Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 154

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 3-р баг, Цагаан Овоо, Ямаан хүрэнгийн 1-20 тоотод оршин суух Боржигон овогт Полипогийн Ганзориг /РД:КЮ98072915/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Боржигон овогт Батмөнхийн Батчимэгийн Б.Батгэрэл, Ж.Полипо нарыг хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгээд хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батчимэг, нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.                                                      

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн Б.Батчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний эгч Батмөнх овогтой Батгэрэл нь 1997 оны 05 дугаар сард Жунай овогтой  Полипотой танилцаж 1997 оны 09 дүгээр сараас хамтран амьдарч эхэлсэн. 1998 оны 07 дугаар сарын 29-нд хүү П.Ганзоригийг төрүүлсэн. Тэр цагаас хойш нэг гэрт амьдарч байгаад хүүгийн ээж Б.Батгэрэл нь хүнд өвчний улмаас 1999 оны 05 дугаар сарын 17-нд нас барсан. Хүү П.Ганзоригийг нагац эгч Батмөнх овогтой Батчимэг би Монгол улсын гэр бүлийн хуулийн 71-р зүйлийн 1.1-д заасныг үндэслэн асран хамгаалагчаар тогтоолгон асран бойжуулж өдий хүрсэн. Хүү П.Ганзориг нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 12 жилийн сургалттай сургуулийг төгсөж Улаанбаатар хотод Монгол Солонгосын хамтарсан Политехникийн коллежид суралцахаар болж манайх 2 шинэ оюутантай болж амьдралын боломж муутай байгаагаа сум орон нутаг, засаг захиргаанд оюунтны тэтгэлэг бүтэн өнчин хүү П.Ганзоригт хүсэлт гаргахад эцэг, эхийн гэрлэлтийн баталгаа ба хамтын амьдралтай байсныг тодруулсан шүүхийн шийдвэр шаардах юм. Хүү Ганзориг 18 наснаас өмнө бүтэн өнчирсөнд 18-24 насанд нь нийгмийн халамжийн газраас 1 удаа мөнгөн тэтгэлэг олгодог юм байна. Энэ бүгдийг хүсэлт гаргахад ээж аавын хамтын амьдралтай байсныг тогтоолгох шаардлагатай тул хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү” гэжээ.

            G:\Ajil\Shiidwer\№154_2016_10_06_B.Batchimeg.docx

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батчимэг шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “Миний эгч Б.Батгэрэл нь хүнд өвчний улмаас нас барж хүү Ганзоригийг 9 сартайгаас эхлэн миний бие өсгөсөн. Одоо П.Ганзориг нь 12 дугаар анги төгсөж Улаанбаатар хотод Монгол, Солонгосын хамтарсан Политехникийн коллежид суралцахаар болсон.  Манайх 2 оюутан хүүхэдтэй учир Ганзоригийг оюутны тэтгэлэгт хөтөлбөрт хамруулахаар орон нутгийн захиргаанд хандсан юм. Гэтэл бүрдүүлэх бичиг баримтанд Ганзоригийн аав, ээжийн гэрлэлтийн баталгаа хэрэг болсон. Иймээс Жунай овогтой Полипо, Батмөнх овогтой Батгэрэл нарыг хамтын амьдралтай байсныг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан юм” гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт болон иргэний  үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, 1998 оны 07 дугаар сарын 29-нд төрсөн хүү Боржигон овогт Полипогийн Ганзоригийн төрсний гэрчилгээ болон иргэний үнэмлэхний хуулбар, П.Ганзоригийн Б.Батчимэгт олгосон итгэмжлэл, 1999 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Батмөнхийн Батгэрэлийн нас барсныг бүртгэсэн гэрчилгээний хуулбар, 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Тогоо овогт Жунайгийн Полипогийн нас барсныг бүртгэсэн гэрчилгээний хуулбар, Дархан Уул аймгийн Дархан сумын засаг даргын 1999 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №190 дугаартай Асран хамгаалагч тогтоох тухай захирамжийн хуулбар, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 3-р багийн засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн №476 дугаартай   тодорхойлолт, Б.Хадчулууны хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, гэрч Х.Нэргүй, П.Баттогоо нарын тодорхойлолт болон гэрчээр өгсөн тайлбарууд, тэдний иргэний үнэмлэхний хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Ганзоригийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батчимэг нь Б.Батгэрэл, Ж.Полипо нарыг хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

Б.Батгэрэл нь 1997 онд Ж.Полипотой гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлэлгүй хамтран амьдарч байсан, тэдний дундаас 1998 оны 07 дугаар сарын 29-нд хүү П.Ганзориг төрж, эх Б.Батгэрэл, эцэг Ж.Полипо нарын асрамжинд амьдарч байсан, Б.Батгэрэл нь хамт амьдарч байх хугацаанд буюу 1999 оны 05 дугаар сарын 17-ны өдөр нас барсан, мөн Ж.Полипо нь 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нас барсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Х.Нэргүй, П.Баттогоо нарын гэрчээр өгсөн тайлбар, П.Ганзоригийн төрсний гэрчилгээ болон иргэний үнэмлэхний хуулбар, Б.Батгэрэл, Ж.Полипо нарын нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Дархан Уул аймгийн Дархан сумын засаг даргын 1999 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №190 дугаартай Асран хамгаалагч тогтоох тухай захирамжийн хуулбар зэрэг баримтаар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б.Батгэрэл, Ж.Полипо нарыг хамтын амьдралтай байсныг тогтоох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг урьдчилан төлснийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Батмөнхийн Батгэрэлийг Тогоо овогт Жунайн Полипотой 1997 оны 09 дүгээр сараас 1999 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэй болохыг дурдсугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд нэхэмжлэгч эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   Д.БАТТУЛГА