Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 132

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,

Улсын яллагч М.Ф,

Хохирогчийн өмгөөлөгч А.С,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Х.Б, С.Т,

Шүүгдэгч К.И, С.М нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ботакөз Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт К-ийн И, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт С-ын М нарт холбогдох 191300120139 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, яс үндэс казах, 1971 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, М овогт К-ийн И, регистрийн дугаар УР..............

2. Монгол Улсын иргэн, яс үндэс казах, 1994 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Хундымура” ХЗХ-ны зээлийн мэргэжилтэн ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Т овогт С-ын М, регистрийн дугаар БЮ.............

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч К.И /Е хочтой/ нь 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр тус сумын 11 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Хундымура” хадгаламж зээлийн хоршооноос 46.000.000 /дөчин зургаан сая/ төгрөгийг 3.5 хувийн хүүтэй зээлсэн гэх зээлийн гэрээ болон үндсэн зээлд 30.984.000 төгрөг, зээлийн хүүд 9.016.000 төгрөг төлсөн гэх 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Хундымура” ХЗХ-ны кассын орлогын ордер зэрэг нь тус тус хуурамч болохыг мэдсээр байж 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэргийн анхан шатны шүүхэд нотлох баримтаар гаргаж өгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах,

Шүүгдэгч С.М нь “иргэн К.И “Хундымура” ХЗХ-ны кассанд үндсэн зээлд 30.984.000 төгрөг, зээлийн хүүд 9.016.000 төгрөг төлсөн” гэх 2018 оны 12 дугаар сарын 17- ны өдрийн “Хундымура” ХЗХ-ны кассын орлогын ордерыг тийм зээл болон хүү төлөөгүй болохыг мэдсээр байж К.Ин гуйлтаар хуурамчаар үйлдэж өгсөн буюу иргэн К.И тус хоршоонд зээл болон зээлийн хүү төлсөн гэх хувийн байдлыг гэрчилсэн баримт бичгийг хуурамчаар үйлдэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. К.И /К.И хочтой/ нь 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр тус сумын 11 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Хундымура” хадгаламж зээлийн хоршооноос 46.000.000 /дөчин зургаан сая/ төгрөгийг 3.5 хувийн хүүтэй зээлсэн гэх зээлийн гэрээ болон үндсэн зээлд 30.984.000 төгрөг, зээлийн хүүд 9.016.000 төгрөг төлсөн гэх 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Хундымура” ХЗХ-ны кассын орлогын ордер зэрэг нь тус тус хуурамч болохыг мэдсээр байж 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэргийн анхан шатны шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн,

С.М нь “иргэн К.И “Хундымура” ХЗХ-ны кассанд үндсэн зээлд 30.984.000 төгрөг, зээлийн хүүд 9.016.000 төгрөг төлсөн” гэх 2018 оны 12 дугаар сарын 17- ны өдрийн “Хундымура” ХЗХ-ны кассын орлогын ордерыг тийм зээл болон хүү төлөөгүй болохыг мэдсээр байж К.Ин гуйлтаар хуурамчаар үйлдэж өгсөн буюу иргэн К.И тус хоршоонд зээл болон зээлийн хүү төлсөн гэх хувийн байдлыг гэрчилсэн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

  1. Шүүгдэгч К.Ин өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ бүрэн өгсөн байгаа. Одоо нэмж ярих зүйл байхгүй. ...Би хуулийн дагуу эрхээ хамгаалуулахаар хуулийн байгууллагад хандсан. Бичиг баримтаа бүрүүлэхдээ асуудал гаргаж, ийм асуудал гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
  2. Шүүгдэгч С.Мын өгсөн: “...Би бичих ёсгүй баримт бичиж өгсөндөө харамсаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

Мөрдөн байцаалтад:

