Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 134

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,

Улсын яллагч Т.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А,

Шүүгдэгч Ж.Х нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ботакөз Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1913002310167 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, яс үндэс тува, 1978 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, 3 хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 7 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ш-и овогт Ж-гийн Х, регистрийн дугаар БЛ..............

 

            Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Ж.Х нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 7 дугаар баг буюу төвөөс 500 метр газарт төв рүү орох сайжруулсан шороон замд 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 03 цаг 30 минутын үед өөрийн УА331512 маркийн 5678 БӨТ улсын дугаартай суудлын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтыг зөрчиж авто осол гаргасны улмаас хохирогч Д-гийн Ц-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ж.Х нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 7 дугаар баг буюу төвөөс 500 метр газарт төв рүү орох сайжруулсан шороон замд 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 03 цаг 30 минутын үед өөрийн УА331512 маркийн 5678 БӨТ улсын дугаартай суудлын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтыг зөрчиж авто осол гаргасны улмаас хохирогч Д овогтой Ц-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

1. Иргэн Ж.Х нь 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр цагдаагийн байгууллагад хандаж гаргасан мэдээлэл /хх-ийн 7 дугаар хуудас/,

2. Зам тээврийн хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, түүнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 8-15 дугаар хуудас/,

З. Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 128 дугаар хуудас/,

4. Хохирогч Д.Цийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би юу болсныг мэдээгүй, унтаж явсан. Нэг мэдсэн чинь машин бүр онхолдчихсон хажуу тийшээ харсан байсан. Замын баруун тал руу онхолдсон байсан. Зам засвар хийгээд шороо асгачихсан, замын тэмдэг тэмдэглэгээ байхгүй байсан. Онхолдсоны дараа харахад тийм байсан юм. Ослоос болж би тухайн үед хүзүүндээ гэмтэж гар хугарсан юм. ...Миний зүгээс Ж.Хаас нэхэмжлэх зүйл байхгүй. Миний бүх хохирлыг барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 100-101 дүгээр хуудас/,

5. Гэрч Д.Гийн мөрдөн байцаалтад өгсөн:  “...Тэгээд хөдөлж явах үед миний бие унтсан байсан ба хэсэг хугацааны дараа намайг унтаж байхад машин дотор сууж байсан Цэцэгийн орилж хашхирсан дуу гарсан. Тэгээд би сэрэхэд бидний явж байсан машин хажуулдсан байсан ба би машины урд талын салхины шилний хэсгээс гарсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 106-107 дугаар хуудас/,

6. Гэрч Ж.Дын мөрдөн байцаалтад өгсөн:  “...Ямар ч гэсэн зогссон, тэгээд тэндээс хөдлөөд явж байсан ба би хойно унтаж байхад машины урд талд сууж байсан эхнэр маань “хүүш" гэж орилсон ба би сэрэхэд машин замын хоёр тал руу тэнцвэр алдаж явж байсан тэгээд замаар гарч хажуулдсан. Тухайн үед бид бүгд сандарсан байсан. Машин хажуулдахад машины урд салхины шилийн хэсгээр гарсан ба миний бие машинаас гарахад миний өмнө машины урд суудалд сууж байсан эхнэрийг маань дүү Ж.Х гаргаж байсан. Тэдний хойноос би гарч, Ж.Х бид хоёр эхнэрээ өргөж машинаас холдуулж байгаад би өөрөө түшээд суулгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 108-109 дүгээр хуудас/,

7. Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №254 дугаартай “...Иргэн Д.Цийн биед хүзүүний С1 нугалмын арагшаа мултрал, С2 нугалмын их биеэр бяцарсан хугарал, нугасны дарагдал, нугасны цус харвалт, 2 гар, зүүн талын хөлийн саа саажилт, аарцагны эрхтнүүдийн үйл ажиллагааны хямрал, баруун гарын шууны хэсгийн зүсэгдсэн шарх зэрэг гэмтэл тогтогдлоо. Д.Цийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5, 2.2.4-д зааснаар амь биед аюултай, ерөнхий хөдөлмөрийн чадварыг их хэмжээгээр тогтонги 100% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна" гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 111-112 дугаар хуудас/,

8. Хохирогч   Д.Ц аймгийн нэгдсэн эмнэлэгт болон Улаанбаатар хотод Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүхийн хуулбар /хх-ийн 23-49 дүгээр хуудас/, амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 50-90 дүгээх хуудас/,

9. Авто тээврийн төвийн тээврийн хэрэгслийн үзлэгийн инженер, техникийн ухааны магистр Е.Ж-ы 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №13 дугаартай "...УАЭ-31512 маркийн 5678 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 40598133 арлын дугаартай, 2004 онд үйлдвэрлэгдсэн, Монголд 2004 онд орж ирсэн, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 7-р багийн оршин суугч БЮ78080978 дугаарын регистртэй, 94440809 утасны дугаартай Ж овогтой Хын жолоодож явсан автомашин зам тээврийн осолд орж онхолдсоны улмаас их хэмжээний эвдрэл гэмтэл үүссэн байна. УАЗ-Э1512 маркийн 5678 БӨТ улсын дугаартай автомашинд үүссэн эвдрэл гэмтлүүд нь тухайн тээврийн хэрэгсэл онхолдсоны улмаас үүссэн байна. УАЗ-31512 маркийн 5678 БӨТ улсын дугаартай автомашинд үүссэн эвдрэл гэмтэл нь тухайн ослын үед үүссэн байна. УАЭ-31512 маркийн 5678 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ослоос болж дараах эд ангиудад эвдрэл гэмтэл үүссэн байна. Үүнд:

- Кузов, капот, салхины шилний хүрээ хэв гажиж сэнсэрсэн

- Тэнт, салоны доторлогоо урагдсан, тэнтийн рам гажсан, зүүн талын урд, хойд хаалганууд сэнсэрч хэв гажсан.

