариуцагч гэж үзнэ.
Иймд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна.” гэж зааснаар нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ээс зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь шаардах эрхтэй. Иймд энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй.
7. Хариуцагч ******* нь автомашины үлдэгдэл 17,000,000 төгрөгөөс гагнуурын аппаратыг 4,500,000 төгрөгт суутгасан гэж, нэхэмжлэгч ******* нь тухай аппратыг 1,500,000 төгрөгт суутгасан гэж зөрүүтэй тайлбар гаргасан. Энэ тохиолдолд нотолгооны үүргийн хуваарилалтаар хариуцагч ******* нь гагнуурын аппаратыг 4,500,000 төгрөгт суутгаж өгсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
7.1. Гагнуурын аппратыг 1,500,000 төгрөгт тооцвол зээлийн мөнгөн хөрөнгө болох 17,000,000 төгрөгөөс хасаж, *******т 15,500,000 төгрөгийн үүрэг үлдсэн гэж үзнэ.
Анхан шатны шүүх хариуцагч *******ээс дээрх мөнгөн хөрөнгө болон 15,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******од олгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.
8. Харин хнхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүүд 850,000 төгрөг, алдангид 8,500,000 төгрөг, нийт 9,350,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдэлд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчимд нийцүүлэн давж заалдах шатны шүүхээс нэмж дүгнэлт хийх шаардлагагүй болно.
9. Түүнчлэн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил бөгөөд талуудын хооронд 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 2 сарын хугацаатай байгуулагдсан зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 05 дүгээр сарын 04-ний өдөр дуусахаар байх боловч нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан, тус шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 29952 дугаар захирамжаар, хариуцагч нарын оршин суух хаяг тодорхойгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Үүний дараа хариуцагч нарын оршин суух хаягийг тогтоолгохоор эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасныг Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 104/ШШ2021/00405 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон.
Нэхэмжлэгч ******* нь 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 26,350,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 4670 тоот захирамжаар буцаасан байх бөгөөд тэрээр дээрх нэхэмжлэлийг тус шүүхэд дахин гаргаж, шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШЗ2024/04142 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэжээ.
Иймд анхан шатны шүүхийн зээлийн гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэсэн дүгнэлт Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2, 79.9 дэх хэсэгт заасантай нийцжээ.
10. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 191/ШШ2025/05900 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “243 дугаар зүйлийн 243.1” гэснийг “281 дүгээр зүйлийн 281.1” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 245,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Б.АЗБАЯР