1. Хохирогч Б.Рын өгсөн:  “...Миний бие 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Өлгий сумын 11 дүгээр багт байрлах өөрийн эзэмшлийн газарт 15 айлын орон сууцны барилга барьж 2018 оны 12 дугаар сард ашиглалтад өгсөн. Ингээд 2018 оны 06 дугаар сарын сүүлчээр танил болох түүхий эдийн ченж К.И гэх залуу ирж уулзаад барьж буй барилгаас 3 өрөө буюу 79 м.кв байрны захилга өгмөөр байна гэхээр нь би бэлэн 61.000.000 төгрөг авна гэдгийг хэлсэн. Ингээд иргэн К.И надад 61.000.000 төгрөг өгөхөөр тохиролцож 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр миний ХААН банкны 5197121116 тоот данс руу 3 удаагийн гүйлгээгээр 46.000.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд би үлдсэн 15.000.000 төгрөгийг нэхэж удаа дараа шаардаж К.Ин утас руу залгахад 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр өгнө, та түр хүлээгээрэй гэхээр нь би хүлээж байсан. 2018 оны 12 дугаар сар хүртэл хүлээгээд үлдсэн 15.000.000 төгрөг өгөөгүй, сүүлд түүний утас руу залгахад “Миний бие оюутан хүүхэдтэй танд өгөх мөнгө байхгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би 46.000.000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр К.Ин данс руу шилжүүлсэн. Ингээд К.И 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж надад холбогдуулан 9.016.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлийг нотлохын тулд “Хундымура” хадгаламж зээлийн хоршоотой байгуулсан гэх гэрээг хавсаргасан байсан. Уг гэрээг үзэхэд нэг талаас “Хундымура” ХЗХ-төлөөлж гүйцэтгэх захирал Е.Ж, нөгөө талаас иргэн К.И нар 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр гэрээ байгуулсан гэх боловч нотариатч Т.Зулай нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэрчилж 8.000 төгрөгийн хөлс авсан байна. Улсын бүртгэлд байгаа мэдээллээс үзэхэд “Хундымура” ХЗХ-ны гүйцэтгэх захирал Т-ы А байна. Мөн гэрээг 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан гэх боловч үүнийг нотариатч 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэрчилсэн байгаа ба 46 сая төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан гэх боловч нотариатч чухам яагаад 8000 төгрөгийн хөлс авах ёстой байсан. Дараагийн асуудал нь хадгаламж зээлийн хоршооны тухай хуульд зааснаар зөвхөн хадгаламж зээлийн хоршооны гишүүдэд зээл олгодог журамтай. Гэвч улсын бүртгэлийн лавлагаанаас үзэхэд иргэн К.И нь “Хундымура” ХЗХ-ны гишүүн биш мөртлөө 46.000.000 төгрөгийг авсан гэх юм. Мөн “Хундымура” ХЗХ-ны гишүүдэд зээл олгохдоо харилцах данс ашигладаг атлаа энэ тохиолдолд чухам яагаад кассын орлогын ордер болон бэлэн мөнгөний зарлагын баримт ашигласан нь эргэлзээтэй байна. Мөн иргэн К.И нь монгол банк, санхүүгийн зохицуулах хорооноос зээлийн хүүгийн дээд доод хэмжээг тогтоосон байхад чухам яагаад 3.5 хувийн өндөр хүүтэй зээл авах болсон эсэх, тус хоршоо нь К.Ид зээл өгөхөөсөө өмнө судалгаа хийсэн эсэх зэргийг тус тус хуулийн дагуу шалгаж “Хундымура” ХЗХ-ноос 46.000.000 төгрөгийг авсан эсэхийг шалгаж өгөхийг хүсэж байна" гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