- Радиатор усны помп, урд салхины шил, зүүн урд хаалганы шил, аккумлятор, хөргөлтийн шингэний илүүдлийн баллон, салоны толь, гадна толинууд хагарсан байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 123-124 дүгээр хуудас/,

10. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Тын 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “...УАЗ-Э1512 маркийн 5678 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ж.Х нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн байна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 127 дугаар хуудас/,

11. Шүүгдэгч Ж.Хын мөрдөн байцаалтад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэгээд Улаанхус сумын нутаг дэвсгэрээр орж ирээд сайжруулсан шороон замаар явж байхад урдаас зам хааж овоолж тавьсан шороог тулж ирсэн ба тухайн үед миний бие тээврийн хэрэгслийн тоормосыг гишгээд жолоогоо зүүн гар тийш мушгиж дарсан ба замын хөвөөгөөр буух үед хонхор харагдсан. Тэр үед миний бие буцааж жолоогоо баруун гар тал руу мушгиж дарсан үед машин тэнцвэр алдаад замаас гарч замын хажуугийн жалгыг урьд хэсгээр мөргөж, улмаар машины урд хэсэг нь хойд зүг рүү буюу сайжруулсан зам руу харж баруун талаараа хажуулдаж унасан юм. Машин онхолдох үеэр миний бие урьд талын суудалд сууж байсан бэргэн эгчийг дарж унасан. ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Цаашид залуучуудад захихад анхаарал болгоомжтой явж байхыг хүсэж байна. 14-19 насны 3 хүүхэдтэйгээ амьдардаг. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 135-136 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлуулсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тэдгээрийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй бөгөөд шүүгдэгч Ж.Х нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул үнэн зөв, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Б шүүгдэгч Ж.Хын үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Цийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Е.Б-ы 254 дугаартай: “...Иргэн Д.Цийн биед хүзүүний С1 нугалмын арагшаа мултарал, С2 нугалмын их биеэр бяцарсан хугарал, нугасны дарагдал, нугасны цус харвалт, 2 гар, зүүн талын хөлийн саа саажилт, аарцагны эрхтнүүдийн үйл ажиллагааны хямрал, баруун гарын шууны хэсгийн зүсэгдсэн шарх зэрэг гэмтэл тогтогдлоо. Д.Цийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5, 2.2.4-д зааснаар амь биед аюултай, ерөнхий хөдөлмөрийн чадварыг их хэмжээгээр тогтонги 100% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна" гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. /хх-ийн 111-112 дугаар хуудас/,

Иймд шүүхээс шүүгдэгч Ж.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Цт учирсан хохирлыг шүүгдэгч Ж.Х нь бүрэн төлж барагдуулсан байна. Энэ нь хохирогч Д.Ц болон шүүгдэгч Ж.Х нарын мэдүүлгээр нотлогдсон. Иймд шүүгдэгч Ж.Хыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Ирэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж заасан тул хохирогч Д.Ц нь цаашид гэмт хэргийн хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлоо эмчлүүлсэн тохиолдолд хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна. 

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ж.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ж.Хт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Ж.Х урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 140 дүгээр хуудас/ тогтоогдож байна.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Айбекийн гаргасан “Шүүгдэгч Ж.Хт гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний 14-19 насны 3 хүүхдийн хамт амьдардаг хувийн байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнцэж өгнө үү” гэсэн санал гаргасныг шүүхээс хүлээн авах боломжтой гэж үзлээ.

            Иймд шүүгдэгч Ж.Хын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, цаашид гарах хор уршгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэлээ.  

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасан. Шүүгдэгч Ж.Хын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д заасан гэмт хэрэгт “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж...” гэж заасан тул түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан 1 жилийн хугацаагаар хасахаар шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Хын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

     Харин шүүгдэгч Ж.Х нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тайлбарлах нь зүйтэй.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан болон хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон ялтны бүртгэлийг түүний оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, нэгдсэн тоо бүртгэлийг хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба хариуцан хөтөлнө” гэсэн байх тул шүүгдэгч Ж.Хыг тэнссэн 1 жилийн хугацаанд түүнд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.

 

Шүүгдэгч Ж.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан 2 хуудас баримтыг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Ж.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ж.Хын иргэний үнэмлэх, 725231 дугаартай жолоочийн үнэмлэх, 5678 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг тогтоолын хамт Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:        

 

  1. Шүүгдэгч Ш-и овогт Ж-гийн Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  2.3-д заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Хт мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Хын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Х нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тайлбарласугай.
  5.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч Ж.Хыг тэнссэн 1 жилийн хугацаанд түүнд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8, 1.9-д тус тус зааснаар шүүгдэгч Ж.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан 2 хуудас баримтыг хэрэгт хавсаргасугай.
  7. Ирэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч Д.Ц нь цаашид гэмт хэргийн хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлоо эмчлүүлсэн тохиолдолд хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ж.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар ирүүлсэн шүүгдэгч Ж.Хын иргэний үнэмлэх, 725231 дугаартай жолоочийн үнэмлэх, 5678 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг тогтоолын хамт Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
  10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               П.ДОРЖБАЛ