2. Гэрч Е.Жийн өгсөн: “...К.И нь манай хоршооны гишүүн мөн. Манай хоршоо 2015 онд байгуулагдсан бөгөөд намайг 2017 оны 03 дугаар сард ажилд томилогдох үед К.И нь манай хоршооны гишүүн байсан. Тухайн үед К.И нь 80.000.000 төгрөгийн хадгаламжтай байсан ба одоогоор хадгаламжгүй, хадгаламжаа аваад хаалгасан байгаа болно. 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр К.И нь манай хоршооноос 46.000.000 төгрөг авахаар хандсан бөгөөд тус өдөр 46.000.000 төгрөг манай хоршооны кассанд байгаагүй. Ингээд тус хоршооны дарга А гэх хүнээс 46.000.000 төгрөгийг зээлдэж авсан. 46.000.000 төгрөг манай хоршооны касснаас гараагүй. 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн К.И-тай байгуулсан гэрээг А даргыг төлөөлж хийсэн. ...Ингээд миний бие А даргыг төлөөлж 46.000.000 төгрөгийг эргэн төлүүлэх зорилгоор гэрээ хийсэн. Мөн дээрх мөнгө нь манай хоршооноос гараагүй учраас манай санхүүгийн баримтанд бичигдээгүй. Манай хоршоонд эргэн төлөлт хийгдээгүй. Иргэн К.И нь 46.000.000 төгрөгийн тооцоог тус хоршооны дарга Атай хийсэн. Манай хоршоонд хамаарахгүй. А даргыг төлөөлж бэлэн мөнгөний зарлагын баримтад 46.000.000 төгрөгийг касснаас гаргасан мэтээр гарын үсэг зурж, бичиг баримт бүрдүүлсэн. Учир нь 46.000.000 төгрөгийг эргэн төлүүлэх зорилгоор нотлох баримттай байхын тулд уг баримтад гарын үсэг зурсан. Түүнээс биш уг мөнгө манай хадгаламж зээлийн хоршооноос гараагүй. А дарга өөрөө бэлнээр өгөөд, өөрөө тооцоо хийсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 143-147 дугаар хуудас/,

3. Гэрч Т.Ан өгсөн:  “...Дараа нь 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр юм шиг санагдаж байна. К.И нь 46.000.000 төгрөг авахаар манай хоршоонд хандсан байсан ба тухайн өдөр хоршооны кассанд 46.000.000 төгрөг байгаагүй. Ингээд би өөрөөсөө 46.000.000 төгрөгийг бэлнээр гаргаж өгөөд “Хундымура” ХЗХ-оос гаргасан мэтээр К.Итай зээлийн гэрээ хийсэн. Учир нь их хэмжээний бэлэн мөнгө өгч байгаа учраас ямар нэгэн нотлох баримттай байх үүднээс гэрээ хийсэн. Тэгээд К.И нь 46.000.000 төгрөгийг авсан өдрийн маргааш нь буцааж авч ирж өгсөн. К.И нь 46.000.000 төгрөгт хүү төлөөгүй. Удалгүй авч ирж өгсөн болохоор хүү аваагүй. ...Уг гэрээг байгуулахаар хоршооны гүйцэтгэх захирал Жанибект үүрэг болгоод ингээд К.Итай гэрээ хийсэн. Урьд өгсөн мэдүүлэгт андуурсан байна. Уг 46.000.000 төгрөгийг К.И надад 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр өдрийн цагаар бэлнээр авч ирж өгсөн. Хүү тооцож аваагүй, К.И зөвхөн надад 46.000.000 төгрөгийг авч ирж өгсөн. ...Миний хувьд 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр К.Ид 46.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тухайн үед К.Итай ямар нэгэн мөнгө өгсөн, авалцсан баримт үйлдээгүй ба нотлох баримттай болохын тулд хоршооноос гаргасан мэтээр гэрээ байгуулсан. Учир нь К.И надаас авсан мөнгөө төлөөгүй тохиолдолд уг гэрээг үндэслэж төлүүлэх санаатай гэрээ байгуулсан. Харин 2018 оны 12 дугаар сард К.Ид ямар нэгэн баримт үйлдэж өгөөгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 150-152 дугаар хуудас/,

4. Аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 37 дугаартай гарын үсгийн адилтгалын шинжилгээний: 1. Шинжилгээнд ирүүлсэн шинжлэгдэж буй 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Хундымура” ХЗХ-ны кассын орлогын ордерын кассын нярав гэсэн хэсэгт бичигдсэн “С.М" гэх нэр тайллын ард хар өнгийн будагч бодистой бичгийн хэрэгслээр зурагдсан гарын үсэг нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн шинжлэгдэж буй 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Хундымура” ХЗХ-ны кассын орлогын ордерын кассын нярав гэсэн хэсэгт бичигдсэн “С.М” гэх нэр тайллын ард хар өнгийн будагч бодистой бичгийн хэрэгслээр зурагдсан гарын үсэг нь С.Мын гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт болон туршилтын загвартай тохирч байна.” гэх дүгнэлт /хх-ийн 162-166 дугаар хуудас/,

5. “Хундымура” ХЗХ-ны кассын нярав С.Мын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хуурамчаар бичиж олгосон Кассын орлогын ордер /эх хувь нь/ /хх-ийн 165 дугаар хуудас/,

6. “Хундымура” ХЗХ-ноос иргэн К.И нь 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 3,5 хувийн хүүтэй 46.000.000 төгрөгийг 66.000.000 сая төгрөгийн хадгаламжаа барьцаалж авсан мэтээр үйлдсэн зээлийн гэрээ, барьцааны гэрээ, бэлэн мөнгөний зарлагын баримт /эх хувь нь/ /хх-ийн 21-22, 26 дугаар хуудас/,

7. 130/2019/00003/И индекстэй, К.Ин нэхэмжлэлтэй “Хөх тас” ХХК-д холбогдох иргэний хэрэгт К.Игаас гаргаж өгсөн нотлох баримтууд, нэхэмжлэл, тайлбар /хх-ийн 67-68, 70-77, 78 дугаар хуудас/,

8. 130/2019/00003/И индекстэй, К.Ин нэхэмжлэлтэй “Хөх тас” ХХК-д холбогдох иргэний хэргийг бүхэлд нь хуулбарлан авч хавсаргасан иргэний хэргийн материал /хх-ийн 84-132 дугаар хуудас/,

9. Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газрын шүүхийн архиваас гаргуулж авсан К.Ин шүүхэд хуурамч нотлох баримтуудыг хавсаргаж нэхэмжлэл гаргасан өдөр буюу гэмт хэрэг үйлдсэн өдрийг нь тогтоосон бүртгэлийн хуулбар. Уг бүртгэлийн 920 дугаарт К.Ин нэхэмжлэлтэй, “Хөх тас” ХХК-д холбогдох 9.016.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл 11 хуудас 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 16 цаг 40 минутад хүлээн авагдсан тухай бүртгэгдсэн байна. /хх-ийн 182 дугаар хуудас/,

10. Шүүгдэгч К.Ин өгсөн:  “...Би Өлгий сумын 11 дүгээр багт байрлах иргэн Аын бариулсан 25 айлын орон сууцнаас 3 өрөө байр авахаар урьдчилгаа болгож 46.000.000 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Аын данс руу шилжүүлж өгсөн. Үлдсэн мөнгийг уг байр ашиглалтад орсны дараа өгөхөөр болсон. Тэгсэн иргэн А нь 2018 оны 12 дугаар сарын 16-ны үед өдрийг нь сайн санахгүй байна миний өгсөн 46.000.000 төгрөгийг буцаагаад миний данс руу шилжүүлсэн. Яагаад 46.000.000 төгрөгийг шилжүүлэх болсон бэ гэж асуухад А нь “Би байрыг борлуулж дуусгасан. Чамд өгөх байр байхгүй. Чиний өгсөн 46.000.000 төгрөгийг буцаагаад шилжүүлсэн байгаа” гэж хэлсэн. Ингээд би бүхэл бүтэн 5 сарын хугацаанд 46.000.000 төгрөгийг Аын данс руу шилжүүлж өгөөд 2018 оны 12 дугаар сард захиалсан 3 өрөө байраа авна гэж хүлээж байхад миний 2018 оны 07 дугаар сард шилжүүлсэн мөнгийг 2018 оны 12 дугаар сард буцаасан болохоор 46.000.000 төгрөгийн хүү болох 9.016.000 төгрөгийг нэхэмжилж аймгийн Сум дундын Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би Агаас 46.000.000 төгрөгийг авсан маань үнэн. Гэвч хүү төлөөгүй. Би 46.000.000 төгрөгийг Агаас авсан маань үнэн болохоор тухайн үед хоршооноос гаргасан мэтээр зээлийн гэрээ хийж өгсөн. Мөнгө авсан маань үнэн болохоор уг зээлийн гэрээг хуурамч гэж үзэхгүй байна. ...46.000.000 төгрөгийг хүүтэй нэхэмжлэхээр шүүхэд хандаж байгаа гэдгийг Маралд хэлсэн. Би 46.000.000 төгрөгийг хүнд өгөөд буцааж 5 сарын дараа авсан. Энэ хугацааны хүүг нэхэмжлэх болно. Танай хоршооноос урьд нь зээл авч байсан маань үнэн. Надад хүү төлсөн баримт гаргаж өгөөрэй гэж хэлсэн. Ингээд Марал кассын орлогын ордер бичиж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 175-176 дугаар хуудас/,

11. Шүүгдэгч С.Мын өгсөн: “...Би “Хундымура” ХЗХ-ны зээлийн мэргэжилтэн ажилтай. 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр К.И манай ажлын газарт ирж “Агаас авсан 46.000.000 төгрөгийг хүүтэй авсан мэтээр бичиж өгөөч. Учир нь би 46.000.000 төгрөгийг байр авахаар хүнд өгсөн боловч өөр хүнд борлуулсан байна. Би уг хүнээс 46.000.000 төгрөгийг хүүтэй нэхэмжилж авмаар байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би З.К.Иг хоршооны тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүний хувьд 9.016.000 төгрөгийн хүү төлсөн мэтээр кассын орлогын ордер бичиж өгсөн. Хүнээс нэхэмжилж авна гэж хэлж байсан, чухам шүүхэд гаргаж өгнө гэдгийг мэдээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 178-179 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч К.И, С.М нар нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд тэдний үйлдсэн гэмт хэрэг нь прокуророос шүүгдэгч К.Иг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, шүүгдэгч С.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирч байх тул шүүгдэгч К.И, С.М нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тооцож  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Б.Рад учирсан хохирлыг шүүгдэгч К.И мөрдөн байцаалтад бүрэн төлж барагдуулсан байна. Энэ нь хохирогч Б.Р, шүүгдэгч К.И нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч К.И, С.М нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршиг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйлийн 1.2-д заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч К.И, С.М нар урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 225-226 дугаар хуудас/ тогтоогдож байна.

 Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч К.Иг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд заасан хорих ялын оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,

Шүүгдэгч С.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

     Харин шүүгдэгч К.И нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тайлбарлах зүйтэй.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан болон хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон ялтны бүртгэлийг түүний оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, нэгдсэн тоо бүртгэлийг хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба хариуцан хөтөлнө” гэсэн байх тул шүүгдэгч К.Иг тэнссэн 1 жилийн хугацаанд түүнд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.

            Шүүх шүүгдэгч С.Мын ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

            Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

     Шүүгдэгч К.И, С.М нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

     Шүүгдэгч К.И, С.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М овогт К-ийн К.И-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нотлох баримтыг хуурамчаар үйлдэж шүүхэд гаргаж өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Т овогт С-ын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заасныг журамлан шүүгдэгч К.Иг мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мд 450 нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.И нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн ерөнхий 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тайлбарласугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч К.Иг тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мд оногдуулсан 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

8. Шүүгдэгч К.И, С.М нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

     9. Шүүгдэгч К.И, С.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   П.ДОРЖБАЛ